| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0726/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/738 |
| Огноо | 2024-09-20 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/738
2024 9 20 2024/ШЦТ/738
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч Д.Агар
шүүгдэгч “***”
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403004060526 дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны “***”“***” төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, “***”мэргэжилтэй, ““***”“***”ажилтай, ам бүл 5; нөхөр, “***”оршин суух, урьд ял шийтгэлгүй,
“***”дугаарын регистртэй, “***”овогт “***”
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч “***” нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх ““***”” сургалтын төвийн мэргэжлийн сургалтын байгууллагад “***”мэргэжил эзэмшсэн гэх хуурамч 2020/195 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан “***”нийгэмлэг ““***”“***”ажилд орсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч “***” шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Тиймээс дахин ярих зүйл байхгүй. Би 2022 оны 11 дүгээр сарын 25-нд “***”ажилд орсон. 2023 оноос “***”ажилласан. Одоо энэ ажлаа хийж байгаа.
Дэлгүүрт түгээлт хийгээд явж байгаад мэргэжлийн үнэмлэх гаргаж өгдөг гэсэн яриаг сонссон. Тэгээд тэр хүнтэй уулзаж бичиг баримтаа өгөөд нэг хэсэг чимээгүй болчихсон. Дараа нь бэлэн болсон гэхээр нь аваад энэ ажилд орсон гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч байгууллагын төлөөлөгч “***”“... “***”“***”гийн хувьд бол хөдөлмөрийн гэрээнийхээ хүрээнд заагдсан ажлыг бүрэн гүйцэтгэж, түүндээ тохирох цалин, хөлс, урамшууллыг авсан гэж бодож байна. Тэгэхээр манай байгууллагаас энэ асуудалд хохирол учраагүй. Харин “***”гийн ашиглаж байгаа мэргэжлийн үнэмлэх нь хуурамч болох нь тогтоогдож, шүүх байгууллагын албан ёсны шийдвэр гарвал түүнийг “***”-ын сургалтын байгууллагад давтан сургалтад хамруулж, мэргэжлийн боловсролын гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулна гэсэн бодолтой байна” /хх-н 11-13/ гэж,
гэрч “***”“... манай ажилтан “***” нь “***”-ын “***”даргын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/835 дугаартай тушаалаар дагалдан “***”томилогдож, мөн байгууллагын даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/308 дугаартай тушаалаар “***”жинхэлсэн байна. Ажилтны цалингийн картаас харахад энэ хугацаанд тасралтгүй ажилласан байна. Үүнээс үзэхэд “***” нь хийснээр авсан цалин нь өнөөдрийн байдлаар 21.167.838 төгрөг байна. Үүн дээр бусад нэмэгдэл буюу урамшуулал нь 29.204.331 төгрөг байна. Нийт 50.372.169 төгрөгийн цалин, урамшуулал бодогдсон байна. Энэ дүнгээс хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, “***”-ын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар болох 10.305.517 төгрөгийг хасаж бодоход вагоны үйлчлэгч “***” нь ХАС банкны “***”дугаарын дансаар нийт 40.066.652 төгрөгийн цалин, урамшуулал авсан байна” /хх-н 16-17/ гэж,
гэрч “***”“... манай сургалтын төвийн хувьд үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй, фото цаасан дээр гаргадаг байсан. Манай байгууллагын хувьд архивын нэгж гэж хадгалаагүй. Надад харуулсан 2020/195 дугаартай мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвөөс гаргаж байсан мэргэжлийн үнэмлэх мөн байна. Надад үзүүлсэн албан бичгийг харлаа. Анх манай сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжлийг үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно. Дээрх нэр бүхий иргэдийн мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвд элсэн суралцаж төгсөөгүй. Улаанбаатар төмөр замын байгууллагад ажиллаж байгаад мэргэжлийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа иргэдээс танил тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж гаргуулан авсан мэргэжлийн үнэмлэх байна. Дээрх нэр бүхий 47 иргэнийг манай сургалтын төвийг суралцан төгссөн гэх нотлох баримт надад байхгүй. Бүгд суралцаагүй болон худалдан авсан, мөн танил талаараа гуйлгаж авсан мэргэжлийн үнэмлэхүүд байна. Төмөр замын байгууллагын ажилтан нар л дандаа ажлын байр өөрчлөх эсвэл засварчин, туслах машинч болох ажлын байрны шалгуур, шаардлагыг хангахаар авдаг байсан. Тухайн иргэд мэддэг байсан. Танил талаар гуйлган авсан иргэдэд миний зүгээс асуудалд орох талаар хэлдэг байсан. Тухайн мэргэжлийн үнэмлэх гаргуулан авсан төмөр замын байгууллагын ажилтан, иргэд асуудлаа өөрсдөө хариуцна гэж хэлээд гаргуулан авч байсан” /хх-н 118-122/ гэж,
гэрч “***”“... Mergejil.mn буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд нь анх манай институтээс нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг” /хх-н 124-126/ гэж,
гэрч “***”“... Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Мэргэжпийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 12 дугаар анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжпийн үнэмлэх нь жилээр мэргэжил эзэмшсэн бол тогооч, үсчин гэх мэт хамаардаг. Мэргэжлийн сургалтын бие даасан нэг том салбар учраас. Мөн төгсөлтийн баримт бичгийг баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн байдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй. Үндэсний үнэт цаас ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас олгох ажлууд өндөр хяналтын дор явагддаг” /хх-н 129-131/ гэж тус тус мэдүүлжээ.
Түүнчлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн “... “***” сургалтын төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/97, А/231 дүгээр тушаалаар батлагдсан “Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ын дагуу мэргэжлийн сургалтын байгууллагын Бүртгэлийн гэрчилгээ авч байгаагүй болно” гэсэн 1/78 дугаартай албан бичиг /хх-н 64/,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А/267 дугаартай тушаалаар баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам”/хх-н 97-110/,
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн “... Нэр бүхий иргэдийн мэдээлэл мэргэжлийн сургалтын байгууллагын www.mergejil.mn нэгдсэн системд бүртгэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэсэн 1/190 дугаартай албан бичиг /хх-н 113/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч “***”гийн үйлдэл мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч
шүүгдэгч “***” “... би “***”гэсэн боловсролын үнэмлэхийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч байна /хх-н 165-167/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.
Иймд шүүгдэгч “***”г “мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч “***”д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж, түүний хувийн байдал, хохирол, хор уршгийг арилгасан байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзав.
Шүүгдэгч “***”гийн хувийн байдалтай холбоотой:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 170/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 175/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 172/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-н 174/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 173/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “***”шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч “***” цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн тооцогдсон 2020/195 дугаартай “Мэргэжлийн үнэмлэх”-ийг хэрэгт хавсарган үлдээв.
Шүүгдэгч “***” шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. “***”овогт “***”г “хуурамч бичиг баримт ашигласан” буюу “мэргэжлийн үнэмлэх”-ийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***”г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч “***” шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч “***” цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.
5. Эд мөрийн баримтаар хураагдсан 2020/195 дугаартай “Мэргэжлийн үнэмлэх”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл “***”д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ