Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2026/00093

 

М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/08003 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 210/МА2026/00084 дүгээр магадлалтай

М-гийн нэхэмжлэлтэй,

Н, Ө нарт холбогдох

Өмчлөх эрхийг сэргээж, төлбөл зохих мөнгөн дүнг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Н, түүний өмгөөлөгч буюу хариуцагч Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж, хариуцагч Н, хариуцагч Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Нийн өмгөөлөгч Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч М- нь хариуцагч Н, Ө нарт холбогдуулан өмчлөх эрхийг сэргээж, төлбөл зохих мөнгөн дүнг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/08003 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н, Ө нарт холбогдох өмчлөх эрхийг сэргээж, төлбөл зохих мөнгөн дүнг тогтоолгох тухай нэхэмжлэгч М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч М-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 210/МА2026/00084 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/08003 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан Б, А нарын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2440 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, А, Н нарын хооронд байгуулагдсан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2877 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, Н, Ө нарын хооронд байгуулагдсан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0527 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, *** орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М-г бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Төлбөл зохих төлбөрийн дүнг тогтоолгох” тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М-гаас 20,000,000 төгрөг гаргуулж хариуцагч Нид олгосугай.” гэж,

 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-оос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М-д, нэхэмжлэгч М-гаас 257,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Нид олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Н, түүний өмгөөлөгч буюу хариуцагч Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бодитой үнэлээгүй тул хяналтын гомдол гаргаж байна.

4.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-ийг буруу тайлбарласан тухай.

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд хийгдсэн хэлцлийг дүр үзүүлэн хийсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Дүр үзүүлсэн хэлцэл нь эрх зүйн үр дагавар бий болгох хүсэл зориггүй байхыг шаарддаг. Гэтэл хариуцагч Н миний бие нэхэмжлэгчийн өмнөөс 27,000,000 төгрөгийг Б-гийн данс руу зээл хаах зорилгоор, 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн хүү Х-гийн Хаан банкны *** тоот данс руу, 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж-ын данс руу тус тус бодитоор шилжүүлсэн. Хариуцагч нь худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж 20,000,000 төгрөгийг нэмж нэхэмжлэгчид төлсөн түүнийг нэхэмжлэгч хүлээн авсан. Нийт 47,000,000 гаруй төгрөгийг бодитоор төлж, орон сууцыг худалдан авах хүсэл зоригоо илэрхийлсэн байхад шүүх үүнийг дүр үзүүлсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 56.1.1-ийг ноцтой буруу тайлбарласан үйлдэл юм. Талуудын хооронд Иргэний хуулийн 189.1-д заасан гэрээний эрх чөлөөний хүрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах, өмчлөх эрхийг шилжүүлэх бодит харилцаа үүссэн.

4.2. Буцаан худалдан авах эрхийн хугацаа (Иргэний хууль 265.1, 268.1)

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 265.1-д заасан Буцаан худалдан авах нөхцөлтэй гэрээ байсан гэж зөв дүгнэсэн. Нэхэмжлэгч тал байраа авч чадахгүй болсны улмаас дээрх төлбөрүүдийг хүлээн авч, орон сууцыг хариуцагчид худалдахаар харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 268.1 -д зааснаар буцаан худалдан авах эрх хэрэгжүүлэх хугацаа өнгөрсөн бөгөөд нэхэмжлэгч тал төлбөрөө эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй. Үүрэг зөрчигдсөн тул хариуцагч өмчлөх эрхийнхээ хүрээнд хөрөнгийг захиран зарцуулж гуравдагч этгээдэд худалдсан нь хууль ёсны юм. Давж заалдах шатны шүүх энэхүү хугацаа болон үүргийн гүйцэтгэлийг дүгнэлгүй орхигдуулсан байна.

4.3. Шударгаар олж авагчийн эрхийг зөрчсөн тухай (Иргэний хууль 183.1)

Давж заалдах шатны шүүх Ө-ын өмчлөх эрхийг хүчингүй болгохдоо Иргэний хуулийн 183.1-ийг буруу хэрэглэсэн. Ө нь улсын бүртгэлд Н миний бие өмчлөгчөөр бүртгэлтэй байх үед зах зээлийн ханшаар худалдан авсан. Түүнийг шударга бус гэж үзэх баримт хэрэгт байхгүй атал шүүх бүртгэлийн үнэн зөв байдалд итгэж хөрөнгө олж авсан иргэний эрхийг зөрчлөө.

4.4. Нотлох баримтын үнэлгээ ба ИХШХШТХуулийн 40.1, 40.2.

Шүүх хэрэгт авагдсан нийт 47,000,000 гаруй төгрөгийн төлбөр тооцооны баримтуудыг хэрхэн үнэлсэн тухайгаа магадлалд тодорхой дурдаагүй. ИХШХШТХуулийн 40.1, 40.2-т зааснаар шүүх нотлох баримтыг тал бүрээс нь, бодитойгоор үнэлэх үүрэгтэй. Хариуцагчийн зүгээс гаргасан бодит зардлуудыг (банкны хуулгаар нотлогдсон) үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна. Нэхэмжлэгч М маргаан бүхий байрыг нэхэмжлэх эрхгүй, учир нь гуравдагч этгээдэд худалдаж гуравдагч этгээд нь мөн бусдад худалдаж хэд хэдэн этгээд рүү шилжсэн байхад энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Хуулийг буруу хэрэглэсэн.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч Н, түүний өмгөөлөгч буюу хариуцагч Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2026.03.26-ны өдрийн 001/ШХТ2026/00323 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

 6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч М- нь хариуцагч Н, Ө нарт холбогдуулан өмчлөх эрхийг сэргээж, төлбөл зохих мөнгөн дүнг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...*** орон сууцыг барьцаалж бусдаас зээл авсан байсан ба зээлийн төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн учир 2020.10.08-ны өдөр хариуцагч Ноор зээлээ төлүүлж, уг орон сууцны өмчлөх эрхийг түүний шаардсанаар бусдад шилжүүлсэн. Хариуцагч Нид дансаар 6,150,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөг, цалингаас 5,000,000 төгрөг тус тус төлсөн. Гэтэл нэмж 50,000,000 төгрөг шаардаж, улмаар Ө гэх хүн рүү шилжүүлсэн байна. Иймд уг орон сууцны өмчлөх эрхийг буцаан авч, Н-д төлбөл зохих төлбөрийг тогтоож өгнө үү...” гэж тайлбарласан.

Хариуцагч Н хариу тайлбартаа: “...хамт ажилладаг байсан Ж орон сууцаа зээлийн барьцаанд алдах гээд байна гэхэд нь би өрийг нь төлж, тухайн орон сууцыг худалдаж авъя гээд 28,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Ж орон сууцаа буцааж худалдаж авъя гэхэд нь зөвшөөрч, 30,000,000 төгрөг бэлнээр надад төлөх ёстой, 30,000,000 төгрөгийн хүү нь тухайн байрныхаа оронд барьцаанд тавьсан 1.5 хувийн хүү буюу 450,000 төгрөг байгаа, үүнийгээ ядаж төлөөд явж байгаад зээлээ хаана, зээлээ авах үед та хэд мөнгө төгрөгөө нэмэлтээр өгөөд, жилийн дотор хааж дуусгаад, асуудлаа цэгцэлье гэсэн тохиролцоонд хүрсэн боловч биелүүлээгүй. ...дахин тохиролцоонд хүрээд 20,000,000 төгрөгийг нэмж шилжүүлээд байрыг авсан, хууль ёсны өмчлөгч. Ингээд байрыг Өод худалдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж,

Хариуцагч Ө хариу тайлбартаа: “...Би тус орон сууцыг 30,000,000 төгрөгөөр Ноос худалдаж авсан. Уг орон сууцыг М-, түүний хүү Ж нар чөлөөлж өгөхгүй, түрээслье гэж гуйсан учир сарын 800,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Гэвч түрээсээ дутуу төлсөн учир орон сууцыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж, шүүхээс орон сууцыг албадан чөлөөлөх шийдвэр гарсан. Нэгэнт Өын өмчлөлд шилжсэн байхад өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлага гаргасан нь ойлгомжгүй, нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна…” гэж тус тус тайлбарласан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Нэхэмжлэгч М- болон хариуцагч Н нарын хооронд Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ. Гэхдээ тухайн орон сууцыг ямар хугацааны дараа буцаан худалдан авах талаар анх тодорхой хугацаа тогтоогүй хэдий ч 2023.09.06-ны өдөр Жаас “Захирлаа бид хэд сайн ярилцаж байгаад 5 дахь өдөр эцсийн хариугаа хэлбэл яахаар байна” гэх зурвас илгээсэн, хариуцагч Н 2023.11.17-ны өдөр “би маргаашнаас 50 саяд зарна гэж зар тавиад гэрчилгээг чинь шилжүүлээд зарлаа, байр суллаарай” гэх зурвас илгээснээс үзэхэд нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг буцаан худалдан авах хугацааг хэтрүүлсэн буюу хариуцагч Нийн шаардсан хугацаанд орон сууцыг буцаан худалдан аваагүй гэж үзнэ. ...Улмаар хариуцагч Н нь орон сууцыг Өод худалдаж, тухайн үеийн зах зээлийн ханшийн зөрүү төлбөрийг нэхэмжлэгчид буюу түүний хүү Х-д 15,000,000 төгрөг, Жд 5,000,000 төгрөг төлсөн нь Иргэний хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. ...Хариуцагч Ө нь маргаан бүхий орон сууцыг гэрээний үндсэн дээр худалдан авч өмчлөгч нь болсон байх бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 192/ШШ2025/01917 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Жын эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. ...Иймд орон сууцны өмчлөх эрхийг сэргээж, төлбөл зохих мөнгөн дүнг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ...” гэж дүгнэсэн,

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “...Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоосон боловч нэхэмжлэгч М- болон хариуцагч Н нарын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдах авах нөхцөлтэй гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч М- болон хариуцагч Н нар анхнаасаа орон сууцыг буцаан худалдах-худалдан авахаар эрх үүргийн хувьд холбогдох жинхэнэ хүсэл зориг байгаагүй, энэ талаар талууд маргаагүй. Хариуцагч Н нь нэхэмжлэгч М-гийн бусдад төлөх зээлийн өрийг төлөхдөө барьцаалах зорилгоор түүний өмчлөлийн орон сууцыг шилжүүлж авсан тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд 2020.10.08-ны өдөр Б, А нарын хооронд байгуулагдсан Худалдах-худалдан авах гэрээ, 2020.12.17-ны өдөр Н, А нарын хооронд байгуулсан Худалдах-худалдан авах гэрээнүүд тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Иргэн Ө нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч М-гийн өмчлөлийн орон сууц болохыг мэдсэн атлаа, өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдсээр байж тэрээр Нтой 2024.02.28-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны өмчлөгч болсон нь шударгаар хандсан гэж үзэх нөхцөл байдалд хамаарахгүй. Энэ тохиолдолд Өыг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.4 дэх хэсэгт зааснаар шударгаар өмчлөх эрхийг олж авсан гэж дүгнэх боломжгүй юм. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг анхааралгүй, хэргийн баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, Ө болон Н нарын хооронд байгуулсан худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэлд тооцно. М-, Н нарын хооронд буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ байгуулагдаагүй байх тул Ноос Х-д шилжүүлсэн 15,000,000 төгрөг, Жд шилжүүлсэн 5,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь авсан гэж үзнэ. Иймд М-гаас 20,000,000 төгрөгийг гаргуулж Нид олгосноор хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу үүссэн эрх зүйн үр дагаврыг арилгана. Нэхэмжлэгч М- нь хариуцагч Нид хэдэн төгрөгийн өр төлбөртэй байсан буюу төлбөл зохих мөнгөн дүнг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг уг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжгүй...” гэсэн дүгнэлт хийжээ.

9. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх үйл баримтыг адил тогтоосон боловч эрх зүйн өөр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хянан хэлэлцлээ.

10. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М-, иргэн Ж болон “М” ХХК-ийн хооронд 2019.03.01-ний өдөр 9,000,000 төгрөгийг зээлэх, зээлдүүлэхээр ЗГ-2019030100257 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр Зээлийн барьцааны гэрээг байгуулж, маргаан бүхий орон сууцыг барьцаалсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй тул Д, Б нараар зээлийг төлүүлж, худалдах-худалдан авах гэрээ байгуулж орон сууцыг барьцаалсан байсан. Хариуцагч Н 2020.10.08-ны өдөр иргэн Бд зээлийн төлбөрт 27,000,000 төгрөгийг төлж, орон сууцыг өөрийн найз Аын өмчлөлд бүртгүүлсэн. Үүний дараа 2020.12.17-ны өдөр А болон хариуцагч Н нарын хооронд уг орон сууцыг 30,000,000 төгрөгөөр Н нь худалдаж авсан гэх худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Улмаар 2024.02.28-ны өдөр уг орон сууцыг Өод 30,000,000 төгрөгөөр худалдаж, Ө өмлөгчөөр бүртгэгдсэн байна.

11. Нэхэмжлэгч М- нь өөрийн орон сууцыг бусдад худалдаагүй гэх үндэслэлээр Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Голден парк, 101 дүгээр байр, 118 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлага гаргасныг давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Тухайлбал, нэхэмжлэгч нь маргааны зүйл болсон *** орон сууцны өмчлөгчөөр 2017 оноос бүртгэгдсэн. Улмаар “М” ХХК-аас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж барьцаалсан боловч зээлийн төлбөрийг төлөх боломжгүй байснаас өрийг бусдаар төлүүлж, иргэн Бгийн өмчлөлд бүртгэгдсэн байна.

Хариуцагч Н нь М-гийн хүү Жтай хамт ажилладаг бөгөөд тэрээр Бд зээлийн төлбөрт 27,000,000 төгрөгийг төлснөөр Б А нарын хооронд 2020.10.08-нд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, орон сууцны өмчлөх эрхийг Аын өмчлөлд шилжүүлсэн, 2020.12.17-нд Н нь Атай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг өөрийн өмчлөлд бүргүүлжээ. Энэ хугацаанд нэхэмжлэгч М-гийн хүү Ж дээрх зээлийн төлбөрийг Нид буцаан төлж, орон сууцаа буцаан худалдан авахаар тохиролцсон боловч төлбөрт 11,600,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлж барагдуулаагүй үндэслэлээр Н нь орон сууцыг өөрийн найз Өод 30,000,000 төгрөгөөр худалдахаар худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар орон сууц Өын өмчлөлд шилжжээ.

12. Нэхэмжлэгч М-гийн хүү Ж зээлийн төлбөрийг төлж, орон сууцаа Ноос буцаан авах тохиролцоог М-, Н нарын хооронд эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу. Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул нэхэмжлэгчийг орон сууц буцаан худалдан авах үүргээ биелүүлээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

13. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан бөгөөд хариуцагч Н нь нэхэмжлэгч М-гийн орон сууцыг бодитоор худалдан авсан үйл баримт тогтоогдоогүй, харин зээлийн төлбөрт барьцаалж, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж авсан байх тул 2020.10.08-ны өдрийн Б болон А, 2020.12.17-ны өдрийн А болон Н нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

14. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, 109 дүгээр зүйлийн 109.3-т “Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй” гэж тус тус зохицуулсан.

Хариуцагч Ө нь тус орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж байгаа Нийг өмчлөгч биш болохыг мэдсээр байж түүнээс орон сууцыг худалдан авч, өмчлөгчөөр бүртгүүлсэн байх тул талуудын хооронд байгуулагдсан 2024.02.28-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр Өыг орон сууцны өмчлөгч гэж үзэхгүй. Иймд хариуцагч Өын өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх гомдол үндэслэлгүй.

15. Дурдсан үндэслэлээр Ө орон сууцны өмчлөгч биш тул өмчлөх эрх өмнөх өмчлөгч Нид үлдэх хэдий ч хариуцагч Нийн бусадтай байгуулсан хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар шүүх үр дагаврыг шийдвэрлэнэ.

16. Н орон сууцыг Өод худалдахдаа М-гийн хүүхдүүдэд нийт 20,000,000 төгрөг шилжүүлсэн тул М-гаас 20,000,000 төгрөгийг гаргуулан Нид олгож, *** орон сууцны нэхэмжлэгч М-гийн өмчлөх эрхийг сэргээн тогтоосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Н, түүний өмгөөлөгч буюу хариуцагч Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 210/МА2026/00084 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Н, түүний өмгөөлөгч буюу хариуцагч Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н-оос 2026.02.11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Н.БАЯРМАА

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                   Н.БАТЧИМЭГ

                                                                                                   Б.УНДРАХ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД