Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/01382

 

 

 

 

 

 

 

                            2022        03         28

         101/ШШ2022/01382

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.П ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Э-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 967,720 төгрөг, хүү 154,840 төгрөг, алданги 561,280 төгрөг, нийт 1,683,840 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А.П ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Ч.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр С.Э нь “А.П ” ХХК-тай 21900774 дүгээр “Зээлийн гэрээ”, “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-г тус тус байгуулж, 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Toyota Vitz маркийн 13-44 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 967,720 төгрөг, хүү 864,500 төгрөг, алданги 483,860 төгрөг нийт 2,316,080 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч С.Э үүрэг гүйцэтгэх хугацааг 670 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дууссан. Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д “Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтад байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана” гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд зээлдэгч С.Э зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор гаргуулахаар шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна. Өөрөөр хэлбэл, фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон. Иймд С.Э-өөс 2019-07-28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 567,720 төгрөг, хүү 864,500 төгрөг, алданги 483,860 төгрөг, нийт 2,316,080 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2019.7.28-нд хариуцагч нь зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулж 2,500,000 төгрөг зээлсэн. Улмаар гэрээ хүчин төгөлдөр болсон. Зээлдэгч нь хуваарийн дагуу зээлээ төлөөгүй байна. Иймд 2,316,080 төгрөг төлөөгүй байна. Гэрээний хугацаа 2020.7.28-нд дууссан. Нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, фидуцийн зүйлийг нэхсэн боловч гаргаж өгөөгүй. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон. Үндсэн зээл 967 720 төгрөг, хүү 154 840 төгрөг, алданги 561 280 төгрөг, нийт 1 683 840 төгрөг нэхнэ. Хуулийн 42-т зааснаар нөгөө талын тайлбарыг эсэргүүцээгүй тул зөвшөөрсөн гэж үзнэ. Мөн тайлбар ирүүлээгүй. Иймд шаардлагыг зөвшөөрсөнд тооцно гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хэргийн 6-7 дугаар тал/, мөн өдрийн фидуцийн гэрээний хуулбар /хэргийн 8-9 дүгээр тал/, 13-44УБИ улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар /хэргийн 10 дугаар тал/, барьцаат зээлийн тооцооны хуудасны хуулбар /хэргийн 11 дүгээр тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх дараах үндэслэлээр хариуцагч С.Э-өөс зээлийн гэрээний үүрэгт нийт 1,683,840 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 632,240 төгрөгт холбогдох хэсгийг татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “А.П ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 2,316,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 632,240 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзаж, үлдэх үндсэн зээл 967,720 төгрөг, хүү 154,840 төгрөг, алданги 561,280 төгрөг, нийт 1,683,840 төгрөгт холбогдох шаардлагаа дэмжсэн.

 

Хариуцагч С.Э нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар, баримт ирүүлээгүй. Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

 

Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэлээр төлөөлөгч Ч.Батнямд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг буюу нэхэмжлэлээс татгалзах эрх олсон. /хэргийн 5 дугаар тал/

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 632,240 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Зохигчид 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан байна. /хэргийн 6-7 дугаар тал/

Энэхүү гэрээний дагуу зээл олгосон гэх барьцаат зээлийн тооцооны хуудсанд зээлийг хүлээн авсан хэсэгт гарын үсэг зурагдаагүй. Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн талаар тооцоог шүүхэд ирүүлээгүй байна. /хэргийн 11 дүгээр тал/

 

Гэвч хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, улмаар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг үгүйсгэж маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчмаар явагдах тул хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг үгүйсгэж маргаагүй тул шүүх зохигчдын маргаагүй үйл баримтыг нотлох шаардлагагүй.

 

Иймд  хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,683,840 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлөөлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Улмаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан тул, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн хэсэгт холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С.Э-өөс 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 1,683,840 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А.П ” ХХК-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 632,240 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41,891 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД