| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2021/06073/И |
| Дугаар | 101/ШШ2022/01020 |
| Огноо | 2022-03-07 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2022/01020
| 2022 03 07 | 101/ШШ2022/01020 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л ХХК-д холбогдох,
Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд барааны үнэ 69,565,905.28 төгрөг, олох байсан орлого 28,574,327 төгрөг, нийт 98,140,232.28 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ачааг буцаан тээвэрлэх хөлсөнд 4,416,771.50 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч , хариуцагчийн төлөөлөгч Б.Б , хариуцагчийн өмгөөлөгч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Э.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Д ” ХХК нь 2020 оны 4 сарын 13-ны өдөр Хариуцагч “Л ” ХХК-тай “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж тус компаниар өөрийн импортолдог Pokka брэндийн ундаа, цай, хийжүүлсэн ундаа зэрэг олон төрлийн шингэн хүнсний бүтээгдэхүүнийг Сингапур улсаас Улаанбаатар хот хүртэлх тээврийн үйлчилгээг хариуцуулж байсан. Манай компани нь 2021 оны 5 сард Сингапур улсаас 40 тонны контейнерт ачсан Pokka брэндийн ундаа, цайг тээвэрлүүлэх захиалгыг анх өгсөн бөгөөд үүнтэй холбогдуулан 2021 оны 5 сарын 17-ны өдөр хариуцагчаас ирүүлсэн үнийг саналыг хүлээн зөвшөөрч тус компаниар 40 тонны контейнерт ачсан Pokka брэндийн ундаа, цайг тээвэрлүүлэхээр болсон. Хариуцагч нь тус ачааг Сингапураас анх хөдөлсөн цагаас эхлэн манай компанид замын мэдээг и-мэйлээр өгч хаана явааг мэдэгдэж байсан боловч тус ачаа нь БНХАУ-ын Синган боомтод 2021 оны 7 сарын 25-ны өдөр ирснээс хойш тодорхой мэдээлэл өгөхгүй байж байгаад 2021 оны 8 сарын 2-ны өдөр цаг үеийн нөхцөл байдлын улмаас төмөр замд тавигдаагүй хүлээгдэж байгаа тухай мэдээлэл өгсөн бөгөөд улмаар 9 сарын 1 -ний өдөр мөн л гацсан хүлээгдэж байгаа тухай мэдээлэл өгсөн. Үүнээс хойш ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөөгүй тул 2021 оны 10 сарын 5-ны өдөр хариуцагчийн ажлын байран дээр өөрийн биеэр очиж мэдээлэл авахыг хүсэхэд “Танай ачаа нь Хятадын төмөр замаас тавьдаг шаардлагыг хангаагүй тул төмөр замаар ирэх боломжгүй болсон. Иймд автомашинаар тээвэрлүүлэх боломжтой энэ тохиолдолд үнэ 13,600 ам.доллароор нэмэгдэнэ” гэж мэдэгдсэн. Миний бие уг саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэхэд “ачааны жин хэтэрсэн нь илгээгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон тул илгээгчтэй учраа ол” гэж хэлсэн. Үүний дагуу манай компаниас илгээгчтэй холбогдоход илгээгчийн зүгээс “2021 оны 6 сарын 14-ний 35 тонн хүртэл жинтэй ачааг ачиж болно гэх зааврыг тээвэрлэгчээс авсан тул учирсан хохирлыг манай зүгээс хариуцахгүй” гэж мэдэгдсэн. Үүнээс хойш хариуцагч нь ачааг Вьетнам улсаар дамжуулж төмөр замаар тээвэрлүүлэн Монгол улсад авчрах боломжтой бөгөөд Улаанбаатар хотод орж ирэх хамгийн наад захын хугацаа нь 2021 оны 12 сарын эхний долоо хоног гэж мэдэгдсэн. Манай компанийн ачаа нь 2022 оны 3 дугаар сараас 2022 оны 5 дүгээр сарын хооронд хадгалах хугацаа нь дуусахаар заагдсан ачаа тул Монгол улсын хууль тогтоомжид “Импортын хүнсний барааны хадгалах хугацаа нь 2/3 (гуравны хоёр)-оос хэтрээгүй тохиолдолд Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрнө” гэж заасны дагуу 2021 оны 12 сард орж ирсэн тохиолдолд Монгол улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй юм. Иймд тус ачааг Тээвэрлэгчийн заасан хугацаанд хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа тул Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг цуцалж ачааны үнэ болон уг ачааг заасан хугацаанд оруулж ирсэн тохиолдолд олох байсан орлогыг Хариуцагч Компаниас нэхэмжилж байна. Үүнд:
Иймд хариуцагч “Л ” ХХК нь “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-гээ зөрчиж манай компанийн захиалгаар тээвэрлүүлж буй ачааг хүлээн авах боломжгүй болгосон буруутай үйлдлийн улмаас манай компанид учирсан хохирол 28,574,327 (хорин найман сая таван зуун далан дөрвөн мянга гурван зуун хорин долоо) төгрөг болон тээвэрлүүлж буй ачааны үнэ 69,565,905.28 (жаран есөн сая таван жаран таван мянга есөн зуун таван төгрөг хорин найман мөнгө), нийт 98,140,232.28 (ерэн найман сая нэг зуун дөчин мянга хоёр зуун гучин хоёр төгрөг хорин найман мөнгө)-ийг хариуцагч “Л ” ХХК-с гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч нь 2020.4.13-нд хариуцагчтай тээвэр зуучлалын гэрээ байгуулж шингэн хүнсний зүйлийг тээвэрлүүлэх болсон. Бид ундаа цайны захиалга өгөөд 40 тонн-г тээвэрлүүлэх болсон. Хариуцагч нь тээвэр хаана явж байгааг мэдэгдэж байсан боловч БНХАУ-д Синган боомтод ирснээс хойш мэдээлэл өгөөгүй. 8, 9 сард мэдээлэл өгсөн. Улмаар хариуцагчтай уулзахад шаардлага хангаагүй тул төмөр замаар ирэх боломжгүй гээд тээвэрлэлтийн үнэ 13 000 ам доллароор нэмэгдэнэ гэсэн. Гэтэл ашгаас давсан төлбөр байсан тул бид зөвшөөрөөгүй. Улмаар ачааны даац хэтэрсэн тул илгээгчтэйгээ учраа ол гэж хэлсэн. Улмаар Вьетнамаар дамжуулах талаар 12 сард мэдэгдсэн. Гэтэл энэ үед барааны хугацаа дуусах дөхсөн тул МУ-д оруулах болон буцаах боломжгүй болсон. Ачааны үнэ 24 418 доллар буюу 69 665 905.28 төгрөг болон ачааг худалдаж олох байсан ашиг 28 574 327 төгрөг, нийт 98 140 332.28 төгрөг нэхнэ. Хамгийн бага үнээр борлуулдаг СиЮу-н үнээр хохирлыг тооцсон. Хариуцагчийг буруутай гэж үзэж байгаа гол үндэслэл нь тээвэрлэлтийн гэрээгээр ачааг манайд хүлээлгэж өгөх ёстой байсан. Бид хариуцагчтай гэрээ байгуулсан болохоор өөр байгууллагатай гэрээ байгуулаагүй. Иргэний хуулийн 388.1.1-д зааснаар ачааг шалгаж авах үүрэгтэй байсан. Илгээгч даац хэтрүүлсэн бол тээвэрлэгч шалгаж мэдэх ёстой. Ачаа 17-нд хөдлөөд 21-нд ирсэн. Дагалдах бичигт 28 330 кг гэдэг нь байдаг. Бид мэргэжлийн үйлчилгээ авч байгаа бөгөөд чингэлэг ямар жинтэй болохыг мэдэхгүй. Хариуцагч нь 7.21-нд энэ талаар мэдэгдэх боломжтой байсан. Мэдэгдсэн бол бид илгээгчтэй яриад хугацаандаа ачааг авах боломжтой байсан. Тянжиньд 12 хонож ирсэн тул буцаагаад дахин ачуулахад 9.1-нд ачаа ирэх боломжтой байсан. Гэтэл 8.21-нд ачааг жинлэсэн боловч бидэнд мэдэгдээгүй ба 9.23-нд мэдлээ гэсэн боловч бас л мэдэгдээгүй. Биднийг мэдээллээр хангаагүй. Гэрээний 2.1.7-д хоног хугацааг заасан. 75 хоног алдсан. Бараа нь 3-4 сард хугацаа дуусах байсан. Илгээгч бидэнд мөнгө төлнө гэж хэлээгүй. Илгээгч манайхтай харилцахаа больсон. Бид сөрөг нэхэмжлэлийг төлөх ёсгүй. Учир нь хариуцагчийн буруугаар барааг оруулж ирэх боломжгүй болсон. 3 сард хугацаа дуусах барааг бид 12 сард Вьетнамаар дамжуулж авах боломжгүй юм гэв.
Хариуцагч “Л ” ХХК нь шүүхэд болон түүний төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ХХК-ийн нэхэмжлэлтэй Л ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэгчээс 2021 оны 11 сарын 22-ны өдөр гаргасан нийт 98,140,232.28 (ерэн сая нэг зуун дөчин мянга хоёр зуун гучин хоёр төгрөг хорин найман мөнгө) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэг. Тээвэрлэлтийн захиалга өгсөн тухай Бид нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан “Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх” гэрээ (цаашид “гэрээ” гэх)-ний 3.3-ыг үндэслэн 2021 оны 06 сарын 16-ны өдөр QN179877 дугаар бүхий FOB Singapore, SG - Xingang, CN- FOR Ulaanbaatar, MN нөхцөлтэй 1 ширхэг 40’НС футын чингэлгээр Сингапур улсаас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх үнийн санал хүргүүлсэн. “Д ” ХХК уг үнийн саналыг 2021 оны 05 сарын 21-ний өдөр и-мэйлээр хүлээн зөвшөөрч, тээвэрлэлтийг эхлүүлсэн. Бидний өгсөн үнийн санал FOB-Free on Board буюу ачаа усан онгоцны тавцан дээр тавигдсанаас хойш “Л ” ХХК-ийн тээвэрлэлтийн хариуцлага эхлэх тээврийн нөхцөл юм. Үүнээс өмнөх тээвэрлэлтийн үйл явц болох усан онгоцны захиалга хийх, хоосон чингэлгийг чингэлгийн талбайгаас очиж авах, чингэлэгт ачилт бэхэлгээ хийх, экспорт гаалийн бүрдүүлэлт хийж ачаатай чингэлгийг усан онгоцны тавцан хүртэл хүргэж өгөх бүх ажиллагаа нь илгээгчийн үүрэг болдог. Гэрээний 3.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс тээвэрлэлтийн захиалга өгөхдөө тээвэрлэлтэд хүлээн авсан ачааны талаар шаардлагатай мэдээлэл, зураг, хэмжээ, жин, тоо ширхэг зэргийн талаарх мэдээллийг бидэнд гаргаж өгөх үүргийг нэхэмжлэгч хүлээсэн байдаг. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс дээрх мэдээллийг бидэнд бүрэн гаргаж өгөөгүй. “Д ” ХХК-с илгээгч рүү 2021 оны 05 сарын 27-ны өдөр 2400 хайрцаг ундаа, ус захиалж порформа инвойс буюу захиалгын хуудсаар 2 талаас баталгаажуулсан байсан бөгөөд энэхүү захиалгын хуудсанд ачааны тоо ширхэг, үнийн дүнг заасан боловч ачааны жинг огт дурдаагүй байсан тул 2,400 хайрцаг ачааны бодит жинг илгээгч болон хүлээн авагч тал л мэдэх боломжтой байсан. Бидний зүгээс 2021 оны 06 сарын 11-ний өдөр “Д ” ХХК руу хүргүүлсэн үнийн саналын НЭМЭЛТ НӨХЦӨЛҮҮД хэсэгт “Тяньжин өртөөний төмөр замын шаардлагын дагуу ачааны нийт бохир жин нь чингэлгийн өөрийн жинг оруулаад 30480 кг/чингэлэг-с ихгүй байх ба үүнээс хэтэрсэн тохиолдолд төмөр замаар тээвэрлэхгүй болохыг анхаарна уу” гэж анхааруулах мэдээллийг урьдчилж тодорхой зааж өгсөн болно.
Хоёр. Тээвэрлэлтийн үйл явц. 2021 оны 07 сарын 13-ны өдөр чингэлгийн ачилт хийгдсэн бөгөөд илгээгч буюу Покка Фүүдс энд Бэвэрэйж Эл.Ти.Ди компанийн зүгээс ачааг чингэлэгт ачин бэлтгэж 2021 оны 07 сарын 17-ны өдөр чингэлэг усан онгоцонд ачигдан Сингапур улсын боомтоос хөдөлсөн. Нэхэмжлэлд дурдагдсан ачилтын зааврыг Сингапур дахь агент болох “Вийма Ложистикс” компани 2021 оны 06 сарын 16-ны өдөр илгээгч рүү ачааг зөвхөн усан онгоцоор тээвэрлэх үед зөвшөөрөгдөх дээд хэмжээ болох 35,000 кг хүртэл ачих боломжтой гэх зааврыг өгсөн болно. Хэдий бидний хүлээх үүрэг биш боловч ачаа бэлэн болж ачилт хийхээс өмнө буюу 2021 оны 06 сарын 28-ны өдөр Сингапур дахь харилцагч агент “Вийма Ложистикс” компаниар дамжуулан илгээгчийн Cindy Cheong; Bryan Low; Roxxanne Chan-ний и-мэйл хаягууд pyy чингэлэгт ачилт хийх зааварчилгааг буюу нэг чингэлэгт ачилт хийх дээд хязгаарыг өгсөн бөгөөд уг зааварт чингэлгийн өөрийн жин ачааны максимум жин 30,480 кг-аас хэтрэх ёсгүй гэсэн зааврыг тодорхой өгсөн болно. Ачилт хийгдэхээс 15 хоногийн өмнө буюу ачилт хийхээс хангалттай хугацааны өмнө илгээгч рүү ачилтын зааврыг өгсөн байна. Илгээгчээс усан онгоцны захиалга хийхэд гаргасан хавсралт дахь Booking Acknowledgement буюу усан онгоцны захиалгын хуудаст илгээгч ачааны жинг 22,000 кг байна гэж гаргаж өгсөн бөгөөд энэхүү мэдээллийн дагуу усан онгоцны захиалга хийгдсэн болно. Усан онгоц Сингапур боомтоос 2021 оны 07 сарын 17-ны өдөр хөдөлсөн. Гэвч “Коско шиппинг лайн” усан онгоцны компаниас Сингапур дахь хамтрагч “Вийма Ложистикс” компаниар дамжин ирсэн мастер билл дээр илгээгч ачааны бодит жинг 28,230 кг гэж мэдүүлэн биллийг үйлдсэн байсан. Усан онгоц нэгэнт боомтоос хөдөлсөн байсан учир уг чингэлгийг усан онгоцноос буулгах ямар ч боломжгүй болсон байсан. "Д ” ХХК-ийн CCLU688274-1 дугаар бүхий 1х40’НС футын чингэлэг 2021 оны 07 сарын 25-ны өдөр Хятадын Тяньжин боомтод ирсэн бөгөөд “Коско шиппинг лайн” усан онгоцны компанийн шинэ зохицуулалтын дагуу 2021 оны 06 сарны 01-ээс хойш “Коско шиппинг лайн” усан онгоцны компани Сингапураас Улаанбаатар хүртэл өөрийн хамтрагч Хятад болон Монгол тээвэр зуучийн компаниудаар дамжуулан тээвэрлэлтийг нэвт хийж байсан бөгөөд “Коско шиппинг лайн - Тяньжин” компаниас чингэлгийг Хятадын төмөр замд ачигдах үед бодит жинг жинлэхээр Хятадын төмөр замаас вагон тавьж өгөхийг хүлээж байсан. 2021 оны 09 сарын 23-ны өдөр “Коско шиппинг лайн - Тяньжин” компаниас уг чингэлгийг Хятадын төмөр замын өртөө жинлэж үзсэн ба Хятадын төмөр замаар зөвшөөрөгддөг чингэлгийн өөрийн жин болон ачааны жин нийлээд 30,480 кг-аас хэтэрсэн тул Тяньжин өртөөнөөс төмөр замаар ачин гаргах боломжгүй, Тяньжинаас Замын-Үүд хүртэл ачааны машинаар тээвэрлэх боломжтой бөгөөд тээврийн зардал 13,600 ам.доллар болно хэмээн бидэнд мэдэгдсэн болно.
Бид дээрх мэдээллийг Гэрээний 2.1.6, 2.1.7-д тус тус заасны дагуу 2021 оны 10 сарын 4-ний өдөр нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс тээврийн нэмэлт зардлын талаар тодорхой хариу өгөөгүй. Нэхэмжлэгч 2021 оны 10 сарын 05-ны өдөр манай компанийн байранд ирж уулзалт хийсэн ба тухайн үед уг ачилттай холбоотой бүх мэдээллийг нэхэмжлэгчид дахин хүргүүлж, нэмэлтээр үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулсан болно. Уулзалтын үед “Д ” ХХК-с бидэнд тодорхой хариу өгөөгүй ба “Ачааны жингийн хэтрэлт нь илгээгчээс шалтгаалсан учир илгээгч талтай харилцаж энэхүү асуудлыг шийдвэрлэ” гэдэг хариу өгсөн. Илгээгчийн буруутай үйлдлээс үүдэн нэгэнт анх тохирсон тээврийн хэрэгслээр, маршрутаар ачааг тээвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Гэрээний 2.1,8-д заасны дагуу бидний зүгээс цаг алдалгүй ачааг тээвэрлэх хэд хэдэн боломжит хувилбаруудыг нэхэмжлэгчид танилцуулсан. Тухайлбал Тяньжин өртөөнөөс Замын-Үүд хүртэл ачааны машинаар тээвэрлэж, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл УБТЗ-ын галт тэргээр тээвэрлэн авчрах эсхүл ачааг Тяньжин боомтоос Вьетнам улсын Хайпонг боомт хүртэл усан онгоцоор тээвэрлэж Вьетнамд ачааг битүү вагон руу сэлгэн ачиж Вьетнамаас Улаанбаатар хүртэл ачааг битүү вагоноор /жингийн дээд хязгаар 60 тонн хүртэл зөвшөөрөгддөг/ тээвэрлэх шийдлүүдийг “Д ” ХХК-д санал болгосон боловч тээврийн нэмэлт зардал төлөхгүй гэх шалтгаанаар татгалзсан.
Гурав. Илгээгчийн байр суурь болон ачааны одоогийн нөхцөл байдал. Манай компанийн зүгээс болон Сингапур улс дахь манай агентын зүгээс илгээгчтэй ачааны зааварчилгааг мөрдөлгүй хэтрүү жинтэй ачилт хийсэн талаар удаа дараа и-мэйлээр болон утсаар холбогдсоны үр дүнд илгээгч талаас илүү ачилт хийсэн нь Покка Фүүдс энд Бэвэрэйж Эл.Ти.Ди компанийн буруу гэдгийг хүлээн зөвшөөрч чингэлэгтэй ачаа 01 дүгээр сарын 15-ний өдрийн дотор Сингапур улсад буцаж ирсэн тохиолдолд ачааг хүлээн авч устгалд оруулж ачааны үнийн дүн болох 24,418.00 ам.долларыг “Д ” ХХК-д буцаан төлөхөө батлаад байгаа болно.
"Д ” ХХК-ийн зүгээс ачааг Монгол улсад хүлээн авах боломжгүй гэж үзсэн тул ачааг Сингапур улс руу буцаах нөхцөл байдал үүссэн. Ачааг Сингапур улсаас Тяньжин боомт хүртэл тээвэрлэсэн тээврийн зардал болох 930 ам.долларыг Гэрээний 2.2.3-т заасны дагуу нэхэмжлэгч төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл уг тээврийн хөлсийг бидэнд төлөөгүй байна. Түүнээс гадна Тяньжин боомтоос Сингапур улс руу ачааг буцаан тээвэрлэх тээврийн зардал 5,270 ам.доллар болно. Илгээгчийн зүгээс ачааг Сингапур улсаас Тяньжин боомт хүртэл тээвэрлэсэн тээврийн зардал болон Тяньжин боомтоос Сингапур улс руу ачааг буцаан тээвэрлэх тээврийн зардлын нийлбэр 6,200 ам.долларыг бүхэлд нь хариуцах боломжгүй, оролцогч талууд хуваан төлөх санал гаргасан бөгөөд ачааг Сингапур улс руу буцаах тээврийн зардлаас 1,550 ам.долларыг хариуцахаа мэдэгдсэн. Илгээгчийн саналыг хүлээн авч бидний зүгээс буюу манай тээврийн агент 3,100 ам.долларыг хариуцахаа мэдэгдээд байгаа болно. Дээрх зардлын үлдэгдэл болох 1,550 ам.долларыг нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч бидэнд тодорхой хариу өгөөгүй учир гэрээний 2.1.1-т заасны дагуу бид нэхэмжлэгчийн өмнөөс дээрх зардлыг төлж Сингапур улс уруу ачааг буцаан тээвэрлэх ажлыг эхлүүлээд байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчтэй бид удаа дараа холбогдох гэж оролдсон боловч бидэнд ямар нэгэн хариу өгөлгүйгээр өнөөдрийг хүргэсэн. Бид ачааг тээвэрлүүлэх захиалга авсан цагаасаа ачааны замын мэдээ болон бусад нэмэлт нөхцөлүүдийн талаар цаг алдалгүй нэхэмжлэгчид мэдэгдэж ирсэн.
Нэхэмжлэгч “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг зөрчиж манай компанийн захиалгаар тээвэрлүүлж буй ачааг хүлээн авах боломжгүй болгосон буруутай үйлдлийн улмаас манай компанид учирсан хохирлыг барагдуулж, гэрээг цуцалж ачааны үнэ болон уг ачааг заасан хугацаанд оруулж ирсэн тохиолдолд олох байсан орлогыг хариуцагчаас нэхэмжилж байна” хэмээн бичсэн байдаг. Гэрээний 8.2-т заасны дагуу талуудын хүсэлтээр гэрээ цуцлагдах хүртэл Гэрээ хүчин төгөлдөр үйлчлэхээр тусгасан. Нэхэмжлэгчийн зүгээс бидэнд гэрээ цуцлах болон гэрээнээс татгалзах санал өмнө нь огт ирүүлж байгаагүй. Түүнээс гадна нэхэмжлэгчийн гэрээ цуцлах үндсэн шалтгаан нь биднийг гэрээг зөрчсөн хэмээжээ. Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн ачаа хугацаандаа ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь илгээгчийн буруутай үйлдэл буюу илгээгч ачилтын зааварчилгааг мөрдөлгүй хэтрүү жинтэй ачилт хийсэн болохыг нэхэмжлэгч өөрөө, илгээгч зэрэг бүх оролцогч талууд хүлээн зөвшөөрсөн байгаа. Буруутай тал ачааг буцаан авч, устгалд оруулан хохирлыг барагдуулахаа ч мэдэгдсэн байтал ачааны үнийн дүнг биднээс нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэл, түүний шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Гэрээ байгуулсан. Ачаа ачигдсантай маргахгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Тээвэрлэлтийн гэрээний 3.3-т үндэслэн Сингапураас Улаанбаатар хүргэх болоод тээвэрлэлт эхэлсэн. Ачаа усан онгоцны тавцан дээр тавигдсанаар манай үүрэг үүсэхээр гэрээ байгуулсан. Энэ хүртэлх үүрэг нь илгээгчийн үүрэг байдаг. Бидэнд ачааны талаар мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй боловч бүрэн гаргаж өгөөгүй. Ачааны жинг дурдаагүй байсан. Иймд бид ачааны жинг мэдээгүй. 2021.6.11-нд өгсөн мэдээллээр Тяньжиний боомтоор тээвэрлэх дээд жинг мэдэгдсэн. Улмаар манай агент нь илгээгчид ачааны талаар зааврыг өгсөн. Илгээгч ачааг 22 000 кг гэсэн тул энэ дүнгээр захиалга хийгдсэн. Гэтэл ачаа нь 28 230 кг гэсэн байсан. Усан онгоц хөдөлсөн байсан тул ачааг буулгах боломжгүй болсон. Улмаар Тяньжиньд ирсэн. Ингээд хятадын төмөр замаас хариу ирээд жин нь хэтэрсэн гэсэн. Ингэснээр Замын үүд хүртэл машинаар тээвэрлэх талаар үнийн санал хүргүүлсэн. Гэрээний 2.1-д зааснаар нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй. Илгээгч ачааны жинг буруу мэдээлснээр анх тохиролцсон маршрутаар тээвэрлэх боломжгүй болсон тул өөр хувилбаруудыг санал болгосон боловч татгалзсан юм. Манай зүгээс Сингапурын агент нь ачааг хэтрүүлж ачсан талаар мэдэгдэхэд буцаан ирсэн тохиолдолд ачааг устгаж үнийг төлөх талаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь ачааг авахгүй талаар мэдэгдсэн ба Сингапураас Тяньжин хүргэсэн тээвэрлэсэн. Гэрээний 2.2.3-т заасан хөлснөөс 930 долларыг төлөх ёстой боловч Тяньжин-с Сингапур буцаасан 5 270 долларыг илгээгч төлөхгүй гэсэн хариу өгсөн юм. Ингэхдээ талууд хамт хариуцна гээд 1 550 доллар төлнө гэсэн. Энэ саналыг хүлээж аваад Сингапурын агент 3 100 доллар төлнө гэсэн. Дээрх зардлын үлдэгдлийн 1 550 долларыг нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Төлөөгүй тул гэрээний 2.1.1-д зааснаар бид төлж Сингапур уруу буцаан тээвэрлэх ажлыг эхлүүлсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Бид ачааны талаар мэдээллийг цаг тухайд нь мэдэгдэж байсан. Гэрээний 8.2-т зааснаар гэрээг цуцлах хүртэл гэрээ хүчинтэй байсан ба нэхэмжлэгч нь гэрээг цуцлах талаар санал ирүүлээгүй. Нэхэмжлэгчийн ачаа ирэх боломжгүй болсон нь илгээгчийн буруутай үйлдэл гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн. Иймд ачааны үнийг нэхэж байгаа нь үндэслэлгүй.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарласан. Үнийн саналаа өгөөд гэрээ байгуулсан. Тээврийн хөлс 1,550 долларыг нэхэмжлэгчээс гаргуулна. Нэхэмжлэгч нь ачааг хүлээн авахгүй гэсэн тул буцаасан. Зардал нь 6 200 доллар болсон ба илгээгч нь 1 550-г Сингапурын агент 3 500-г хариуцна гэсэн тул зөрүүг нэхэж байгаа юм. 6 200 нь 930 дээр 5 270 нэмсэн дүн юм гэв.
Хариуцагч “Л ” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д ХХК нь тус шүүхэд 2021 оны 11 сарын 22-ны өдөр Л ХХК-д холбогдуулан а/194 тоот нэхэмжлэл гаргасан. Л ХХК-ийн зүгээс нэхэмжлэлтэй танилцан 2022 оны 01 сарын 03-ны өдөр хариу тайлбар өгсөн ба бид тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтын хамт хүргүүлсэн.
Бид нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан “Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх” гэрээ (цаашид “гэрээ” гэх)-ний 3.3-ыг үндэслэн 2021 оны 06 сарын 16-ны өдөр QN179877 дугаар бүхий FOB Singapore, SG - Xingang, CN- FOR Ulaanbaatar, MN нөхцөлтэй 1 ширхэг 40’HC футын чингэлгээр Сингапур улсаас Улаанбаатаар хот хүртэл тээвэрлэх үнийн санал хүргүүлсэн. “Д ” ХХК уг үнийн саналыг 2021 оны 05 сарын 21-ний өдөр и-мэйлээр хүлээн зөвшөөрч, тээвэрлэлтийг эхлүүлсэн. Бидний өгсөн үнийн санал FOB Free on Board буюу ачаа усан онгоцны тавцан дээр тавигдсанаас хойш “Л ” ХХК-ийн тээвэрлэлтийн хариуцлага эхлэх тээврийн нөхцөл юм. Үүнээс өмнөх тээвэрлэлтийн үйл явц болох усан онгоцны захиалга хийх, хоосон чингэлгийг чингэлгийн талбайгаас очиж авах, чингэлэгт ачилт бэхэлгээ хийх, экспорт гаалийн бүрдүүлэлт хийж ачаатай чингэлгийг усан онгоцны тавцан хүртэл хүргэж өгөх бүх ажиллагаа нь илгээгчийн үүрэг болдог. 2021 оны 07 сарын 13-ны өдөр чингэлгийн ачилт хийгдсэн бөгөөд илгээгч буюу Покка Фүүдс энд Бэвэрэйж Эл.Ти.Ди компанийн зүгээс ачааг чингэлэгт ачин бэлтгэж 2021 оны 07 сарын 17-ны өдөр чингэлэг усан онгоцонд ачигдан Сингапур улсын боомтоос хөдөлсөн. Нэхэмжлэлд дурдагдсан ачилтын зааврыг Сингапур дахь агент болох “Вийма Ложистикс” компани 2021 оны 06 сарын 16-ны өдөр илгээгч рүү ачааг зөвхөн усан онгоцоор тээвэрлэх үед зөвшөөрөгдөх дээд хэмжээ болох 35,000 кг хүртэл ачих боломжтой гэх зааврыг өгсөн болно. Хэдий бидний хүлээх үүрэг биш боловч ачаа бэлэн болж ачилт хийхээс өмнө буюу 2021 оны 06 сарын 28-ны өдөр Сингапур дахь агент “Вийма Ложистикс” компаниар дамжуулан илгээгчийн Cindy Cheong [email protected]; Bryan Low [email protected]; Roxxanne Chan roxxann[email protected] и-мэйл хаягууд pyy чингэлэгт ачилт хийх зааварчилгааг буюу нэг чингэлэгт ачилт хийх дээд хязгаарыг өгсөн бөгөөд уг зааварт “To avoid overloading (max weight 30,480 kg including container tare)” буюу чингэлгийн өөрийн жин ороод ачааны максимум жин 30,480 кг-аас хэтрэх ёсгүй гэсэн зааврыг тодорхой өгсөн болно. Ачилт хийгдэхээс 15 хоногийн өмнө буюу ачилт хийхээс хангалттай хугацааны өмнө илгээгч рүү ачилтын зааврыг өгсөн байна. “Д ” ХХК-ийн CCLU688274-1 дугаар бүхий 1х40’НС футын чингэлэг 2021 оны 07 сарын 25-ны өдөр Хятадын Тяньжин боомтод ирсэн бөгөөд “Коско шиппинг лайн” усан онгоцны компанийн шинэ зохицуулалтын дагуу 2021 оны 06 сарны 01-нээс хойш “Коско шиппинг лайн” усан онгоцны компани Сингапураас Улаанбаатар хүртэл өөрийн хамтрагч Хятад болон Монгол тээвэр зуучийн компаниудаар дамжуулан тээвэрлэлтийг нэвт хийж байсан бөгөөд “Коско шиппинг лайн - Тяньжин” компаниас чингэлгийг Хятадын төмөр замд ачигдах үед бодит жинг жинлэхээр Хятадын төмөр замаас вагон тавьж өгөхийг хүлээж байсан. 2021 оны 09 сарын 23-ны өдөр “Коско шиппинг лайн - Тяньжин” компаниас уг чингэлгийг Хятадын төмөр замын өртөө жинлэж үзсэн ба Хятадын төмөр замаар зөвшөөрөгддөг чингэлгийн өөрийн жин болон ачааны жин нийлээд 30,480 кг-аас хэтэрсэн тул Тяньжин өртөөнөөс төмөр замаар ачин гаргах боломжгүй гэдгийг мэдэгдсэн. "Д ” ХХК-ийн зүгээс ачааг Монгол улсад хүлээн авах боломжгүй гэж үзсэн тул ачааг Сингапур улс руу буцаах нөхцөл байдал үүссэн. Тяньжин боомтоос Сингапур улс руу ачааг буцаан тээвэрлэх тээврийн зардал 6,200 ам.доллар болно. Илгээгчийн зүгээс 6,200 ам.долларыг бүхэлд нь хариуцах боломжгүй, оролцогч талууд хуваан төлөх санал гаргасан бөгөөд ачааг Сингапур улс руу буцаах тээврийн зардлаас 1,550 ам.долларыг хариуцахаа мэдэгдсэн. Илгээгчийн саналыг хүлээн авч бидний зүгээс буюу манай тээврийн агент 3,100 ам.долларыг хариуцахаа мэдэгдээд байгаа болно. Дээрх зардлын үлдэгдэл болох 1,550 ам.долларыг нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч бидэнд тодорхой хариу өгөөгүй учир гэрээний 2.1.1-т заасны дагуу бид нэхэмжлэгчийн өмнөөс дээрх зардлыг төлж Сингапур улс уруу ачааг буцаан тээвэрлэх ажлыг эхлүүлсэн. Иймд бид дээрх тээврийн хөлс болох 1,550 ам.долларыг Д ХХК-с гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Манайд төлөх ёстой тээврийн хөлс болох 1,550 ам доллар буюу 4,416,771.5 төгрөг гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь гэрээний үндсэн зарчмыг ойлгохгүй байна. Бид тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлсэн. Бид үндсэн тээвэрлэгч биш юм. Бид зуучлалын гэрээ байгуулсан юм. Бид тээврийн хэрэгсэлгүй юм. Нэхэмжлэгч нь тээвэрлэлтийн нөхцөлийг ойлгоогүй байна. Бидний нөхцөл нь ачаагаа чингэлэгт хийгээд лацаддаг. Бид ачааг задлах боломжгүй юм. Бид илгээгчээс ачааг авахдаа шалгаж авах боломжгүй юм. Үнийн саналыг ачааг хүлээн авахаас өмнө өгсөн. Бид ачааны талаар бүх л анхааруулгыг өгсөн. Бид илгээгчтэй харьцдаггүй. Бид далайн тээвэр болон төмөр замын нөхцөлийг илгээгчид өгсөн байдаг. 6.13-нд ачааны дээд хэмжээг өгсөн. Нэхэмжлэгч нь үүнийг хэлээгүй гэж байгаа нь бидний саналыг ойлгоогүй байна. 6-9 сар хүртэл мэдээлэл өгөөгүй гэж байна. Гэтэл 6 сард жин хэтэрсэн талаар мэдэгдэхэд ямар нэг заавар өгөөгүй. Бид үйлчлүүлэгчийн зааваргүйгээр ямар шийдвэр гаргах боломжгүй. Өөр тээврийн хэрэгсэл сонгох нь нэхэмжлэгчийн эрх юм. Мөн цар тахлын нөхцөлөөс болоод жин хэтэрсэн ачааг хөдөлгөх боломжгүй байсан. Нэхэмжлэгч нь өөрөөр хариу өгөөгүй бөгөөд нэмэлт төлбөр төлөхгүй гэсэн тул ачаа Сингапурт буцаж очсон. Гэтэл илгээгч нь бидэнд явуулсан мэйлийг нэхэмжлэгчид давхар явуулаад байгаа. Гэтэл илгээгчтэй харьцахгүй байгаа гэдгийг гайхаж байна. Буруутай тал нь буруугаа хүлээгээд төлбөр төлнө гэдгээ илэрхийлсэн байдаг гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар /хэргийн 6-9 дүгээр тал/, гадаад шилжүүлгийн даалгавар /хэргийн 15-16 дугаар тал/, CU-н худалдах худалдан авах гэрээний ерөнхий нөхцөлийн хуулбар /хэргийн 27-34 дүгээр тал/, “Үлэмж гросерс” ХХК болон “Д ” ХХК нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн худалдааны хамтран ажиллах гэрээний хуулбар /35-40 дүгээр тал/, “Скай хайпермаркет” ХХК болон “Д ” ХХК нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний хуулбар /хэргийн 41-57 дугаар тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч нь шүүхэд: Тээврийн үнийн санал /хэргийн 102-103 дугаар тал/, 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн нэхэмжлэх /хэргийн 128 дугаар тал/, 6 ширхэг зарлагын баримт /хэргийн 185-190 дүгээр тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Шүүх:
Нэхэмжлэгчийн хүсэлтээр: ...... и-мэйл хаягаас ...... хаяг уруу явуулсан 1 удаагийн цахим шууданд үзлэг хийсэн бөгөөд хэдийгээр шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангасан боловч ........и-мэйл хаягаас ............хаяг уруу явуулсан цахим шуудан нь гадаад хэл дээр байсан тул үзлэг хийх боломжгүй байсан. /хэргийн 182-184дүгээр тал/
Хариуцагчийн хүсэлтээр: ................ и-мэйл хаягаас ................ хаяг уруу явуулсан 6 удаагийн цахим шуудан, ............... и-мэйл хаягаас ..............хаяг уруу явуулсан 1 удаагийн цахим шуудан үзлэг хийсэн /хэргийн 142-151 дүгээр тал/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Д ” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд барааны үнэ 69,565,905.28 төгрөг, олох байсан орлого 28,574,327 төгрөг, нийт 98,140,232.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч “Л ” ХХК нь гэрээний үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгч ачааг хүлээн авахаас татгалзсан гэж маргаж, улмаар ачааг буцаан тээвэрлэх хөлсөнд 4,416,771.50 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
Зохигчид тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэсэн нэртэй гэрээ байгуулсан байна. /хэргийн 6-9 дүгээр тал/
Энэхүү гэрээ нь хэзээ байгуулагдсан нь тодорхойгүй, огноо засвартай байх боловч гэрээний хавсралтад заасан даатгалын хугацаа нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэсэн байна.
Гэвч нэхэмжлэгч нь энэхүү гэрээний дагуу Сингапур улсаас шингэн хүнсний бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот уруу тээвэрлүүлэхээр хариуцагчтай тохиролцсон гэж тайлбарласан.
Хариуцагч нь энэ талаар маргаагүй бөгөөд ачааны жин зөвшөөрөгдөх хэмжээнээс их байсны улмаас төлөвлөсөн тээврийн төрөл болон чиглэлээр тээвэрлэх боломжгүй болсон. Улмаар өөр чиглэл, тээврийн нөхцөл санал болгосон боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул бид өөрийн санаачилгаар тээврийн төрөл болон чиглэлийг өөрчлөх боломжгүйн улмаас ачааг Сингапур улс уруу буцаасан гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь тээвэрлэлттэй холбоотой үйл баримтын талаар маргаагүй боловч тээвэрлэлтийн талаарх мэдээллийг цаг тухайд нь өгөөгүй тул барааг хүлээн авах буюу Монгол улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй болсон гэж маргаж байна.
Тодруулбал, зохигчид нэхэмжлэгчийн ачааг Сингапур улсаас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэж, тээвэрлүүлэхээр тохиролцсон бөгөөд ачаа БНХАУ-н Тяньжин боомтод ирсэн боловч зөвшөөрөгдөх жин хэтэрсний улмаас БНХАУ-н төмөр замаар тээвэрлэх боломжгүй болж, улмаар авто замаар тээвэрлэх болон Вьетнам улсаар дамжуулан өөр чингэлгээр тээвэрлэх нөхцөлийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, ачааг нэхэмжлэгч хүлээж аваагүй үйл баримтын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарласан бол хариуцагч нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж маргасан.
Иргэний хуульд зааснаар тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь ачааг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээдэг. Энд хариуцагч нь бид өөрийн гэсэн тээврийн хэрэгсэлгүй бусдын тээврийн хэрэгслээр тээвэрлэх үйл ажиллагаанд зуучилдаг гэж тайлбарлаж байх боловч тээвэрлэлтийн гэрээгээр зөвхөн өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг шаардахгүй. Өөрөөр хэлбэл бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг тодорхой нөхцөлтэйгөөр ашиглаж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой юм.
Харин зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон эрхийн хүрээнд, түүний ашиг сонирхлын төлөө зуучлуулагчийг түүний хүсэж буй иргэний эрх зүйн харилцаанд оролцох этгээдтэй холбож өгөх үүрэг хүлээдэг. Тодруулбал, аливаа этгээд тодорхой үйл ажиллагаа явуулахыг хүсэж байгаа үедээ харилцах этгээдийг зуучлагчийн тусламжтайгаар зах зээлээс олж, улмаар хүсэж буй иргэний эрх зүйн харилцаанд ордог.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 1.1-д зааснаар гэрээний зорилгыг зуучлагч буюу хариуцагч нь үйлчлүүлэгч буюу нэхэмжлэгчийг төлөөлөн ачаа тээврийг зохион байгуулах, нэхэмжлэгч нь хөлс төлөх гэж тодорхойлсон байна.
Улмаар зохигчдын маргаагүй үйл баримт болох нэхэмжлэгч нь хөлс төлөх, хариуцагч нь гадаад улсын тээврийн байгууллагатай харилцаа үүсгэж нэхэмжлэгчийн ачааг Улаанбаатар хотод хүргэхээр тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна.
Ийнхүү тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байх боловч гэрээнд дагалдах бичиг үйлдэгдээгүй байгаа нь Иргэний хуулийн 386 дугаар зүйлд нийцэхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид өөрийн тайлбарыг нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
Нэхэмжлэгч нь ачааны жин хэтэрсэн талаар бидэнд хугацаа хэтрүүлж мэдэгдсэн тул бид ачааг хүлээн авах боломжгүй болсон гэж тайлбарласан.
Гэвч гэрээнд хугацааны талаар заагаагүй бөгөөд дагалдах бичиг үйлдэгдээгүй тул хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
Мөн ачаа буюу шингэн хүнсний зүйлийн хадгалагдах хугацаа дуусах болсон тул Монгол улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй болсон гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч нь ачааны хадгалах хугацаатай холбоотой тайлбараа нотлоогүй.
Үүнээс гадна нэхэмжлэгч нь ачааг хүлээн аваагүй тул хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж маргасан. Гэвч зохигчид ачааг БНХАУ-н төмөр замаар тээвэрлэх боломжгүй болсны улмаас хариуцагч нь автозамаар болон Вьетнам улсаар дамжуулан тээвэрлэх санал гаргаж байсан талаар маргаагүй тул хариуцагчийг тээвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй.
Энд нэхэмжлэгч нь ачааны жингийн талаар үнэн зөв мэдээлэл буюу дагалдах бичгийг өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн хүсэлтээр хийсэн ............... и-мэйл хаягаас ..............хаяг уруу 2021 оны 07 дугаар сарын 21-ны өдөр илгээсэн цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэл, хавсралтаар тогтоогдож байна. /хэргийн 184 дүгээр тал/
Иймд ачааны жин хэтэрч байгаа талаар хариуцагч мэдэх боломжгүй байжээ.
Цаашлаад хариуцагч нь төмөр замаар тээвэрлэх ачааны дээд жингийн талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь хариуцагчийн хүсэлтээр .................. и-мэйл хаягаас ................ хаяг уруу 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр илгээсэн цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралтаар тогтоогдож байна. /хэргийн 144 дүгээр тал/
Мөн ачааны жин нь өгөгдсөн хэмжээнээс хэтэрсэн талаар зохигчид маргаагүй тул хариуцагчийг Иргэний хуулийн 391 дүгээр зүйлийн 391.2-т зааснаар тээвэрлэлтийн бусад нөхцөлийг санал болгосноор нэхэмжлэгчийн ашиг сонирхолд нийцэх арга хэмжээ авах үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.
Дээрх үндэслэл, үйл баримтыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч нь ачааны жингийн талаар бодит мэдээлэл буюу дагалдах бичгийг өгөөгүй, улмаар өөр чиглэл, арга хэлбэрийг санал болгосон боловч хүлээн аваагүй, нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзсан байх тул Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.2-т зааснаар хариуцагч нь ачааны өртөгтэй холбогдох хариуцлагаас чөлөөлөгдөнө.
Түүнчлэн нэхэмжлэгч нь ачааг Улаанбаатар хотод хүлээн авсан бол 28,574,327 төгрөгийн ашиг олох байсан гэх шаардлагаа нотолж чадаагүй.
Тодруулбал, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хүнсний бүтээгдэхүүнийг бусдад өөр өөр үнээр худалддаг бөгөөд хамгийн бага үнэ болох CU-н үнээр нэхэмжилнэ гэж тайлбарласан. Гэвч хэрэгт байгаа худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл нь ямар этгээдүүдийн хооронд байгуулагдсан нь тодорхойгүй бөгөөд хавсралтыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгч тал өөрийн тайлбарыг нотлох үүргээ гүйцэтгээгүй.
Үүнээс гадна нэхэмжлэгч нь Сингапур улс уруу 18,418 ам.доллар болон 6,000 ам.доллар шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн боловч энэ нь цаг хугацааны хувьд тээвэрлэлтийн гэрээ байгуулсанаас хойш байх тул маргаж буй ачааны төлбөр гэж үзэхэд эргэлзээтэй юм. Мөн энэхүү төлбөртэй холбогдох худалдах, худалдан авах гэрээг ирүүлээгүй. Энэхүү байдлыг нэхэмжлэгч нь маргаж буй ачаа нь хэдэн төгрөгийн үнэ бүхий ямар бараа тээвэрлүүлснээ нотлоогүй гэж үзлээ. /хэргийн 15-16 дугаар тал/
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь ачааны хадгалалтын хугацааг нотлоогүй, хариуцагчийг гэрээний үүргээ биелээгүй гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан эрх үүсээгүй байхад гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан, улмаар олох байсан гэх орлогоо нотолж чадаагүй тул мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан шаардах эрх үүсэхгүй.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд ачааг Сингапур улс уруу буцаан тээвэрлэсэн зардал нь 6,200 ам.доллар болсон бөгөөд үүнээс илгээгч буюу нэхэмжлэгчийн хувьд худалдагч тал 1,550 ам.доллар, Сингапур улс дахь тээвэрлэгч 3,200 ам.долларыг хариуцан төлөхөөр тохиролцсон тул үлдэх 1,550 ам.долларыг нэхэмжилсэн байна.
Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч нь энэхүү төлбөрт Улаанбаатар хот уруу тээвэрлэх хөлсний үлдэгдэл хэсэг болох 930 ам.доллар тооцогдсон гэж тайлбарлаж байх боловч шүүхэд гаргаж, нэхэмжлэгчид гардуулсан сөрөг нэхэмжлэлд дурдсанаар энэхүү 930 ам.долларыг сөрөг нэхэмжлэлээр шаардаагүй байна.
Иймд сөрөг нэхэмжлэлээр зөвхөн маргаж буй ачааг буцаан тээвэрлэсэн хөлс шаарджээ.
Улмаар хариуцагч нь буцаан тээвэрлэх хөлсөнд 1,550 ам.доллар төлсөн гэх тайлбараа санхүүгийн анхан шатны баримтаар нотлоогүй.
Эдгээрээс хариуцагчийг ачааг буцаан тээвэрлэх хөлсөнд нэхэмжлэгчийн төлөх хэсгийг төлсөн нь, өөрөөр хэлбэл хохирол учирсан нь тогтоогдоогүй, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.д заасан эрх үүсээгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
Үүнээс гадна зохигчид бусадтай харилцсан цахим шуудангийн орчуулгыг шүүхэд ирүүлсэн боловч шаардлага хангасан эх баримтыг ирүүлээгүй /хэргийн 17-25, 73-101, 191-193 дугаар тал/, зарим баримт орчуулагдаагүй /хэргийн 26 дугаар тал/ тул шүүх хуралдаанд нотлох баримтаар судлаагүй, үнэлээгүй болохыг тэмдэглэж байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Гэвч үндсэн болох сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул зохигчдын урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД