Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2022/00957

 

                                                                                         

 

 

 

 

 

 

 

                                      2022        04         01

           182/ШШ2022/00957

   

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Г” ХХК

 

Хариуцагч: Э.Б

 

зээлийн гэрээний үүрэгт 9,610,328.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б,

Хариуцагчийн төлөөлөгч А.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Г-тай ******* тоот зээлийн эрхтэй кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, төгрөгийн эрхтэй зэс картыг 3,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй авсан. Кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Хариуцагч нь зээл авах үедээ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 хороолол, 15 байр, 16 тоот хаягт оршин сууж байсан. Г-ны зүгээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* тоот кредит картын зээлийн гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлт гаргасан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ******* тоот шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргасан. Тус шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс хариуцагчийн оршин суугаа хаягийг Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 хороолол, 15 байр, 16 тоот гэж тогтоосон болно. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар ******* тоот кредит картын зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 3,146,515.18 төгрөг, зээлийн хүү 3,430,358.85 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,462,418.72 төгрөг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,571,035.79 төгрөг, нийт 9,610,328.54 төгрөг байна. Зээлдэгч Э.Б-өөс Г-тай байгуулсан ******* тоот кредит картын зээлийн гэрээний үүрэгт нийт 9,610,328.54 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Ганд олгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Г-наас 3 сая төгрөгийн зээлжих эрхтэй зэс карт авсан. Гэрээнд нэмэгдүүлсэн хүүг сарын 1 хувь, эрх хэтрүүлсний хүүг сарын 2 хувиар тооцохоор заасан. Нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх ёстой. Ашигласан зээл 4,040,000 төгрөг, буцаан төлсөн нь 1,015,000 төгрөг. Нэхэмжлэгч хуримтлагдсан хүүнээс хүү тооцоод байна. Гэрээний нөхцөлийг стандарт нөхцөл гэж үзнэ. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Хариуцагчид хохиролтой байгаа тул гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус.

 

Гэрээний 4.4.2-т Карт эзэмшигч зээлийн эрхээ 1 жилийн хугацаанд огт ашиглаагүй болбанкны санаачилгаар хаана гэж заасан. 2018 оны 11 дүгээр сарын 18-наас хойш нэг ч төгрөг ашиглаагүй. Банк зээлийн эрхийг хаагаагүй, их хэмжээний мөнгө нэхэж байна. Мөн төлсөн мөнгийг хүү их бодогдох бэлэн авсан мөнгөний тооцооноос хасахгүй, хүү бага бодогддог бэлэн бус зарцуулсан мөнгөний тооцооноос хасаж байна. Гэрээнд үндсэн зээлээс л хасна гэж байгаа болохоос биш, бэлэн, бэлэн бусын тооцооноос хасна гэж заагаагүй. Бид үндсэн зээлийн үлдэгдлээ, хүүгийн хамт төлөх боломжтой юм гэв.

 

 3. Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн кредит картын гэрээ, зээлийн картын тооцооллын хүснэгт, хариуцагчийг эрэн сурвалжлах тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Э.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,610,328.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч кредит картын гэрээгээр зээл авсан болохыг хүлээн зөвшөөрч байх ба зарим шаардлага болох хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг төлөхийг эс зөвшөөрч маргаж байна.

 

2. Хариуцагч Э.Б нь Г ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ******* тоот кредит картын гэрээ 2 жилийн хугацаатай байгуулан 3,000,000 төгрөгийн зээлийн эрх нээлгэсэн байна. Кредит картын гэрээний

 

2.1-т зээлийн сарын хүү /бэлэн бус гүйлгээ/ 2 хувь, /бэлэн/ 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, төлбөр эргэн төлөх өдөр: сар бүрийн 15-наас өмнө, эргэн төлөх доод хувь 10 хувь, картанд хүү бодогдох өдөр- сар бүрийн 1-ний өдөр, зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт системд автоматаар түр хаагдах хугацаа 1 сар гэж,

3.1-т Сар бүрийн эхний 7 хоногт зарцуулсан зээлийн хүү, шимтгэл бодогдож суутгагдана,

3.2-т Бэлэн мөнгө авсны хүү нь гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн төлбөр эргэн төлөх өдөр хүртэл хугацаанд тооцогдоно,

3.3-т Бэлэн бус гүйлгээний хүү нь төлбөр эргэн төлөх өдрөөс эхлэн тооцогдох ба тухайн төлбөрийг бүрэн төлсөн өдөр хүртэл хугацаанд тооцогдоно,

3.4-т Карт эзэмшигч нь тухайн сарын нийт зарцуулсан төлбөрийн эргэн төлөх доод хэмжээг дараа сарын төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө төлсөн байна,

3.5-т Кредит картын зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд эрхийн хэмжээнээс хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг Гэрээний 2.1-д зааснаар тооцно,

3.6-д Карт эзэмшигч нь төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг Гэрээний 2.1-д зааснаар тооцно,

3.7-д Зээлийн эрхийн зарцуулалт болон хүүгийн төлөлт дараах дарааллын дагуу төлөгдөнө: 3.7.1. Зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 3.7.2. Эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 3.7.3. Бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, шимтгэл 3.7.4. Зээлийн үндсэн төлбөр,

4.4.2-т Карт эзэмшигч зээлийн эрхээ 1 жилийн хугацаанд огт ашиглаагүй бол банкны санаачилгаар хаана гэж тус тус зааж тохиролцжээ.

 

3.Хариуцагч нь картаар нийт 4,040,250 төгрөгийг ашигласан боловч зээлийг эргэн бүрэн төлөөгүй ба нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагчийг үндсэн зээл 3,146,515.18 төгрөг, зээлийн хүү 3,430,358.85 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,462,418.72 төгрөг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,571,035.79 төгрөг, нийт 9,610,328.54 төгрөг төлөх ёстой гэж тооцоолсон байна.

 

4. Хариуцагч картаар бэлнээр 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2,240,000 төгрөгийн, 11 дүгээр сарын 13-ны өдөр 450,500 төгрөгийн, бэлэн бусаар 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд 1,314,450 төгрөгийн гүйлгээ хийсэн ба зээлээс 1,015,000 төгрөгийг буцаан төлсөн дээр талууд маргахгүй байна.

 

5. Нэхэмжлэгч хариуцагчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 500,000 төгрөгийг үндсэн зээлээс, түүн дотроо бэлэн хийсэн гүйлгээний дүнгээс хасаж, энэ үлдэгдэл 1,740,000 төгрөг болсон нь тооцооноос харагдаж байна. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 515,000 төгрөгийн 156,565.18 төгрөгийг бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүүд, 358,434.82 төгрөгийг үндсэн зээлд /бэлэн гүйлгээний/ тооцож хасчээ.

 

6.Хариуцагч зээлийн 10 хувиас илүү хэсэг буюу 500,000, 515,000 төгрөгөөр 2 удаа зээл авснаас хойш 35 хоногт, түүнээс хойш 19 дэх хоног төлж байсан байх ба сүүлийн төлөлт хийсэн өдөр хүртэл бэлэн бус гүйлгээний дүнд хүү тооцох үндэслэлгүй гэж үзнэ. Нэхэмжлэгч зээлийн төлөлтийг сар бүрийн 15-ны өдрийн дотор хийхгүй бол хүү тооцогдоно гэж тайлбарлах боловч гэрээний 2.1-т заасан “зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт системд автоматаар түр хаагдах хугацаа 1 сар” гэж заасантай зөрчилдөж байна. Иймд бэлэн бус гүйлгээний дүнд тооцсон хүүд төлүүлсэн 24,807.97 төгрөгийг үндсэн зээлээс /бэлэн гүйлгээний/ хасах нь зүйтэй байх ба бэлэн хийсэн гүйлгээний дүн 1,356,757.21 төгрөг болж байна. Одоо энэ үе хүртэл хугацааны бэлэн бус гүйлгээний хүү төлөгдсөн болно.

11 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч картаас дахин 450,500 төгрөгийн бэлэн гүйлгээ хийж, бэлэн гүйлгээний дүн 1,807,257.21 төгрөг болжээ.

 

7.Зээлийн хүүг тооцож үзвэл, бэлэн гүйлгээний үлдэгдэл 1,807,257.21хсарын 3.5%х37сар14 хоног=2,369,916 төгрөг, бэлэн гүйлгээний үлдэгдэл 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 17 ны өдөр хүртэл /1,309,450х сарын2%х5 хоног/ 4,365 төгрөг, 11 дүгээр сарын 17-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл /1,314,450х сарын2%х37 сар14 хоног/ 984,961 төгрөг, нийт хариуцагчийн төлөх ёстой зээлийн үндсэн хүү 3,359,242 төгрөг байна.

 

8. Хариуцагч зээлийг хугацаанд нь төлөлгүй хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар хязгаарлах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэх ба энэ дүн 671,848 төгрөг болж байна.

 

9. Зээлийн эрх 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хэтэрч эхэлсэн боловч 10 дугаар сарын 24-ний өдөр 500,000 төгрөг төлөгдөж, 3,000,000 төгрөгөөс доош болсон, энэ үед банк эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг бодоогүй байна. 10 дугаар сарын 26-ны өдрөөс зээлийн эрх хэтэрч эхэлсэнд хүү тооцоход /38,450х сарын 2%:30х17 хоног/ 436 төгрөг, төлөлт зарцуулалт хийгдээд дахин зээлийн эрх хэтэрснийг тооцоход 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл /116707хсарын 2%:30х5 хоног/ 389 төгрөг, 11 дүгээр сарын 17-ны өдрөөс /121,707хсарын2%:30х365 хоног/эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг 1 жилээр хязгаарлахад 29,615 төгрөг болж байна. Гэрээний 4.4.2-т зааснаар зээлийн эрхийг ашиглалгүй 1 жил болбол банк хаах ёстой тул эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг үүнээс хойш тооцох үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн төлөх эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 30,440 төгрөг болж байна.

 

10.Эцсийн байдлаар хариуцагчийн төлөх дүн үндсэн зээл 3,121,707.21 төгрөг, зээлийн үндсэн хүү 3,359,242 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 671,848 төгрөг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 30,440 төгрөг, нийт 7,183,237.21 төгрөг болж, хариуцагчаас энэ мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн үлдсэн 2,427,091.54 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан Э.Б-өөс 7,183,237.21 төгрөгийг гаргуулж “Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,427,091.54 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн 168,716 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 129,882 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            

 

 

                        ДАРГАЛАГЧ                                         С. БУД