Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/01097

 

 

 

 

 

 

 

   2022       03          11                                    101/ШШ2022/01097

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Л-ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Б ХХК

Хариуцагч: Х.О нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ү ХХК

“Баянзүрх дүүрэг, 8 хороо, УС-15 гудамжны ... тоот хаягт баригдсан орон сууцны Б блокийн 10 дугаар давхрын .... тоот  хаягт байрлах 60.93 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г , хариуцагч “Б.Г ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Д.Б  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дашдондог овогтой Л  намайг Баянзүрх дүүргийн 8-р хороо, УС-15 гудамжны ... тоот хашаанд Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын “Б” блок, 10 давхрын .... тоот од байрлах 2 өрөө 60.93 м.кв талбай, 48.744.000 төгрөгийн үнэтэй орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох. Иргэн Д.Л би 2015 оны 11 дүгээр сард цагдаагийн байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөргөлттэй нөхцөлтэйгөөр буюу 1 метр квадратыг 800.000 төгрөгийн өртөгтэй “Хууль сахиулагч” хотхон барихаар захиалга авахад хүсэлтээ өгсөн. Ингээд хүсэлтийг хүлээн авч Д.Л миний бие нь “*******” ХХК-тай 2015 оны 11-р сарын 05-ны өдөр BLLC2015/19 дугаар “Орон сууц захиалгаар худалдах худалдан авах гэрээ”-г байгуулсан. Гэрээнд зааснаар: Баянзүрх дүүргийн 8-р хороо, УС-15 гудамжны ... тоот хашаанд Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын “Б” блок 10 давхар байрны .... тоот од байрлах 2 өрөө 60.93 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг нь 800.000 төгрөгөөр тооцож 48.744.000 төгрөгөөр захиалсан. Энэхүү цагдаагийн алба хараагчдын орон сууц нь хөндөлттэй нөхцөлтэйгөөр баригдаж байгаа учир барилгын зургийн зардлыг захиалагчид төлөх шаардлагатай гэсний дагуу “Орон сууц захиалгын гэрээ” байгуулагдсан өдөр буюу 2015 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр “Гэрэгэ дизайн” ХХК-ийн худалдаа хөгжлийн банкны 45256023 дугаар дансанд 1.080.000 төгрөг төлсөн. Хариуцагч “*******” ХХК-ний 5084354105 дугаар дансанд 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 4.623.200 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 80.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр 4.700.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1.300.000 төгрөг, 2020 оны 04 дугаар зарын 24-ний өдөр 23.500.000 төгрөг, нийт 39.203.200 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан. Миний бие 2020 оны 05 сарын 15-ний өдөр “Хас банк”-аас цалингийн зээл авч 2020 оны 05 сарын 20-ний өдөр “*******” ХХК дээр очиж уулзахад менежер ажилтай Цэвэгсүрэн гэрээгээ цуцалсан та төлбөр төлөх хэрэггүй гэсэн хариуг өгсөн. Байрны үнэд төлсөн мөнгөө буцаан авах хүсэлт гаргахад одоогоор өгч чадахгүй мөнгө орж ирэхээр төлнө гэсэн хариуг өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгаар худалдах худалдан авах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Гүйцэтгэгч байгууллага нь орон сууцны барилгыг 2019 оны 03 дугаар улиралд багтаан зураг, төсвийн дагуу барьж, захиалагчид хүлээлгэн өгнө” гэснийг зөрчсөн, орон сууцны татварын хөнгөлөлт /зургаан сая төгрөг/-өд хамрагдах боломжгүй болж, эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Талууд гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож, зөвшилцөлд хүрч чадаагүй тул шүүхэд хандаж байна. Иймд иргэн Дашдондог овогтой Л  намайг Баянзүрх дүүргийн 8-р хороо, УС-15 гудамжны ... тоот хашаанд Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын “Б” блок, 10 давхрын .... тоот од байрлах 2 өрөө 60.93 м.кв талбай, 48.744.000 төгрөгийн үнэтэй орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгч нь 2015 онд орон сууц захиалга өгөх хүсэлт гаргасан. Улмаар *******тай гэрээ байгуулсан. Улмаар .... тоот  2 өрөө орон сууцыг 48 744 000 төгрөгөөр авахаар захиалсан. Хөнгөлөлттэй нөхцөлөөр байгуулж байгаа тул зургийн үнэнд 1 080 000 төгрөг нэмж төлсөн. Хариуцагч *******ын дансанд нийт 39 203 200 төлсөн. Нэхэмжлэгч нь цалингийн зээл авч төлбөрөө төлөх гэтэл гэрээг цуцалсан гэсэн. Ингээд маргаан үүсэж зөвшилцөлд хүрч чадаагүй. Иймд .... тоот  орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Хариуцагч нар нь гэрээг цуцалсан гэж байна. Гэтэл хэрэгт тийм баримт байгаа эсэх нь тодорхойгүй ба хэрхэн цуцалсан нь тодорхойгүй гэв.

 

            Хариуцагч нарын төлөөлөгч Б.Г  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээг цуцалсан байдаг. Улмаар Ү  ХХК-д худалдсан байдаг. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Гэрээг цуцалсан баримт гаргах боломжгүй юм. Учир нь үйл ажиллагаа явуулахгүй байгаа юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тайлбартаа гэрээг цуцалсан гэж хэлсэн. Нэхэмжлэгч нь энэ байрыг эзэмшээгүй. Төлбөр нь дутуу байгаа. Төлсөн мөнгийг буцаан төлөхөд татгалзахгүй. Гуравдагчийн шаардлагыг дэмжиж байгаа болно гэв.

 

            Хариуцагч “Б.Г ” ХХК-ний төлөөлөгч Б.З  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Гуравдагчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж өгнө үү. Нэхэмжлэгчийн гэрээн дээр байгаа тамга нь эргэлзээтэй байна гэв.

 

            Гуравдагч этгээд “Ү ” ХХК нь шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон түүний төлөөлөгч Д.М  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Үүр тээл” ХХК нь “*******” ХХК-тай дараах гэрээнүүдийг байгуулсан. Үүнд: Арматур нийлүүлэх гэрээний тухайд:

  1. 2018.03.23-ны өдөр “Арматур худалдах, худалдан авах” 18/02 тоот гэрээгээр нийт 1 тонн арматурыг 1,780,000 төгрөгөөр тооцож, нийт 90 тонн 160,200,000 төгрөгийн арматур манай компаниас худалдан авах,
  2. Мөн 2018.03.23-ны өдөр “Арматур худалдах, худалдан авах” 18/03 тоот гэрээгээр нийт 2000 тонн арматурыг манай компаниас худалдаж буй тухайн үеийн үнэлгээгээр захиалгаа өгч худалдан авах талаар гэрээг байгуулсан.

Манай компани 2018.03.13-2018.10.20-ны өдрийн хооронд нийт 16 удаагийн нийлүүлэлтээр 555 тонн 122 кг нийт 989,367,910 төгрөгийн арматурыг нийлүүлсэн. 555 тонн 122 кг арматурын 81 тонн 435 кг арматурыг тонн тутамд 1,850,000 төгрөгийн үнээр тооцож үлдэх, 473 тонн 687 кг арматурыг тонн тутмыг нь 1,780,000 төгрөгөөр тооцож нийлүүлсэн. 2019.10.28-нд Нэмэлт гэрээ байгуулж 482,449,949 төгрөгийн төлбөрийг “*******” ХХК төлбөл зохих өртэй бөгөөд 2018.10.01-ний өдрөөс хойш энэ үнийн дүнгийн 2.5%-тай тэнцэх хүүг тооцон төлбөрөө бүрэн төлөх хүртэл төлөхөөр болсон. Арматурын нийт өр 796,042.049 төгрөг болно. “Бавгар” ХХК 2019.12.18-ны өдөр өрөндөө Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, УС-15 гудамжны ... тоот хаягт барьж буй орон сууцнаасаа 10 ширхэг орон сууц өгөхөөр санал гаргасны нэг нь уг маргаан бүхий орон сууц юм. 2019.12.18-ны өдөр №BLL2019/9 тоот “Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж Баянзүрх дүүргийн 8 хороо, УС-15 хаягт баригдсан орон сууцны Б блокийн 10 дугаар давхрын 60.93 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ийг нь 1,250,000 төгрөгөөр тооцож нийт 78,237,500 төгрөгт тооцон авсан. Гэтэл өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Гэрээний 3.1-т зааснаар хариуцагч 2020 оны 2 дугаар улиралд орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Хариуцагчид хүлээцтэй хандаж, хугацаа олгосоор байсан. Тиймээс Баянзүрх дүүргийн 8 хороо, УС-15 хаягт баригдсан орон сууцны Б блокийн 10 дугаар давхрын 60.93 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.1.3-т зааснаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж байна. Татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон үед татгалзаж байна. Нэхэмжлэгч нь өмчлөгчөөр тогтоолгохын тулд мөнгөө төлсөн байх ёстой. Оршин суугчид орсон бөгөөд манай компанийн ажилтан амьдраад 2 жил гаран болж байна. Байрны үнэлгээ нь НӨАТ ороод 56 саяыг төлсөн байх ёстой. Гэрээг цуцалсан гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар мэдсэн байна. Бид арматурын үнэнд 10 байр авсны нэг нь энэ юм. Бид нэхэмжлэгчийг мэдээгүй тул шударга эзэмшигч юм. Иймд өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн орлогын ордер /хэргийн 4 дүгээр тал/, 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн орлогын баримт /хэргийн 5 дугаар тал/, 2015 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн орлогын ордер /хэргийн 6 дугаар тал/, 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 7 дугаар тал/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /8-9 дүгээр тал/, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн орон сууц захиалгаар худалдах худалдан авах гэрээ /хэргийн 11-14 дүгээр тал/, Хаан банкны тодорхойлолт /хэргийн 46 дугаар тал/, Хас банк дахь өөрийн дансны хуулга /хэргийн 47 дугаар тал/, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ /хэргийн 48-51 дүгээр тал/, барилгын болон давхрын палан зураг 2 ширхэг /хэргийн 52-53 дугаар тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь шүүхэд: 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18/02, 18/03 дугаар арматур худалдах худалдан авах гэрээний хуулбар /хэргийн 69-72 дугаар тал/, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн нэмэлт гэрээний хуулбар /хэргийн 73 дугаар тал/, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц захиалгаар худалдах худалдан авах гэрээний хуулбар /хэргийн 74-75 дугаар тал/, арматурын тооцоо нийлсэн акт /хэргийн 76-77 дугаар тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Ү ” ХХК-г Баянзүрх дүүрэг, 8 хороо, УС-15 хаягт баригдсан орон сууцны Б блокийн 10 дугаар давхрын 60.93 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж, хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийг танилцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг тайлбарлан өгч, татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг лавласан. Шүүх хуралдаанд оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжилж, хариуцагч “Б.Г ” ХХК-ний төлөөлөгч Б.З  нь хууль зүйн туслалцаа авах, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.М  нь нотлох баримт гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцуулах, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодруулах тухай хүсэлт гаргасан. Улмаар шүүх хуралдааныг завсарлуулан хүсэлтүүдийг хэлэлцэж, хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргасан. Энэ үед гуравдагч этгээдийн төлөөлөгч нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийг хариуцагч “Б.Г ” ХХК-ний төлөөлөгч Б.З  дэмжсэн.

Шүүх хуралдаан тодорхой дэг, дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарласан боловч татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон тухайн үед гэж зохицуулсан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь шүүхэд олгосон бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа юм. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь заалтад үндэслэл тогтоогдсон үед гэдэг нь татгалзан гарах этгээдэд холбогдох үүргийн талаар бөгөөд харин зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ талаар мэдэгдэх тухай зохицуулалт юм. Тодруулбал, хуулийн энэхүү зохицуулалт нь хуралдааны дурын үед шүүгчийг татгалзан гаргах эрх олгосон зохицуулалт биш. Иймд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж, байхгүй гэж хариулснаас хойш хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарах хүртэл хугацаанд шүүгчийг татгалзан гаргах үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй. Эдгээр үндэслэлээр шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нэгэнт гаргаагүй, улмаар үндэслэлгүйгээр хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзсэн болно. Иймд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Л нь Баянзүрх дүүрэг, 8 хороо, УС-15 гудамжны ... тоот хаягт баригдсан орон сууцны Б блокийн 10 дугаар давхрын .... тоот  хаягт байрлах 60.93 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч “Б.Г ” ХХК нь гэрээ байгуулж, зарим төлбөрийг хүлээн авсан талаар маргаагүй боловч гэрээ цуцлагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг зөвшөөрсөн.

 

Гуравдагч этгээд “Ү ” ХХК нь Баянзүрх дүүрэг, 8 хороо, УС-15 хаягт баригдсан орон сууцны Б блокийн 10 дугаар давхрын 60.93 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай бие даасан шаардлага гаргасан.

 

Зохигч, гуравдагч этгээд нар нь нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад дурдсан орон сууц нь нэг эд хөрөнгө мөн эсэх талаар маргаагүй.

 

Нэхэмжлэлийн хувьд:

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр орон сууц захиалгаар худалдах худалдан авах гэсэн нэртэй гэрээ байгуулсан байна. /хэргийн 11-14 дүгээр тал/

Гэрээний зүйл нь Баянзүрх дүүрэг, 8 хороо, УС-15 хаягт баригдсан орон сууцны Б блокийн 10 дугаар давхрын 60.93 м.кв талбайтай 2 өрөө орон сууц байна.

Гэрээнээс үзэхэд ерөнхий гүйцэтгэгчийг “*******” ХХК гэсэн байх боловч батлав хэсэгт “Б.Г ” ХХК гэж тэмдэг дарсан нь эргэлзээтэй байна. Гэвч энэхүү гэрээ байгуулагдсан талаар хэргийн оролцогчид маргаагүй тул зохигчдын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Гэрээ байгуулагдах үед барилга ашиглалтад ороогүй, баригдаж байсан үйл баримтын талаар хэн аль нь маргахгүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээдэг.

 

Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулах бөгөөд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлдог.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсанаас хойш ажлын 5 хоногийн дотор гэрээний үнээс 14,623,200 төгрөгийг урьдчилгаанд төлөх үүрэг хүлээжээ. Мөн гэрээний 2.3-т зааснаар урьдчилгаа төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлагдах талаар тохиролцсон байна.

 

Гэрээг байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нь пүрэв гариг байх тул нэхэмжлэгч нь 12-ны пүрэв гариг дуусахаас өмнө дээрх урьдчилгаа төлбөрийг төлөх ёстой байжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн төлбөрийн баримтууд болон түүний Хаан банк, ХАС банкны хуулгануудаас үзэхэд 2015 онд гэрээний дагуу орон сууцны төлбөр төлөгдөөгүй байна. /хэргийн 4-9, 47 дугаар тал/

 

Мөн гэрээний 2.2-т зааснаар төлбөрийг гүйцэтгэгчийн Хаан банк дахь дансанд төлөхөөр тохиролцсон байна. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн төлбөрийг авахгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй.

 

Ийнхүү нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн байх тул хариуцагч нарын төлөөлөгч Б.Г ын гэрээг цуцалсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Үүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох үүрэгтэй. Гэвч хариуцагч Х.Оюунд холбогдуулан шаардлага гаргаагүй бөгөөд түүнийг хариуцагч “Б.Г ” ХХК-ний захирал бөгөөд гэрээ байгуулсан гэх агуулгаар хариуцагчаар татсан байна.

Тодруулбал, нэхэмжлэгч болон хариуцагч Х.Оюун нарын хувьд маргаж буй орон сууцтай холбоотойгоор иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Иймд нэгэнт иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул хариуцагч Х.Оюунаас гэрээний үүрэг шаардах эрхгүй.

 

Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Д.Л ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Энд хариуцагч “Б.Г ” ХХК нь нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг буцаан өгөхөд татгалзахгүй гэснийг дурдах нь зүйтэй. Түүнчлэн нэхэмжлэгч нь төлсөн төлбөрийн талаар жич нэхэмжлэл гаргах эрх нээлтэй байгааг тэмдэглэж байна.

 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хувьд:

“Б.Г ” ХХК болон “Ү ” ХХК нар нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр орон сууц захиалгаар худалдах худалдан авах гэсэн нэртэй гэрээ байгуулсан байна.

Гэрээний зүйл нь Баянзүрх дүүрэг, 8 хороо, УС-15 хаягт баригдсан орон сууцны Б блокийн 10 дугаар давхрын 60.93 м.кв талбайтай 2 өрөө орон сууц байна.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч нь уг орон сууцыг арматур худалдах худалдан авах гэрээний төлбөрт авсан бөгөөд 2 жил эзэмшиж байгаа, өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй гэж тайлбарласан.

Иймд “Б.Г ” ХХК болон “Ү ” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуульд зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь эрхийн зөрчилгүй, бие байдлыг доголдолгүй эд зүйлийг хүлээлгэн өгөх, худалдан авагч нь төлбөр төлөх үүрэг хүлээдэг.

 

Цаашлаад “Б.Г ” ХХК болон “Ү ” ХХК нар нь 2018 оны 03 дугаар сарын 23ны өдөр 18/02, 18/03 дугаар арматур худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна.

Энэхүү арматур худалдах худалдан авах гэрээний дагуу худалдагч буюу энэ хэргийн гуравдагч этгээд нь арматур хүлээлгэн өгсөн бөгөөд төлбөр тооцоо бүрэн хийгдэж дуусаагүй талаар гэрээний талууд маргахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчмаар явагдах тал маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй юм.

Улмаар гуравдагч этгээд нь арматур худалдах худалдан авах гэрээний төлбөрт энэ хэрэгт маргаж буй орон сууцыг тооцож авсан гэж тайлбарласан бол хариуцагч “Б.Г ” ХХК-ний төлөөлөгч нар үүнийг зөвшөөрч, бие даасан шаардлагыг дэмжсэн.

 

Иймд гуравдагч этгээд нь маргаж буй орон сууцны төлбөрийг арилжааны журмаар төлсөн байх тул “Ү ” ХХК-ийг Баянзүрх дүүрэг, 8 хороо, УС-15 хаягт баригдсан орон сууцны Б блокийн 10 дугаар давхрын 60.93 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар иргэний маргааныг хянан шийдвэрлэх үйлчилгээний үзүүлсний төлөө зохигчдоос төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Иймд нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн шаардлагыг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 401,670 төгрөг, гуравдагч этгээдийн 549,137 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б.Г ” ХХК-с 549,137 төгрөг гаргуулж, гуравдагч этгээдэд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч “Б.Г ” ХХК, Х.О нарт холбогдох Баянзүрх дүүрэг, 8 хороо, УС-15 гудамжны ... тоот хаягт баригдсан орон сууцны Б блокийн 10 дугаар давхрын .... тоот  хаягт байрлах 60.93 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэгч Д.Л-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гуравдагч этгээд “Ү ” ХХК-г Баянзүрх дүүрэг, 8 хороо, УС-15 гудамжны ... тоот хаягт баригдсан орон сууцны Б блокийн 10 дугаар давхрын 60.93 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 401,670 төгрөг, гуравдагч этгээдийн 549,137 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б.Г ” ХХК-с 549,137 төгрөг гаргуулж, гуравдагч этгээд “Ү ” ХХК-д олгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД