| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Даваадорж |
| Хэргийн индекс | 188/2024/0999/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1023 |
| Огноо | 2024-09-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Агар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1023
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ, улсын яллагч Д.Агар /цахимаар/, шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох, эрүүгийн 2408023310560 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ дахин согтуугаар 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Орга” 27 дугаар байрны авто зогсоол орчим *** улсын дугаартай, “Тоёота румион” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно”, а/тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2408023310560 дугаартай хэргээс:
2. Эрх бүхий албан тушаалтны жолоочийн согтуурлын зэргийг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2-4 дүгээр хуудас/,
3. Төрийн мэдээллийн сангаас гаргуулан авсан “***ын жолоодох эрх хасагдсан тухай” лавлагаа /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,
4. Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 13А/6469 дугаартай албан бичгээр ирүүлсэн ***ын урьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалын хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0590231 дугаартай шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 41-53 дугаар хуудас/,
5. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн өдрийн орой 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэгт байх гэртээ найз ***ын хамт 0.5 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Найз тэгээд явсан бөгөөд 21 цагийн орчим над руу танихгүй дугаараас хүн залгаад машинаа жоохон шахаад өгөөч, нэг машин зогсоолд байрлуулах гээд гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн “Тоёота румион” маркийн, *** дугаартай авто машиныг асаагаад зогсоолд шахаж байрлуулсан. Тэгэхэд хөндлөнгийн хүн намайг согтуу машин барьсан гээд дуудлага өгсөн. Цагдаа нар 23 цагийн орчимд ирсэн. Намайг драгер багаж үлээлгэхэд 2.64 хувийн согтолттой гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,
6. Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 9-14, 28-37 дугаар хуудас/,
7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй байх тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Мөрдөх байгууллагаас шүүгдэгч ***т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.
Нэг. Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.
Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно” гээд 18.1.4-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан бол” гэж заасан байдаг.
Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 400,000 төгрөгөөр торгуулж, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн орчимд 2.64 хувийн согтолттой байхдаа *** улсын дугаартай, “Тоёота румион” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нөхцөл байдал тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан …үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүхээс дүгнэв.
Түүний үйлдэл хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнд:
1. Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2408023310560 дугаартай хэргээс:
2. Эрх бүхий албан тушаалтны жолоочийн согтуурлын зэргийг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2-4 дүгээр хуудас/,
3. Төрийн мэдээллийн сангаас гаргуулан авсан “***ын жолоодох эрх хасагдсан тухай” лавлагаа /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,
4. Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 13А/6469 дугаартай албан бичгээр ирүүлсэн ***ын урьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалын хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0590231 дугаартай шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 41-53 дугаар хуудас/,
5. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас ***ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай” дүгнэлтийг гаргахад шүүгдэгчийн зүгээс “гэм бурууг хүлээн зөвшөөрч” оролцсон болно.
Иймд шүүхээс ***ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч *** нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан байдаг.
Шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан.
Шүүхээс ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзаж үзсэн болно.
Иймд шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлсан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дөрөв. Бусад:
Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *** нь энэ тогтоолоор оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулан мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ