Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/726

 

 

 

 

 

 

 

 

 

   2024          9            17                                   2024/ШЦТ/726                          

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч П.Итгэл

шүүгдэгч “***”, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны “***” “***”төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ““***”ажилладаг, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт “***”оршин суух, ял шийтгэлгүй,

          “***”дугаарын регистртэй, “***”овогт “***”

 

          Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

          Шүүгдэгч “***” нь Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр “Аз тулга” дэлгүүрийн замд 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчимд Daihatsu Hijet маркийн “***”улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 10.13. Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно: в/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр, Хэвтээ тэмдэглэл: 1.4 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно /1.3. (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана/ гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Тоуоtа Аqua маркийн “***”улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгслийн жолооч “***”эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүгдэгч “***” шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

          Бүх юм ойлгомжтой, буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа болохоор надад дахин ярих шаардлага байхгүй. Би 2019 онд жолооч болсон. Хохирогчид 10 сая төгрөгийн хохирол барагдуулсан. Мөн бусад зардлуудыг төлсөн байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч “***”“... би 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн Номин агуулахаас хүргэн ах “***”эзэмшлийн, ““***”” ББСБ-н нэр дээр байдаг Тоуоtа Аquа маркийн, “***”улсын дугаартай, цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа хүнсний 4 дүгээр дэлгүүрийн чиглэлтэй явсан. Баянхошууны замаар хойноосоо урагшаа чиглэлтэй эсрэг урсгалтай 4 эгнээ замын 1 дүгээр эгнээгээр ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай явж байтал автобусны буудлын карманаас нэг бүхээгтэй машин дохио өгөлгүй буцаж эргэх үйлдэл хийхээр нь би сандраад сигнал дараад тухайн тээврийн хэрэгслийг тойруулж урдуур нь гарах гээд зүүн тал руугаа дараад тоормос гишгэсэн боловч амжаагүй тухайн тээврийн хэрэгслийн зүүн хажуу талаас нь мөргөөд зогссон. Тэр үед миний толгой эргээд чих шуугиад байсан. Мөргөлдсөн машины жолооч ирээд хаалга онгойлгоод яаж яваад байгаа юм гэхээр нь та өөрөө дохиогоо өгөхгүй харин яаж байгаа юм гэж хэлчхээд баруун гараа хөдөлгөх гэтэл бугуйгаараа хавдаад хөдөлгөж болохгүй өвдөөд байсан. Яаралтай түргэн тусламж ирээд намайг авч яваад Гэмтлийн эмнэлэг дээр хүргэж үзүүлэхэд баруун гар богтос шууны хэсгээрээ хугарсан байна гээд эмнэлэгт 6 хоног хэвтэн эмчлүүлсэн. 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гар шууны хагалгаанд орсон. Одоо гэрээр харьяа дүүргийн эмнэлгийн хяналтад эмчлүүлж байна” /хх-н 24/ гэж,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч “***”“... би 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн орчим хувийн ажлаар Тахилтад явж байх үед ““***”” ХХК-ны борлуулагч “***”над руу утсаар залгаад Баянхошуу Аз тулга хүнсний дэлгүүрийн урд зам дээр “***”маркийн, “***”улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй осол гаргачихлаа, нөгөө машины жолооч нь Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байна гэхээр нь би Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр “***”болон хохирогч эмэгтэй, ахын хамт үзүүлж байсан. Ямар ч байсан баруун гарын шууны яс хугарсан байна гэж байсан. Осол болсон газар бол очоогүй, тэнд байгаагүй” /хх-н 29-32/ гэж,

иргэний нэхэмжлэгч “***”“... дээрх гэмт хэргийн улмаас хохирогч “***”нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.753.800 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч “***”оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” /хх-н 129/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотойгоор “... “***”биед баруун шуу, богтос ясны дистал хэсгийн зөрөөтэй хугарал, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн 9702 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 42-43/

 

Түүнчлэн 102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээллийн бүртгэл /хх-н 6-7/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-11, 13-14/, жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 12/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 18-21/, Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 40679592 дугаартай дүгнэлт /хх-н 52-57/, “***”үнэлгээ ХХК-ний 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 24496/30705660 дугаартай Тоуоtа Аquа маркийн “***”улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 4,365,000 төгрөгөөр үнэлсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-н 82-83/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч “***”т холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл хохирогч “***”эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байгаа нь тухайн гэмт хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч “***”овогт “***”ийг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Зам тээврийн осол гарах үед шүүгдэгч-жолооч “***”ийн жолоодож явсан “***”маркийн “***”улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн “***”эзэмшлийнх болох нь

“***”“... “***”маркийн “***”улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа” /хх-н 29/ гэсэн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн лавлагаагаар /хх-н 92/ нотлогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, иргэний хариуцагчаар татагдсан

“***”... “***”маркийн “***”улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа. Би хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй /хх-н 29/,  Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй” /хх-н 32/ гэж мэдүүлжээ.

 

Шүүхээс шүүгдэгч “***”т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал үүнд: шүүгдэгч “***” анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч “***”хохиролд нийт 10.000.000 төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд 4.365.000 төгрөг, мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан эмчилгээ, үйлчилгээний зардал болох 1.753.800 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн дансанд төлж барагдуулсан зэргийг харгалзав.

 

Шүүгдэгч “***”ийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 94/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 146/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 97/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-н 96/, жолоодох эрхийн лавлагаа /хх-н 95/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол, төлбөрийн хувьд:

Хохирогч “***”хохирол, эмчилгээний зардалтай холбоотой 611.489 төгрөгийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч “***” хохирогчид нийт 10.000.000 төгрөг төлсөн байна.

 

Мөн хохирогч “***”нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.753.800 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх ба дээрх төлбөрийг шүүхийн шатанд шүүгдэгч “***” төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хохирогч “***”жолоодож явсан Тоуоtа Аquа маркийн “***”улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 4.365.000 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч “***” мөн төлж барагдуулсан тул тэрээр бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч “***” цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч “***”ийн гэх “Жолоочийн үнэмлэх” шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй.

 

Эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Өмгөөлөгч Г.Буянбадрал “... гэмт хэрэг гарахад хохирогчийг буруутай гэж үзэхээр нөхцөл байдал байдаг, ... үүнийг шалгаагүй” гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд хэлж маргасан хэрнээ шүүгдэгч “***”ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн заалтад нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

  1. “***”овогт “***”ийг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***”ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Шүүгдэгч “***” шүүхээс оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч “***”т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “торгох” ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч “***” цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч “***”ийн гэх “Жолооны үнэмлэх” шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч “***” хохирогч “***”эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохиролд гэж нийт 10.000.000 төгрөг, тээврийн хэрэгслийн хохиролд 4.365.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1.753.800 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

7. Эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл “***”т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ