Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд,

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

Хохирогч У.Батгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, шинжээч Ч.Жамъян, С.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булган овогтой Түмэнгийн Гандигмаад холбогдох 201618010118 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхан тосгонд төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, “Силвер вийт” ХХК-д салбарын эрхлэгчээр ажилладаг, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчингийн 35 дугаар гудамж, 15а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Булган овогтой Түмэнгийн Гандигмаа /РД: МД-/,

Шүүгдэгч Т.Гандигмаа нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны оройн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг болох Дарханаас Эрдэнэтийн чиглэлийн төв засмал замын 33-34 дахь км-т өөрийн эзэмшлийн 58-81 УНТ дугаартай “Тоёото Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчиж У.Батгэрэлийн жолоодож “Таван гэрэлтэх од” ХХК-ийн эзэмшлийн 03-99 УБС улсын дугаартай “Мерседэс бенз МЛ350” маркийн тээврийн хэрэгслийг, Ж.Мягмарсанжаагийн жолоодож явсан 64-02 УБИ улсын дугаартай “Тоёота Истима” маркийн тээврийн хэрэгслүүдийг тус тус мөргөж зам тээврийн осол гарган “Таван гэрэлтэх од” ХХК-д онц их хэмжээний хохирол буюу 55 991 594 төгрөгийн хохирол, иргэн Ж.Мягмарсанжаад 863 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч иргэний нэхэмжлэгч У.Батгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 48-51-р хуудас/,
  2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Мягмарсанжаагийн мэдүүлэг /хх-ийн 41-47-р хуудас/,
  3. Гэрч О.Сарангоогийн мэдүүлэг /хх-ийн 56-58-р хуудас/,
  4. Гэрч Ц.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,
  5. Гэрч М.Бадамсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/,
  6. Шүүгдэгч Т.Гандигмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 118-120-р хуудас/,
  7. 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11-р хуудас/,
  8. Ашид билгүүн ХХК-ийн гаргасан автомашины техник үнэлгээний № 1084 дугаартай тайлан /хх-ийн 84-р хуудас/,  
  9. ***** ХХК-ийн гаргасан автомашины техникийн үнэлгээний №1083 дугаартай тайлан /хх-ийн 89-р хуудас/,
  10. Үнэлгээний тайлангийн эх сурвалж болсон баримтууд /хх-ийн 91-99-р хуудас/,
  11. Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, цагдаагийн дэслэгч Т.Үнэнбаатарын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан дүгнэлт /хх-ийн 111-р хуудас/,
  12. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 125-р хуудас/,
  13. Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны тодорхойлолт /хх-ийн 126-р хуудас/,
  14. *** ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 127-р хуудас/,
  15. Захиргааны хариуцлага хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128-р хуудас/,
  16. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129-р хуудас/,
  17. Хохирол төлөх тухай гэрээ /хх-ийн 185-р хуудас/,
  18. Хохирол төлсөн баримт /хх-ийн 186-187-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтыг тус тус шинжлэн судалсан болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал: 

 

Шүүгдэгч Т.Гандигмаа нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны оройн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг болох Дарханаас Эрдэнэтийн чиглэлийн төв засмал замын 33-34 дахь км-т өөрийн эзэмшлийн 58-81 УНТ дугаартай “Тоёото Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчиж У.Батгэрэлийн жолоодож “Таван гэрэлтэх од” ХХК-ийн эзэмшлийн 03-99 УБС улсын дугаартай “Мерседэс бенз МЛ350” маркийн тээврийн хэрэгслийг, Ж.Мягмарсанжаагийн жолоодож явсан 64-02 УБИ улсын дугаартай “Тоёота Истима” маркийн тээврийн хэрэгслүүдийг тус тус мөргөж зам тээврийн осол гарган “Таван гэрэлтэх од” ХХК-д онц их хэмжээний хохирол буюу 55 991 594 төгрөгийн хохирол, иргэн Ж.Мягмарсанжаад 863 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Мягмарсанжаагийн өгсөн: “... Би  2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эхнэр Сарангоогийн хамт Тоёота Стима маркийн 64-02 УБИ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машинтай Эрдэнэт хотоос Улаанбаатар хот руу 23 цагийн үед явж байсан. Би Сэлэнгэ аймгийн Номгон тосгон өнгөрөөд явж байтал гадаа бороотой, миний урд талд Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, Приусын урд нэг жийп машин, миний урд 3 машин, би 4 дэх машин, миний тээврийн хэрэгслийн ард Мерседес Бенз маркийн машин нийт 5 автомашин цуваа явж байсан. Эсрэг урсгалаас тухайн үед ямар маркийн тээврийн хэрэгсэл байсан талаар мэдэхгүй. Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл урд явж байсан Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг бараг шүргэхийн наагуур зөрөөд миний тээврийн хэрэгслийн хажуугаар өнгөрөөд миний машины хойд хаалга, бөгсөн талыг мөргөөд өнгөрсөн. Би шууд зогсож хартал Мерседес Бенз маркийн машиныг мөргөөд бүтэн эргээл өөрийнхөө явж байсан урсгал руу хараад зогссон байсан. Тэгсэн Мерседес Бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч бууж ирээд намайг бас мөргөчихлөө чи зүгээр үү гэж асуугаад тухайн Приус-10 маркийн машин дээр очиход жолооч нь эмэгтэй байсан, ганцаараа байсан. Би жолооч эмэгтэйгээс яагаад эсрэг урсгал руу орж ирээд мөргөчихсөн юм бэ? гэж асуутал нөгөө жолооч эмэгтэй 2-3 машин гарч ирээд гэрэлд нь орчихлоо тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна гээд ярьж хэлсэн. Би цагдаагийн байгууллагад мэдэгдэж, цагдаагийн ажилтан болон эмнэлгийн байгууллагын ажилтан нар ирсэн... Гадаа бороотой, оройн 23 цагийн үед гадаа харанхуй, бороо орж байсан. Замд ямар нэгэн эвдрэл, гэмтэл байхгүй байсан... Замд миний тээврийн хэрэгслийн урд  тээврийн хэрэгсэл, миний ард  тээврийн хэрэгсэл байсан, нийт  тээврийн хэрэгсэл цуваагаар явж байсан. Хурдны хувьд бол 65-67 км цагийн хурдтай цуваагаар явж байсан, гүйцэж түрүүлэх боломжгүй, ойр ойрхон эсрэг урсгалаас машин зөрж өнгөрч байсан... Миний урд явсан тээврийн хэрэгслүүд ямар гэрэл дээрээ тавьсан талаар мэдэхгүй байна. Миний урд талын Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ойрын гэрэл дээрээ тавьсан, би бас машинаа ойрын гэрэл дээрээ тавьчихсан байсан... Миний явж байсан зам жоохон уруу, нөгөө эгнээний урсгал өгсүүр замтай байсан... Цуваагаар явж байсан, тэгэхэд өөдөөс ирж байсан эсрэг урсгалын машин өөрийн урсгалаас далийгаад мурийгаад яг нэг хурдаараа манай урсгалд орж ирээд урд явж байсан Приус-20 маркийн машинтай зөрөөд л миний машины зорчигчийн талаар /зүүн талаарорж ирээд/ арын хаалга, хойд бөгсөн хэсгийг мөргөөд цаана тас, түс гээд хүчтэй чимээ гараад л би замын хажуу руу зогссон... Тухайн приус-10 машин нь зогсоох арга хэмжээ аваагүй, эсрэг урсгалд орж ирээд буцаж дарах ямар ч арга хэмжээ аваагүй. Би урд Приус-10 машины хажуугаар ороод ирэхэд нь баруун тийшээ дарахад хажуугаар өнгөрч ар хэсгийг мөргөсөн... Цуваагаар 20-30 метр зайтай, урд яваа машинууд арын машинууд бүгд л адилхан хурдтай явж байсан... Миний тээврийн хэрэгсэлд зүүн талын толь, урд хаалга зурагдаад, хойд талын хаалга дотогшоо цөмөрч, арын дугуйны банкны савны доод хэсэг дотогшоо цөмөрч орж гадна тал нь цөмөрсөн, ард гупер салаад хугарч эвдэрсэн, хуванцар хамгаалалт эвдэрч мултарсан... осол гарахад очиж уулзсан. Би эмэгтэй жолочоос та яагаад эсрэг урсгал руу ороод ирсэн юм бэ гэж асуусан чинь би яаснаа мэдэхгүй, өөдөөс 2-3 машин гараад ирсэн тэгээд л юу болсон талаар мэдэхгүй байна гэж хэлсэн... ямар нэгэн согтууруулах боон мансууруулах төрлийн бодис уугаагүй, хэрэглээгүй байсан. Бид нарын согтуурлын зэргийг шалгасан... Приус-10 машин харахад шууд л далийгаад ороод ирсэн. Би хэрвээ баруун гар тал руугаа дараагүй бол шууд л өөд өөдөөсөө мөргөлдөх байсан... Явж байсан зам тасархай цагаан зураастай байсан, замын хувьд ямар нэгэн гэмтэлгүй байсан... Ослоос болж миний бие доргисон, толгой, нуруу өвдсөн. Ямар нэгэн хугарал учраагүй. Одоо биеийн байдал гайгүй сайн байна... Миний өөрийн тээврийн хэрэгсэл, миний нэр дээр байдаг. Одоо хотод гражинд байгаа. Ямар нэгэн засвар үйлчилгээ хийгээгүй байгаа... Би тухайн Приус-10 тээврийн хэрэгсэлд дуут дохио сигнал өгсөн. Би бодохдоо эргээд өөрийнхөө урсгал руу орчих байх гэж бодсон чинь Приус-10 тэр чигээрээ манай урсгалд орж ирсэн... Надад зардал, мөнгө гарч байна. Ажил төрөл, хүүхэд гэр бүлд машин хэрэгтэй, машинаа унахгүй такси барьж явж байна. Машиныхаа эвдрэл, гэмтлийг засаж янзална, техникийн тохиргоо, цэвэрлэгээ, үйлчилгээний зардлыг нэхэмжилж байна... Одоогоор баримт байхгүй байна. Яваандаа би баримт гаргаж өгнө... Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй байна. Миний хэлсэн ярьсан бүгд үнэн зөв...” гэх мэдүүлэг  /хх-н 43-47/,

            Мөрдөн байцаалтад гэрч О.Сарангоогийн өгсөн: “Би өөрийн нөхөр Ж.Мягмарсанжаагийн хамт 2016 оны 07 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчим “Тоёота Истима” маркийн тээврийн хэрэгслээр Эрдэнэт хот ороод буцаад Сайхан сумын Номгон гэдэг газар өнгөрөөд явж байсан. Манай өнхөр Мягмарсанжаа жолоо бариад би хажуу суудалд утсаараа оролдоод явж байсан. Машинаар явж байхад бид хоёрын урд 3 тээврийн хэрэгсэл явж байсан ба манай машины урд Приус-20 маркийн машин, манай ард “Мерседес бенз” маркийн машин нийтдээ 5 авто машин цуваагаар явж байсан. Гадаа харанхуй бороо орж байсан ба эсрэг урсгалаар явж байсан тухайн үед ямар маркийн машин байсан талаар одоо бол тэр машин Приус-10 маркийн машин байсан ба гэнэт л манай явж  байсан урсгалаар орж ирээд урд явж байсан Приус-20 машиныг шүргэх нь холгүй өнгөрөөд манай машины толийг шүргээд арын хэсэг рүү мөргөөд манай машин зогсож манай нөхөр Мягмарсанжаа буугаад, бид хоёр хамт бууж “Мерседес Бенз” маркийн машиныг мөргөөд өөрийнхөө урсгалд эргэж хараад зогссон байсан... Миний харснаар тухайн тээврийн хэрэгсэл эсрэг урсгалаас манай явж байсан урсгал руу шууд л далийгаад орж ирсэн...Би хянах самбар хараагүй барагцаагаар 60 километр цагийн хурдтай явж байсан. Урд болон хойд машинууд бүгд л ижил хурдтай явж байсан, барагцаагаар 20-50 метр л зайтай, гүйцэт түрүүлэх боломжгүй байсан... Манай машин ойрын гэрэл дээрээ шилжүүлээд явж байсан урд машин яаж, ямар гэрэлтэй байсныг мэдэхгүй...  Тухайн үед сэтгэл санаа тавгүй байсан. Биед ямар нэгэн мэдэгдэх гэмтэл учраагүй...Миний хэлсэн, ярьсан үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58-р хуудас/,

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.Алтангэрэлийн өгсөн: “Би өөрийн найз Батгэрэлийн хамт Орхон аймаг орчихоод буцаад Дархан-Уул аймаг орох гээд 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчим Батгэрэлийн эзэмшлийн 03-99 УБС улсын дугаартай “Мерседес Бенз” маркийн тээврийн хэрэгсэлтэй хоёулаа явж байсан. Гадаа бороо ороод харанхуй Сэлэнгэ аймгийн Номгон сум өнгөрөөд явж байсан. Замаар явж байсан машинууд цуваагаар явж байсан ба бид нарын машины урд 3 машин байсан ба яг урд явж байсан машин нь “Тоёота Истимо” маркийн тээврийн хэрэгсэл байсан бусад урд ямар тээврийн хэрэгсэл явж байсан талаар мэдэхгүй. Тухайн үед цуваагаар тээврийн хэрэгслүүд явж байсан ба бүх машинууд жигд хурдтай, тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэх боломжгүй, уруудаад замаар явж байхдаа 60 километр цагийн хурдтай явж байсан. Тэгтэл замын эсрэг урсгалаас “Приус-10” маркийн тээврийн хэрэгсэл нь манай явж байсан урсгал руу ороод ирсэн. Тэгээд урд явж байсан “Тоёота Истимо” маркийн тээврийн хэрэгслийн зорчигчийн талын хажуугаар хаалгыг шүргээд хойд хэсгийг нь мөргөөд шууд манай машиныг чиглээд хүрээд ирсэн. Батгэрэл нь тухайн машиныг хараад баруун гар тийш нь жолоогоо дарахад жолооч урд талын дугуйны хэсэг рүү мөргөөд “Приус-10” нь бүтэн эргээд бөгсөн хэсгээрээ эргэж замын голд зогссон. Манай машин эсрэг урсгалын зүүн тал руу жалга руу жолоодлогогүй, удирдлагагүй болоод машины мөргөсөн талын урд дугуй салаад унасан байдалтай зогссон... Замын нөхцөл байдал хэвийн бороо ширүүн биш дунд зэрэг л орж байсан ба замаар цуваагаар урд гурван тээврийн хэрэгсэл манайх дөрөв дэх тээврийн хэрэгсэл байсан. Замаар машинууд хэвийн жигд хурдаар явж байсан... Замаар цуваагаар явахад бороотой байсан болохоор зөөлөн 60 километр цагийн хурдтай явж байсан... Манай машины урд явж байсан “Тоёота Истимо” маркийн тээврийн хэрэгсэл 20 метр орчим зайтай явж байсан... Миний харснаар бол тухайн “Приус-10” маркийн тээврийн хэрэгсэл өгсөж явж байсан замын эсрэг урсгалаас манай эгнээ рүү даялаад, хажуулдаад ороод ирсэн ба урд явж байсан “Тоёота Истимо” маркийн тээврийн хэрэгслийн зорчигч талын хаалгыг хойд хэсэгтэй нь мөргөж, манай тээврийн хэрэгслийн жолооч талын урд хэсгийн дугуйг мөргөсөн... Манай машин ойрын гэрэл дээрээ явж байсан ба урдах машинуудыг мэдэхгүй байна. Цуваагаар явж байсан болохоор холын гэрэл дээрээ явах шаардлага байхгүй байсан... Цуваагаар бол 30-50 километр явсан санагдаж байна. Тэгээд л даваа өгсөж, уруудах хооронд л болсон асуудал байгаа юм... Надад ослоос болж гэмтэл шарх учраагүй... Миний ярьсан зүйл үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,

            Мөрдөн байцаалтад гэрч М.Бадамсүрэнгийн өгсөн: “...Гандигмаа нь ажил хэрэгч, даруу төлөв зантай, зөв санаа бодолтой, хамт олондоо нэр хүндтэй, нийтэч, найрсаг нөхөрсөг харьцаатай, нөхөрлөхөд түшигтэй болохоор 16 жил хамт ажиллаж найзалж байна... Согтууруулах ундааны зүйл бараг хэрэглэдэггүй, ууж идэх зав гардаггүй, хааяа баяр ёслолоор хэрэглэдэг. Намайг анх Баруунбүрэн сумд томилогдож ирж байхад хөдөө аж ахуйд ажилладаг учраас машин техник барьдаг байсан туршлагатай гэж бодож байна. Ер нь тээврийн хэрэгсэл барьдаг жолооддог...Сийлвер вийт ХХК-д хөдөө аж ахуйн Баруунбүрэнгийн салбарын эрхлэгч ажилтай бүх юм аа өөрө хариуцаж хийдэг... Хүүхдүүд нь бүгд тусдаа гарцгаасан. Одоо Баруунбүрэн сумдаа өөрөө ажиллаж, нөхөр нь болох Нацагдорж нь тээвэрлэгч хийж ойр зуурын ажилд нь тусалдаг. Амьдралын түвшин боломжийн дундаж орлоготой, нөхрийн хамт амьдардаг... Миний хэлсэн бүгд үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/,

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Гандигмаагийн өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатараас Баруунхараа ороод, Баруунхараагаас Баруунбүрэн ороод буцаад явж байсан. Дархан орох гээд Номгон өнгөрөөд явж байсан. Тэр өдөр хөдөлгөөн ихтэй байсан. Би гялбаанд ороод юу ч хараагүй. Би гэрлээ ойр дээрээ шилжүүл гээд дохио өгсөн. Би гэрлээ ойр дээрээ шилжүүлээд явсан. Нэг машин шүргэх шиг болоод тэгээд сайн санахгүй байна. Гэрэлд ороод юу ч харж чадаагүй. Би өгсөж явсан. Миний хурд 50-60 майлтай байсан. Өөдөөс гэрэл тусаад үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Тэгээд би 3 машин өнгөрөөгөөд 4 дэх машиныг нь шүргээд, 5 дахь машиныг нь мөргөсөн. Хурц гэрэлтэй байсан. Надад юу ч харагдаагүй. Тэр ослоос болоод үрүүл цээж цохиод би тухайн үед дуугарч чадахгүй байсан. Энэ ослоос болоод би элэг доргиод, зүүн талын хөл хөхрөлт үүссэн. Тэр орой эмнэлэгт даралт ихсээд, маргааш нь мэдүүлэг өгөхөд дахиж даралт ихсээд хот орж эмчилгээ хийлгэсэн” гэх мэдүүлэг,

Шүүх хуралдаанд хохирогч У.Батгэрэлийн өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би найз Ц.Алтангэрэлийн хамтаар Орхон аймгаас Дархан-Уул аймаг руу явж байсан. Осол болох үед Сайхан сумын Номгон тосгон өнгөрөөд явж байсан. Гадаа бороо ороод, харанхуй болсон байсан. Үзэгдэх орчин хэвийн байсан. Манай эгнээнд 5-6 машин явж байсан. Миний урд 4 машин явж байсан. Нэг эгнээ, нэг цуваанд ороод явж байсан. Бүгд жигд хурдтай явж байсан. Уруу зам таарахад эсрэг талаас приус-10 маркийн машин эвгүй дараад, цагаан зураас даваад ороод ирсэн.  Урд талын машиныг шүргээд миний машиныг мөргөсөн. Тухайн үед их хурдтай болж өнгөрсөн. Би замын хөвөө рүү дарж амжсан. Тухайн үед юу болсон талаар мэдэж амжаагүй байхад энэ асуудал болсон. Би тухайн үед хамгаалах бүсээ зүүсэн, ослын дэр задарсан тул, би гайгүй өнгөрсөн. Би гараад харахад Гандигмаагийн барьж байсан машин замын голд зогсож байсан. Мягмарсанжаад ирээд чи одоо яаж байна гэсэн. Би гайхаад намайг мөргөчлөө гэж хэлсэн. Тэр машин нь хаана байна гэхэд би тэнд байна гээд зааж өгсөн. Би та нар зүгээр үү гэхэд ямар ч байсан бүх хүмүүс зүгээр байсан. Гандигмаа дээр очиход чээж хэсгээ бариад зовиуртай харагдаж байсан. Таны бие зүгээр үү гэхэд зүгээр гэж байсан. Ямар ч байсан азаар хүний амь нас эрсдээгүй байна. Би бодохдоо Гандигмааг настай хүн тул, жаахан зүүрмэглэсэн болов уу гэж бодсон. Гэрэл цохиулсан гэж байна. Цуваанд орсон машинууд холын гэрэл дээрээ тавиад яваад байхгүй байх гэж бодож байна. Ямар ч байсан 3 жилийн хугацаатайгаар энэ мөнгийг шүүгдэгч төлж барагдуулахаар тохироод гэрээ байгуулсан байгаа. Эхний ээлжинд 8 500 000 төгрөгийг хохиролд төлсөн байгаа. Гэрээ байгуулаад хохирол төлбөрөө барагдуулна гэсэн тул, хохирогчийн зүгээс санал, гомдол байхгүй байна” гэх мэдүүлэг,

 

Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, цагдаагийн дэслэгч Т.Үнэнбаатарын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтийн “...

  1. Жолооч Т.Гандигмаа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийн 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн тус заалтыг зөрчсөн байна.
  2. Т.Гандигмаа нь Тоёота Приус маркийн 5881 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад эсрэг урсгалд орж осол гаргах үедээ тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй, тоормосны мөр байхгүй тул хурд тогтоох боломжгүй болно.
  3. Тээврийн хэрэгслүүдийн жолооч зорчигч нарын тайлбар мэдүүлгийг үндэслэн жолооч нар нь МУ-ын ЗХД-д заасан хурд хэтрүүлээгүй байна.
  4. Тоёота Приус маркийн 5881 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Т.Гандигмаа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн тус заалтыг зөрчсөний улмаас осол гарсан...” гэх дүгнэлт /хх-ийн 111-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн гаргасан автомашины техник үнэлгээний “...Эзэмшигчийн нэр Ж.Мягмарсанжаа...Техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ... нийт дүн 1.203.000...” гэх тайлан /хх-ийн 84-р хуудас/,    

Ашид билгүүн ХХК-ийн гаргасан автомашины техникийн үнэлгээний №1083 дугаартай “... Эзэмшигчийн нэр “Таван гэрэлтэх од” ХХК... авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ... нийт дүн 58.271.594...” гэх тайлан /хх-ийн 89-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдож байна.

Үнэлгээний тайлангийн эх сурвалж болсон баримтууд /хх-ийн 91-99-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 125-р хуудас/,

Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны тодорхойлолт /хх-ийн 126-р хуудас/,

Силвер вийт ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 127-р хуудас/,

Захиргааны хариуцлага хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас “...Урьд захиргааны шийтгэл хүлээсэн эсэх тодорхойгүй...” гэх /хх-ийн 128-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас “...Урьд ял шийтгэгдсэн эсэх үгүй...” гэх /хх-ийн 129-р хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 186-187-р хуудас/,

Иймд  шүүгдэгч Т.Гандигмаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан бөгөөд  хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Батгэрэлд 8 500 000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Мягмарсанжаад 1 274 000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хавтаст хэргийн 185-186, 187 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Т.Гандигмааг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Мягмарсанжаад учруулсан хохирлоо хавтаст хэрэгт цугларсан баримтын хувьд бүрэн төлж барагдуулсан байна гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Т.Гандигмаа нь хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Батгэрэлтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр “Хохирол төлөх тухай гэрээ” байгуулсан гэх боловч, шүүх энэ гэрээг үнэлээгүй бөгөөд шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Батгэрэлд төлөх нийт хохирлоос 8 500 000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 46 500 000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Батгэрэлд учирсан гэм хорын хохирол арилсан гэж үзэх боломжгүй юм.

Шүүгдэгч Т.Гандигмаа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаа болох нь түүний ял шийтгэлтэй эсэхийг шалгах тухай  хуудас /хх-н 129-р хуудас/-аар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

 

Хуулийн дээрх заалтаас шүүгдэгч Т.Гандигмааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцээний талууд хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн  талаар мэтгэлцээгүй бөгөөд  өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн санал болгосон 04 жилийн хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж өгөх санал гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүгдэгч Т.Гандигмаад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Т.Гандигмаагийн №01285809 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Т.Гандигмаад буцаан олгож, №1024702 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэх гүйцэтгэх албанд хүргүүлж  шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290.3, 291, 294, 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Булган овогт Түмэнгийн Гандигмааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гандигмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Гандигмаад оногдуулсан 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Т.Гандигмаа нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Мягмарсанжаад 1 274 000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Батгэрэлд 8.500.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5.Хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Батгэрэлд учирсан хохиролд 46 500 000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, шүүгдэгч Т.Гандигмаа нь бусдад төлөх төлбөртэй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, энэ хэрэг хураагдаж ирсэн жолоочийн №1024702 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, тээврийн хэрэгслийн №01285809 дугаарын гэрчилгээг шүүгдэгч Т.Гандигмаад буцаан олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, “Приус-10” маркийн 5881 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Т.Гандигмаад буцаан олгосугай.

8.Шүүгдэгч Т.Гандигмаад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнийг цагдан хорьсугай.

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.НАРАНТУЯА