Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/00885

 

 

 

 

 

 

 

                            2022      02         28

       101/ШШ2022/00885

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 16,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б.Б нь “******* ” ХХК-тай 05801240 дүгээр “Зээлийн гэрээ", “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-г тус тус байгуулж, 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Hyundai Granduer маркийн 99-59 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ огт биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 7,500,000 төгрөг, хүү 9,950,000 төгрөг, алданги 3,750,000 төгрөг нийт 21,200,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Б.Б үүрэг гүйцэтгэх хугацааг 995 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлийн гэрээний 1.2.6-д зааснаар “Ноцтой зөрчил гэж зээлийн эргэн төлөх хуваарийг 30-аас дээш хоног хэтрүүлэх”-ийг ойлгох ба зээлдэгч 2018 оны 10 дугаар сарын 11-ний зээл авсан өдрөөс өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дууссан. Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д “Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтад байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана” гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд зээлдэгч Б.Б зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор гаргуулахаар шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна. Өөрөөр хэлбэл, фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон. Иймд Б.Болдбаяраас 2018-10-11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7.500,000 төгрөг, хүү 9,950,000 төгрөг, алданги 3,750,000 төгрөг, нийт 21,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгт нийт 21 200 000 гаргуулах нэхэмжлэл гаргасан. 2018.10.11-нд хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан. Улмаар фидуцийн гэрээ байгуулж зээл авсан. Хариуцагч нь эргэн төлөх хуваарийг баталсан боловч төлбөрийг төлөөгүй. Хариуцагч нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн. Зээлийн эргэн төлөлт хийгээгүй ба гэрээний хугацаа дууссан. Гэрээний үүргээ биелүүлэх фидуцийн зүйлийг гаргаж өгөхийг шаардсан боловч биелүүлээгүй. Улмаар барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгүүлэх боломжгүй болсон. Иймд нэхэмжлэлээс 4,650,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 16,550,000 төгрөгийг нэхнэ. Хариуцагч нь 7,500,000 төгрөг авснаа зөвшөөрдөг гэв.

 

Хариуцагч Б.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгөний үндсэн зээл болох 7,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хүү болон алданги болох мөнгийг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 05801240 дугаар зээлийн гэрээний хуулбар /хэргийн 6-7 дугаар тал/, мөн өдрийн 05801240 дугаар фидуцийн гэрээний хуулбар /хэргийн 8-9 дүгээр тал/, 99-59 ..... улсын дугаартай Хуйндай маркийн автомашины гэрчилгээний хуулбар /хэргийн 10 дугаар тал/, барьцаат зээлийн тооцооны хуудасны хуулбар /хэргийн 11 дүгээр тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэг байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Б.Болдбаяраас зээлийн гэрээний үүрэгт нийт 16,550,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “******* ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,500,000 төгрөг, хүү 9,950,000 төгрөг, алданги 3,750,000 төгрөг, нийт 21,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б  нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр олгосон 21/1-0151 дугаар итгэмжлэлд заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагын 4,650,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 16,550,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. /хэргийн 5, 31 дүгээр тал/

 

Хариуцагч Б.Б нь 7,500,000 төгрөгийн зээл авсан эсэх талаар маргаагүй бөгөөд хүү, алдангийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх санал гаргасан.

 

Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 7,500,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 6-7 дугаар тал/

Зээлийн гэрээгээр 30 хоногт 4 хувийн хүү тооцох, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

Улмаар 7,500,000 төгрөгийн зээл олгогдсон болох нь барьцаат зээлийн тооцооны хуудасны хуулбараар тогтоогдсон. /хэргийн 11 дүгээр тал/

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний дагуу буцаан төлөлт хийгээгүй гэж тайлбарласан.

 

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй.

 

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр болсон байна.

 

Зээлийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулжээ.

Харин зээлийн хүүг 30 хоногоор тооцохоор тохиролцсон тул 1 жилд буюу 365 хоногт 12,17 удаа хүү тооцохоор байна. Гэвч нэхэмжлэгч 30 хоногийн хүүг 300,000 /7,500,000*4%/ төгрөгөөр тооцож, нийт 12 удаагийн хүүд 3,600,000 төгрөг тооцно гэж тайлбарлаж байгаа нь гэрээнд зааснаас хэтрээгүй байна.

Иймд зээлийн гэрээний дагуу хариуцагчид 11,100,000 /7,500,000+3,600,000/ төгрөг төлөх үүрэг үүсжээ.

Гэрээний 2.3-т хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор заасан.

Улмаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 859 хоногийн хугацаа хэтэрсэн тул 1 хоногт 55,500 /11,100,000*0.5%/ төгрөг, 859 хоногт 47,674,500 төгрөгийн алданги тооцогдоно.

Гэвч нэхэмжлэгч нь алдангид 5,550,000 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцэж байна.

 

Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь үндсэн зээл 7,500,000 төгрөг, хүү 3,600,000 төгрөг, алданги 5,550,000 төгрөг, нийт 16,650,000 төгрөг төлөх үүрэгтэй байх боловч нэхэмжлэгч нь нийт 16,550,000 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан бол мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар тухайн хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдэнэ. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 240,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т зааснаар хариуцагч Б.Б-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 16,550,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* ” ХХК-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “******* ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,650,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 240,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД