| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2021/02308/и |
| Дугаар | 101/ШШ2022/01007 |
| Огноо | 2022-03-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2022/01007
| 2022 03 07 | 101/ШШ2022/01007 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
“******* ” ХХК-ний олборлолтын хэлтсийн операторын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч Ш.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..... овогтой ..... миний бие нь 1990 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод /одоогийн Хэрлэн сум/ төрсөн. 2011-2012 онд Дорнод Политехник коллежид суралцаж, “Даралтад сав шугам хоолойн оператор мэргэжил”-ээр төгсөөд 2012-07-04-ний өдрөөс ******* ХХ Компанийн 19-р талбайд мэргэжлээрээ ажилд орсон. Ажиллах хугацаандаа компанийн нэрийн өмнөөс гадаад улс болон эх орондоо мөн орон нутагтаа спортын төрөл бүрийн тэмцээн уралдаанд байнга идэвхтэй оролцож, тодорхой амжилтыг гаргаж ирсэн юм. Г.Б миний бие нь цар тахал Ковид19-ийн үед ажиллах Дорнод аймгийн онцгой комиссын шийдвэрийн эсрэг компанийн зүгээс ажилчдынхаа эрх ашгийг хохироосон хууль бус үйлдэл гаргасныг эсэргүүцэн Монгол ажилчдаа уриалж, Хятад удирдлагуудын хууль бус үйлдлийг зогсоох тэмцлийг удирдан ажилчдынхаа эрх ашгийг хамгаалсан шийдвэрийг гаргуулсан билээ. Үүний улмаас намайг ажлаас халах ажлыг зохион байгуулж, шалтаг шалтгааныг бий болгохоор янз бүрийн арга хэлбэрээр дарамталж эхэлсэн. Энэ бүгдийг нь би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тодорхой хэлж, эсэргүүцэж байлаа. Намайг 2021-06-18-ны өдрөөс эхлэн ээлжийн амралттай байх хугацаанд компанийн хүний нөөцийн ажилтан Х , Д нар 2021-06-19-ний өдрөөс 2021-07-04-ний өдрийг хүртэл удаа дараа утсаар ярьж, дарамтлан өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл бичээд өгчих хэмээн дарамт шахалт үзүүлсэн. Уг хүсэлтийн хариуг миний бие өгөөгүй байтал 2021 - 07-04-ний өдөр хүний нөөцийн ажилтан Д тушаал чинь сахилгын шийтгэлээр гарсан зөндөө харлаа хүлээлээ хэмээн мессеж явуулсан.
Тус компани нь өөрсдийн эрх ашгийн төлөө дуугарсан Монгол ажилчдыг дарамтлан дуугай ажлаа хийвэл хий эсвэл ажлаас гарч болно гэж Хятад удирдлагын зүгээс ажилчдад байнгын дарамт шахалтыг үзүүлж, Монгол улсын хууль тогтоомжийг үл тоомсорлон, зөрчдөг юм. Улмаар намайг ростын ээлжийн амралтаа Дорнод аймгийн төв Хэрлэн суманд эдэлж байхад буюу 2021-07-08-ны өдөр ажлаас халсан 21/19-054 тоот тушаалыг гаргасан байна. Энэхүү тушаалыг Улаанбаатар хот дах төв оффисоос тус компанийн ажилтан Г.Анхбаяраар өгч явуулсныг би 2021-07-12-ний өдөр авсан байгаа. Намайг ажлаас үндэслэлгүй халсан ******* ХХ Компанийн 2021-07-08-ны өдрийн 21/19-054 тоот тушаалыг би хууль бус гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 1.2 дах хэсэгт заасны дагуу тус шүүхэд энэхүү нэхэмжлэл, гомдлыг гаргаж байна. Намайг ажлаас халсан компанийн энэхүү тушаалд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 1.3 дах хэсэгт заасан ажлаас халагдах болон тус компанийн дотоод журмын 3.4.5.6, 3.4.6.8, 3.4.6.13 дах хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргаагүй ба би хөдөлмөрийн гэрээнд заагдсан үүргээ мөрдлөг болгон ажиллаж, компанийн дотоод журамд заасныг ягштал хэрэгжүүлж ирсэн. Тушаалд заагдсан зөрчил, дутагдлыг гаргаагүй болохоо нотлох баримтаар тайлбарлах нь :
Цар тахал Ковид-19-ийн улмаас Дорнод аймгийн онцгой комиссоос уул уурхайн компаниудад 7-14 хоногийн тусгаарлалттай ээлж солих шийдвэрийг гаргасан юм. Гэтэл манай компани энэхүү шийдвэрийг биелүүлэхгүй маш их удсан ба ээлжийн ажилчдыг 2021-03-24-ний өдрөөс эхлэн 2021-06-11-ний өдрийг хүртэлх хугацаанд ээлжийг солихгүйгээр ажиллуулан тэднийг хохироосон билээ. Иймээс миний бие энэхүү хууль бус үйлдлийг эсэргүүцэн улмаар Монгол ажилчдаа уриалж, удирдан Хятад удирдлагуудтай 2021-05-08-ны өдөр уулзаж өөрсдийн зүгээс тавьсан асуудлуудаа буюу “ээлж солилцох болон сунаж ажилсан хугацааны цалин хөлсийг нөхөж олгуулах’"-аар шийдвэрлүүлсэн юм. Энэхүү эсэргүүцлийн арга хэмжээг намайг удирдсаны төлөө компанийн Хятад удирдлагуудын зүгээс уг уриалгыг таатай хүлээн аваагүй билээ. Үүний улмаас намайг ажлаас халах ямар нэгэн шалтаг, шалтгааныг хайж эхэлсэн бөгөөд янз бүрийн арга хэлбэрээр дарамталж эхэлсэн байгаа. Үүнийгээ гүйцэлдүүлэн компанийн дотоод журмын 3.4.6.8 дах хэсэгт заасныг зөрчсөн хэмээн намайг ажлаас халлаа.
Дээр дурдагдсан нөхцөл байдлаас улбаалан намайг ажлаас халах гэж улайран тус компанийн удирдлагууд Монгол улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 14.2-т “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, 16-р зүйлийн 16.16-т “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй.” гэж заасныг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2; 6.1; 7.2; 7.3; 35.1; 35,1.2-р зүйл, заалтуудыг ноцтой зөрчин компанийн удирдлагуудыг Монгол улсын хууль, тогтоомжийг мөрдлөг болгон ажиллахыг шаардсаны төлөө хөдөлмөрийн дотоод журмын заалтыг зөрчсөн хэмээн үндэслэлгүйгээр ажлаас халах сахилгын арга хэмжээг ногдуулсныг эрс эсэргүүцэж байна.
Намайг ажлаас халсан тушаалыг би хууль бус гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дараах үндэслэлүүдээр энэхүү гомдлыг шүүхэд гаргаж байна. Үүнд
Иймд ******* ХХ Компанийг хариуцагчаар татаж, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Үүнд:
Нэхэмжлэгч нь 2012.7.4-с эхлэн хариуцагчид ажилд орсон. Энэ хугацаанд идэвх зүтгэлтэй ажилладаг байсан. Нэхэмжлэгч нь цар тахлын үед ажил олгогч ажилтнуудын эрх ашгийг зөрчсөн гэж тэмцээд ажилтан талд шийдүүлсэн. Үүнээс болж олон дарамт шахалт ирдэг байсан. Улмаар ажлаас халсан. Сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн боловч тушаал өгөхгүй байж байгаа нэхэхэд ажлаас халсан байсан. Иймд олборлолтын хэлтэст оператор-р тогтоолгож ажилгүй байсан олговор гаргуулж, дэвтэрт бичилт хийхийг дуулгуулна. Хариуцагч нь ажил тасалсан гэж байна. Хариуцагч талаар гаргасан зөрчлийн хуудас байдаг. Зөрчлийн тайлбарыг харахад чөлөө авах хүсэлтээ гаргасан байдаг. Хүсэлтээ өгөөд ажилдаа очоогүй тул ажил тасалсан гэж үзэхгүй. Ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-г баримтлаагүй. Мөн 3 төрлийн зөрчил дурдсан боловч энэ нь тогтоогдоогүй. Дотоод журмын 3.4.6.8-д нийцэхгүй байна. Ёс суртахууны зөрчил тогтоогдоогүй байхад энэ талаар цуурхал тараасан нь эсрэгээрээ нэхэмжлэгчийн нэр хүндийг гутаасан. Цагдаа шалгаад зөрчлийн шинжгүй гэдэг. Гэрчүүд хараагүй байдаг. Ажилд цагтаа гараагүй гэдэг. Хэрэг шүүх дээр удаж байгаа бөгөөд цагтаа гараагүй бол хариуцагч энэ талаар баримт гаргах боломжтой байсан. Аль зөрчлийг барьж шийтгэл ногдуулсан нь ойлгомжгүй. Гэрчийн мэдүүлгээр ажилдаа гарсан байдаг. Зөрчлийн хуудас нь нэхэмжлэгчид танилцуулагдаагүй гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боорчийн хувьд 2021.1.4-нд сахилгын шийтгэл ногдуулсан. Учир нь 12.30-нд ажилдаа ирэх байсан боловч ирээгүй 3 хоног ажил тасалсан. Ажил олгогч чөлөө олгоогүй байхад ажилдаа ирээгүй. Ингээд сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил болоогүй байхад үйлчлэгчийг айлган сүрдүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Ч гэрчийн мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь дотоод журамд заасан 2 зөрчил гаргасан тул ажлаас халсан. Иймд ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй. Гол зөрчил нь бэлгийн дарамт үзүүлж байгаа гэж үзсэн. Ажил олгогч нь ажил тасалсан зөрчил гаргаад ёс зүйн зөрчил гаргаад байгаа ажилтныг цаашид ажиллуулах эсэхийг шийдэх болсон. Бэлгийн дарамтыг цаашид гаргуулахгүй байхын тулд халсан. Ажил олгогч зөрчлийн хэр хэмжээ үр дагавраас шалтгаалж сахилгын шийтгэлийг сонгох эрхтэй. Чөлөө авч болох боловч цар тахлын нөхцөлөөс шалтгаалж бусад ажилтнууд ч гэсэн гэртээ харих ёстой болдог. Иймд бид хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой баримтаа гаргавал л чөлөө олгоно гэсэн. Цар тахлаас болоод бусад ажилтнууд сунгаж ажиллаад хохирох гээд байсан юм. Гэтэл тухайн баримтыг гаргаж өгөөгүй. Иймд үндэслэлгүй ажил тасалсан гэж үзнэ. Шинэ жилээр шалтаглаж ажлаа тасалсан гэж үзэж байна. Ч тай холбогдох асуудал нь зөрчлийн тухай хуульд хуульчлагдаагүй тул зөрчлийн шинжгүй гэж үзсэн. Зөрчлийн шинжгүй гээд бэлгийн дарамт үзүүлээд байж болохгүй. Ажилдаа цагтаа гараагүй гэдгийг нотлоогүй гэж байна. Цэвэрлэгээ хийх үед унтаж байгаад дарамт үзүүлсэн гэдгийг Ч хэлдэг. Ажил эхэлсний дараа цэвэрлэгээ хийх үед дарамт үзүүлсэн байдаг. Энэ нь цаашлаад гэмт хэрэг гарах нөхцөл юм. Иймд ажил олгогч зөрчилд нь тохирсон шийтгэл ногдуулсан тул ажлаас халах тушаал үндэслэлтэй юм гэв.
Нэхэмжлэгч тал нь шүүхэд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 9, 58 дугаар тал/, өөрийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 10 дугаар тал/, “******* ” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 21/19-054 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар /хэргийн 11 дүгээр тал/, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 36/85 дугаар тодорхойлолтын хуулбар /хэргийн 14 дүгээр тал/-г нотлох баримтаар гаргасан.
Шүүх: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчаас “******* ” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 21/19-054 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар /хэргийн 60 дугаар тал/, 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 21/19-007 дугаар тушаалын хуулбар /хэргийн 61 дүгээр тал/, зөрчлийн тэмдэглэл №4-н хуулбар /хэргийн 62 дугаар тал/, зөрчлийн тэмдэглэл №3-н хуулбар /хэргийн 63 дугаар тал/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хэргийн 64-66 дугаар тал/, хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /хэргийн 67-82 дугаар тал/-г гаргуулсан.
Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр даалгавар гүйцэтгүүлж, гэрчээр Ч.Ч , Ш.Н , Д.Х, Ж.М, Д.М, Д.М нарыг гэрчээр асуусан. /хэргийн 101-104, 106-111, 116-117 дугаар тал/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр Г.Б-ийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 25,629,591.28 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Б нь “******* ” ХХК-ний олборлолтын хэлтсийн операторын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч “******* ” ХХК нь нэхэмжлэгчийг сахилгын зөрчил давтан гаргасан буюу ажил тасалсан үйлдлийг давтан гаргасан, амралтын байранд согтууруулах зүйл хэрэглэсэн байсан, үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал үндэслэлтэй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Г.Б нь 2012 оны 07 дугаар сарын 04-ны өдрөөс хариуцагч хуулийн этгээдэд ажиллаж, улмаар ажлаас халагдахын өмнө олборлолтын хэлтсийн операторын ажил, албан тушаалд ажиллаж байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
“******* ” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 21/19-054 дүгээр тушаалаар өглөө ажилдаа гараагүй, амьдардаг сууцандаа согтуу байсан, цэвэрлэгээ хийхээр очсон үйлчлэгчийг айлгаж зүй бус үйлдэл гарган ёс зүйн ноцтой доголдол гаргасан, ажил тасалсан үйлдлийг давтан гаргасан гэх үндэслэлээр Г.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хэргийн 11, 60 дугаар тал/
Нэхэмжлэгч нь 2012 оноос 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажиллаж байсан байх тул зохигчдын хоорондох хөдөлмөрийн маргааныг 1999 оны 05 дугаар сарын 14-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүчингүй болсон Хөдөлмөрийн тухай хуулиар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ажилтны эсхүл ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална.
Маргаж буй 21/19-054 дүгээр тушаалаас үзэхэд хөдөлмөрийн гэрээг хэний санаачилгаар цуцалж байгаа талаар дурдаагүй байна.
Гэвч ажил олгогчийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байх тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж үзнэ.
Хэрэв ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа бол холбогдох тушаалд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль үндэслэлийг баримталсан талаар заавал дурдах ёстой. Гэвч дээрх 21/19-054 дүгээр тушаалд энэ талаар дурдаагүй байгаа хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Мөн маргаж буй тушаалд дурдсан амралтын байранд согтуу байсан гэх үндэслэл нь баримтаар нотлогдоогүй бөгөөд гэрч Д.М нь “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал мэдэгдэхгүй байсан” гэж мэдүүлсэн. /хэргийн 108-109 дүгээр тал/
Харин гэрч Ц.Ч нь “өмнөх өдөр нь согтууруулах ундааны зүйл уусан юм шиг санагдсан” гэж мэдүүлсэн байх боловч энэ нь зөвхөн түүнд үүссэн оюун бодол, таамаглал байх бөгөөд баримтаар нотлогдохгүй байна.
Улмаар гэрч Ц.Ч нь цэвэрлэгээ хийх үед амралтын өрөөндөө байсан гэх боловч энэ нь ажил тасалсан гэдгийг шууд нотлохгүй. Мөн уг гэрч нь “дотуур өмднийхөө хажуугаар бэлэг эрхтнээ гаргачихсан байж байсан. Би айгаад тэр чигээрээ гараад явчихсан” гэж мэдүүлсэн байх боловч энэхүү үйл баримт нь Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 36/85 дугаар тодорхойлолтоор үгүйсгэгдсэн. /хэргийн 104, 14 дүгээр тал/
Маргаж буй 21/19-054 дүгээр тушаал нь хөдөлмөрийн дотоод журмын 3.4.5.6, 3.4.6.13, 3.4.6.8 дугаар заалтыг баримталсан байна. Гэвч уг дотоод журмыг нэхэмжлэгчид танилцуулсан баримтгүй тул нэхэмжлэгчийг энэ журамд заасан үүргийн талаар мэдэж байсан гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн дотоод журамд бэлгийн дарамтын талаар заалтгүй байна. /хэргийн 67-82 дугаар тал/
Ажил тасалсан гэх үндэслэлийн хувьд нэхэмжлэгч нь “******* ” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 21/19-007 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалтай маргаагүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тухайн үед чөлөө олгох хүсэлт өгч байсан гэх тайлбар үндэслэлгүй.
Гэвч тухайн өдөр нэхэмжлэгчийг ажлын байранд дээрээ байхыг гэрч Д.М харсан байх тул ажил тасалсан гэж үзэхгүй.
Эдгээр үндэслэлийг нэгтгэн дүгнээд “******* ” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 21/19-054 дүгээр тушаал нь хууль зүйн болон зөрчлийн талаар үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.
Нэгэнт өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-н 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан нийт хугацааны олговор олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байх тул мөн оны 04-06 дугаар сарын цалин хөлсөөр дундаж цалин хөлсийг тооцох нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцнэ. Ийнхүү тооцвол нэхэмжлэгчийн сүүлийн 3 сар авсан дундаж цалин хөлс нь 3,203,698.91 /(2,280,450.34+3,039,959.38+4,290,687.01)/3/ төгрөг байна.
Улмаар ажлаас халагдсанаас хойш анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэл 8 сарын хугацаа өнгөрсөн байх тул нийт тооцогдох олговор нь 25,629,591.28 төгрөг юм.
Ийнхүү олговор олгосон тул Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэлийг нөхөн тооцож, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчдын төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Энэхүү маргаан нь гомдлоор авч хянан шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.
Улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, хариуцагчийг чөлөөлөх үндэслэлгүй тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, хариуцагчаас гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй. Тодруулбал, олговор 25,629,591.28 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж нь 286,097.96 төгрөг бөгөөд харин ажилд эгүүлэн тогтоох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлагын хувьд тус тус 70,200 төгрөг тооцогдоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД