| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0725/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/737 |
| Огноо | 2024-09-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/737
2024 9 20 2024/ШЦТ/737
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч Г.Ган-Эрдэнэ
шүүгдэгч “***”, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405020971049 дугаартай, 3 хавтас хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны “***”Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “***”ажиллаж байгаа гэх, ам бүл 3; “***”хамт “***” оршин суух,
ял шийтгэл:
1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 188 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сараар хорих ялаар,
2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 683 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
4. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,
“***” дугаарын регистртэй, “***”овогт “***”
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч “***” 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн автобусны буудлын орчимд автобусан дотор хохирогч “***”хувцасны халааснаас түүний эзэмшлийн 2.050.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 13 про макс загварын гар утсыг,
2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт автобусан дотор хохирогч “***”хувцасны халааснаас 725.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 11 загварын гар утсыг,
2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч “***”эзэмшлийн 825.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 11 про макс загварын гар утсыг,
2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 17:00 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудал орчимд хохирогч “***”эзэмшлийн 715.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 11 загварын гар утсыг,
2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Улаанбаатар” их дэлгүүрийн автобусны буудлаас хохирогч “***”эзэмшлийн 2.000.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 13 про макс загварын гар утсыг,
2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Элба” автобусны буудлаас Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал орох замд хохирогч “***”эзэмшлийн 510.000 төгрөгийн үнэ бүхий А34 загварын гар утсыг,
2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн урд талын автобусны буудлаас автобусанд суусан хохирогч “***”халааснаас түүний эзэмшлийн 1.475.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 12 про макс загварын гар утсыг,
2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун 4 зам автобусны буудлын орчим 1 номерын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байсан хохирогч “***”эзэмшлийн 475.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне икс эс загварын гар утсыг,
2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТБД андууд” дэлгүүрийн хойно байрлах автобусны буудлаас автобусанд сууж 10 дугаар хороолол чиглэлд зорчиж байсан хохирогч “***”халааснаас түүний эзэмшлийн 2.825.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 14 про макс загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 11.600.000 төгрөгийн хохирол учруулсан “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч “***” шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Харин хохирогч”***”гар утсыг би аваагүй. Авсан байсан бол би хүлээн зөвшөөрнө. ... сая шүүх хуралдааны явцад камерын бичлэгийг үзлээ. Автобусанд явж байгаа хүн бол би мөн байна. Нэгэнт миний бичлэг байгаа тул хохирогч”***”гар утсыг авсан гэж хүлээн зөвшөөрье.
Бусад 8 хохирогчийн хохирлоос 3 гар утсыг биетээр нь буцааж өгсөн, 5 гар утасны мөнгийг үнэлгээний дагуу төлж барагдуулсан.
Би цаашид дахин хэзээ ч хулгай хийхгүй гэдгээ шүүхийн өмнө амлаж байна. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
нэг: хохирогч “***”“... 2024 оны 5 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн үед баруун 4 замаас өөрийн ажил болох 3 дугаар эмнэлэг рүү офицер 5 шар гэсэн чиглэлийн хар саарал өнгийн автобусанд суугаад Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн ойролцоо автобусанд өөрийн гар утсаараа чихэвчээр дуу сонсож байсан. Би автобусны урд талын хаалган дээр зогсож миний урдаас малгайтай нэг залуу урдаас хараад зогсож байсан. Удалгүй 3 дугаар эмнэлгийн автобусны буудалд буугаад ажил руугаа явж байхад миний сонсож байсан хөгжим тасалдаад байхаар нь өмсөж явсан хүрэмнийхээ халаасыг үзтэл миний гар утас байхгүй болсон байсан. Гар утсаа алдсанаа мэдчихээд буцаад автобус руугаа ортол автобусны урд талын хаалган дээр зогсож байсан залуу гарч явсан. Гар утас руугаа залгахад миний гар утас холбогдох боломжгүй болсон байсан. Миний гар утсыг автобуснаас буух үед миний урдаас харж байсан, малгайтай залуу авсан гэж бодож байна. Хар өнгийн саравчтай малгай, малгайтай цамцны малгайг нь өмссөн, 176 орчим см өндөртэй бараан царайтай залуу байсан. Дахин харвал тухайн хүнийг танина. Би гар утсаа 2022 онд АНУ-аас захиалж 2.900.000 төгрөгөөр худалдаж авсан, |рЬопө 13 рго мах цэнхэр өнгөтэй 128 гб багтаамжтай гар утас байсан. Миний гар утсанд “***”дугаар байсан” /1-р хх-н 13-14/ гэж,
гэрч “***”“... хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авч шүүж үзэхэд хар өнгийн куртиктэй, хар саравчтай малгайтай, махлаг биетэй үл таних сэжигтэй этгээд нь халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. Халаасны хулгайн санд бүртгэлтэй “***”хочит “***” байхаар нь зургийн дараад шалгаад явуулсан. Сэжигтэй этгээд “***”гийн халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг маршрут нь ихэвчилэн Саппорогийн автобусны буудлаас Улаанбаатар их дэлгүүрийн автобусны буудлын хооронд хөндлөн буюу автобусан дотор халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг үйлдлийн аргатай. Би бичлэгийг үзээд халаасны хулгайн сэжигтний бүртгэлтэй “***” байна гэдгийг үйлдлийн арга, өмсөж явсан хувцас, гэмт хэрэг үйлддэг маршрут, биеийн хэлэмжээр нь шууд таньсан. Би халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 3 жил гаруй хугацаанд ажиллаж байна. Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг ер нь хараад сайн танина” /1-р хх-н 30-31/ гэж,
хоёр: хохирогч “***”“... 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 17:00 цагийн үед хичээлээ тараад “ТБД андууд” автобусны буудлын хойд талын буудал дээр буусан. Автобуснаас буугаад халаасаа үзтэл гар утас минь байхгүй байсан. Миний гар утас Айфоне 11 загварын гар утас. 2023 оны 10 дугаар сард “Тэдди” төвөөс 1.050.000 төгрөгөөр худалдан авч байсан. Улаан өнгөтэй, гадуураа хойд талдаа зурагтай, хар өнгийн гэртэй байсан. Хар өнгийн хувцастай 180 см өндөртэй, нүүрээ баглаад малгай өмсчихсөн, урт хүзүүтэй хүн байсан. Би түүнийг сэжиглэж байна” /1-р хх-н 126-127/ гэж,
гурав: хохирогч “***”“... би 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 19 цаг 40 минутаас 19 цаг 45 минутын хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн автобусны буудлаас 4:1 номерын автобусанд суугаад 1 буудал яваад дараагийн буудал дээр очоод автобус хүнээ буулгаад суулгаад тэгээд хөдөлсөн. Яг автобус хөдлөөд хүмүүс их байсан учраас хоорондоо шахалцаад би автобусны хойд тал руу жоохон яваад бариулаас барьсан чинь миний хантаазны хөнгөн болсон байсан. Тэгээд би өмсөж явсан хантаазны кармандаа гар утсаа хайтал байхгүй байсан” /1-р хх-н 172-173/ гэж,
дөрөв: хохирогч “***”“... би 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 11 цагийн үед найзынхаа хонхны баярт баруун 4 замд байрлах “***”коллеж дээр очиж баяр хүргээд гарсан бөгөөд Элба төвөөс 4-43 Баянхошуу чиглэлийн улаан автобусанд суугаад Баянхошуу орсон. Би автобусанд зорчиж байхдаа Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Алтжин бөмбөгөр орчимд өөрийн Самсунг А-34 загварын гар утсаа өмсөж яваа цамцныхаа халааснаас алдсан” /1-р хх-н 234/ гэж,
тав: хохирогч “***”“... би 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 08 цаг 10 минутад Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 эмнэлгийн автобусны буудал дээрээс автобусанд суухдаа гар утасныхаа цагийг харсан миний суух автобус ирээд би хамгийн эхэнд автобусанд орсон ороод голын хаалганы хажуу талд 180 см орчим өндөртэй, бараан хувцастай эрэгтэй хүн зогсож байсан. Би нэг буудал яваад 10 дугаар хорооллын автобусны буудал дээр буух гэж байгаад өөрийн гар утсаа байхгүй байгааг мэдсэн. Тэгээд өөрийн ойр байгаа хүмүүсийг харсан тэгэхэд саравчтай малгайтай, эрэгтэй 180 см өндөртэй цэнхэр куртик өмсөн цагаан шаргал царайтай бамбагар хацартай, нүүрэн дээрээ мэнгэтэй /хаана гэдгийн санахгүй байна/ тийм хүн байсан би тэр хүнийг авсан гэж бодож байна. Би тэр хүнийг харвал танина. Тухайн үед сандраад хэлж чадаагүй. Тэгээд ажилдаа явсан. 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өргөдөл гомдлоо өгсөн. Миний гар утас алтлаг шар өнгөтэй ай фоне 12 про макс загварын гар утас байсан. Би алдсан гэх гар утсаа 2023 онд 11 сард хувь хүнээс 1.600.000 төгрөгөөр авч байсан. Би одоо зэх зээлийн ханшаар үнэлж байна. Имей1:356715113087061 дугаартай. Би тэр цэнхэр куртиктэй, 180 см орчим өндөртэй эрэгтэй хүнийг сэжиглэж байна, харвал танина” /2-р хх-н 35-36/ гэж,
зургаа: хохирогч “***”“... 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг 50 минутын үед МУБИС-ийн автобусны буудал дээрээс 1 номерын автобусанд карт уншуулан суусан. Урд хаалганы хажууд зогсож байхад “Энхтайван найрамдлын ордон”-ы автобусны буудал дээрээс 180 см өндөртэй эрэгтэй, шар царайтай хар хувцастай, нарнаас хамгаалах баг зүүж нүүрээ хаасан байсан. Би тэр хар хувцастай хүнийг хараад танина, тэр хүн миний утсыг авсан байх, яг миний ард зогсоод байсан. Баруун 4 замын автобусны буудал дээр ирэхэд тэр хүн миний хажуугаар дайраад их хурдан гарсан. Би араас нь буугаад гар утсаа шалгасан, миний гар утас байхгүй болсон байсан. Миний гар утас алтлаг шар өнгөтэй “Айфон Икс Эс” загварын гар утас байсан, 2024 оны 2 сард 600.000 төгрөгөөр авч байсан” /2-р хх-н 84-85/ гэж,
долоо: хохирогч “***”“... 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андуудын автобусны буудал дээрээс автобусанд суугаад зорчиж байхад үл таних, 170-180 орчим өндөртэй эрэгтэй хүн над руу шахаад яваад байсан. Тэгээд 10 дугаар хорооллын автобусны буудал дээрээс буугаад гар утсаа куртикний халааснаас авах гэтэл миний гар утас алга болсон байсан. Тэгээд үл таних хүний утсаар өөрийн “***”гэсэн дугаар руу залгасан чинь холбогдох боломжгүй болсон байхаар нь гэр рүүгээ харьсан. Миний гар утас ягаан өнгийн, өнгөгүй кейстэй, Айфоне 14 про макс загварын гар утас байсан. 2023 оны 9 дүгээр сард АНУ-аас 3.300.000 төгрөгөөр авч байсан. Би сэжиглэж байгаа хүнээ харвал танина” /2-р хх-н 133/ гэж,
найм: хохирогч “***”“... миний бие 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Андуудын автобусны буудлаас Офицеруудын ордон явах автобусанд суугаад явсан. Дараагийн автобусны буудал буюу Баруун 4 замын автобусны буудал дээр ирэх үед миний гар утас өмсөж явсан бомбер куртикны зүүн талын халаасанд байхгүй байсан. Миний хажууд нэг үл таних залуу зогсож байгаад буусан би тухайн залууг хайгаад автобуснаас буусан. Автобусны буудлын орчимд нөгөө залуу харагдахгүй байсан учир би буцан автобусандаа суугаад нэг үл таних охины гар утсаар өөрийн дугаар руу залгатал дуудаж байгаад миний утас холбогдох боломжгүй болсон” /2-р хх-н 178/ гэж,
ес: хохирогч “***”“... 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед 25 дугаар эмийн сангийн автобусны буудлаас М1 дугаартай 0385 УБЧ улсын дугаартай автобусанд суугаад Улаанбаатар их дэлгүүрийн автобусны буудал дээр 20:15 цагт буусан. Тэгээд цүнхэндээ гар утсаа шалгахад байгаагүй. Тэгээд би тухайн суусан автобусандаа буцаж суусан. Тэгэхэд нэг сэжигтэй хүн харагдсан. Хар малгатай, ногоон куртиктэй хүн байсан” /2-р хх-н 216/ гэж тус тус мэдүүлжээ.
Түүнчлэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 34-37, 151-152, 196-198, 2-р хх-н 156-159, 181-182, 234-235/, Хөрөнгө үнэлгээний ““***”” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн НЦУГ-24-107 дугаартай дүгнэлт /1-р хх-н 39/, Хөрөнгө үнэлгээний ““***”” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн НЦУГ-24-171 дугаартай дүгнэлт /1-р хх-н 133/, “***” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Д1-24-808 дугаартай дүгнэлт /1-р хх-н 179/, “***” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Д1-24-703 дугаартай дүгнэлт /1-р хх-н 239/, “***” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 24/210 дугаартай дүгнэлт /2-р хх-н 39/, ““***”” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн НЦУГ-24-255 дугаартай дүгнэлт /2-р хх-н 101/, “***” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн НЦУГ-24-331 дугаартай дүгнэлт /2-р хх-н 147-150/, “***” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн СБ1-24-1227 дугаартай дүгнэлт /2-р хх-н 189-192/, “***” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн НЦУГ-24-385 дугаартай дүгнэлт /2-р хх-н 227/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1-р хх-н 19-27, 2-р хх-н 45-52, 135-142/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-н 96, 180/ гэсэн бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч “***”гийн буруутгагдаж буй “хулгайлах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арвандолдугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах, өмчийг аливаа гэмт халдлагаас хуулийн хүрээнд хамгаалахыг Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд зүйлсийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Ялангуяа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн хууль бус үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлдог.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч “***”овогт “***”г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг нөхөн төлсөн байдлыг нь харгалзан шүүгдэгч “***”гийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч “***”гийн холбогдсон “хулгайлах” гэмт хэрэг нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт заасныг журамлав.
Шүүхээс шүүгдэгч “***”д хорих ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзав.
Тодруулбал; шүүгдэгч “***” урьд өмнө шүүхээс 4 удаа ял шийтгүүлэхдээ “өмчлөх” эрхийн эсрэг гэмт хэргээр эрүүгийн хариуцлага хүлээж байжээ.
Шүүгдэгч “***” нь 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх бөгөөд уг шийтгэх тогтоол гарсны маргааш өдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хохирогч “***”халааснаас 2.825.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 14 про макс загварын гар утсыг хулгайлсан нөхцөл байдал нотлогдон тогтоогдлоо.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч “***” шүүхээс “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, шүүхийн шийдвэр /шийтгэх тогтоол/ гарсны маргааш өдрөөс дахин “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байгаа нь түүний хувийн байдлыг илэрхийлнэ.
Иймд шүүгдэгч “***”д энэ шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулах нь зүйтэй бөгөөд
улсын яллагч Г.Ган-Эрдэнийн гаргасан “... 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, ... өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж, нийт 4 жил 2 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаар тогтоох тухай” саналыг,
өмгөөлөгч Р.Мөнхтариагийн гаргасан “... зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгаж өгөх, ... хязгаарлалтын бүсийг дүүрэг дамжуулан тогтоолгох тухай” хүсэлтийг тус тус хүлээж авах шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч “***” өрх толгойлсон эцэг болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 01615 дугаартай шийдвэр, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул хорих ялын хугацааг харьцангуй бага буюу 9 сарын хугацаагаар тогтоосон болно.
Шүүгдэгч “***”гийн төрсөн хүүхдүүд болох Шинэхүүгийн Ундрал, “***”нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй.
Ялтан “***” Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаас 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 60 цагийн ялыг эдэлж, эдлээгүй 640 цагийн ялын үлдэгдэлтэй байна.
Дээрх 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулж байгаа 9 сарын хугацаагаар хорих ялаас тусад нь буюу хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч “***”гийн хувийн байдалтай холбоотой:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 77/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-н 69/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 70/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 01615 дугаартай шийдвэр /1-р хх-н 72-74/, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 71/,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 188 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /1-р хх-н 85-86/,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-н 79-83/,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 683 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-н 87-93/,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-н 95-100/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Хохирол төлбөрийн хувьд:
Шүүгдэгч “***” нэр бүхий 9 хохирогчид нийт 11.600.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч “***”хохирол төлөгдөөгүй, бусад хохирогч нарт учруулсан хохирол нөхөн төлөгдсөн байна.
Иймд төлөгдөөгүй хохирол болох 2.050.000 төгрөгийг шүүгдэгч “***”гээс гаргуулж хохирогч Э.Урантогост олгох нь зүйтэй.
Шүүгдэгч “***” цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 327 дугаартай захирамжаар /1-р хх-н 53/ авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолов.
Шүүгдэгч “***”д урьд авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдсөн талаарх мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. “***”овогт “***”г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***”г 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч “***”д оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч “***” цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хорих ял эдлэх хугацааг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 327 дугаартай захирамжаар шүүгдэгч “***”д авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгч “***”д урьд авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдсөн талаарх мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсүгэй.
7. Шүүгдэгч “***”д Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тусад нь эдлүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***”гээс 2.050.000 төгрөг гаргуулж Баянгол дүүрэг 22 дугаар хороо, “***”оршин суух, “***”овогт “***”олгосугай.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,
эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 6 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10. “***”гийн төрсөн хүүхдүүд болох 2007 оны 9 дүгээр сарын 2-нд төрсөн “***”/охин РД:”***”/, 2010 оны 7 дугаар сарын 6-нд төрсөн “***”/хүү РД:”***”/ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай.
11. Шүүхийн шийтгэх тогтоолын хувийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл “***”д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ