Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2022/00726

 

 

 

 

 

 

                               2022       02          18

                      101/ШШ2022/00726

           

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.М-ын нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: А.ХХК-д холбогдох, 

 

Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 26,

584,200 төгрөг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд зээлийн гэрээний хүү 1,477,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан хөлс 1,200,000 төгрөг, нийт 29,261,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х , Г.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.М  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж гэрээний үүрэгт төлсөн 26.584.200 төгрөгийг хариуцагч “А ” ХХК-аас гаргуулах тухай. А.М  миний бие “А ” ХХК-ийн хэрэгжүүлж буй RED ВИЛЛ АПАРТМЕНТ цогцолбор хотхоны Б блок 1 дүгээр орц 11 давхарт 2 өрөө 42.4 м.кв орон сууц (1м.кв 990.000 төгрөг нийт 41.976.000 төгрөг) захиалгын дугаар 20140311 гэрээг 2020 оны 2 сарын 28-ны өдөр байгуулж урьдчилгаа 4.000.000 төгрөг орон сууц захиалгын гэрээний 2.3 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож, гэрээний нөхцөлөө тодорхойлж үлдэгдэл төлбөрийг дараах байдлаар төлсөн.

  •  2020 оны 2 сарын 28-нд 4.000.000 төгрөг
  •  2020 оны 3 сарын 19-нд 6.500.000 төгрөг
  •  4 сарын 28-нд 7.000.000 төгрөг
  •  4 сарын 28-д 700.000 төгрөг
  •  5 сарын 7-нд 3.490.000 төгрөг
  •  5 сарын 23-нд 699.600 төгрөг
  •  6 сарын 8-нд 699.600 төгрөг
  •  6 сарын 10-нд 699.000 төгрөг
  •  7 сарын 20-нд 699.000 төгрөг
  •  8-сарын 7-нд 699.000 төгрөг
  •  9 сарын 4-нд 699.000 төгрөг
  • 11 сарын 7-нд 699.000 төгрөг нийт 26.584.200 төгрөг төлсөн.

Гүйцэтгэгч “А ” ХХК-нь 2021 оны 1 дүгээр улиралд багтаан орон сууцыг барьж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэйгээр гэрээ байгуулсан ба гэрээний 4.8 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаа дууссаны дараа миний бие гэрээнээс татгалзаж мөнгөө буцаан авах шаардлагыг удаа дараа А  ХХК-д тавьж байсан. Гэтэл “А ” ХХК-ийн менежер, захирал Д.М  нар барилга баригдаж дуусаад таны захиалсан байрыг дараагийн худалдан авагч худалдан авсны дараа таны мөнгийг өгөх боломжтой гэх цаг хугацаа тодорхойгүй, ойлгомжгүй хариулт хэлдэг ба “А ” ХХК-ийн барилгын ажил нь зогсонги байдалтай өнөөг хүрч байна. “А ” ХХК-нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр миний бие гэрээнээс татгалзаж гэрээний үүрэгт төлсөн 26.584.200 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулахаар “А ” ХХК-д холбогдуулж тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

А.М  миний бие 2021 оны 11 сарын 18-ны өдөр тус шүүхэд А  ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж гэрээний үүрэгт 26.584.200 төгрөг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. А.М  миний бие нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, нэмэгдүүлж байна. Үндэслэл нь: тус орон сууцыг анх захиалахдаа өөрийн төрсөн дүү А.Мөнхболдын цалингийн зээлийг авч урьдчилгаа болгон тус компанид өгсөн. Гэтэл тус орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй улмаас А.М  миний бие цалингийн зээлийн хүү 1.477.000 төгрөг банканд төлсөн, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч үйлчилгээ үзүүлсний хөлсөнд 1.200.000 төгрөг төлсөн. Иймд өөрөөс гарсан зардал болон учирсан хохирлоо хуулийн дагуу нэмэгдүүлэн шаардаж байна. Үүнд:

  • Цалингийн зээлийн хүү 1,477,000 төгрөг,
  • Өмгөөлөгчийн хөлс 1,200,000 төгрөг, нийт 2,677,000 төгрөг “А ” ХХК-с гаргуулж өгнө үү.

Тус компанитай утсаар ярьж уулзаж байсан. Гэтэл барилга баригдаж байгаа гэдэг байсан. Борлуулагчтай уулзах гэтэл завгүй байна гэдэг байсан. Захиралтай нь уулзаж нөхцөл байдлаа тайлбарлаж байсан. Саадгүй баригдана гэдэг байсан. Одоо хүртэл хүлээсээр өдий хүрсэн. Гэтэл хариу мэдэгдээгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Урьдчилгаа төлбөрт 26 584 200 төгрөг, цалингийн зээлийн хүү 1 477 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 200 000 төгрөг, нийт 29 361 200 төгрөг гаргуулна. Гэрээ байгуулсан. Урьдчилгаа төлбөр төлсөн. Гэрээнд зааснаар 2020 оны 1-р улиралд барилыг барих байсан. Гэтэл хугацаандаа барьж дуусгаагүй. Нэхэмжлэгч нь удаа дараа шаардаж байсан. Үйл ажиллагаагаа явуулаагүй. 2020 оны 9 сард уулзаад мэдэгдэх хуудас өгсөн. Хариу өгнө гэсэн боловч өгөөгүй. Улмаар гэрээнээс татгалзсан. Нэхэмжлэгч нь дүүтэйгээ хамт амьдарч байхдаа урьдчилгаа төлбөр хүрээгүй тул дүү нь 7 саяын цалингийн зээл авч төлсөн. Уг зээлийн хүүд 1 477 000 төгрөг тооцогдож төлсөн. Улмаар өмгөөлөгчид 1 200 000 төгрөг төлсөн. Ингээд нэхэмжлэл гаргасан. Гэрээний үүрэг биелүүлээгүй тул татгалзаад шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа юм гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.М  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн нэхэмжлэлд дурдагдсан байр ашиглалтад хугацаандаа ороогүй байгаа нь үнэн. Сүүлийн 2 жилд Монгол Улсад болон дэлхий нийтэд үүссэн цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн хямрал, бараа материалын хомсдол болон бусад тодорхой шалтгаанаас үүдэж барилгын ажлын явц удааширсан. Иргэн А.М  нь манай компанитай хийсэн гэрээний дагуу бол байрыг ашиглалтад орохоос өмнө захиалагчийн хүсэлтээр цуцлах тохиолдолд гэрээ цуцлах акт үйлдэж, тухайн байрыг дахин борлуулалтад оруулж, өмнөх захиалагчийн хийсэн төлбөрийн дүнг хангахуйц орлого тус байрнаас орж ирсний дараа 10 хувийг суутган бэлнээр болон дансаар шилжүүлэх гэрээтэй байдаг. Иймээс нийт төлбөрийн 10%-г суутган гэрээний эрх үүргийн дагуу гэрээнд заасан зүйл заалтыг үндэслэн төлбөр тооцоог манай компанид төлсөн графикийн адил 12 сараар тэнцүү хувааж төлөлт хийх хүсэлтэй байна.

Зээлийн хүү болох 1.477.000 төгрөг болон өмгөөлөгчийн хөлс 1.200.000 төгрөг болон нийт 2.677.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

26 584 200 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Зээлийн хүү, өмгөөлөгчийн хөлсийг зөвшөөрөхгүй. Хуваарийн дагуу 12 сараар хувааж төлсөн тул бид бас 12 сараар хувааж төлөх санал гаргаж байгаа юм. Манай саналыг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байна. Зээлийн хүү болон өмгөөлөгч нь манай компаниас болоогүй аваагүй тул хариуцахгүй. Бодит баримттай авснаа төлнө. Урьдчилгааг авсан нь үнэн. Хуваарийн дагуу 2020 оны 7 сар хүртэл төлөөд үүнээс хойш төлөлт хийгдээгүй. Гэрээг цуцалж байгаа талаар маргахгүй гэв.

 

Нэхэмжлэгч тал нь шүүхэд мөнгөн шилжүүлгийн баримт 10 ширхэг /хэргийн 3-12 дугаар тал/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт 1 ширхэг /хэргийн 14 дүгээр тал/, давхрын палан зураг /хэргийн 15 дугаар тал/, Орон сууц захилгын гэрээ /хэргийн 16-20 дугаар тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 22-24 дүгээр тал/, Хаан банк дахь А.М гийн дансны хуулга /хэргийн 37-41 дүгээр тал/, Худалдаа хөгжлийн банк дахь А.Мөнхболдын дансны хуулганы хуулбар /хэргийн 56 дугаар тал/, цалингийн зээлийн гэрээний хуулбар /хэргийн 57 дугаар тал/, баталгааны гэрээний хуулбар /хэргийн 58-60 дугаар тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч тал нь шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн мэргэжлийн үйлчилгээний гэрээг нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагч “А ” ХХК-с 26,584,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,677,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А.М  нь орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 26,584,200 төгрөг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд зээлийн гэрээний хүү 1,477,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан хөлс 1,200,000 төгрөг, нийт 29,261,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч “А ” ХХК нь гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 26,584,200 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрч, үлдэх 2,677,000 төгрөг нь хамааралгүй гэж маргаж байна.

 

Зохигчид 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан байна. /хэргийн 16-20 дугаар  тал/

Гэрээгээр хариуцагч нь нийт 41,976,000 төгрөгийн үнэ бүхий 42.4 м.кв орон сууцыг 2021 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь хуваарийн дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн байна.

Гэрээгээр хариуцагч нь орон сууц барих, нэхэмжлэгч нь ажлын хөлс төлөхөөр тохиролцсон байх тул энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байна.

Улмаар нэхэмжлэгч нь хуваарийн дагуу төлбөр төлж, нийт 26,584,200 төгрөг төлсөн гэж тайлбарласан бол хариуцагч үүнийг үгүйсгэж маргаагүй.

 

Өөрөөр хэлбэл зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь 26,584,200 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрсөн. Тодруулбал, хариуцагч нь орон сууц гэрээнд заасан хугацаан ашиглалтад ороогүй тул нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзахыг зөвшөөрч байна.

Иймд талууд нэгэнт гэрээнээс татгалзах талаар маргаагүй тул төлсөн төлбөр болох 26,584,200 төгрөгийг буцаан гаргуулах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д нийцнэ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар захиалагч нь ажлын хөлсийг гэрээнд заасны дагуу төлөх үүргийг хүлээдэг.

Харин хэрхэн төлөх нь гүйцэтгэгчид хамааралгүй, өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд банкнаас зээл авах нь гагцхүү захиалагчийн хүсэл зоригоос хамааралтай юм.

Түүнчлэн нь зээлийн гэрээг нэхэмжлэгчийн дүү гэх А.Мөнхболд байгуулсан байх тул түүний төлсөн гэх хүүгийн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхгүй. /хэргийн 57 дугаар тал/

 

Үүнээс гадна нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авах эсэх нь түүний өөрийн хүсэл зоригоос шууд хамаардаг.

Мөн нэхэмжлэгч нь гэрээнээс нэг талын санаачилгаар татгалзаж, улмаар хууль зүйн туслалцаа авах замаар төлсөн төлбөрөө буцаан шаардсан тул энэхүү өмгөөлөгчид төлсөн гэх 1,200,000 төгрөг нь гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд хамаарахгүй.

 

Дээрх үндэслэлээр 2,677,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчдын төлөх төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд нэхэмжлэгчээр урьдчилан төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд тухайн хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулах тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 348,653 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26,584,200 төгрөгт ногдох 290,871 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч “А ” ХХК-с 26,584,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,677,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 348,653 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 290,871 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД