Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/01033

 

 

 

 

                                                                   

 

 

                             2022       03         09

         101/ШШ2022/01033

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Б.Цолмонгэрэл, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ё.П-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Т-д  холбогдох,

Ус алдсаны улмаас учирсан гэм хорын хохирлын зөрүүнд 961,573 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.П , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г , иргэдийн төлөөлөгч М.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.П  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021.09.15-ны өдөр 17:50 минут орчимд дээд ... тоот айлаас босоо шугамын дагуу гэнэт хүчтэй халуун хар ус гоожсон. Удалгүй 1 минутын дараа маш хүчтэй чимээ гарч таазны бүх гадаргуугаар ус дусалж эхэлсэн, усны хүч улам нэмэгдсээр байсан. Энэ байдал 1 цаг 30 минут орчим үргэлжилсэн, дээд айл руу орох гэтэл эзэнгүй байсан. 70005454 дугаарт яаралтай дуудлага өгч доод усыг хаах тусламж гуйсан. 2 цагийн дараа дээд айлын түрээслэгч хүүхдүүд ирсэн. Манай гэр бүл доод бусад айлын хүмүүстэй нийлж тунасан усыг 23 цаг 10 минут хүртэл шавхсан. ... тоот айлын эздийн утсыг түрээслэгч хүүхдүүдээс авч холбогдсон боловч очих боломжгүй гэсэн хариу өгсөн. Мөн 9-р сарын 19, 10-р сарын 04-ны өдөр дахин холбогдсон боловч “Бид Төв аймгийн Борнуур суманд хувийн ажилтай байна, очих боломжгүй” гэсэн хариу өгсөн. Иймээс тус байрны 6 давхрын ... тоот айлаас халуун усны шугамын гэмтлийн улмаас доод давхарт байрлах 10/6, 10, 9-2 тоот руу их хэмжээний ус орж ихээхэн хэмжээний хохирол учирсан. Хохирлыг тус айл бүр орон сууцны байруудын инженерт хандаж гэмтлийн тодорхойлолтыг гаргуулсан. Манай гэр бүл хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээг хийлгэж даатгалын компанид хандсан. Учирсан хохиролд нөхөн төлбөр болох 3.526.120 /гурван сая таван зуун хорин зургаан мянга нэг зуун хорин төгрөг/ тогтоогдсоноос “Бодь” даатгалаас 2.564.547 /хоёр сая таван зуун жаран дөрвөн мянга таван зуун дөчин долоон төгрөг/-ийг танайд олгох боломжтой, үлдсэн хохирлын дүнг ус алдсан 12 тоотоос нэхэмжлэх эрхтэй гэсэн. Иймээс хохирлын нөхөн төлбөрийг бүрэн барагдуулахын тулд төлбөрийн зөрүү 961.573 /есөн зуун жаран нэгэн мянга таван зуун далан гурван төгрөг/-ийг гаргуулж олгож өгнө үү. Дээрх айлаас өмнө 2 удаа 00-ийн өрөө рүү ус алдаж байсан. Энэ удаад мөн их хэмжээний талбайг хамарсан ус алдсан болно. Орон сууцны ХҮТ-3 газраас цахилгааныг түр 14 хоног тасалж хүн амьдрах боломжгүй гэж зөвлөсөн. Манай гэр бүлийн хэвийн амьдрал үргэлжлэх боломжгүй болсон учир бид 14 хоног өөр газар байрлаж амьдралаа үргэлжлүүлсэн болно. Энэ хугацаанд гарсан зардлуудыг нэхэмжлээгүй болно.

961 573 төгрөг гаргуулна. 2021.9.13-ны өдөр гэртээ ирэхэд гэрээ байгуулах талаар мэдэгдэл наасан байсан. Гэтэл 15-ны өглөө 00 өрөөнд ортол өмнө ус алдаж байсан газраас ус дусалж байсан. Би дуудлага өгөхөд дээд ажлаас ус алдаж байх шиг байна гээд шалгаад ус хаалаа гэсэн. Тэгэхээр нь би ажилдаа явах талаар хэлэхэд ус хаасан гэсэн. 14 цагийн үед 00 өрөөнд ус дуслаад байна гэсэн. 17.10 гэртээ ирэхэд хүүхэд маань өдөржингөө ус шавхлаа гэж хэлсэн. 17.50 болж байхад гэнэт ус орж ирсэн. Бид усыг арчиж байтал хүчтэй дуу чимээ гарч тасралтгүй ус урсаж эхэлсэн. Улмаар дуудлага өгсөн газар уруугаа залгаж туслаарай гэхэд маш их ачаалалтай байна гэсэн. Улмаар гэр бүхэлдээ усанд автсан. 18.10 хүртэл үргэлжилсэн. Ингэхэд доод айл бас хаалга тогшиж ус алдаж байгаа талаар хэлэхэд би ийм юм боллоо гэсэн. Ус алдалт тасралтгүй үргэлжилсэн. Орон сууцнаас ирэхгүй байгаа тул цагдаа уруу залгахад бид арга хэмжээ авах боломжгүй гэсэн. 19.10 үед СӨХ-ны дарга ирж зоорийн давхарт усыг хаасан. Доод айл СӨХ-ны дарга нар нь манай усыг доош нь алдуулахгүйн тулд шавхсан. Дээд айл бас усаа шавхаж паараа хөнжлөөрөө дарсан байсан. Манай бүх өрөө эд зүйл норсон. Бид дээд айл уруу орж ус алдалтыг тогтоож чадахгүй байсан тул усаа л шавхаж байсан. Орон сууцныхан ирээд хий авах гээд хагарч гэсэн. Цахилгаанчин ирээд 14 хоног өөр газар оч гэсэн. Дээд айл нь түрээсэлж байгаа гэсэн юм. Хүмүүст нь айлын хүнийг нь олоод өгөөч гэхэд утсыг нь өгөхгүй гэсэн. Бид гэртээ байх боломжгүй болсон гээд дээд айлд орж хонохгүй бол болохоо байлаа гэсэн. Гэтэл цагдаад өгнө гэсэн. Гэтэл доод айл манайд хонож болно гэсэн. Маргаашаас нь шарга морьтод байр түрээсэлсэн. Учир нь 14 хоног цахилгаан залгаж болохгүй гэсэн. 14 хоногт маш их зардал гарсан боловч нэхэмжлээгүй. Орон сууцнаас гэрт ирээд үзлэг хийсэн. Улмаар тодорхойлолт гарсан ба аз болж даатгалд хамрагдсан байсан. Хүмүүсийн хэлснээр Бодь даатгалд хэлээд даатгал 70-80 хувь өгнө гээд үлдэх хэсгийг дээд айлаасаа ав гэсэн. Даатгалаас үнэлгээ хийлгээд Ашид билгүүн ирээд 3 526 120 төгрөгөөр үнэлгээ гаргаад Бодь даатгал надад 2 564 547 төгрөг өгсөн. Үүний зөрүүг нэхэж байгаа юм. Төв аймгийн цагдаагаар энэ айлыг олуулсан боловч дээд айл манай буруу биш гэсэн. Иймд нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Т.Г  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ё.П-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 11 сарын 17-нд хариуцагч Ц овогтой Т би хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. 2021 оны 9 сарын 15-нд ус шахахад даралттай ус ирж манай унтлагын өрөөний хий гаргагч буудсаны улмаас доод давхрын ... тоот айл уруу ус алдсан. Ус алдсаны улмаас дараах хохирол гарсан гэж нэхэмжлэл гаргажээ. Үүнд:

  1. Галын өрөөний хана таазны эмульс, замаск хуурсан
  2. Коридорын хана таазны эмульс, замаск хуурсан
  3. Коридорын өрөөний хананы обой хуурсан
  1. Том өрөөний таазны эмульс, замаск хуурсан
  2. Том өрөөний хананы обой хуурсан
  3. Том өрөөний шалны паркет хөндийрсөн
  4. Коридорын шалны паркет хөндийрсөн
  5. Галын өрөөний шалны паркет хөндийрсөн

Хохирлыг үнэлгээг “Ашид Билгүүн ХХК” нь хэтэрхий нэг талыг барьж асуудалд хандаж үнэлгээг гаргасан байна гэж үзэхээр байна. Учир нь: ... тоот айлд орж учирсан хохирлыг харах гэтэл иргэн Ё. П  нь нэхэмжлэл гаргасан Ц.Т-ыг гэртээ оруулахгүй гэсэн. Гарсан хохирлыг нөхөр Т.Г  орж харсан. ... тоот айлд орж нэхэмжилсэн хохирлыг харахад:

  • Таазны эмульс, замаск хуурсан
  • Хананы обой бага зэрэг хуурсан
  • Шаланд гэмтэл, сэв гараагүй байсан.

Жич: Нэхэмжлэгч Ё. П  орохоос өмнө нь амьдарч байсан айлд 4-5 удаа орж байхад шал нь одоогийнхтой адилхан байсан.

  • Гэрт нь орж харахад галын өрөө, коридор гэсэн тусгаарласан хана байхгүй хоёр өрөө байр байсан. Уг айл зориулалтын дагуу баригдсан байрыг зориулалтын стандартын бус болгосноос уг барилгын хананд ан цав үүсэж доголдолтой болсон гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Ус алдаж хохирол үүссэний улмаас 3,526,120 төгрөгийн хохирол гарсан гэж үзсэн нь нийцэхгүй байна. Хэдийгээр Бодь даатгалаас 2,564,547 төгрөгийг нь гаргуулж үлдэх мөнгийг нэхэмжлэгч Ё. П  нь манайхаас нэхэмжилсэн байна. Манай гэрээс ус алдсан явдал нь бидний буруутай үйл ажиллагаанаас болоогүй тухайн орон сууцанд даралттай ус хүчтэй ирсний улмаас хий гаргагч буудаж ус алдсан. Хохирлын эг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул манайх барагдуулах боломжгүй байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 9.15-нд манайхаас ус алдсан. Улмаар хохирол учруулахад контор буруу дүгнэлт гаргасан. Учир нь 8 өрөө болгоод биччихсэн. Гэтэл 1 том өрөөнд л ус алдсан. Үүний улмаас Ашид билгүүн бас буруу үнэлсэн. Мөн Бодь даатгалаас зарим мөнгийг нь өгсөн. Улмаар би зөрүү мөнгийг нь өгөх талаар ярьж байтал Бодь даатгалаас над уруу яриад өгсөн мөнгөө надаас авна гэсэн. Иймд конторын гаргасан буруу дүгнэлтээр буруу үнэлгээ гаргасан тул би төлөхгүй гэж хэлсэн. Ингээд би шүүхэд хүсэлт гаргаад үнэлгээ гаргуулсан гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Орон сууцны байруудын инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтлийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2/24 дүгээр тодорхойлолтын хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2/24Б  дүгээр тодорхойлолтын хуулбар /хэргийн 4, 72 дугаар тал/, “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний тайлангийн хуулбар /хэргийн 5-7 дугаар тал/, Шинэ-52 СӨХ-ны 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт /хэргийн 8 дугаар тал/, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт /хэргийн 9 дүгээр тал/, даатгалын гэрээний хуулбар /хэргийн 10-11 дүгээр тал/, Ё.П гийн Хаан банк дахь дансны хуулга /хэргийн 14 дүгээр тал/, 14 ширхэг гэрэл зураг /хэргийн 74-77, 95 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 94 дүгээр тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн тодорхойлолт /хэргийн 21 дүгээр тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Шүүх:

Хариуцагчийн хүсэлтээр “Мөнх эстимэйт” ХХК-р хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулсан. /хэргийн 53-65, 78 дугаар тал/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ё.П  нь ус алдсаны улмаас учирсан гэм хорын хохирлын зөрүүнд 961,573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ц.Т нь ус алдсан нь хариуцагчаас шалтгаалаагүй, даатгалын байгууллагын дүгнэлт буруу гарсан, мөн даатгалаас мөнгө авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 хороолол 52 байр, 10/б тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч бөгөөд оршин суудаг болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000754755 дугаар гэрчилгээний хуулбар, тус хорооны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хэргийн 94, 9 дүгээр тал/

Хариуцагч Ц.Т болон түүний төлөөлөгч Т.Г  нар нь гэр бүлийн гишүүд гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан бөгөөд энэхүү тайлбар нь тэдгээрийн иргэний үнэмлэхийн хуулбарт бичигдсэн хаягаар тогтоогдож байна. /хэргийн 22 дугаар тал/

Улмаар хариуцагч, түүний төлөөлөгч нь 52 байрны ... тоот буюу нэхэмжлэгчийн дээд давхарт оршин суудаг бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ус алдсан үйл баримтын талаар зохигчид хэн аль нь маргаагүй.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь 12 тоотод оршин суудаг болох нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хэргийн 21 дүгээр тал/

 

Мөн ус алдсан болох нь орон сууцны байруудын инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтлийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2/24 дүгээр болон 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2/24Б дүгээр тодорхойлолтоор тогтоогдсон. /хэргийн 4, 72 дугаар тал/

Энэхүү тодорхойлолтод дурдсанаар 12 тоотын галын өрөөний радиаторын элэгдэл, гэмтлийн улмаас ус алдсан байна.

Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.9-д зааснаар өмчлөгч, эзэмшигч нь барилгын дотор шугам сүлжээнд байнга хяналт тавих үүрэгтэй.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн ус алдсанд хариуцагч буруугүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах буюу хохирлыг арилгах үүрэгтэй.

 

Улмаар нэхэмжлэгчийн захиалгаар “Ашид билгүүн” ХХК нь учирсан хохирлын үнэлээг 3,526,120 төгрөг гэж тодорхойлсон. /хэргийн 5-7 дугаар тал/

Харин шүүхээс томилж, холбогдох хууль сануулж гаргуулсан “Мөнх эстимэйт” ХХК нь учирсан хохирлын үнэлгээг 1,502,320 төгрөг гэж тодорхойлсон байна.

Иймээс шүүхээс томилсон шинжээчийн үнэлгээг шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар хууль сануулж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан бөгөөд хэрэв шинжээч нь зориуд худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасан хариуцлага хүлээдэг.

 

Иймд нэхэмжлэгчид учирсан хохирлыг 1,502,320 төгрөг гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь “Бодь даатгал” ХХК-тай даатгалын гэрээтэй байсан болох нь даатгалын баталгааны хуудсаар тогтоогдож байна. /хэргийн 11 дүгээр тал/

Улмаар нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрт 2,564,547 төгрөг авсан гэж тайлбарласан бөгөөд хариуцагч энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

Үүнээс гадна хариуцагч нь “Ашид билгүүн” ХХК нь 8 өрөөгөөр тооцож, нэхэмжлэгчийн орон сууцны талбайг 43 м.кв-р тооцсон гэж маргасан. Гэвч дээрх 2 үнэлгээний тайланд ... тоот орон сууцны талбайг ижил буюу 36 м.кв гэсэн байх тул хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй.

 

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчид ус алдсаны улмаас 1,502,320 төгрөгийн хохирол учирсан бөгөөд нөхөн төлбөрт 2,564,547 төгрөг олгогдож, хохирол төлөгдсөн байна.

 

Иргэдийн төлөөлөгч нь ус алдах үед Ц.Т-ы гэр бүл тоомжиргүй хандсан. Тухайн асуудлаас болж Ё.П-д учирсан сэтгэл санааны хохирол болон түр хугацаанд гэртээ байх боломжгүйгээс болоод зардал их гарсан. Өмнө нь ус алдсан бөгөөд шугам хоолойг засаагүйгээс болж ийм байдал үүссэн. Даатгалын хуульд зөрүү нэхэх эрхтэй учраас зөрүүг олгох нь зөв гэж дүгнэсэн.

Гэвч нэхэмжлэгч нь сэтгэл санааны болон бусад нэмэлт зардал нэхэмжлээгүй. Түүнчлэн хохирол бүрэн төлөгдсөн байх тул иргэдийн төлөөлөгчийн санал нь шийдвэрийн үндэслэл болох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүнд үзлээ.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Гэвч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ц.Т-д холбогдох гэм хорын хохиролд 961,573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ё.П-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД

 

                                  ШҮҮГЧИД                                           Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

                                                                                              Д.ЯНЖИНДУЛАМ