Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/792

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт ын д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2403004820702 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 8 дугаар сарын 30-нд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн *******ийн *******, *******т ******* ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн *******, ******* *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ББ*******/, овогт ын .

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад “Вагоны үйлчлэгч” мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа “Вагоны үйлчлэгч” дугаартай хуурамч үнэмлэхийг бусдаас авч ашиглаж 2022 оны 5 дугаар сараас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депод вагоны үйлчлэгчээр ажилласан гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Гурав: Эрүүгийн 2403004820702 дугаартай хэргээс.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1/190 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 85 дахь тал),

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А/267 дугаартай тушаалаар баталсан “мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам (хавтаст хэргийн 70-82 дахь тал),

2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогоос 30/1269 дугаартай албан бичгээр хавсаргаж ирүүлсэн ын гийн хүний нөөцийн сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой материал, ажлын байрны тодорхойлолт, цалин хөлсний мэдээлэл, ажилд авах тухай тушаал (хавтаст хэргийн 174-210 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2498 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн   дугаартай овогтой гэсэн нэртэй мэргэжлийн үнэмлэх гэх зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Дээрх үнэмлэхийг энгийн цаасан дээр энгийн хэрэглээний лазер хортой хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна. Дээрх үнэмлэхийн зүүн доор “Сургалтын төвийн захирал” гэсэн хэсэгт байх “Улаанбаатар хот, олон улсын зам харилцаа аж үйлдвэрийн институт ТББ, 1119279318 8304017, АМТ703196” гэсэн дугаартай, баруун доор байх “ЯБГУ ХХК, сургалтын алба” гэсэн тэмдгийн дардсууд нь улаан өнгийн будагчтай бараар дарагдсан байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 144-145 дахь тал),

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч ы өгсөн: “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын -оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/474 дугаартай тушаал “Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх журам”-ыг баталсан байдаг ба тэр журам нь одоо ч хүчин  төгөлдөр мөрдөгдөж байгаа. ******* нь “Зорчигч Вагоны үйлчлэгч” мэргэжлийг Бүтээгч сургалтын төвд 5 сар суралцаж төгссөн гэх боловсролын баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбарыг авчирч өгсөн . Эх хувиар нь бол өгөөгүй .Тухайн мэргэжлийн үнэмлэхийг үндэслэж ажилд  авсан. ******* нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/132 дугаартай комисс байгуулах тухай тушаалаар сонгон шалгаруултад орж 74 оноо авч тэнцсэн ба 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/323 дугаар тушаалаар Вагоны үйлчлэгч болж жинхэлсэн. Манай зорчигчийн Вагоны депо нь нийт 1260 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг ба 700 нь зорчигч Вагоны үйлчлэгчийн орон тоо байдаг. 2024 он гараад хагас жилийн байдлаар 121 ажилтан ажлын нөхцөл байдал цалин хөлснөөс шалтгаалж ажлаас гарах хүсэлт өгч, хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан. Бид аль болох ажлаас гаргахгүй талаас нь ажилтан нартай ярилцаж ажилтны шийдвэрийг өөрчлөх талаас нь ажиллаж байгаа. *******гийн хувьд бол хөдөлмөрийн гэрээнийхээ хүрээнд заагдсан ажлыг бүрэн гүйцэтгэж, түүндээ тохирох цалин, хөлс, урамшууллыг авсан гэж бодож байна. Тэгэхээр манай байгууллагаас энэ асуудалд хохирол учраагүй. Харин *******гийн ашиглаж байгаа мэргэжлийн үнэмлэх нь хуурамч болох нь тогтоогдож, шүүх байгууллагын албан ёсны шийдвэр гарвал түүнийг УБТЗ-ын сургалтын байгууллагад давтан сургалтад хамруулж, мэргэжлийн боловсролын гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулна гэсэн бодолтой байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 124-126 дахь тал),

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч гийн өгсөн: “2001 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс УБТЗ-ын Зорчигчийн вагон депод вагоны үйлчлэгч, тоо бүртгэгч, ээлжийн диспитчер, хүний нөөцийн мэргэжилтэн, хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр  одоог хүртэл ажиллаж байна. Би байгууллагынхаа хүний нөөцийн сонгон шалгаруулалт  явуулах комиссын бүрэлдэхүүнд ордог. Манай байгууллага нь сул ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах зарыг гаргаж түүний дагуу ажилд орох хүсэлт гаргасан иргэдийн өргөдөл, холбогдох материалыг хүлээж аваад байгууллагын даргад илтгэн танилцуулж, ажилтан сонгон шалгаруулах комисс байгуулах тушаал гардаг. Тухайн тушаалын дагуу комиссыг цуглуулж, ажилд горилогч нараас ур чадварын ярилцлага, тестийн, анкетын аргаар шалгаруулалт явуулж ажилд авдаг. Бага ажлын байр буюу вагоны үйлчлэгч нар 60-аас дээш оноо, инженер, техникийн ажилтнаас бол 75-аас дээш оноо авсан байх ёстой. Ажил горилогч нь манай байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан сургалтын байгууллагыг төгсөж, мэргэжлийн үнэмлэх авсан  байх , бичиг үсгийн чадвартай байх зэрэг үндсэн шаардлагыг тухайн ажлын байранд тавьдаг. Тухайн ажилд горилогчийн мэргэжлийн үнэмлэхийг нотариат гэрчлээд өгч байгаа учир жинхэнэ гэдэгт нь итгээд л авч байгаа. Гэтэл бид нарыг хуурч боловсролын үнэмлэх авсан гэх нөхцөл  байдал үүсэж  байгаад үнэхээр гайхаж байна. Үүнээс хойш сонгон шалгаруултад орох бүх иргэдийн мэргэжил, боловсролын үнэмлэхийг төгссөн гэх сургуулийн архиваас давхар мэдээлэл авч, шалгаж байх хэрэгтэй гэдгийг ойлголоо.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 129-130 дахь тал),

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч гийн өгсөн: “2019 оны 12 сараас УБТЗ-ын Зорчигчийн вагоны депод нярав, материалын нягтлан бодогч, тэргүүлэх нягтлан бодогчоор одоог хүртэл ажиллаж байна. Манай ажилтан ******* нь УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн даргын 2022 оны 5 дугаар  сарын 16-ны өдрийн Б/323 дугаартай тушаалаар вагоны үйлчлэгчээр томилогдож, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/209 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. ******* нь энэ хугацаанд тасралтгүй ажилласан бөгөөд 21.281.130 төгрөгийг цалинг хийснээрээ авсан ба үүн дээр бусад нэмэгдэл урамшуулал нь 27.313.694 төгрөг байна. Нийт 45.594.824. төгрөгийн цалин урамшуулал бодогдсон ба энэ дүнгээс хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, УБТЗ-ын гишүүний татвар болох 9.430.160 төгрөгийг хасаж *******гийн Хаан банкны дансаар нийт 39.164.214 төгрөгийн цалин, урамшуулал авсан байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 133-134 дэх тал),

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ын өгсөн: “Улаанбаатар төмөр замын дээд сургуульд ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад 2018 онд "ЯБГУ" ХХК-ийн дэргэдэх “Бүтээгч” нэртэй сургалтыг төвийг байгуулан үйл ажиллагаа, сургалт явуулж байсан. Манай сургалтын төв тухайн үедээ сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөө хугацаанд авч явдаг байсан. Энэ хугацаандаа үйл ажиллагааг явуулж байгаад миний бие 2022 онд өвдөн сургалтын үйл ажиллагааг явуулахаа больсон. Манай байгууллага 2018-2019 оны хооронд Төв шуудангийн арын Бодь цамхгийн 14-р давхарт үйл ажиллагаагаа анх тэнд явуулж байсан. Тэр байрнаас 2019 оны 3 дугаар сараас эхлэн Монгени сургуулийн шинэ манай сургалтын хичээл тасраад оны 10 дугаар сараас эхлээд Баруун дөрвөн замын “Эрхи” төвийн 8 дугаар давхарт үйл  ажиллагаа явуулж байсан. Миний бие өвдөөд манай  компани түрээс төлөгдөөгүй гэх шалтгаанаар манай сургалтыг тухай байрнаас гаргасан. Манай сургалтын төв нь төмөр замын чиглэлээр анхан шатны мэдлэг, мэргэжил олгох чиглэлээр явдаг байсан би өөрөө гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан ба дараах чиглэлүүдээр мэргэжил олгодог ачаа вагон хүлээлцэгч кассер, өртөөний жижүүр холбогч найруулагч,илчит тэрэгний засварчин, туслах машинч, вагон үзэгч, вагон засварчин, замчин гэх мэргэжлүүдээр 5 сарын хугацаанд тухайн хүний суралцагчийн чадамжид суурилан гэрчилгээ олгодог байсан. Манай сургалт нь 20/80 харьцаатай буюу онолыг 20 хувь оруулан дадлагыг 80 хувь оруулдаг онцлогтой.Тухайн үед сургалтын төлбөр мэргэжлээрээ ялгаатай байсан. Сүүлд 750,000 мянган төгрөг байсан. Төлбөрийг манай компанийн дансанд ордог байсан. Манай сургалтын төвийн хувьд мэргэжлийн 4 багш байдаг байсан. Сүүлдээ манай компани цалингаа тавьж чадахаа больсон. Гаднаас ерөнхий мэргэжлийн багш нараар хичээл сургалтыг оруулдаг байсан. Манай сургалтын төвийн хувьд үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй фото цаасан дээр гаргадаг байсан.Манай байгууллагын хувьд архивын нэгж гэж хадгалаагүй.Сургалтын төвийг хэдэн суралцагч суралцаж төгссөн талаар сайн мэдэхгүй байна. Манай захирал гэх эмэгтэй их сэргэлэн хүн байсан. Манай сургалтын төв суралцагчдын архивын материалаа “Эрхи” төвийн байранд үйл ажиллагаа явуулж байхдаа түрээсийн төлбөрөөс болоод тэндээ орхиод авч чадаагүй алга болсон. Одоо хүнд үзүүлэх баримт бичиггүй болсон. Манай сургалтын төв суралцагч элсүүлэх, төгсөх үедээ тушаал гаргаж байсан. Манай сургалтын төв “Эрхи” төвийн түрээсийн байрнаас гараад элсэлт аваагүй санагдаж байна. Миний хувьд 2022 онд өвдөөд түүнээс хойш ажлаа хийгээгүй. Манай сургалтын төвийн, хуучин үйл ажиллагаа явуулах тусгай Зөвшөөрлийн хуулбарыг би аваад ирсэн энийг өгч байна. Би хичээл ордоггүй болохоор суралцагчдаа сайн танихгүй, мэдэхгүй байна. Дуурайлгаад хийсэн байх боломжтой одоо ингээд харахаар зарим багш ажилчдын гарын үсэг өөр харагдаж байна. Уг үнэмлэх манайхтай ижил харагдаж байна. Сайн ялгаж мэдэхгүй байна мөн бишийг нь ялгахгүй байна. Миний зурдаг гарын үсгээс арай өөрөөр зурсан байсан. Дурайлгаж миний гарын үсгийг зурсан байж магадгүй. Манай тамга, тэмдэг бол мөн л байхын би мэдэхгүй байна. Надад уг нь сургалтын төвийн тамга, тэмдэг байсан 2021 билүү онд “Эрхи” Төвийн түрээсийн байрнаас гараад би нарийн бичигт сургалтын төвийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгсөн. Миний харж байгаагаар зарим багш нарын гарын үсэг нь мөн зарим нь биш ч юм шиг сайн хэлж мэдэхгүй байна. Дурайлгаж хийсэн байх боломжтой шүү. Манай байгууллагад тогтсон багш нар байгаагүй. Цагаар ирж хичээл сургалтыг ордог байсан. Миний хувьд сургалтын төвдөө хичээл орж байгаагүй болохоор одоо сайн санахгүй байна энэ хүмүүсийн талаар надад мэдэх зүйл алга би захиралтайгаа уулзаагүй 3-4 жил болж байна. Суралцагчдаас төлбөрөө манай захирлын компанийн дансаар болон бэлэн манай байгууллага их олон данстай Худалдаа хөгжил, Хаан зэрэг банкны данснууд байсан одоо бол сайн санахгүй байна. Миний мэдэж байгаагаар сургалтын төвийн мэргэжлийн үнэмлэхүүд нь Боловсрол, шинжлэх ухааны яаманд бүртгэлийн талаар урьд өмнө Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд тушаал гараад бүртгэгдэж байсан. Сайн санахгүй байна. Манайх уг нь хуучин нийгмийн хамгааллын яаманд элссэн болон төгссөн суралцагчдын мэдээллийг хүргүүлдэг байсан. Жил бүр тухайн тайлангаа хүргүүлэн ажилладаг байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 90-93 дахь тал),

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ы өгсөн: “Манай байгууллага нь богино хугацаанд чадвар эзэмшүүлдэг буюу мэргэжлийн сургалтын төвд бүртгэлийн гэрчилгээ олгодог байсан. Богино хугацаа гэдэг нь чиглэлээсээ хамаараад 1 жил хүртэлх хугацаанд тухайн иргэний хэрэгцээнд тулгуурлан чадвар, чадамжийг олгож байгааг хэлж болно. Энэ тухай мэргэжлийн сургалтын байгуулга нь иргэдийн чадвар, чадамжинд суурилан мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ олгохыг ойлгож болно. Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ олгох нь манай институт дээр 2021 оны 05 дугаар сард Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас шилжин ирсэн, Тухайн “Бүтээгч” гэх нэртэй мэргэжлийн сургалтын байгууллага нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн бүртгэл хийгдэж, гэрчилгээгээ сунгуулсан мэдээлэл байхгүй байна. Манай институт нь өмнө нь Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, төгсөгч нарт чадамжийн гэрчилгээг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/97, А/231 дугаартай “Журам шинэчлэх тухай” тушаалын дагуу чадамжид суурилсан гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийг баталгаажуулан олгодог байсан. Одоо 2023 оны 7 дугаар сард Боловсролын багц хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зохих журмын дагуу чадамжийн гэрчилгээ олгож байна. Харин зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах үүднээс бүртгэлийн гэрчилгээ олголт 2023 оны 4 дүгээр сараас зогссон. “Mergejil.mn” буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтээс нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг. “Mergejil.mn” нэгдсэн цахим мэдээллийн сан нь онд ашиглагдан 2016 оноос хойш иргэдийн мэдээллийг дутуу бүртгэгдсэн байх магадлалтай. Уг асуудал нь манай байгууллагын нэгдсэн бүртгэлд ороогүй тохиолдолд хуурамч,бүртгэлгүй гэж ойлгож болно.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 96-98 дахь тал),

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч гийн өгсөн: “Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Ерөнхий боловсролын түвшинд: 9 дүгээр анги төгссөн суурь боловсролын гэрчилгээ, 12 дугаар анги төгссөнийг нотлох Бүрэн дунд боловсролын үнэмлэх, 2.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 12 дугаар анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжлийн үнэмлэх 1 жилээр мэргэжил эзэмшсэн бол тогооч, үсчин... гэх мэт, Мэргэжлийн боловсролын үнэмлэх 2,5 жил бүрэн дунд боловсрол болон мэргэжил эзэмшсэн бол, Мэргэжлийн боловсролын политехник коллежуудад 1,5 жилээр Техникийн боловсролын диплом, 3 жилийн "С" диплом буюу 90 кредит цаг хангасан болохыг нотолсон баримт бичиг олгодог болно. 3.Дээд боловсролын түвшинд: 4 жилийн 120 кредит бакалаврын диплом, 2,5 жилээр магистр, 3,5-4 жилээр докторын түвшинд суралцаж байна. (Мэргэжлийн боловсролын хүрээг харах, Магадлан итгэмжлэх үндэсний төвд батлуулахаар ажиллаж байгаа.) 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Боловсролын ерөнхий хуулийн 2 дугаар бүлэг 14 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт зааснаар боловсролын үнэмлэх /баримт бичиг/-ийг мөн хуулийн 1 дүгээр бүлэг 9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тодорхойлон заасан байгааг ойлгож болно. Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв болон мэргэжлийн сургалтын төвийн мэргэжлийн үнэмлэх нь боловсролын баримт бичиг гэдэг ойлголтод хамаарна, мэргэжлийн боловсролын сургалтын бие даасан нэг том салбар болох учраас...Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг Монгол Улсын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн батлах тухай /2012 оны үед санагдахын/ шийдвэрээр Хөдөлмөрийн яам анх байгуулагдсан цагаас боловсролын яамнаас тусгаарлаж, хөдөлмөр эрхлэх бие бүрэлдэхүүн гэсэн утгаар нь шилжүүлж авсан. Үүнээс хойш Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны чиг үүрэгт хамаарч аймаг, нийслэл дэх Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага, Политехник коллежууд хамаарч ирсэн. Гэхдээ багш бэлтгэх тогтолцоо тухайн сургуулиудын багш нарын мэргэжлийн зэрэг олгох ажлыг Боловсролын Яамны гаргасан журмаар зохицуулалт хийж ирсэн. 2022 оноос Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас Боловсрол, шинжлэх ухааны яаманд шилжүүлэн авч, 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр УИХ-аас баталсан "Боловсролын ерөнхий хуулиар боловсролын салбарын нэг хэсэг болохыг хуульчилсан. Энэхүү хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022 оноос аймаг, нийслэл дэх мэргэжлийн боловсролын байгууллагуудыг нэгтгэх, xaax, магадлан баталгаажуулах, ажлууд үе шаттай явагдаж байна. Миний ажлын итгэмжлэлээр хөтөлбөрийг нь байрны тодорхойлолтод Ерөнхий боловсролын болон Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчдын үнэлгээний баталгаажуулалтыг хариуцдаг учраас 2022 оноос эхлэн төгсөгчдийн захиалга авах, хэвлүүлэх, нөхөн хангалтын хийх ажлын арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. Жил бүр Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад өвлийн төгсөлт 2,5 жилээр мэргэжлийн боловсролын үнэмлэх олгож байна. Хаврын төгсөлтөөр 1 жилийн мэргэжлийн үнэмлэх, 1,5 жилийн болон 3 жилийн Техникийн боловсролын дипломыг захиалгын дагуу олгож, шалгалтаас хоцорсон болон төгсөж чадаагүй шалтгаантай суралцагчдын баримт бичгийг эргүүлэн татаж авдаг учраас боловсролын салбарын TVET.mn системд ороогүй бол баталгаажилт хийгдэхгүй. Мөн төгсөлтийн баримт бичгийг баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн байдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй, “Үндэсний үнэт цаас” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас олгох ажлууд өндөр хяналтын дор явагддаг.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 101-103 дахь тал)

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 168 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 164 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч ******* нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад “Вагоны үйлчлэгч” мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа “Вагоны үйлчлэгч” дугаартай хуурамч үнэмлэхийг бусдаас авч ашиглаж 2022 оны 5 дугаар сараас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депод вагоны үйлчлэгчээр ажилласан болох нь:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1/190 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 85 дахь тал), Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А/267 дугаартай тушаалаар баталсан “мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам (хавтаст хэргийн 70-82 дахь тал), 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогоос 30/1269 дугаартай албан бичгээр хавсаргаж ирүүлсэн ын гийн хүний нөөцийн сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой материал, ажлын байрны тодорхойлолт, цалин хөлсний мэдээлэл, ажилд авах тухай тушаал (хавтаст хэргийн 174-210 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2498 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 144-145 дахь тал), хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч ы өгсөн: “...******* нь “Зорчигч Вагоны үйлчлэгч” мэргэжлийг Бүтээгч сургалтын төвд 5 сар суралцаж төгссөн гэх боловсролын баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбарыг авчирч өгсөн. Эх хувиар нь бол өгөөгүй .Тухайн мэргэжлийн үнэмлэхийг үндэслэж ажилд  авсан. ******* нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/132 дугаартай комисс байгуулах тухай тушаалаар сонгон шалгаруултад орж 74 оноо авч тэнцсэн ба 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/323 дугаар тушаалаар Вагоны үйлчлэгч болж жинхэлсэн....манай байгууллагаас энэ асуудалд хохирол учраагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 124-126 дахь тал), гэрч гийн өгсөн: “Тухайн ажилд горилогчийн мэргэжлийн үнэмлэхийг нотариат гэрчлээд өгч байгаа учир жинхэнэ гэдэгт нь итгээд авч байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 129-130 дахь тал), гэрч гийн өгсөн: “...******* нь УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн даргын 2022 оны 5 дугаар  сарын 16-ны өдрийн Б/323 дугаартай тушаалаар вагоны үйлчлэгчээр томилогдож, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/209 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 133-134 дэх тал), гэрч ын өгсөн: “...Манай сургалтын төвийн хувьд үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй фото цаасан дээр гаргадаг байсан. Манай байгууллагын хувьд архивын нэгж гэж хадгалаагүй. Сургалтын төвийг хэдэн суралцагч суралцаж төгссөн талаар сайн мэдэхгүй байна...Дуурайлгаад хийсэн байх боломжтой одоо ингээд харахаар зарим багш ажилчдын гарын үсэг өөр харагдаж байна. Уг үнэмлэх манайхтай ижил харагдаж байна. Сайн ялгаж мэдэхгүй байна мөн бишийг нь ялгахгүй байна. Миний зурдаг гарын үсгээс арай өөрөөр зурсан байсан. Дурайлгаж миний гарын үсгийг зурсан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 90-93 дахь тал), гэрч ы өгсөн: “...Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ олгох нь манай институт дээр 2021 оны 05 дугаар сард Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас шилжин ирсэн. Тухайн “Бүтээгч” гэх нэртэй мэргэжлийн сургалтын байгууллага нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн бүртгэл хийгдэж, гэрчилгээгээ сунгуулсан мэдээлэл байхгүй байна...“Mergejil.mn” нэгдсэн цахим мэдээллийн сан нь онд ашиглагдан 2016 оноос хойш иргэдийн мэдээллийг дутуу бүртгэгдсэн байх магадлалтай. Уг асуудал нь манай байгууллагын нэгдсэн бүртгэлд ороогүй тохиолдолд хуурамч, бүртгэлгүй гэж ойлгож болно.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 96-98 дахь тал), гэрч гийн өгсөн: “...суралцагчдын баримт бичгийг эргүүлэн татаж авдаг учраас боловсролын салбарын TVET.mn системд ороогүй бол баталгаажилт хийгдэхгүй. Мөн төгсөлтийн баримт бичгийг баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн байдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй, “Үндэсний үнэт цаас” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас олгох ажлууд өндөр хяналтын дор явагддаг.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 101-103 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдлийг “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Боловсролын үнэмлэх гэж “иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшинг гэрчилсэн, эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг” ойлгоно.

Бичиг баримт хуурамчаар ашиглах гэдэг нь албан ёсны баримт бичгийг бүхий л арга хэрэгсэл ашиглан бүрэн дуурайлгаж хийсэн баримт бичгийг мэдсээр байж ашигласан үйлдлийг хэлэх бөгөөд шүүгдэгч ******* нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад “Вагоны үйлчлэгч” мэргэжлээр төгсөөгүй атлаа “Вагоны үйлчлэгч”-ийн хуурамч үнэмлэхийг бусдаас авч  2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд дугаартай хуурамч үнэмлэхийг ашиглаж Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагоны депод вагоны үйлчлэгчээр ажилласан үйлдэл нь мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан нөхцөл байдал тогтоогдож байна.  

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Э.Батсувд нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч ******* нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалтад “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн нь шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болно.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******г Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахад урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эд мөрийн баримтаар хураагдсан дугаартай ын д зорчигчийн вагоны үйлчлэгчийн эрх олгосон мэргэжлийн үнэмлэх нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                    

ТОГТООХ нь:

1. овогт ын г “боловсролын үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Эд мөрийн баримтаар хураагдсан дугаартай ын д зорчигчийн вагоны үйлчлэгчийн эрх олгосон мэргэжлийн үнэмлэх нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ