| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/00847/И |
| Дугаар | 101/ШШ2022/01322 |
| Огноо | 2022-03-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2022/01322
2022 03 23 101/ШШ2022/01322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Ч-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г ХХК-д холбогдох,
Ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Т.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг нэхэмжилж байна. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх.
Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Ламын гэгээн овогт Цэвээндоржийн Ч нь “Г ” ХХК-д анх 2016 онд Клиник үйлчилгээний албаны касс чиглүүлэгч албан тушаалд томилогдон ажилд орсон. Улмаар 2018 оноос Санхүү бүртгэлийн албаны Агуулахын нярав албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно.
Нэг. Ажлаас үндэслэлгүй халсан тухай
Миний бие 2016 оноос хойш тус байгууллагад ажиллаж байгаа бөгөөд “Г ” ХХК-ийн даргын 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Дугаар Б/21/154 тоот тушаалаар намайг өвчтэй байх үед ажил олгогч Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалд намайг ажлаас ямар үндэслэлээр халж байгаа талаар огт дурдаагүй. Мөн миний бие ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль заалтыг үндэслэн чөлөөлж байгаа талаар дурдаагүй байна. Мөн ажлаас халсан талаар надаас тайлбар, мэдүүлэг аваагүй болно. Миний бие 2021 оны 12 дугаар сараас 12-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд өвчтэй байсан ба намайг өвчтэй байх үед ажлаас халсан юм. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. Манай байгууллагад хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй болно. Мөн Баянзүрх дүүрэгт хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг харгалзаж үзнэ үү. Мөн надад хөдөлмөрийн гэрээг эх хувиар нь өгч байгаагүй болно. Мөн би 2021.12.29-ний өдөр ажлаас халагдсан учраас 1999 оны хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Би 21 өдрөөс ажиллагаанд оролцсон. Хариуцагчийн дотоод журам байхгүй байсан тул хүсэлт гаргаж байсан. Улмаар дотоод журам ирсэн байна. Түүнчлэн лист өгсөн талаар маргахгүй гэсэн тул хүсэлтээсээ татгалзаж байна. Түүнчлэн хариуцагч нь өмгөөлөгчөөс татгалзаж байна. Хурал үргэлжлэх боломжтой. Ч нь ажиллаж байхдаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Ковидын шинжилгээний хариу эерэг гарсан. Ингээд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Улмаар өрхийн эмнэлэг гэрээр эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Энэ талаар хариуцагчид мэдэгдэж байсан. Гэтэл намайг өмчтэй байх үед хөдөлмөрийн гэрээг цуцалсан байсан. Мөн өмчтэй байхад хөдөлмөрийн гэрээг сунгуул гэж дуудаад очиход хурал хийж халсан. Тушаалд ямар үндэслэлээр халж байгаа талаар байгаагүй. Иймд өмнөх ажилд эгүүлэн тогтоож олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийлгүүлж өгнө үү. Хуулийн 37.2-т зааснаар тайлбар нь нотлох баримт юм. Тайлбар дээр хөдөлмөрийн гэрээний үүргээ бүрэн биелүүлдэггүй тул хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй гэсэн байдаг. Энэ нь үндэслэлгүй. 2006.7.3-ны Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд зааснаар хугацаатай байгуулах шалтгааныг заах ёстой байдаг. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд хугацаатай байгуулах үндэслэлийг заагаагүй. Мөн дээд шүүхийн тогтоолд хугацаа сунгах асуудлыг тайлбарласан байдаг. Нэхэмжлэгчийн ажлын байр нь байнгын ажлын байр юм. Мөн нэхэмжлэгчтэй тохиролцсон зүйл байхгүй. Мөн зөрчил гаргасан бол 131-д заасан арга хэмжээний аль нэгийг ногдуулах ёстой. Улмаар хурал хийгээд тэмдэглэл хөтлөөд танилцуулах ёстой юм. Хариуцагч нь өөрийн тайлбарыг нотлох үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн харилцааг зогсоох үндэслэл байхгүй. Тушаал яагаад халсан талаар дурдаагүй. Иймд үндэслэлгүй халсан байна гэв.
Хариуцагч “Г ” ХХК нь шүүхэд болон түүний төлөөлөгч Н.Батбаатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ч нь 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс “агуулахын нярав” албан тушаалд хугацаатай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан ажилласан ба “Хөдөлмөрийн гэрээ’’-ний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан.
Ц.Ч-тай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний хугацаа нь 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөр дуусгавар болох байсан тул байгууллагын удирдлага 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Ц.Чанцалнямын ажил үүргийн гүйцэтгэлийн байдал, түүнтэй байгуулсан ‘Хөдөлмөрийн гэрээ"-ний хэрэгжилтийг дүгнэж хуралдсан ба хурлаар Ц.Чанцалнямын 'Хөдөлмөрийн гэрээ”-г сунгах шаардлагагүй гэж дүгнэсэн. Тодруулбал Ц.Ч нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн зарим нэг үүргээ биелүүлж байгаа боловч бүрэн дүүрэн биелүүлдэггүй, идэвх санаачилгатай ажилладаггүй, ажилдаа хайнга ханддаг, ажил хийх хүсэл эрмэлзэлгүй, цаг нөхцөөсөн байдалтай ажилладаг зэрэг нь нийт хамт олонд буруу үлгэр дуурайлал болж, байгууллага, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлж байгаа тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй гэж дүгнэсэн.
Тиймээс 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Б/21/154 тоот тушаалаар Ц.Ч-тай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г дуусгавар болгосон. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Б/21/154 дугаар тушаал нь ажлаас халсан тушаал биш, харин Ц.Ч-тай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний хугацаа дуусаж, 1999 Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дэх хэсэгт заасан журмын дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал юм. Хүн бүр ажил үүрэгтээ хариуцлагатай хандаж байж, ажлыг шударгаар бүрэн дүүрэн хийж байж тухайн аж ахуйн нэгж хөгжинө, цаашлаад улс орон хөгжинө. Өнөөгийн монголчуудын ерөнхий хандлага нь ажилдаа үнэн сэтгэлээсээ ханддаггүй, ажил үүргээ бүрэн дүүрэн хийдэггүй атлаа хариуцлагаа шударгаар хүлээдэггүй, хариуцлага хүлээх чадваргүй сэтгэлгээтэй, хандлагатай байгаа нь туйлын харамсалтай. Өнөөдөр жирийн иргэн ч бай, эрх бүхий албан тушаалтан ч бай бүгд л ямар нэг асуудал болоход асуудлыг шийдвэрлэхээр зөвшилцөх, өөртөө дүгнэлт хийж буруутай бол шударгаар хариуцлагаа хүлээх сэтгэлгээгүй, чадамжгүй болсон нь улс орон хийгээд бидний бүтээгээд байгаа нийгэм хөгжихгүй байгаагийн гол шалтгаан гэж ойлгодог. Дээр доргүй юм л бол эрх ярьж, шүүх, цагдаад гомдол гаргадаг, хов жив, хэрүүл уруулаар дүүрэн нийгэм болсон нь монгол хүний хувь хүний чадамж ямархан байгааг харуулж байна. Ц.Ч-тай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г дуусгавар болгосон Б/21/154 тоот тушаал нь хуульд нийцсэн тушаал тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Дотоод журмыг гаргаж байна. Лист нь нийгмийн даатгал уруу явсан тул хуулбарыг өгч байна. Хариу тайлбараа өгсөн байгаа. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. 1.7-д гэрээний хугацаа байдаг. 1999 оны хууль болон хөдөлмөрийн дотоод журмаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар заасан байдаг. Дээд шүүхийн тайлбар дээр талууд тохиролцож хугацаатай байгуулахаар заасан байдаг. Тушаал нь халаагүй, цуцлаагүй, харин хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон агуулгатай байгаа юм. Харин 40.1-р халаагүй. Дотоод журамд хугацаатай байгуулах талаар байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээн дээр хугацаа гэдэг нь 1.7 дээр заасан байдаг юм. Иймд хугацаатай гэрээ юм. Хариу тайлбар дээр хугацаа дууссан гэснээс биш сахилгын зөрчил гэж үзээгүй болно. Сахилгын шийтгэл ногдуулаагүй. Хөдөлмөрийн харилцааг л дуусгавар болгосон юм. Хугацаатай холбоотой гэрээг хүчин төгөлдөр бус гэх асуудал яригдаж байна. Гэтэл харилцаа үргэлжлээд байсан тул гэрээний хүчин төгөлдөр бусыг ярихгүй ба хүчингүй гэж үзвэл хөдөлмөрийн маргаан яригдахгүй. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан нярвын ажил нь байнгын ажлын байх боловч эд хөрөнгө хариуцан ажилладаг тул хөдөлмөрийн гэрээг тохиролцож хугацаатай байгуулсан. Өвчтэй, эмнэлгийн магадлагаатай байсан талаар маргаагүй гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: “Г ” ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн Б/21/154 дүгээр тушаалын хуулбар /хэргийн 4 дүгээр тал/, өөрийн нийгмийн даатгалын шийтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 5-6 дугаар тал/, өөрийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 7-8 дугаар тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч нь шүүхэд: Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хэргийн 36-37 дугаар тал/, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар /хэргийн 38 дугаар тал/, нууц хадгалуулах гэрээний хуулбар /хэргийн 39 дүгээр тал/, хөдөлмөрийн гэрээ дүгнэх хуудасны хуулбар /хэргийн 40 дүгээр тал/, ажил хүлээлцэх актын хуулбар /хэргийн 41-42 дугаар тал/, тооцоо дуусгах хуудасны хуулбар /хэргийн 43 дугаар тал/, үл тохирол хяналтын хуудасны хуулбар /хэргийн 44 дүгээр тал/, 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн Ц.Ч-ын хөдөлмөрийн гэрээ дуусгавал болгох тухай Б/21/154 дүгээр тушаалын хуулбар /хэргийн 45 дугаар тал/, хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /хэргийн 75-80 дугаар тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Ч нь агуулахын нярвын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч “Г ” ХХК нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд ажлаас халаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Ц.Ч нь хариуцагч “Г ” ХХК-ний санхүү, бүртгэлийн албаны зардал бүртгэлийн хэлтэст агуулахын нярвын ажил, албан тушаалд ажиллаж байсан болох нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдсон бөгөөд энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хэргийн 36-37 дугаар тал/
Улмаар хариуцагч “Г ” ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Б/21/154 дүгээр тушаалаар Ц.Ч-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 28-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгожээ. /хэргийн 4, 45 дугаар тал/
Энэхүү тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг удирдлага болгож, улмаар 21/019 тоот хөдөлмөрийн гэрээ, 21/43 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох актыг үндэслэсэн байна.
Гэвч 21/43 тоот хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох акт үйлдэгдээгүй, өөрөөр хэлбэл хариуцагч нь уг актын талаарх өөрийн татгалзлыг нотлоогүй.
Харин 21/019 тоот хөдөлмөрийн гэрээний 1.7-д гэрээний хугацааг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэжээ.
Хэдийгээр хариуцагч нь талууд тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэх боловч хариуцагчийн маргаагүй үйл баримт болох агуулахын нярвын албан тушаал нь байнгын ажлын байр байх тул Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулах ёстой.
Цаашлаад Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар байнгын ажлын байранд талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох боловч ийнхүү хугацаатай байгуулах шаардлага, шалтгааныг тодорхой заасан байх ёстой.
Гэвч уг хөдөлмөрийн гэрээнд хугацаатай байгуулах шаардлага, шалтгааны талаар заагаагүй байна.
Үүнээс үзэхэд хөдөлмөрийн гэрээний 1.7 дахь заалт нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасантай нийцээгүй, хүчин төгөлдөр бус заалт байна.
Хөдөлмөрийн гэрээний 1.7 дахь заалт нь хуульд нийцээгүй байх боловч хөдөлмөрийн харилцаа үүсэж, үргэлжилсэн байх тул Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр юм.
Түүнчлэн маргаж буй Б/21/154 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлаагүй, харин 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг баримталсан байх тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.
Хэрэв хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн алийг баримталсныг заавал зааж, энэ талаарх үндэслэлийг холбогдох тушаалд тодорхой дурдсан байх учиртай.
Гэвч маргаж буй тушаалд энэ талаар дурдагдаагүй.
Үүнээс гадна хөдөлмөрийн гэрээнд дуусах хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэсэн боловч маргаж буй тушаалд дурдсан хугацаанаас өмнө буюу 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгосон байх тул хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр маргаж буй Б/21/154 дүгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй.
Нэгэнт нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон тул Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. /хэргийн 6 дугаар тал/
Үүнээс нэхэмжлэгчийн өмнө авч байсан 3 сарын дундаж цалин хөлсийг тооцвол 1,004,512 /(1,146,875+1,096,661+770,000)/3/ төгрөг байна.
Нэг сарын дундаж цалин хөлс нь 1,004,512 төгрөг тул нэг ажлын өдрийн цалин хөлс нь 44,644.98 /1,004,512/22.5/ төгрөг юм.
Улмаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсноос хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл нийт 61 ажлын хоног өнгөрсөн байх тул ажилгүй байсан хугацааны олговорт 2,723,343.78 төгрөг тооцогдоно.
Мөн ажилгүй байсан бүх хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгогдсон тул хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Энэхүү хэрэг нь гомдлоор авч хэлэлцсэн тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгддөг.
Харин хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, .7.1.2-т зааснаар ажил албан тушаалд эгүүлэн томилох болон олговорт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, улсын орлого болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД