Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/1313

 

 

 

 

  2020             10            13                                        2020/ДШМ/1313                         

 

 

П.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/526 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн П.Б-т холбогдох эрүүгийн 2003000000141 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн П-гийн Б-, Ховд аймагт 1997 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, радиолокаторын постын оператор мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 303 дугаар ангид радиолокаторын постын оператор ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Хилчин хотхоны 000000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /РД:000000000/

 

П.Б- нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ хэсгийг зөрчин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Toyota prius” загварын 49-79 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн замаар “Дээд бодь” хийдийн урд явахдаа мөн дүрмийн 8.18 дугаар зүйлд “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч ... зогсоно” гэж заасныг зөрчиж гарцаар, гэрлэн дохиогоор зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Н-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулаад, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: П.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч П.Б-ийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон хорих ял дээр нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 90 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн П.Б-ийн В ангиллын 1151852 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Энд байх хугацаандаа маш их зүйлийг бодож ухаарсан. Би Зэвсэгт хүчний 303 дугаар ангид оператор албан тушаалд 2015 оноос хойш ажиллаж, 2017 онд шилдэг ахлагчаар шалгарсан. 2018-2019 онд Исламийн Бүгд Найрамдах Афгинистан Улс дахь Америкийн хамтарсан NATO-гийн шийдвэртэй дэмжлэг ажиллагааны Монгол Улсын 8 дугаар ээлжийн цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн. Ерөнхийлөгчийн 2019 оны Б/297 тушаалаар “Энхийн төлөө” медалиар шагнагдаж байсан. Цаашид энэ албандаа мэргэжлээрээ ажиллаж амьдралаа авч явах хүсэлтэй байгаа тул ажил, амьдралыг минь харгалзан үзэж тэнсэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч П.Б-ийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Б-ийн гэм буруугийн хувьд маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учирсан хохирол төлбөр болон гэм хорын хохирлыг арилгах тал дээр мөрдөн байцаалтын үеэс эхлэн анхаарал тавьж, хохирогчтой байнга уулзаж шийдвэрлэх асуудлыг ярилцаж эрэлхийлж байсан билээ. Давж заалдах шатны шүүхэд “Гомдол, саналгүй, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү” гэсэн хохирогчийн хүсэлтийг анхаарч П.Б-т хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.  

            Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар П.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч П.Б- нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ хэсгийг зөрчин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Toyota prius” загварын 49-79 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн замаар “Дээд бодь” хийдийн урд явахдаа мөн дүрмийн 8.18 дугаар зүйлд “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч ... зогсоно” гэж заасныг зөрчиж гарцаар, гэрлэн дохиогоор зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Н-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Н-ын “... зам хөндлөн гарч байтал зүүн талаас цагаан өнгийн “Тоyota prius” загварын автомашин гэнэт гарч ирээд намайг мөргөсөн. Би гарцнаас баруун тийш 2 алхам орчим зайд шидэгдээд унасан. Өнгийгөөд харахад нөгөө автомашин зогсолгүй тэр чигтээ баруун тийш зугтаасан. Намайг зам руу орох үед явган хүний талд ногоон гэрэл асаж байсан, харин нөгөө талд улаан гэрэл асаж байсан бөгөөд зам дээр 2 автомашин гэрэл солигдохыг хүлээгээд зогсож байсан. Тэр хоёр машины дундуур нөгөө цагаан машин гарч ирсэн ...” /хх 21-22/,

гэрч Г.Г-ын “... П.Б-той Нисэх орохоор явж байсан. Автомашиныг П.Б- жолоодож, би хажууд нь сууж явсан. Гэрлэн дохио дөхөж ирэхэд хоёр автомашин улаан гэрлээр гэрэл солигдохыг хүлээн зогсож байгаа харагдсан. Гэрлэн дохио ойртож ирмэгц П.Б- “Миний автомашин тоормос барихаа больчих шиг боллоо” гээд явган хүний гарцны наад талд зогсож байсан автомашин руу ойртож ирэх үед нь би зогсож байсан машиныг мөргөх нь гэж санаад доошоо тонгойсон. Тэгтэл манай автомашины урд түс тас хийх чимээ гараад, П.Б- зогсохгүй цааш явсан. “Зогсож байсан автомашиныг мөргөчих шиг боллоо” гээд Яармаг руу хойшоо эргэж гудамжинд зогссон ...” /хх 40-41/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Б.Н-ын биед баруун хөлийн тахилзуур ясны хугарал, баруун хөлийн дотор хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл үүссэн болохыг тогтоосон шинжээчийн 3718 тоот дүгнэлт /хх 54-55/,

“... шинжилгээнд ирүүлсэн дохионы гэрэл нь тасарсан утас, зүүн далбааны дохионы сууринд таарч, хагархай эд зүйл нь нэгэн бүхэл үүсгэх ба “Тоyota prius-20” загварын 49-79ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бамбайн хагархайтай нийлж нэгэн бүхэл үүсгэж байгаа тул уг машины эд ангитай тохирч байна ...” гэсэн шинжээчийн 1471 тоот дүгнэлт /хх 70-79/,

“... урд, хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормос стандартын шаардлага хангаж, зүүн болон баруун гар талын урд их гэрлийн чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй хэдий ч тогтоолд дурдсанаар осол өдөр 12 цаг 20 минутын үед болсон тул уг зам тээврийн осолд нөлөөлөхгүй ...” гэсэн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлт /хх 86-91/,

“Toyota prius-20” загварын 49-79ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ дахь заалт, 8.18 дахь заалт, 3.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэх шинжээчийн 191 тоот дүгнэлт /хх 94/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, зам тээврийн осол болсон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн зураглал /хх 8-14/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 15/, зам тээврийн осол, хэргийг илрүүлж ажилласан тухай илтгэх хуудас /хх 17-18/, яллагдагч П.Б-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 104-106/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч П.Б-ын согтуурсан үедээ автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хориглосон гэрэл дохиогоор нэвтэрч, гарцаар зорчиж явсан явган зорчигчийг мөргөж хүндэвтэр хохирол учруулаад, хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Энэ талаар анхан  шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч П.Б-ийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэсэн байна.

Автомашины тоормос ажиллагаагүй болж осол гарсан талаар гэрч Г.Гантулга мэдүүлдэг ч түүний мэдүүлэг “... урд болон хойд дугуйн тоормос хэвийн ажиллагаатай ...” гэсэн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлт /хх 86-91/-ээр үгүйсгэгдэж байх тул осол жолоочийн согтуурсан байдалтай шууд холбоотой гэж дүгнэв.

Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн нь зам, орчны байдлыг бодитоор үнэлж тээврийн хэрэгслийн хурдыг тохируулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх, аюулыг зайлуулах чадваргүй байдалд хүргэж, тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан, нөхцөл болжээ.  

 Иймд шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул “...ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад хорих ялыг “... 1 жил 90 хоног хорих ял ...” гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно” гэж заасныг зөрчиж байх тул дээд шатны шүүхээс залруулж тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

Түүнчлэн яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2, 32.10, 36.7 дугаар зүйлийн шаардлагад нийцэхгүй болохыг хойшид онцгой анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/526 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудад “... 1 /нэг/ жил 90 /ер/ хоногийн хугацаагаар ...” гэснийг “... 1 жил 3 сарын хугацаагаар ...” гэж өөрчилж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ        

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН