Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/1348

 

    2020           10           27                                        2020/ДШМ/1348                              

 

 

Б.Өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Анармөнх,

хохирогч Д.М,

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Я.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/682 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Мын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Өд холбогдох эрүүгийн 2011 00000 0701 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн  Б.Ө, 1976 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр,  хүүхдүүдийн хамт .......................................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................................./;

            Б.Ө нь 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монтел” худалдааны төв дотор “...араар олон удаа гарлаа” гэх шалтгааны улмаас иргэн Д.Мтай маргалдаж, түүнийг үсдэж толгойгоор нь хана мөргүүлэх, нүүр лүү нь гараараа цохих зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Өгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Өг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Өд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Өд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Өг шүүхээс оногдуулсан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус  тус баримтлан Б.Өгөөс нийт 548.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Мд олгох, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

            Хохирогч Д.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Намайг анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй, надад шүүх хуралдааны тов мэдэгдээгүйн улмаас шүүх хуралдаанд оролцож чадалгүй миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, эмчилгээ, тариа, эм хэрэглэсэн мөнгө, цаашид гарах эмчилгээний зардлаа ч гаргуулж чадаагүйд маш их гомдолтой байна. Шүүгдэгч Б.Ө нь надаас огт уучлалт гуйж байгаагүй, өнөөдрийг хүртэл хохирол гэж нэг ч төгрөг төлөөгүй. Б.Өг шүүхэд шилжүүлж, түүний гэм буруугийн шүүх хуралдааныг зарласан эсэх талаар надад мэдэгдээгүйн улмаас тус шүүх хуралдаанд оролцох эсэхээ илэрхийлэх боломж олголгүй шүүх хуралдаан болсон.

            Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох” эрх, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “...хохирогч шүүх хуралдаанд оролцох ...” гэсэн эрх тус тус зөрчигдсөн.

            Миний бие 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр болсон шүүх хуралдааны товыг мэдсэн бол шүүх хуралдаанд оролцож, өөрт учирсан эрүүл мэндийн хохиролд зарцуулсан эмчилгээ, тариа, эм хэрэглэсэн мөнгөө гаргуулах талаар холбогдох баримтаа өгч шүүхээр шийдвэрлүүлэх байсан. Гэтэл шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйн улмаас анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангагдаагүй. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 682 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Өгийн өмгөөлөгч Я.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэж байгаа боловч хэргийн материалтай танилцахад шүүх хуралдааны тов мэдэгдсэн байсан бөгөөд шүүх хуралдаанд хохирогч оролцохгүй, хохирол гэх 2.889.000 төгрөгөө гаргуулан авах байр суурьтай байсан. Хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогчийн өөрийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Мөрдөн шалгах, прокурорын шатанд ямар нэг байдлаар хохирлын баримт огт гаргаж өгөөгүй хэрнээ шүүхийн шатанд гаргаж өгсөн. Шүүх бодит хохирлоор үнэлж, шүүгдэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гарсан шүүхийн шийдвэртэй миний үйлчлүүлэгч маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Харин хохирлыг одоо хүртэл төлж барагдуулаагүй байгаа шалтгаан нь тухайн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад хохирогч давж заалдах гомдол гаргасан. Үүнтэй холбоотойгоор хүлээгдэж байгаа. Дахин хохирлын баримт нэмж нэхэмжилж байгаа. Гэвч хохирогч энэ асуудлаа иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Ө: “Тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.

            Прокурор Г.Анармөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд буюу мөрдөн байцаалтын шатанд авагдсан 548.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэж, үлдэх хэсгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Энэ хүрээнд хохирогч баримтаа бүрдүүлж ирсэн байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.Ө нь 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монтел” худалдааны төв дотор “...араар олон удаа гарлаа” гэх шалтгааны улмаас иргэн Д.Мтай маргалдаж, түүнийг үсдэж толгойгоор нь хана мөргүүлэх, нүүр лүү нь гараараа цохих зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Мын “... Өнөрөө эгч “...чи миний араар 30 удаа гарлаа” гээд байхаар нь би “...30 удаа гараагүй, 2-3 удаа гарсан” гэж хэлсэн. Намайг утсаа хямдхан зарлаа гэж уурлангуй хэлсэн. Тэгээд л бид хоёр маргалдаж, намайг элдвээр хэлж эхэлсэн. ... Б.Ө “...энэ намайг дагавар хүүхэдтэй хүнтэй суулаа гэж хэллээ” гээд орилоод босч ирээд гараа далайгаад байхаар нь би тэгж хэлээгүй гээд хэрүүл болсон. Үг хэлэхийн завдалгүй бид хоёр барилцаад үсдэлцсэн. Намайг түлхээд миний ард байсан лангууг мөргүүлж, 2 талын хана руу саваад, миний нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохисон. ...” /хх 23-24/,

гэрч Б.Э-ны “... хүүе гэхийн завдалгүй манай эхнэр Өнөрөө, Д.М нар зодолдоод үсдэлцээд эхэлсэн. Хэн нь хэнийхээ хаашаа цохисныг харж амжаагүй. Хажуу лангууны хүмүүс танай эхнэрээс боллоо, салгаачээ гээд байхаар нь “...та нар наад ам хэлээ больцгоо гэж хэлтэл хажуугаас нэг хүн “эхнэр чинь аллаа шүү дээ” гэж хэлэхээр нь уур хүрээд “наад хүнээ алчих” гэж хэлсэн. ...” /хх 27-28/,

гэрч Л.Ц-гийн “... Б.Ө нь Д.М руу дайраад хоорондоо үсдэлцээд Б.Ө гараараа Д.Мын толгойг бариад хоёр тийш нь саваад лангуу болон хана руу мөргүүлсэн. Дээр нь гараад толгойг нь доош дараад байсан. Харин Д.Мд хариу эсэргүүцэл үзүүлэх боломж гараагүй. ...” /хх 29-30/,

    гэрч Б.У-гийн “... Д.М утас зарж байсан болохоор Өнөрөөгийн араар орж, гараад байсан. Тэгсэн чинь Өнөрөө уурлаад “...ганц утас зарах гэж яасан олон удаа гардаг юм” гэснээс болж хоорондоо маргалдсан. ... Өнөрөө хоол идээд сууж байсан Д.Мыг үсдээд эхэлсэн. Тэгээд хана мөргүүлээд, нүүр хэсэгт гараараа цохиж байсан. Зодоон, маргаан маш хурдан болж өнгөрсөн. ...” /хх 31-32/,

шинжээч Т.Чимэд-Очирын “... Д.Мын биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд, тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд ба тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” /хх 34/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6676 дугаартай “Д.Мын биед зулай, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнгийн шилжих нугалаасанд язрал, зүүн хөмсөг, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, эрүү, баруун мөр, бугалганд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх 39-40/ гэх дүгнэлт болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-11/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Б.Өг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Өгийн иргэн Д.Мыг үсдэж толгойгоор нь хана мөргүүлэх, нүүр лүү нь гараараа цохих зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Өд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

            Хохирогч Д.М нь “... шүүхээс надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйн улмаас анхан шатны хуралд оролцож, учирсан хохирлоо гаргуулахаар холбогдох баримтаа шүүхэд өгч шийдвэрлүүлж чадаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

            Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анхан шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр яллагдагч Б.Өд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр явуулахаар товлож /хх 83/, хохирогч Д.Мд урьдчилсан хэлэлцүүлгийн хурлын товыг мэдэгдэхэд тэрээр “...шүүх хуралдаанд суухгүй, яллах дүгнэлтэд бичигдсэн 2.838.000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна” /хх 84/ гэснийг тэмдэглэл болгон үйлджээ.  

            Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хуульд заасан тодорхой асуудлуудыг хянан хэлэлцэж шийдвэр гаргадаг ба уг хурлын товыг мэдэгдсэнээр хохирогч Д.М нь яллагдагч Б.Өд холбогдох хэрэг шүүхэд шилжсэн, шүүх хуралдаан болох гэж байгаа талаар мэдсэн байх ба хохирогч анхан шатны шүүх хуралдаанд оролцох боломжтой байсан, харин оролцоогүй нь өөрийнх нь хүсэл зоригоос хамаарсан байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Өд холбогдох хэргийн гэм буруугийн хуралдаанаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлын асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

            Харин давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.М нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ талаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.

            Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан шаардлагад нийцээгүй байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “... Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй. ...” гэж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “... гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана.” гэж тус тус заажээ.

            Иймд дээрх хуульд нийцүүлэн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад өөрчлөлт оруулав.

            Иймд хохирогч Д.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/682 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/682 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Өд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.М нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Д.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

 

     ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

     ШҮҮГЧ                                                                       Б.АРИУНХИШИГ