Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл Улсын яллагч Д.Шинэбал Шүүгдэгч Т.Лхасүрэн Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бямбабаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Лхасүрэнд холбогдох 201713000015 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Идэр сумд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Улиастай сумын Өлзийт багийн Үйлдвэрийн хэсгийн 3-1 тоотод оршин суудаг хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Мартай овгийн Тогтохбаярын Лхасүрэн. Регистрийн дугаар:ИЖ97080814/

Шүүгдэгч Т.Лхасүрэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн Үйлдвэрийн хэсгийн 1-3 тоотод оршин суух иргэн Ш.Энэбиш 2007 оны 02 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчимд гэрээсээ “Баяннамсрай” гэх нэртэй металл бурхан хулгайд алдсан болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байгаад орой 20 цагийн орчимд нөхөртэйгээ эмнэлэг рүү явах ажил гараад 2 хүүхдээ Улиастай сумын Өлзийт багт байдаг дүү Тогтохбаярындаа хүргэж өгчхөөд цааш эмнэлэг рүү хоёулаа явсан юм. Эмнэлэг орж хүнтэй уулзах ажлаа амжуулаад буцаж дүүгийндээ очиж 2 хүүхдээ аваад 21 цаг 10 минутын орчимд гэртээ харьсан. Гэртээ ороход ...гэрийн багананд өлгөөтэй байсан цаг унасан байсан. ...хоймор өөд өгсөж очиход гэрийн хоймор газарт миний эрх унасан байсан, эрхээ аваад хойморийн бор шүүгээн дээр байдаг газарт тавих гээд очиход хойморийн шүүгээн дээр байдаг манай бурхан алга болсон байсан. Би бурхан дээрээ эрхээ тохож тавьсан байсан юм. ...Тэгээд цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч Т.Лхасүрэн нь уг бурхныг хохирогчийн гэрийн тооноор орж хулгайлсан болох нь хэргийн газрын үзлэгээр тооныг битүүлсэн гялгар цаас зүүн урд хэсгээрээ урагдаж унжсан, зүүн багананы дээд тавцангийн тоос арчигдсан зэрэг байдал илэрсэн тухай тэмдэглэл, үзлэг хийж байх үед Т.Лхасүрэн хохирогчийн гэрт очсон бөгөөд бурхныг цас руу шидсэн гэдгээ хүлээн цагдаагийн ажилтнуудад зааж өгсөн гэдгийг мэдүүлсэн Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч Н.Баттүвшин, хэсгийн байцаагч С.Будхүү нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэр орой 20 цагийн орчим Батбуян эмнэлэг явах ажилтай боллоо гээд 2 хүүхдээ манайд үлдээгээд гарсан. Би Батбуян ахтай хамт гарахад гадаа машин дотор Энэбиш эгч сууж байсан. ...Тэр хоёрыг төв явахаар нь би гэртээ орж хувцсаа өмсөөд найз охиндоо ойрхон гараад ирье гэж хэлчхээд Батбуян ахынх руу гүйж очиход гэр нь цоожтой, эзэнгүй байхаар нь тооноор нь орж гэрийн хойморт байсан бурхныг аваад буцаж тооноор нь гараад гэртээ ирээд бурхныг амбаар руугаа оруулж тавьчхаад кино үзээд сууж байхад Батбуян ах, Энэбиш эгч хоёр ирж 2 хүүхдээ аваад явсан. 20-оод минутын дараа Энэбиш эгч ээж рүү утсаар залгаад гэрт хулгайч орж, бурхан алга болсон байна гэж ярьсан. Тэгээд би ...санаа зовоод бурхныг нь аваачиж өгье гээд ... амбаараас бурхныг авч халаасандаа хийгээд ...Батбуян ахын тэнд очиход гадаа нь цагдаагийн машин, хүмүүс байхаар нь бурхныг замын хажуугийн цас руу шидчихээд Батбуян ахынх руу орчхоод буцаж гарч ирэхэд үүдэн дээр байсан 2 ах намайг машин руу оруулж ...бурхан авсан уу, гаргаад ир гэсэн. Би авсан гэж хэлээд цас уу хийсэн гээд цасыг зааж өгсөн. Цагдаагийн нэг ажилтан цасан дотроос бурхныг гаргаж ирсэн.” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогчийн “Баяннамсрай” нэртэй металл бурхан нь 3.000.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь шинжээчийн “гадуураа самбай хадгаар ороосон 14 см өндөртэй, 11 см өргөнтэй цайвар шаргал өнгийн металл бурхан нь 2017 оны 02 дугаар сарын байдлаар 3.000.000 төгрөгийн үнэлгээтэй байна” гэсэн дүгнэлтээр нотлогджээ. Иймд шүүгдэгч Т.Лхасүрэнг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж авсан эд зүйлийг илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэстэй бөгөөд хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна. Мөн Т.Лхасүрэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, тэрээр хулгайлагдсан “Баяннамсрай” нэртэй бурхныг гэмт хэрэг үйлдсэн даруйдаа буцаан өгөхөөр очсон, цас руу шидсэн бурхнаа цагдаагийн ажилтнуудад зааж өгсөн зэрэг хэргийн нөхцөл байдал болон Т.Лхасүрэнгийн урлаг, спорт, хичээл сургалтын олон арга хэмжээнд амжилттай оролцдог зэрэг хувийн байдал, мөн түүний цаашид сурч боловсрох боломжийг хангах үүднээс түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Мартай овогт Тогтохбаярын Лхасүрэнг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Т.Лхасүрэнг эд хөрөнгө хураахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Лхасүрэнд оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Т.Лхасүрэнд оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд Т.Лхасүрэнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

6. Шүүгдэгч Т.Лхасүрэн нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол, байцаах шийтгэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Т.Лхасүрэнд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн эд хөрөнгө болох 388.000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч, 310.000 төгрөгийн үнэ бүхий нимгэн дэлгэцтэй зурагт тус бүр 1-ийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Бэлтгэл-1” гэсэн бичигтэй ногоон цоохор өнгийн номын 1 ширхэг хавтсыг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

11. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Д.НЯМ