| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 308/2025/00664/И |
| Дугаар | 001/ХТ2026/00084 |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2026/00084
Т-нийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн
2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 308/ШШ2025/00625 дугаар шийдвэр,
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 202/МА2026/00001 дүгээр магадлалтай
Дт холбогдох
Дт холбогдуулан Дгийн даргын 2025.06.10-ны өдрийн Б/129 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Нэгдсэн эмнэлгийн эмнэлзүй, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Т-нэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т-нэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, У, О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 308/ШШ2025/00625 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Т-нийг Дгийн эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилж,
Нэхэмжлэгч Т-нэ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
3. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 202/МА2026/00001 дүгээр магадлалаар: Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 308/ШШ2025/00625 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Т-нийн Дгийн эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Дгийн давж заалдсан гомдлыг хангаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдсэн эмнэлгээс давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Т-нэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Миний бие 2023.03.31-нд тус эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргаар томилогдож, ажиллах хугацаандаа сахилгын болон ёс зүйн ямар нэгэн зөрчилгүй ажилласан бөгөөд тус эмнэлгийн олон жил хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй үзүүлэх, хамт олны нэгдмэл байдлыг бий болгох, Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалттай сайн гүйцэтгэж 2023 оны эцэст Нэгдсэн эмнэлгийн 2020 оноос хойш жил бүр хуримтлагдсан өрийг 83% бууруулж, тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт 80% буюу сайн дүнтэй үнэлэгдсэн. Улмаар 2024 оны үйл ажиллагааны чанарын үнэлгээ 82% болон сайжирч төсвийн өрийг тэглэж 2024 оны жилийн эцэст нийт ажилчиддаа Бүтээмжийн урамшуулал олгож, хамт олноороо урам зоригтой ажиллах, цаашид үйл ажиллагаа маань улам өргөжин тэлэх боломж бүрдэж байсан. Гэтэл 2025 оны 1 дүгээр сараас эхлэн аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зүгээс ажлын байрны дарамт шахалтыг удаа дараа үзүүлж, 2025 оны 4 дүгээр сард аймгийн удирдлагуудын эмнэлгийн удирдах ажилтнуудтай хийсэн уулзалтын үеэр зориудаар миний албан тушаалын болон хувийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан худал гүтгэлгийн шинжтэй хэл яриаг тус бүр нэг эмч, сувилагчаар хийлгэж, улмаар 2025 оны 1-р улирлын эмнэлгийн тусламжийн чанарын үзүүлэлт буурсан, тусламж үйлчилгээний явцад цөөнгүй зөрчил гаргаж чанаргүй тусламж үзүүлсэн тул хариуцлага тооцохыг үүрэг болгосон Эрүүл мэндийн газрын даргын гарын үсэг бүхий албан бичиг Нэгдсэн эмнэлэгт ирүүлснийг үндэслэн надад албан тушаал бууруулах тушаал гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан.
Шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан шийдвэрлэгдэж байх хугацаанд миний бие өвдөж эмнэлэгт үзүүлж, өвчний учир эмнэлгийн хуудас авсан тохиолдол болгоныг эмнэлгийн одоогийн даргаас шалгуулж иргэний хувьд эмнэлгийн тусламж авах, эрүүл мэндийн эмзэг мэдээллээ хамгаалуулах эрхэд халдаж, үзлэг хийсэн нэр бүхий 5 эмчийг шалгаж байгаа нэрийдлээр дарамталж аймгийн Прокурорт зөрчлийн хэрэг үүсгэх хүсэлтийг гаргаж байгаа нь миний Үндсэн хуулиар олгогдсон эрхэд ноцтойгоор халдах, ялгаварлан гадуурхах, эрх зүйн байдлыг дордуулсан үйл ажиллагааг зориуд явуулж байгаад харамсаж байна. Эрүүл мэндийн газраас ирүүлсэн албан бичгийн дагуу тухайн албан бичигт тусгагдсан зөрчлүүдийг ажил олгогч ямар нэгэн байдлаар шалган тогтоогоогүй, сахилгын шийтгэл ногдуулах тухай мэдэгдэл өгсөн ч тайлбарыг амаар болон бичгээр аваагүй, зөвхөн Нэгдсэн эмнэлгийн даргаар хамтран ажиллаж байсан Уын ажлаа сайн дураараа өгөхдөө багаараа бууна гэсэн хүсэл сонирхолд нийцүүлэх зорилгоор дээрх хууль бус үйл ажиллагааг явуулж намайг хохироож байгаад маш их гомдолтой байна.
Миний бие Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 21 жил ажилласны сүүлийн 13 жилд лавлагаа шатлалын эмнэлгүүдэд Эмнэлзүй эрхэлсэн орлогчийн албан тушаалыг хашиж, эрхэлсэн ажилдаа хоёргүй сэтгэл, зүтгэл, шударга байх зарчмыг баримтлан ажиллаж ирсэн. Э-раас ирүүлсэн А/485 тоот албан бичигт тусгагдсан статистик үзүүлэлт нь 68 нэр бүхий үзүүлэлтээс 13-г онцлон авч үнэлсэн хэдий ч харьцуулсан үзүүлэлт нь харьцангуй буюу бүтэн жилийн үзүүлэлтийг 3 сарын үзүүлэлттэй харьцуулан эмнэлгийн тусламжийн чанар бууруулсан гэж дүгнэх нь аргачлалын хувьд буруу, боломжгүй юм. Улсын байцаагчийн 70 зүйл бүхий албан шаардлагад дурдагдсан зөрчлүүд нь бүгд тодорхой эзэнтэй, зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгуулж эргэн тайлагнахыг зөвлөсөн акт болохоос тусламж үйлчилгээ бүхэлдээ муу, чанаргүй байна гэж дүгнэсэн нэгээхэн ч үг үсэг байхгүй болох нь тухайн албан шаардлагаар нотлогдоно.
Давж заалдах шатны ерөнхий шүүгч С нь хариуцагч талын хуулийн зөвлөх Энх-Амгалангийн хадам ээжтэй нэг нутаг усны найзууд төдийгүй иргэдэд өмгөөлөгчөөр авахыг санал болгодог хэмжээний хувийн харилцаатай гэж яригддаг. Энэ болон бусад үндэслэлээр ерөнхий шүүгч С шүүгчээс татгалзсан боловч “хэргийн оролцогч нартай хувийн харилцаагүй, хэргийг шударгаар шийдэж чадна” гэж тус шүүгч нь тайлбарласан. Гэвч шүүх хуралдааны явцад ерөнхий шүүгч С нь хариуцагч талд үйлчилсэн шинжтэй асуулт асууж, хариулж чадахгүй тохиолдолд зааж өгөх гэх мэтээр бараг тэдний өмгөөлөгч шиг ажилласан бөгөөд миний хариултыг бүрэн гүйцэт сонсолгүй, үг хэлэх боломжийг хязгаарлаж байсныг, анхан шатны шүүх хуралд хариуцагч тал Улсын байцаагчийн албан шаардлагыг сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд аваагүй гэдгийг тайлбарласаар байтал зөвхөн уг албан шаардлагыг хяналт шалгалт хийсэн нотлох баримтад тооцон үнэлэхийг илтэд эрмэлзэж байгаа нь харагдаж байсан. Эдгээр байдал нь давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьсан, шударга бус шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.
Мөн давж заалдах шатны хурал товлосон цагтаа эхлээгүй, бүрэлдэхүүн ирж байгаа гэдэг шалтгаанаар товлосон цагтаа шүүгч Н.Болормаа орж ирж суусан бөгөөд шүүгч С, Говьсүмбэр аймгийн шүүгч Б.Наранчимэгтэй (Стэй хамт Замын-Үүдийн шүүхэд ажиллаж байсан гэх) 20 минутын дараа шүүх хуралдааны танхимд хамт орж ирэн хурлын туршид хоорондоо миний бие болон өмгөөлөгчийг тайлбар хийх үед инээж шоолох, үл тоомсорлох байдлыг удаа дараа гаргаж байсан зэргээс харахад анхнаасаа хариуцагч талд үйлчлэх сонирхолтой байжээ. Шүүх бие даасан, хараат бус, шударга, хэн нэгний нөлөөнд авталгүйгээр шүүхэд хандсан иргэн бүрт тэгш үйлчлэх үүрэгтэй гэж миний бие ойлгодог. Гэтэл энэ хэрэгт илтэд шударга бус хандсанд гомдолтой байна.
Дгийн даргын 2025.06.10-ны өдрийн Б/129 тоот тушаал нь бүхэлдээ хууль бус төлөвлөгдсөн, хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн, ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан, зөрчлийг шалган тогтоогоогүй, хэт ерөнхий байдлаар чанарын үзүүлэлтийг бууруулж, хариуцлагагүй хандсан хэмээн хийсвэрээр буруутгасан нь Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх, нэр төртэй байх эрхэнд халдсан бөгөөд шууд хүнд хэлбэрийн сахилгын шийтгэлийг ногдуулсан хүний эрхийг уландаа гишгэсэн шийдвэр юм.
Түүнчлэн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт нь эрүүл мэндийн салбарт хэрэглэгддэг статистик мэдээлэл бөгөөд Олон Улсын аргачлалын дагуу тооцогддог. Эдгээр үзүүлэлтүүд нь хүн амын өвчлөл, нас баралт, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг хэмжихэд ашигладаг болохоос эмч, эмнэлгийн ажилтанд хариуцлага тооцоход ашигладаг хэрэгсэл биш юм. Аймгийн Эрүүл мэндийн газрын А/485 тоот албан бичигт дурдагдсан Эрүүл мэндийн статистик үзүүлэлтүүд нь 2025 оны 1 дүгээр улирлын бодит тоог нийт төрөлтөнд харьцуулсан нь учир дутагдалтай юм. Эх, нярайн үзүүлэлт нь тухайн жилийн нийт төрөлтөнд харьцуулагдаж гардаг үзүүлэлт бөгөөд 2022 онд 1013, 2023 онд 972, 2024 онд 874 болж сүүлийн 3 жил буурсан үзүүлэлттэй байгаа нь 1013 төрөлтөнд харьцуулах, 874 төрөлтөнд харьцуулсан түвшингөөр Нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүд, жирэмсэн, нярайн тусламж үйлчилгээг үнэлэх нь өрөөсгөл, хэт буруутгахыг хичээсэн, нэг талаасаа албан тушаалын дарамт учруулах гэсэн оролдлого мэт харагдаж байна.
Нэгдсэн эмнэлэг 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсадтай. Үүнээс 200 гаруй нь эмч, эмнэлгийн мэргэжилтэн буюу эмнэлгийн тусламж гардан үзүүлдэг. Өдөртөө 150-200 гаруй үйлчлэгчийг хэвтүүлэн эмчилж, амбулаториор 700-900 гаруй үйлчлүүлэгчид үзлэг оношилгоо хийж, яаралтай тусламжаар 50-100 хүнд тусламж үзүүлж, эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй, чанартай хүргэхээр ажилладаг. Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд гарсан гэх зөрчлүүд нь эмч, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаатай холбоотой байгаа ба Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу нийтэд нь “Эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний хөнгөн шуурхай, найдвартай байдлыг ханган боловсронгуй болгох чиглэлд эмнэлгийн мэргэжилтнүүд болон эрүүл мэндийн ажилтныг мэргэжлийн удирдлагаар хангана” гэсэн зорилготойгоор өдөр тутмын үүрэгт ажлаа гүйцэтгэдэг. Өдөрт дунджаар 70 гаруй эмч үзлэг, оношилгоо хийж, 130 сувилагч сувилахуйн тусламж үзүүлж, тарилга 1500-1600 удаа, биеийн байдлын үнэлгээ, амь тэнссэн үеийн тусламж гэх мэт үндсэн тусламжийг багаар хүргэдэг. Эмнэлзүй эрхэлсэн орлогч нь энэ нүсэр үйл ажиллагааг нэг бүрчлэн хянах боломж нөхцөл байдаггүй, байх ч боломжгүй учраас “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS5095:2017 стандарт”-аар тасаг нэгж, албаны зохион байгуулалттайгаар бүтэц орон тоогоо жил бүр Эрүүл мэндийн газрын даргаар батлуулж, батлагдсан бүтцийн дагуу мэргэжлийн тасаг бүр тасгийн эрхлэгч, ахлах сувилагчтайгаар үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулж явдаг. Түүнчлэн тасгийн эрхлэгч, ахлах сувилагч бүр Чанарын албаны орон тооны бус гишүүдээр тушаалаар томилогдон ажилладаг билээ.
Мөн тусгайлсан чиг үүрэг бүхий Чанарын алба, Сувилахуйн алба, Халдвар хяналтын алба, Статистикийн алба, Эмзүйн алба, Дэмжих алба зэрэг албадууд үйл ажиллагаа явуулж дотоод хяналтыг хийж хэрэгжүүлэн, зөрчил дутагдлыг тухай бүр илрүүлэн засч, залруулах, арилгуулах, зөв чиглүүлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг.
Аймгийн Эрүүл мэндийн газрын А/485 тоот албан тоотод дурдагдсан зөрчлүүд нь хувь хүнтэй холбоотой, тухайн зөрчил гарсан цаг тухай бүрт нь Эмнэлзүй, эмгэг судлалын хурлаар хэлэлцүүлэгдэж хариуцлага тооцогдсон, архаг болон хурц өвчний хүндрэлээр нас барсан, мэргэжлийн өвөрмөц тусламж үйлчилгээ үзүүлэх явцад гарсан хүндрэлээр бүртгэгдсэн, нөр их, эцэс төгсгөлгүй ажилдаа түүртэж, санамсаргүйгээр мэдээлэхээ мартсан, эндэгдлийн эмгэг судлалын дүгнэлт хугацаандаа гараагүйгээс, эмчлэгч эмч, тусламж үзүүлсэн эмч, мэргэжилтнүүд нь хувийн чөлөө авах, сургалтад явах, ээлжийн амралт авах гэх мэтчилэн шалтгаанаар Эмнэлзүй, эмгэг судлалын хурал нь тодорхой хугацаагаар хойшилсон ч хэлэлцүүлгийн холбогдох материал нь журмын дагуу Эрүүл мэндийн газарт хүргэгдсэн, түргэн тусламжаар явах үедээ шаардлагатай тусламжийг газар дээр нь үзүүлсэн ч архи уусан гэж гүтгэгдсэн, /Агентлагийн дарга нарын хуралд яригдсан, тогтоогдоогүй/, амбулаторийн тусламж үйлчилгээнд иргэдээс гомдол ирсэн нь мөн тогтоогдоогүй, тодорхой бус, яаралтай тусламж болон бусад тасгуудад үйлчлүүлэгч хүндэрсэн ч тухай бүр эмчлэгч эмчтэй, жижүүрийн мэдээ зэрэг хяналтаар асуудал нь танилцуулагдаж Эмч нарын хамтарсан үзлэг, Эмч нарын зөвлөгөөн хийгдэж Мэдээгүйжүүлэлт, Эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлэгдэн эмчилгээ нь үргэлжилж амь нас аврагдсан, МУЗГазрын 11-11 төвд эмч, мэргэжилтнүүдийн тусламж үйлчилгээтэй холбоотой 8 гомдол ирсэн гэх эзэнтэй гомдол, Хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагчдын илрүүлсэн 70 эзэнтэй зөрчил зэрэг нь шууд Эмнэлзүй эрхэлсэн орлогчид хамаатуулан хариуцлага тооцох нь Удирдах албан тушаалтнуудын үзүүлж буй албан тушаалаа урвуулан ашиглаж, хясан боогдуулж, шахан гадуурхаж, тусдаа чиг үүрэг бүхий байгууллагын дотоод ажилд хэт оролцож буй ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалт гэж үзэх үндэслэлтэй.
Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3, 172.2.4-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Магадлалын хянавал хэсгийн 6.1-д “Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шийдвэрийн үндэс болсон маргааны зүйлд дүгнэлт хийгээгүй байна... Маргааны зүйл нь Э-раас 2025.03.26-ны өдрөөс 2025.04.18-ны хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдсэн эмнэлэгт төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулж 70 төрлийн зөрчил дутагдлыг илрүүлж, тэдгээрийг таслан зогсоох, арилгах талаар 70 заалт бүхий 2025.04.21-ний өдрийн 10-21-01/090/28, 10-21-01/090/31 дугаар бүхий албан шаардлагууд гаргасан ба Э-рын дарга Д.Батцэцэгээс уг шалгалтын дүнд үндэслэн 2025.05.01-ний 485 дугаартай албан бичгээр Нэгдсэн эмнэлгийн удирдлагын багт хариуцлага тооцох үүргийн дагуу Дгийн ... Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Т-нэ нарт хариуцлага хүлээлгэсэн энэ нөхцөл байдалд анхан шатны шүүх огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Учир нь маргааны зүйл нь нэхэмжлэгч Т-нэд хууль бусаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан буюу Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй үйлдэл, эс үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулсан талаар байхад давж заалдах шатны шүүх Э-рын улсын байцаагчийн 2025.04.21-ний өдрийн 10-21-01/090/28 дугаартай Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай албан шаардлага нь маргааны зүйл мэтээр дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Тодруулбал, Дгийн даргын 2025.06.10-ны өдрийн Б/129 дугаартай Т-нэд сахилгын шийтгэл ногдуулж албан тушаал бууруулах тухай тушаалын үндэслэх хэсэгт дээрх 70 заалт бүхий албан шаардлагыг заагаагүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсан 70 зөрчил улсын байцаагчийн дүгнэлт зэргийг үндэслэж ажил олгогч хариуцлага тооцоогүй ... тухайн 70 зөрчил дүгнэлтийг үндэслээгүй гэдгийг хэлмээр байна” гэж удаа дараа тайлбарласан.
Түүнчлэн, уг албан шаардлагад “...Энэхүү албан шаардлагын дагуу тодорхой ажил зохион байгуулж биелэлтийг 2025.05.29-ний дотор аймгийн Эрүүл мэндийн газарт албан бичгээр ирүүлэхийг мэдэгдье. Албан шаардлагыг хэрэгжүүлж ажиллагаагүй, биелэлтийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу хариуцлага тооцох болно” гэсэн буюу Т-нэд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах талаар огт заагаагүй, харин хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй иргэнийг 50 нэгжтэй тэнцэх, байгууллагыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалтыг сануулсан байна. Мөн эмнэлгийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.3 дугаар хэсгийн 4-д “Төлөвлөгөөт болог цаг үеийн үзлэг шалгалт болон хөндлөнгийн хяналт шалгалтаар хариуцан ажиллаж буй үйл ажиллагаа нь хангалтгүй үнэлэгдэх” нь үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах эсхүл албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар заасан хэдий ч дээрх улсын байцаагчийн албан шаардлагаар Т-нийн үйл ажиллагаанд ямар нэгэн үнэлгээ хийгдээгүйг дурдах нь зүйтэй.
Магадлалын хянавал хэсэгт “...Эрүүл мэндийн газрын албан шаардлагад үндэслэн Эрүүл мэндийн газрын даргын 485 дугаартай “Хариуцлага тооцох тухай” албан бичгээр 2025.04.21-ний өдрөөр тогтоож, 2025.05.01-ний өдөр хариуцлага тооцох шаардлага тавигдсаны дагуу ...Т-нэд 6 дугаар сарын 03-ны өдөр тус тус орлогч даргын албан тушаалыг бууруулж, эмчээр томилсон тушаал гаргасан ... Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан “...сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэсэнд нийцсэн” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь 2025.04.21-ний өдрийн 10-21-01/090/28 дугаартай Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай албан шаардлага гарснаас хойш 50 хоногийн дараа буюу 2025.06.10-ны өдөр Т-нэд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй байхад давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Магадлалын хянавал хэсэгт “ ...аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, Нэгдсэн эмнэлгийн даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй байна. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд ... удирдлагын багт сахилгын шийтгэл хүлээлгэх шаардлага тавьсан нь хууль зүйн үндэслэлтэй болсон” гэсэн ойлгомжгүй, үндэслэл муутай дүгнэлт хийжээ.
Учир нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын хөдөлмөрийн эрх зүйн байдлыг тус эмнэлгийн орлогч даргатай адилтган үзэх боломжгүй бөгөөд эмнэлгийн даргыг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга томилж, чөлөөлдөг захиргааны эрх зүйн харилцаа байхад эмнэлгийн орлогч даргын хувьд эмнэлгийн даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг, иргэний эрх зүйн харилцаа болно.
Түүнчлэн “багаар хариуцлага тооцох” гэсэн Хөдөлмөрийн хууль тогтоомжид байхгүй үндэслэлээр Т-нэд сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ут сахилгын шийтгэл ногдуулаагүй, өөрийн хүсэлтээр даргын ажлаас чөлөөлөгдөж, одоо тухайн эмнэлэгт эмчээр ажиллаж байгаа болно.
Магадлалын хянавал хэсгийн 6.4-т “...Эрүүл мэндийн газрын төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гаргасан 2025.04.21-ний өдрийн 10-21-01/090/28, 10-21-01/090/31 дугаартай албан шаардлагуудаар илэрсэн зөрчлүүдийн улмаас Т-нэд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан “...Хөдөлмөрийн хууль тогтоомжоос гадна хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэсэн үндэслэлд нийцсэн байна” гэсэн үндэслэлгүй.
Учир нь давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Т-нэ нь тодорхой ямар хөдөлмөрийн хууль тогтоомжийн болон хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтын аль заалтыг хэрхэн яаж зөрчсөн болохыг огт дурдаагүй, ерөнхийлсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Магадлалын хянавал хэсгийн 6.6-д “Ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан нарийвчилж тодорхойлсон зохицуулалтыг баримтлалгүйгээр тушаал гаргасан нь хэлбэрийн хувьд зөрчилтэй болсон боловч сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь бодитоор тогтоогдсон тул тушаалын хэлбэрийн алдаанд үндэслэн тушаалыг хүчингүй гэж үзэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн” гэснийг зөвшөөрөх боломжгүй.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай уулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ...” гэснийг зөрчсөн буюу хуулийн 123.2-т заасан сахилгын шийтгэлийн холбогдох заалтыг дурдаагүй ноцтой алдааг хэлбэрийн зөрчил гэж үзсэн хариуцагчийн үйлдлийг хайцаалсан нь буруу юм.
Хэрэв Т-нэд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулж байгаа юм бол тус зүйлийн 123.2.1-123.2.5 заалтад нийт 5 төрлийн сахилгын шийтгэлүүд заагдсанаас юуны учир 123.2.4-т заасныг нэрлэсэн нь тодорхойгүй байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх зөрчилтэй холбоотой дүгнэлтийг яагаад үндэслэлгүй гэж дүгнэснээ огт тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Магадлалын хянавал хэсгийн 6.7-д “Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т-нээс гаргасан 2023 онд Дгийн Эмнэлзүй эрхэлсэн албан тушаалд ажилласан хугацаанаас тус эмнэлгийн жилийн эцсийн гүйцэтгэлийн үнэлгээ нь жил бүр 2 хувийн өсөлттэй гарсан нь Эрүүл мэндийн газрын даргын “Эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн гэрээний үнэлгээний дүн баталгаажуулах тухай 2023, 2024, 2025 оны тушаалуудаар тогтоогдож байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй болсон. Энэ нөхцөл байдал нь Эрүүл мэндийн газраас хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалт, түүгээр илэрсэн зөрчилд хамааралгүй буюу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал биш байсан” гэж хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Учир нь Т-нэд сахилгын шийтгэл ногдуулсан 2025.06.10-ны өдрийн Б/129 дүгээр тушаалын бодит үндэслэл нь “...Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чанарын үзүүлэлтийг бууруулж, ажилдаа хариуцлагагүй хандсан” гэж заасан бөгөөд энэ нь үндэслэлгүй, харин эсэргээрээ чанарын үзүүлэлтийн үнэлгээ жил бүр өсч байсныг дээрх баримтуудаар нотлогдоно.
Тухайлбал, Д нь 2022 оны жилийн эцсийн үнэлгээгээр 3.9 оноо буюу 78%, 2023 онд 4.0 оноо буюу 80%, 2024 онд 4.1 хувь буюу 82%-иар жил бүр өсч байсан нь тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь хэрэгт чухал ач холбогдолтой, ажлын чанарын үзүүлэлтийг дүгнэсэн албан ёсны баримтууд байхад ач холбогдолгүй гэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн шинжтэй байна.
Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
6. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч Т-нэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2026.03.26-ны өдрийн 001/ШХТ2026/00324 дүгээр тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
8. Нэхэмжлэгч Т-нэ нь хариуцагч Дт холбогдуулан Дгийн даргын 2025.06.10-ны өдрийн Б/129 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Нэгдсэн эмнэлгийн эмнэлзүй, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Т-нэ би ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээний биелэлт 90-ээс дээш хувьтай үнэлэгдэж байсан. Би хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн гүйцэтгэж ирсэн гэж үздэг. Гэтэл Нэгдсэн эмнэлэг дээр гарсан бүх дутагдал зөрчлийг зөвхөн эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын алдаа зөрчил мэтээр үзэж албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна...” гэж тайлбарласан.
Хариуцагч хариу тайлбартаа: “...ажил олгогчийн зүгээс сонсох, тайлбар авах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу явуулахыг зорьж, 2025.05.14, 2025.05.19, 2025.06.03-ны өдөр нийт 3 удаа оролцогчид зар хүргүүлсэн ба энэ бүх тохиолдолд Т-нэ оролцоогүй. Түүнчлэн ажил олгогчийн зүгээс тухайн ажилтныг халах сахилгын шийтгэл ногдуулаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, мөн Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга болон Мэдээгүйжүүлэлтийн эмч гэсэн хоёр албан тушаал нь Монгол Улсын Засгийн газрын 2023.06.21-ний өдрийн 240 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтад зааснаар адилхан TYЭМ-7 зэрэглэлд хамаарч байна. ...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй...” гэж тайлбарласан.
9. Анхан шатны шүүх: “...2025 оны эхний хагас жилийн шалгуур үзүүлэлтийг Э-рын даргын 2025.07.09-ний өдрийн А/88 дугаар тушаалаар баталгаажуулснаас дүгнэхэд Эрүүл мэндийн газрын даргын 485 тоот албан бичиг нэхэмжлэгч Т-нэд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын үндэслэл болох боломжгүй юм. ...Т-нэд сахилгын шийтгэл оногдуулж албан тушаал бууруулан томилох тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн холбогдох хэсгийг баримтлаагүй хэт ерөнхий заалтыг хэрэглэсэн нь буруу байна. ...Иймд Дгийн даргын 2025.06.10-ны өдрийн Б/129 дугаар Т-нэд сахилгын шийтгэл ногдуулж албан тушаал бууруулан томилох тухай тушаал нь үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Т-нийг Дгийн эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй...” гэж дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүх: “...Маргааны зүйл нь Э-раас 2025.03.26-ны өдрөөс 2025.04.18-ны хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдсэн эмнэлэгт төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулж 70 төрлийн зөрчил дутагдлыг илрүүлж, тэдгээрийг таслан зогсоох, арилгах талаар 70 заалт бүхий 2025.04.21-ний өдрийн 10-21-01/090/28, 10-21-01/090/31 дугаартай албан шаардлагууд гарсан ба Э-рын дарга Д.Батцэцэгээс уг шалгалтын дүнд үндэслэн 2025.05.01-ний өдрийн 485 дугаартай албан бичгээр Нэгдсэн эмнэлгийн удирдлагын багт хариуцлага тооцох үүргийн дагуу Дгийн дарга, Чанарын албаны дарга Г, эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Т-нэ нарт хариуцлага хүлээлгэсэн энэ нөхцөл байдалд анхан шатны шүүх огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон. Эрүүл мэндийн газрын албан шаардлагад үндэслэсэн Эрүүл мэндийн газрын даргын 485 дугаартай Хариуцлага тооцох тухай албан бичгээр зөрчлийг 2025.04.21-ний өдрөөр тогтоож, 2025.05.01-ний өдөр хариуцлага тооцох шаардлага тавигдсаны дагуу Нэгдсэн эмнэлгийн дарга У тус эмнэлгийн чанарын албаны дарга Гд 05 дугаар сарын 09-ний өдөр, эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Т-нэд 06 дугаар сарын 03-ны өдөр тус тус орлогч даргын албан тушаалыг бууруулж, эмчээр томилсон тушаал гаргасан, Эмнэлгийн дарга У хариуцлагаа хүлээж, өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасны дагуу Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар 2025.06.30-ны өдөр мөн албан тушаалыг бууруулж Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн нь тус тус Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан ...сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэсэнд нийцсэн. Эрүүл мэндийн газрын төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гаргасан 2025.04.21-ний өдрийн 10-21-01/090/28, 10-21-01/090/31 дугаартай албан шаардлагуудаар илэрсэн зөрчлүүдийн улмаас Т-нэд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан ...Хөдөлмөрийн хууль тогтоомжоос гадна хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэсэн үндэслэлд нийцсэн байна. ...сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь бодитоор тогтоогдсон тул тушаалын хэлбэрийн алдаанд үндэслэн тушаалыг хүчингүй гэж үзэх боломжгүй. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэжээ.
10. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх маргааны үйл баримтыг адил тогтоосон боловч нэхэмжлэгчийн гэм буруугийн талаар өөр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хянан хэлэлцлээ.
11. Нэхэмжлэгч Т-нэ хариуцагч Дт холбогдуулан Нэгдсэн эмнэлгийн даргын 2025.06.10-ний өдрийн Б/129 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
12. Нэхэмжлэгч Т-нэ Дгийн эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын албан тушаалд 2023.03.30-ны өдрөөс томилогдон ажилласан.
Э-раас 2025.03.26-2025.04.18-ны хооронд аймгийн Нэгдсэн эмнэлэгт төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулж, 70 төрлийн зөрчил дутагдлыг илрүүлж, тэдгээрийг таслан зогсоох, арилгах талаар Эрүүл мэндийн Улсын байцаагчийн Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай 2025.04.21-ний өдрийн 10-21-01/090/28, 2025.04.29-ний өдрийн 10-21-01/090/31 дугаартай албан шаардлагууд гарсан, дээрх шалгалтын дүнд үндэслэн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын багт хариуцлага тооцох үүргийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас 2025.05.01-ний өдрийн 485 тоот Хариуцлага тооцох тухай албан бичгээр Нэгдсэн эмнэлгийн дарга, чанарын албаны дарга, эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга нарт хариуцлага тооцохыг мэдэгджээ.
13. Аймгийн Эрүүл мэндийн даргын 2025.05.01-ний өдрийн 485 тоот албан бичиг нь Дгийн даргатай байгуулсан гүйцэтгэлийн үнэлгээгээр 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэл, 2025 оны 01 дүгээр улирлын Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтэд дараах заалтууд өмнөх оны түвшнээс сайжраагүй, зорилтот түвшиндээ хүрээгүй, улс аймгийн дунджаас муу үзүүлэлт гарсан байна гээд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой муу үнэлгээтэй гарсан 13 үзүүлэлт, 10 төрлийн зөрчлийг дурдаж, ажилдаа хариуцлагагүй хандсан эмнэлгийн удирдлагад хариуцлага тооцох ба эмнэлгийн удирдлагаас чанарын албаны дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч даргад хариуцлага тооцож ирүүлэхийг мэдэгдсэн агуулгатай байна.
Шалгалтаар илэрсэн дээрх зөрчил дутагдал, хариуцлага тооцох албан бичгийг үндэслэн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зөвлөл хуралдаж, алдаа зөрчлийг хэлэлцэн нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзэн албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргасныг үндэслэн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025.06.10-ны өдрийн Б/129 дүгээр тушаалаар Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чанарын үзүүлэлтийг бууруулж ажилдаа хариуцлагагүй хандсан Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Т-нэд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, 2025.06.10-ны өдрөөс мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмчээр томилсныг Т-нэ эс зөвшөөрч маргасан байна.
14. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...Эрүүл мэндийн газрын 485 албан бичигт дурдсан Нэгдсэн эмнэлгийн даргатай байгуулсан гүйцэтгэлийн үнэлгээ сайжраагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээний үзүүлэлт зорилтот түвшинд хүрээгүй, улс аймгийн дунджаас муу үзүүлэлт гарсан гэх үндэслэлийг аль шалгуур үзүүлэлтээр тогтоогдсон болох нь тодорхойгүй, ...хэрэгт авагдсан нотлох баримтаар Нэгдсэн эмнэлгийн даргын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн үнэлгээ 2024 оны эхний хагас жилд 4.1 оноо буюу 82 хувь, 2025 оны эхний хагас жилийн шалгуур үзүүлэлтийн үнэлгээ 63 хувьтай байгаагаас үзэхэд дээрх албан бичиг нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох боломжгүй, ...түүнчлэн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаал нь захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийн талаарх захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй...” гэсэн дүгнэлт хийжээ.
15. Анхан шатны шүүх ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэрийн үндэс болсон маргааны зүйлд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.
15.1. Ажил олгогч ажилтан Т-нэд сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл, Э-рын даргын 2025.05.01-ний өдрийн 485 тоот албан бичиг, Нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.8 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.3.4 дэх заалт, Нэгдсэн эмнэлгийн удирдах зөвлөлийн 2025.06.03-ны өдрийн №9 дугаартай хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэл болгожээ.
15.2. Ажилтанд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах нэг үндэслэл болсон Э-рын даргын 2025.05.01-ний өдрийн 485 тоот Хариуцлага тооцох тухай албан бичиг нь Нэгдсэн эмнэлэгт хийсэн төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх шалгалтад үндэслэгдсэн, зөрчил, дутагдлууд нь бүхэлдээ эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлууд байх ба нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй холбоотой байна.
15.3. Нэхэмжлэгч Т-нэ нь албан тушаалын тодорхойлолтод зааснаар эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний хөнгөн шуурхай, найдвартай байдлыг ханган боловсронгуй болгох чиглэлд эмнэлгийн мэргэжилтнүүд болон эрүүл мэндийн ажилтныг мэргэжлийн удирдлагаар хангах зорилготой, албан тушаалын зорилтын хүрээнд үйлчлүүлэгчдэд чанартай, хүртээмжтэй, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйгээр хангах, эмчилгээний үйлчилгээтэй холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, оношилгоо эмчилгээний стандартын биелэлтийг ханган ажиллах, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх үүрэгтэй байна.
16. Эрүүл мэндийн газрын даргын 485 тоот албан бичигт дурдснаар “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар”-ын үзүүлэлтийн дараах заалтууд өмнөх оны түвшнээс сайжраагүй, зорилтот түвшиндээ хүрээгүй, улс аймгийн дунджаас муу үзүүлэлттэй гарсан, үүнд: жирэмсний эрт үеийн хяналтын хувь -3.0 хувь буурч, амьгүй төрөлтийн түвшин 6.2, нярайн эндэгдлийн түвшин 4.2, перинатал эндэгдэл 100 амьд төрөлтөд 8.4, нялхсын эндэгдэл 4.2, үр хөндөлт, үүнээс өсвөр насны үр хөндөлт 13.1, дутуу төрөлтийн түвшин 24, хоног болоогүй эндэгдэл 1.6, эмнэлгийн нас баралт 2 тохиолдлоор тус тус нэмэгдсэн байхаас гадна хоног болоогүй эндэгдэл 16.1, тархинд цус харвалтын шалтгаант нас баралтын түвшин 0.5, зүрхний шигдээсний нас баралтын түвшин 0.6-аар нэмэгдэж, хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшин буурахгүй байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн хүүхдийн нарийн мэргэжлийн эмч болон түргэн тусламжийн эмч нарын ажлын хариуцлагаас сэргийлж болох эндэгдлээр хүүхэд эндсэн, 2025 оны 1 дүгээр улиралд эмнэлэгт 17 нас баралт бүртгэгдсэнээс 5 тохиолдол нь хоног болоогүй эндсэн, 2025 оны 01 дүгээр улиралд 161 эх төрснөөс 11 нярай эгэм хугарсан, эх барихын тусламж үйлчилгээнд эх барих эмчээс өвчний түүхийг буруу кодолж, улсын мэдээ зөрүүлсэн, нярайн эндэгдлийн эмгэг судлалын хурлын дүгнэлт, шийдвэр хугацаандаа ирдэггүй, хурлын шийдвэрийн хэрэгжилт тооцдоггүй, алдаа дахин давтагддаг, түргэн тусламжийн дуудлагаар явах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн эмч иргэдэд тусламж үзүүлсэн, амбулаторийн эмч нарын ажлын цаг ашиглалт, үйлчлүүлэгчтэй харьцах харилцаа, хандлага, хүлээгдэл, чирэгдлийн талаар иргэдээс удаа дараа гомдол ирсэн, хэвтэн эмчлүүлэгч нараас хяналтад байх, хэвтэн эмчлүүлэх хугацаандаа хүндрэл өгсөн тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн, 2025 оны эхний 4 сарын байдлаар МУЗГ-ын 11-11 төвд эмч мэргэжилтнүүдийн тусламж үйлчилгээтэй холбоотой 8 гомдол ирсэн, Эрүүл мэндийн газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч нарын төлөвлөгөөт шалгалтаар тусламж үйлчилгээтэй холбоотой 70 зөрчил дутагдал илэрсэн гэжээ.
Дээрх зөрчил дутагдал илэрснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй боловч эдгээр нь бүгд тодорхой эзэнтэй тул түүнд хариуцлага тооцох үндэслэл болохгүй, түүнчлэн өөрийн зүгээс ажил үүргийн хувьд холбогдох дүрэм, журамд зааснаар зөрчил тус бүрт тухайн үед нь хариуцлага тооцож, арга хэмжээ авч ажиллаж байсан, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай гүйцэтгэж ирсэн гэж маргасан байна.
17. Дгийн Хөдөлмөрийн дотоод журмын Есдүгээр зүйлд Сахилгын зөрчил, шийтгэлийг зохицуулсан байх ба 9.3.4-т Төлөвлөгөөт болон цаг үеийн үзлэг, шалгалт болон хөндлөнгийн хяналт шалгалтаар хариуцан ажиллаж буй үйл ажиллагаа нь хангалтгүй үнэлэгдсэн бол үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна гэжээ.
Нэхэмжлэгч нь Нэгдсэн эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын хувьд ажил, албан тушаалын чиг үүрэг нь бүхэлдээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжил арга зүйгээр хангах, удирдан зохион байгуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааны стандартад заасан чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой ажлын гүйцэтгэл, үр дүнг эмнэлгийн даргын өмнө бүрэн хариуцаж ажиллах үүрэгтэй тул нэхэмжлэгчийг буруутгасан зөрчлүүд нь түүний ажил үүрэгт хамааралтай нь тогтоогдсон гэж үзнэ.
Иймд шалгалтаар илэрсэн зөрчилд нэхэмжлэгч нь зохих хариуцлага хүлээх үүрэгтэй гэж үзэн Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрийг буруутгах боломжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т нийцсэн байна.
18. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй боловч хариуцагч шүүх хуралдаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарласан, энэ талаар Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байх ба давж заалдах шатны шүүхээс ажил олгогчийн дээрх алдааг “...ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан нарийвчилж тодорхойлсон зохицуулалтыг баримтлалгүйгээр тушаал гаргасан нь хэлбэрийн хувьд зөрчилтэй болсон боловч сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь бодитоор тогтоогдсон тул тушаалын хэлбэрийн алдаанд үндэслэн тушаалыг хүчингүй гэж үзэх боломжгүй...” гэж дүгнэснийг буруутгахгүй.
19. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна.
Нэхэмжлэгч гомдолдоо ажил олгогчийг хуулийн дээрх заалтыг зөрчиж, хариуцлага тооцох хугацаа өнгөрсний дараа хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан ...хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж тус тус зохицуулсан.
Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зөвлөл аймгийн Эрүүл мэндийн газраас ирсэн 2025.05.01-ний өдрийн 485 дугаартай албан бичигт үндэслэн албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэлтэй эсэхийг хэлэлцэхээр, түүнээс тайлбар, санал авахаар сонсох ажиллагааг 2025.05.14, 19-ний өдрүүдэд зарласан боловч Т-нэ хүрэлцэн ирээгүй үндэслэлээр хойшлогдож, дахин 2025.06.03-ны өдөр хэлэлцэхэд Т-нэ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд асуудлыг хэлэлцэж, хариуцлага ногдуулахаар шийдвэр гаргаснаар ажил олгогч 2025.06.10-ны өдөр нэхэмжлэгчид хариуцлага тооцсон тушаал гаргажээ.
Иймд удирдлагын зөвлөл зөрчлийн талаар хэлэлцэж, шийдвэр гаргасан 2025.06.03-ны өдрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан ажил олгогч зөрчлийг илрүүлсэн хугацаа гэж ойлгох тул зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн, түүнчлэн шалгах процесс зөрчигдсөн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
20. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзлээ.
21. Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 202/МА2026/00001 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Т-нэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Т-нээс 2026.02.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД