Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2022/01251

 

 

 

 

 

 

 

   2022       03          21                                    101/ШШ2022/01251

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Г.Т-д холбогдох,

Зээлийн эрхтэй картаар олгосон зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,144,162.88 төгрөг, хүү 1,598,319.48 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 599,890.62 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 398,503.46 төгрөг, нийт 5,740,876.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч “Г банк ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч П.Б  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ганбаатар овогтой Т нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Г банк тай ЗГ/180843367 дугаартай зээлийн эрхтэй кредит карт ашиглах гэрээ байгуулж, 3,000,000.00 /Гурван сая / төгрөгийн зээлийг бэлэн зээлийн хэрэглээнд сарын 3.5 хувийн хүүтэйгээр, бэлэн бус зээлийн хэрэглээнд сарын 2.0 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай авсан болно. Зээлдэгчийн ЗГ/180843367 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сард дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт:

Зээлийн үндсэн төлбөр:

  • Бэлэн зээлийн картын хэрэглээнд 400,000.00 төгрөг
  • Бэлэн бус зээлийн картын хэрэглээнд             2,744,162.88 төгрөг

Нийт 3,144,162.88 төгрөг

Зээлийн хүү:

  • Бэлэн зээлийн хэрэглээнд хүү тооцоолол 471,320.55 төгрөг
  • Бэлэн бус зээлийн хэрэглээнд хүү тооцоолол 1,126,998.93 төгрөг

Нийт 1,598,319.48 төгрөг

  • Хугацаа хэтрүүлсний хүү 599,890.62 төгрөг
  • Эрх хэтрүүлсний хүү 398,503.46 төгрөг

Зээлийн гэрээний үүрэгт нийт 5,740,879.44 төгрөгийг Г.Төрбадрахаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь 2019.10.26-нд нэхэмжлэгчтэй зээлийн эрхтэй картын гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2020 оны 10 сард дууссан боловч буцааж төлөөгүй. Үндсэн зээл 3 144 162.88 төгрө, хүү 1 598 319.48 төгрөг. Мөн хугацаа хэтрүүлсэн хүү 599 890.62 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 398 503.46 төгрөг, нийт 5 740 876.44 төгрөг нэхнэ гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Кредит картын тооцооллын хүснэгт /хэргийн 5-6 дугаар тал/, кредит картын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/180843367 дугаар гэрээний хуулбар /хэргийн 7-9 дүгээр тал/, кредит картын хуулга /хэргийн 25-26 дугаар тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 5,235,214:85 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Г банк ” ХХК нь зээлийн эрхтэй картаар олгосон зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,144,162.88 төгрөг, хүү 1,598,319.48 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 599,890.62 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 398,503.46 төгрөг, нийт 5,740,876.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Г.Т нь шүүхэд тайлбар ирүүлээгүй, өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар утсаар мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэлийг үгүйсгэж, маргаагүй.

 

Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр кредит картын гэрээ байгуулсан байна. /хэргийн 7-9 дүгээр тал/

Энэхүү гэрээгээр 3,000,000 төгрөгийн зээлийн эрх бүхий карт олгосон бөгөөд сард бэлэн бус зээлд 2 хувь, бэлэн зээлд 3,5 хувь, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 1 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн гэрээний тооцооллоор нийт 7,767,060 төгрөгийн зээл олгосон гээд бэлэн зээлийн хүүд 471,320.55 төгрөг, бэлэн бус зээлийн хүүд 1,796,943.68 төгрөг тооцсон байна. /хэргийн 6 дугаар тал/

Гэрээний 2.1-д зааснаар зээл авсан тухай бүр сар бүрийн 15-ны өдөр зээлийг төлөхөөр, хэрэв төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацаанд 1 хувийн хүү тооцохоор тохиролцсон байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд тодорхойлно.

Иймд нэхэмжлэгч нь хугацаа хэтэрсэн хүү шаардах эрхтэй.

Улмаар хугацаа хэтрүүлсэн хүүд 599,890.62 төгрөг шаардсан.

Хариуцагч нь энэхүү тооцоог үгүйсгэж маргаагүй тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

Иймд хариуцагчид зээлийн гэрээний дагуу нийт 10,635,214.85 төгрөг төлөх үүрэг үүссэн гэж үзлээ.

 

Гэрээний 2.1-д жилийн 35,000 төгрөгийн шимтгэл тооцохоор заасан нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.7-д нийцнэ.

Улмаар зээлийн гэрээг 2 жилээр байгуулсан тул нийт 70,000 төгрөгийн шимтгэл тооцогдоно.

 

Эдгээрээс үзэхэд хариуцагч нь нийт 10,705,214.85 /10,635,214.85+70,000/ төгрөг төлөх үүрэгтэй байжээ.

 

Харин эрх хэтрүүлсэн хүүгийн хувьд нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний хугацаанд гэрээнд заасан 3,000,000 төгрөгийн эрхийг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна. Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь үндэслэлийг тайлбарлаагүй бөгөөд уг хүүг хасах боломжтой талаар тайлбарласан.

            Зээлийн карт нь нэг цаг хугацаанд 3,000,000 төгрөгийн зээл олгогдохоор нөхцөлтэй байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч өөрөө зохицуулж, хязгаарлах ёстой.

            Зээлийн дансны хуулганаас үзэхэд хариуцагч нь нэг цаг хугацаанд 3,000,000 төгрөгөөс илүү зээл авч байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

            Түүнчлэн гэрээний нийт хугацаанд зээл авч, буцаан төлөлт хийх замаар авсан зээлийн нийт мөнгөн дүн нь зээлийн эрх хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл биш юм.

Мөн зээлийн эрх хэтрүүлсэн хүү гэдэг нь Иргэний хуулийн 452, 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд тус тус нийцэхгүй. Иймд зээлийн эрх хэтрүүлсэн гэж хүү тооцох үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 5,470,000 төгрөгийг буцаан төлсөн гэж тооцоо гаргасан байх бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй.

Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 5,235,214.85 /10,705,214.85-5,470,000/ төгрөг байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,804.02 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 98,713.44 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 445 дугаар зүйлийн 445.7-д зааснаар хариуцагч Г.Т-аас ЗГ/180843367 дугаар гэрээний үүрэгт нийт 5,235,214.85 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г банк ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 505,661.59 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,804.02 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 98,713.44 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД