| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Даваадорж |
| Хэргийн индекс | 188/2024/1000/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1016 |
| Огноо | 2024-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1016
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн байрны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***од холбогдох, эрүүгийн 2408000001161 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч *** нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Аптан-Овоо 9 дүгээр гудамжны 01 тоот хашаанд хохирогч ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “эрүүнд няцарсан шарх, зүүн нүдний зовхи, хоёр хацар, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өөрийн бууртай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2408000001161 дугаартай хэргээс:
2. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,
3. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,
4. Хохирогч ***ын: “...Би Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан Овоо 9-1 тоотод өөрийн хамтран амьдрагч *** болон дагавар хоёр хүүхдийнх нь хамт 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш ***гэдэг хүнээс хашааг түрээслээд амьдарч байсан юм. Гэтэл би 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр найз ***гийн хамт орой 22 цагийн орчимд гэрт нь 0.75 литрийн “Тайга” нэртэй архи уугаад намайг эхнэрийнхээ хамтаар гэрт 23 цаг болж байхад хүргэж ирээд манай хашаан дотор ороод зогсож байсан. Би архиндаа тасарсан байсан бөгөөд нэг ухаан ороход Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр миний зүүн нүд, зүүн шанаа, зүүн чих хавдчихсан, намайг эмч үзэж байхад сэрсэн юм. Тэгээд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очоод миний 2 завж урагдсан байсан болохоор оёдол тавиулаад Шүүх шинжилгээний ерөнхий газарт гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийлгэсэн. Тэгээд би юу болсон талаар өөрийн найз ***гаас асуухад “манай хашааны эзэн гэх ***гэдэг залуу намайг хашаанд машин дотор сууж байхад хаалга онгойлгоод “би чамд хэлээ биз дээ” гээд шууд намайг олон удаа алгадаад цохиод, машинаас чирч буулгаад миний хашаанд байгаа энэ золбингуудаа зайлуул гээд орилоод байсан чинь манай найз *** хашаанаас машинтайгаа гарч яваад цагдаа дуудсан” гэж хэлсэн юм. Тухайн үед надтай хамт манай найз *** мөн манай эхнэр *** болон ***нар байсан гэж манай найз *** хэлсэн. Надад танилцуулсан Сэтгэцийн хор хохирол тооцох 2 дугаар зэрэглэлийн дагуу, сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,
5. Хохирогч ***ын дахин өгсөн: “...Надад эмчилгээний мөнгө 200,000 төгрөг шилжүүлэн өгсөн байгаа. Надад ямар нэгэн баримт байхгүй. Би зодуулснаасаа хойш Шүүх эмнэлэгт л үзүүлсэн. Өөр газар үзүүлж эмчилгээ, үйлчилгээ аваагүй. Би шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжилгээ хийлгэхгүйгээр 2 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч түүний дагуу нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 9656 дугаартай: “...1. ***ын биед эрүүнд няцарсан шарх, зүүн нүдний зовхи, хоёр хацар, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
7. “Мед траума” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу бичиг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
8. Гэрч ***ын: “...Би 2024 оны 07 дугаар сарын 18-ны орой өөрийн хамтран амьдрагч ***ын хамт гэртээ ***ын ажлынх нь хүний машинтай өөрийнхөө хашаанд яваад ороход манай хашааг түрээсэлж байсан *** гэх залуу өөр машинтай манай хашаан дотор гэрлээ тусгаад зогсож байхаар нь би машинаас буугаад гэртээ ороход ******тай уулзаад үлдсэн юм. Тэгээд хэсэг байж байгаад ***орж ирээд “манай хашаанд байгаа энэ нөхөр хашаад хүн цуглуулаад архидаад байна, өмнө нь бас хэлэхэд тоохгүй байсан бөгөөд хашаанд намайг байхгүй үед байнга ингэдэг юм биш биз дээ, ***тай муудаад цохичихсон” гээд ороод ирсэн юм. Тэгээд удаагүй байж байтал 00 цагийн орчимд цагдаа нар ирээд аваад явсан. *** манай хашаанд анх хамт амьдарч байгаа хүүхэн нь гээд нэг эмэгтэй 2 хүүхдийн хамт ирчихсэн гэрээ барьсан байсан. *** гэдэг залуу хөдөөгүүр ажлаасаа ирлээ гээд ирж очиж байгаад ***той хашаанд хүн цуглуулж архи уулаа гэдэг шалтгаанаар маргаж муудалцсан гэж сонссон. Би ***той 2018 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа хүүхэдгүй, хамтран амьдрагч байгаа юм. ***Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд экскаватор барьж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,
9. Гэрч ***ын: “...2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өөрийн амьдарч байгаа Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоогийн 9-11 тоотоос орой 21 цаг өнгөрч байхад 2 хүүхдээ усанд оруулах гээд гараад явахад манай хамтран амьдрагч *** гэрт мах янзлаад үлдсэн бөгөөд удалгүй над руу 22 цагт залгаад “дэлгүүр дээр байна, мөнгө шилжүүл” гээд залгахаар нь би мөнгө шилжүүлсэн. Түүний дараа 22 цаг 30 минутын орчимд гэртээ хүүхдүүдийн хамт ирэхэд *** гэртээ байхгүй байсан ба удалгүй найз нь *** гэдэг залуу 23 цаг нэлээн өнгөрч байхад машинтай манай хашаанд ***ыг хүргэж өгөхөөр ирлээ гээд машинтайгаа хашаан дотор ***тай сууж байсан юм. Тэгтэл манайд хашаагаа түрээслүүлдэг ***гэдэг залуу өөрийнхөө машинтай хашаанд орж ирээд “*** хаана байна” гэхээр нь би “машинд сууж байна” гэхэд ******ын сууж байсан машины хаалгыг онгойлгоод “чамд хэлсэн биз дээ” гээд шууд ***ын нүүр рүү хэд хэд алгадаад бас цохиод машинаас татаж унагаагаад нүүр рүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөхөөр нь би салгахад уг ***архи уусан бололтой надад дийлдэхгүй дахин ирж ***ыг нүүр рүү нь цохиод байсан. ***ыг хүргэж ирсэн найз *** нь тэр залууг болиулаад хашаанаас гараад явахад удалгүй цагдаа нар хүрээд ирсэн юм. ...Тэр үед *** маш их согтсон байсан болохоор ***ыг цохиж зодох тэнхэлгүй болсон байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,
10. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Уг гэмтлүүдийг би согтуудаа ***ыг байнга архи уулаа гэдэг шалтгаанаар түүний биед учруулсан юм. Надаас эмчилгээний 200,000 төгрөг шилжүүлсэн. Өөр ямар нэгэн хохиролтой холбоотой зүйл нэхэмжлээгүй. Хэрэв нэхэмжлэх юм бол би бүгдийг нь төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,
11. Шүүгдэгч ***ын “Хаан” банкинд эзэмшдэг 5018596405 тоот данснаас хохиролд 200,000 төгрөг төлсөн дансны хуулга /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,
12. Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 36-40 дүгээр хуудас/,
13. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөрдөх байгууллагаас ***од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч *** нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Аптан-Овоо 9 дүгээр гудамжны 01 тоотод хохирогч ***тай “хашаанд хүн цуглуулж архи уулаа” гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “эрүүнд няцарсан шарх, зүүн нүдний зовхи, хоёр хацар, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнд:
1. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өөрийн бууртай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2408000001161 дугаартай хэргээс:
2. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,
3. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,
4. Хохирогч ***ын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,
5. Хохирогч ***ын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 9656 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
7. “Мед траума” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу бичиг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
8. Гэрч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,
9. Гэрч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,
10. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,
11. Шүүгдэгч ***ын “Хаан” банкинд эзэмшдэг 5018596405 тоот данснаас хохиролд 200,000 төгрөг төлсөн дансны хуулга /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас ***ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай” дүгнэлтийг гаргахад шүүгдэгчийн зүгээс “гэм бурууг хүлээн зөвшөөрч” оролцсон болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хэргийн хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан “эрүүнд няцарсан шарх, зүүн нүдний зовхи, хоёр хацар, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ***ын гараараа цохих, хөлөөрөө өшиглөсний улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч ***ын хүний халдашгүй дархан байх эрхэд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэв.
Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгуулах тухай” дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хүрэлцэн ирээгүй, тэрээр гаргасан нэхэмжлэлээ дэмжсэн эсэх нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгосон, мөн уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн биед учирсан гэмтэл зэргийг тус тус харгалзан үзэж сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Харин хохирогч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шаардлагатай гэж үзвэл учирсан гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлэн шүүгдэгч ***оос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 580 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 580,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс ***од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 580 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 580,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэв.
Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.
Харин шүүгдэгч ***ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Дөрөв. Бусад:
Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ыг 580 /таван зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 580,000 /таван зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *** нь шаардлагатай гэж үзвэл учирсан гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлэн шүүгдэгч ***оос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
5. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ***од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ