Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/01495

 

 

 

 

 

 

 

                           2022         04          04

          101/ШШ2022/01495

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: З.М-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Г ББСБ ХХК

 

          Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 27 байр, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэгдсэн, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Ө.О  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00246 дугаар захирамжаар З.А , З.М нараас 110,020,472 төгрөг гаргуулж “Г ББСБ ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан улсын бүртгэлийн Ү- 2204009469 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 27 байр, ... тоот 2 өрөө 29 м.кв орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20280299/7 дугаар тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авах тухай мэдэгдлийг өгсөн боловч талууд үнийн санал дээр тохиролцоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр хийлгэхээр “Виннэр Вэй” ХХК-ийг томилсон байна. Хөрөнгийн үнэлгээний “Виннэр Вэй” XXК нь З.М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 27 байр, ... тоот 2 өрөө 29 м.кв талбайтай орон сууцыг 79,332,000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр тайлангийн хувийг гардаж авахдаа мэдлээ. Миний бие дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн жишиг үнэлгээ 90,000,000 -100,000,000 төгрөг байхад “Виннэр Вэй” ХХК нь зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг тогтоохдоо 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 68,460,000 төгрөгөөр худалдан борлуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг ашигласан бөгөөд орон сууцны 1 м.кв-ыг нь 1,416,643 төгрөгөөр үнэлсэн байгаа нь үл хөдлөх хөрөнгийг минь хэт үнэгүйдүүлсэн гэж үзэж байна. Бодитоор 56 м.кв талбайтай болох нь тайланд бичигдсэнээр тогтоогдох ба одоо 1 м.кв нь 1,4 сая төгрөгийн байр гэж хаана ч байхгүй билээ. Хэдийгээр миний өмчлөлийн орон сууц төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө мөн боловч зах зээлийн бодит ханшид нийцсэн үнэлгээгээр үнэлэгдэх нь өмчлөгчийн эрх ашиг болон шударга ёсны зарчим, цаашлаад хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд З.М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 27 байр, ... тоот 2 өрөө 29 м.кв талбайтай орон сууцыг 79,332,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Хүсэлтийг хангаагүй тул шударгаар шийднэ гэдэгт эргэлзэж байгаа тул шүүгчээс татгалзаж байна. Түдгэлзүүлэх хүсэлтийг 3  дахь удаагүй гаргасан. Гомдлын бүрэлдэхүүн дахиад хүсэлтээ гарга гэсэн. Дахин гарахад хүсэлтийг хангаагүй. Өнөөдрийн хүсэлтийг тодруулж гаргасан боловч хангаагүй. Захирамжид гомдол гаргах эрхтэй. Гэтэл эрхгүй гэж захирамж гаргасан. Энэ нь хуулийн 91.1.3-т хамаарч байгаа юм. Хариуцагчийн төлөөлөгчийг хуралд оролцуулах ёстой байсан юм гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.Б   нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г ББСБ ” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б   би иргэн З.М-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

  1. Иргэн З.Мөнх-Эрдэнэ, З.А  нар нь 2018 оны 05-р сарын 30-ны өдөр зээлийн хүсэлт гаргасныг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр манай байгууллага 20,000,000 /Хорин сая/ төгрөгийг 6 сарын хугацаатай 4 хувийн хүүтэйгээр З.М-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-..... дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, 27 байр, ... тоот хаягт байрлалтай 29 m2 талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан ЗГ1806/22 тоот Зээлийн гэрээ, ҮБГ 1806/22 тоот үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг хамтран байгуулж 1194159 тоот барьцаалбар үйлдэн нотариатаар баталгаажуулан, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэн зээл авсан. Зээлдэгч нарын хүсэлтээр 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ЗГН1812/23 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулан зээлийн үлдэгдэл болох 8,000,000 /Найман сая/ төгрөг дээр нэмж 3,000,000 төгрөгийг зээлж авсан буюу нийт зээлийн хэмжээ 11,000,000 /Арван нэгэн сая/ төгрөг болж зээлийн хугацааг нэмж 6 сараар сунгасан /2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл/.

Мөн зээлдэгч нарын хүсэлтээр 2018 оны 12-р сарын 12-ны өдөр 2013 онд үйлдвэрлэсэн JTMHV05J0041188824 арлын дугаартай, 9400УБЗ улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй Тоёота Ланд Круйзер 200 маркийн суудлын автомашиныг нэмж барьцаалан ФГ1806/22 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /Фидуци/ гэрээ, ЗГН1812/25 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулан зээлийн үлдэгдэл болох 11,000,000 /Арван нэгэн сая/ төгрөг дээр нэмж 70,000,000 / Далан сая/ төгрөгийг зээлж авсан буюу нийт зээлийн хэмжээ 81,000,000 /Наян нэгэн сая/ төгрөг болж зээлийн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулаагүй болно. Манай зүгээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргаж хариуцагч нартай шүүхийн шатанд эвлэрч 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 101/ШШ2020/00246 тоот “ Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсан. Гэвч хариуцагч нар эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагын зүгээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт тавьж 2020 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн дугаар 101/LU32020/05017 тоот “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, 2020 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн дугаар 101/Ш32020/359 тоот “гүйцэтгэх хуудас”-ын хамт гаргуулж авч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт тавин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн болно.

  1. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа маш удаан явагдсан бөгөөд нэхэмжлэгч З.М 2021 оны 01 дүгээр сард тус шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-..... дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, 27 байр, ... тоот хаягт байрлалтай 29 m2 талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолуудыг хүчингүй болгуулахаар үндэслэлгүйгээр гомдол гаргаж 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн дугаар 101/ШШ2021/01431 тоот шүүхийн шийдвэрээр гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Улмаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба 2021оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 1152 тоот магадлалаар мөн адил Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн дугаар 101/1111112021/01431 тоот шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон болно.

Иймд, төлбөр төлөгч З.М нь үл хөдлөх үнэлгээнд үндэслэлгүйгээр гомдол гаргаж, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ажиллагааг л удаашруулах зорилготой байна. Нэхэмжлэгч болон Алтантуяа нар нь зээлийн хүсэлт гаргаснаар 20 сая төгрөгийг зээлүүлсэн. Улмаар 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Улмаар барьцаалбар үйлдэж бүртгүүлсэн. Дараа нь нэмж зээл авч нийт 70 саяын зээл болсон. Шүүх дээр эвлэрч захирамж гарсан. Гэвч эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул албадах захирамж гаргуулсан. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Ажиллагаа маш удаан явагдсан бөгөөд нэхэмжлэгч нь тус шүүхэд эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргасан. Ингээд шийдвэрээр гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Ингээд давж заалдах шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгч нь төлбөр төлөхөөс санаатайгаар саад учруулж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4-163/451 дүгээр үнэлгээний мэдээлэл хүргүүлэх тухай албан тоот /хэргийн 7 дугаар тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 359 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар /хэргийн 38 дугаар тал/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 00246 дугаар захирамжийн хуулбар /хэргийн 39-40 дүгээр тал/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 20280299 дүгээр тогтоолын хуулбар /хэргийн 41 дүгээр тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 202802299/04 дүгээр тогтоолын хуулбар /хэргийн 42 дугаар тал/, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх болон зарлан дуудах мэдэгдлийн хуулбар /хэргийн 43 дугаар тал/, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хэргийн 44 дүгээр тал/, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 8/737 дугаар албан тоотын хуулбар /хэргийн 44 дүгээр тал/, З.М-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000642267 дугаар гэрчилгээний хуулбар /хэргийн 45 дугаар тал/, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 20280299/14 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар /хэргийн 46 дугаар тал/, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /хэргийн 47 дугаар тал/, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар 2 ширхэг /хэргийн 48-49 дүгээр тал/, автомашины гэрэл зураг 18 ширхэг /хэргийн 50-51 дүгээр тал/, 2020 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн зарлан дуудах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдлийн хуулбар /хэргийн 52 дугаар тал/, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хэргийн 53 дугаар тал/, эд хөрөнгө хураах тухай 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолын хуулбар /хэргийн 54-55 дугаар тал/, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хэргийн 56 дугаар тал/, нэхэмжлэгч З.М-ийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай саналын хуулбар /хэргийн 57 дугаар тал/, “Гарь капитал ББСБ” ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 2112/99 дугаар шинжээч томилуулах тухай албан тоотын хуулбар /хэргийн 58 дугаар тал/, З.А гийн шинжээч томилуулах тухай хүсэлтийн хуулбар /хэргийн 59 дүгээр тал/, шинжээчид хууль сануулсан баримтын хуулбар /хэргийн 60, 83 дугаар тал/, шинжээч томилох тухай 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 12/387 дугаар тогтоолын хуулбар, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар /хэргийн 62-80 дугаар тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4-163/452 дугаар үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотын хуулбар /хэргийн 81 дүгээр тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4-163/451 дугаар үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотын хуулбар /хэргийн 82 дүгээр тал/, үнэлгээний тайлан хүлээлцсэн баримтын хуулбар /хэргийн 84 дүгээр тал/, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /хэргийн 85 дугаар тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Гуравдагч этгээд нь шүүхэд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01431 дүгээр шийдвэр /хэргийн 112-117 дугаар тал/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 1152 дугаар магадлал /хэргийн 118-123 дугаар тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж, хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийг танилцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг тайлбарлан өгч, татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг лавласан. Шүүх хуралдаанд оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжилж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.О  нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийг оролцуулах, нэмэлт тайлбар гаргах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Улмаар шүүх хуралдааныг завсарлуулан хүсэлтүүдийг хэлэлцэж, хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргасан. Энэ үед нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

Шүүх хуралдаан тодорхой дэг, дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарласан боловч татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон тухайн үед гэж зохицуулсан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь шүүхэд олгосон бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа юм. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь заалтад үндэслэл тогтоогдсон үед гэдэг нь татгалзан гарах этгээдэд холбогдох үүргийн талаар бөгөөд харин зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ талаар мэдэгдэх тухай зохицуулалт юм. Тодруулбал, хуулийн энэхүү зохицуулалт нь хуралдааны дурын үед шүүгчийг татгалзан гаргах эрх олгосон зохицуулалт биш. Иймд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж, байхгүй гэж хариулснаас хойш хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарах хүртэл хугацаанд шүүгчийг татгалзан гаргах үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй. Эдгээр үндэслэлээр шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нэгэнт гаргаагүй, улмаар үндэслэлгүйгээр хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзсэн болно. Иймд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч З.М нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 27 байр, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэгдсэн, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй боловч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтыг ирүүлсэн.

 

Гуравдагч этгээд “Г ББСБ ” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа урт хугацаанд үргэлжилж байна, өмнө нь нэхэмжлэгч нь битүүмжлэх, хураах тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаад хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгч нь төлбөр төлөхөөс санаатай зайлсхийж байна гэж маргасан.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 00246 дүгээр захирамжаар “Г ББСБ ” ХХК-ний нэхэмжлэлтэй З.А , З.М нарт холбогдох хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 39-40 дүгээр тал/

Улмаар 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дээрх 00246 дугаар захирамжийг албан гүйцэтгэх талаар шүүхийн 359 дүгээр гүйцэтгэх хуудас бичигджээ. /хэргийн 38 дугаар тал/

Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 20280299 дүгээр тогтоол гарсан байна. /хэргийн 41 дүгээр тал/

 

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад маргаж буй ... тоот орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр битүүмжлэх, мөн оны 12 дугаар сарын 23-ны өдөр хураах ажиллагаа хийгдсэн байна. /хэргийн 42-44, 54-56 дугаар тал/

 

Цаашлаад нэхэмжлэгч З.М нь маргаж буй ... тоот орон сууцны талаарх 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 20280299/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 20280294/05 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01431 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 112-117 дугаар тал/

Үндэслэл нь: Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, тодруулбал эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хууль зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй, харин 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 20280294/05 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 10/158 дугаар тогтоолоор хүчингүй болгосон гэж дүгнэсэн байна.

Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 1152 дугаар магадлалаар дээрх 01431 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хэргийн 118-123 дугаар тал/

Мөн дээрх 01431 дүгээр шийдвэр, 1152 дугаар магадлалд уг хэргийн зохигчид Улсын дээд шүүхэд гомдол гаргасан эсэх талаар энэ хэргийн оролцогчид маргахгүй байх тул тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзнэ.

Иймд маргаж буй ... тоот орон сууцыг битүүмжилсэн ажиллагаа болон түүнээс өмнөх ажиллагаа нь хуульд нийцсэн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар эдгээр үйл баримтыг шүүх дахин нотлохгүй.

 

Үүний дараа 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай 20280299/7 дугаар тогтоолоор маргаж буй ... тоот орон сууцыг хураах ажиллагаа дахин явагдсан байна. /хэргийн 54-56 дугаар тал/

Ийнхүү эд хөрөнгө хураах ажиллагаанд нэхэмжлэгч З.М болон хөдлөнгийн 2 гэрч оролцож, жагсаалт үйлдсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан зохицуулалт зөрчигдөөгүй гэж үзлээ.

Түүнчлэн эд хөрөнгө хураах ажиллагааны талаар зохигчид маргаагүй. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох, өөрөөр хэлбэл дахин хийгдсэн хураах ажиллагаа нь хуульд нийцэж буй эсэх талаар дүгнэх шаардлагагүй юм.

 

Улмаар нэхэмжлэгч З.М нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ... тоот орон сууцыг үнэлэх боломжгүй гэсэн үндэслэлээр шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасан байна. /хэргийн 57 дугаар тал/

Мөн гуравдагч этгээд “Г ББСБ ” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр, төлбөр төлөгч З.А  нь мөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус тус шинжээч томилох тухай хүсэлт гаргажээ. /хэргийн 58-59 дүгээр тал/

Ийнхүү төлбөр авагч, төлбөр төлөгч нар хүсэлт гаргаснаар 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн шинжээч томилох тухай 12/387 дугаар тогтоолоор маргаж буй ... тоот орон сууцны үнэлгээг гаргах шинжээчээр “Виннэр вэй” ХХК-г томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т нийцсэн байна. /хэргийн 61 дүгээр тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчид холбогдох хуулийг танилцуулж, баримт үйлдсэн байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т нийцнэ. /хэргийн 60 дугаар тал/

 

Шинжээч “Виннэр вэй” ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үнэлгээний талаарх дүгнэлтийг гаргаж, хүлээлгэн өгсөн байна. /хэргийн 62-84 дүгээр тал/

Энэхүү үнэлгээгээр ... тоот орон сууцыг 79,332,000 төгрөгөөр үнэлжээ. Үнэлгээний тайлангаас үзэхэд ойролцоо байрлалтай, адил өрөө, талбайтай 3 орон сууцны үнийг харьцуулж үнэлгээг тогтоосон байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан зах зээлийн үнээс доогуур үнэгүйдүүлж үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид өөрийн тайлбарыг өөрөөр нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргах үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

Гэвч нэхэмжлэгч нь маргаж буй ... тоот орон сууцыг зах зээлийн үнээс доогуур үнэгүйдүүлж үнэлсэн гэх тайлбараа нотлоогүй бөгөөд энэ талаар шүүхэд ямар нэг баримт ирүүлээгүй.

 

Түүнчлэн дээрх үнэлгээний талаар нэхэмжлэгч З.Мөнх-Эрдэнэд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдсэн болох мөн өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-163/454 дүгээр албан тоот, түүнд дарагдсан шуудангийн дардсаар тогтоогдсон. /хэргийн 82 дугаар тал/

Ийнхүү үнэлгээний талаарх мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т нийцэх бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д зааснаар шууданд шилжүүлснээр хүргүүлсэнд тооцно.

 

Гэвч нэхэмжлэгч нь үнэлгээний талаарх гомдлоо анх 2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлсэн байна. /хэргийн 17-18 дугаар тал/

 

Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй, шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргааныг хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчдын төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Гэвч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 27 байр, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэгдсэн, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч З.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД