Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/770

 

 

 

 

 

 

 

 

 

    2024       10            02                                     2024/ШЦТ/770

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 03-нд Төв аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХНН-ийн замын 2 дугаар ангийн 5 дугаар хэсэгт замчин ажилтай, Төв аймгийн *** сум, 4 дүгээр баг, Үдлэг гудамж, 25 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг ***дугаар хороо, **** ажилчдын 1 дүгээр байр **** тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй,

****** регистрийн дугаартай ***** овогт ****ийн ****

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь  Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад “Төмөр замын замчин” мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа “Төмөр замын замчин” гэх *** дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангид ажилд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй.

Ковид өвчин гараад нэг хэсэг ажилгүй байж байтал төмөр замд замчны ажил байгааг мэдсэн. Тэгээд фейсбүүкээс гар утасны дугаар олж, хүнтэй холбогдоод замчин гэсэн мэргэжлийн үнэмлэхийг гаргуулж авсан. Одоо би энэ ажлаа хийж байгаа. Гэхдээ бид нарыг сургалтад дахин хамруулна гэж хэлсэн. Төмөр замын эвдрэл гэмтэл болон яаж засахыг би мэднэ. Ажиллаж байхдаа сурч, мэдсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч байгууллагын төлөөлөгч ***** “... *** нь 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангид ажиллаж байна. Тухайн ажилтны хувьд Улаанбаатар төмөр замтай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг хийж гүйцэтгэсэн. Тохирсон цалин хөлс авсан учраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам хохирсон зүйл байхгүй” /хх-н 125-126/ гэж,

гэрч ***** “... Улаанбаатар төмөр замын ХНН-ын даргын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн а/474 тоот тушаалаар “Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх журам” гэж баталсан байдаг. Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх журамд заасны дагуу замчнаар ажилд орох хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж авдаг. Журмын хавсралтад заасан бүртгэлийн 2 хавсралт материал байдаг ба хавсралтын дагуу материалыг хүлээж авдаг. Шинээр ажилд орох гэж байгаа иргэн нь “Ажилд орохыг хүссэн өргөдөл, дэлгэрэнгүй анкет, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ сертификат, иргэний үнэмлэх” зэргийг бүрдүүлж тус ангийн хүний нөөцийн тасагт өгсөн байх ёстой. Тус журмын 3.2.2-т зааснаар баланстай аж ахуй нэгжийн даргын мэдлийн албан тушаалд хийгдэх сонгон шалгаруулалтын комиссыг 3-5 хүний бүрэлдэхүүнтэй тухайн нэгжийн дарга тухай бүр томилж ажиллуулна гэж заасны дагуу манай байгууллага замчдыг сонгон шалгаруулахад Ерөнхий инженер, хүний нөөцийн тасгийн дарга, сургалтын инженер, хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан инженер зэрэг хүмүүс сонгон шалгаруулалтын комисст байдаг. Манай байгууллага шалгалтын аргыг хэрэглэж сонгон шалгаруулалтыг явуулдаг. *** нь ажилд орохдоо манай байгууллагад 2020/277 дугаартай ОУЗХАҮ-ийн институтийн дэргэдэх бүтээгч сургалтын төвийн “төмөр замын замчин” гэх мэргэжлийн үнэмлэхтэй ирсэн. Төмөр замын замчин гэх мэргэжлийн үнэмлэх нь ажилд томилох гол шалгуур бөгөөд тухайн үнэмлэхгүй бол манай байгууллагын журмаар ажилд томилох боломжгүй” /хх-н 129-130/ гэж,

гэрч **** “... *** /НБ93070312/ нь 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дагалдан замчнаар томилогдон өнөөдрийг хүртэл замчнаар 3 жил тасралтгүй ажиллаж байна. Замчин ажилтай *** /НБ93070312/ нь Улаанбаатар төмөр зам ХНН-ын Замын 2 дугаар ангид замчнаар 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлж 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нийт цалин 74,117,886 төгрөг бодогдож үнээс хувь хүний орлогын албан татварт 6,039,228 төгрөг, нийгмийн даатгалын шитгэлд 8,486,866 төгрөг, үйлдвэрчний эвлэлийн татварт 853,110 төгрөгийг суутгуулж гарт 58,738,682 төгрөгийн цалин авсан байна” /хх-н 137-138/ гэж,

гэрч ***** “... манай сургалтын төвийн хувьд үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй, фото цаасан дээр гаргадаг байсан. Манай байгууллагын хувьд архивын нэгж гэж хадгалаагүй. Надад харуулсан 2020/195 дугаартай мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвөөс гаргаж байсан мэргэжлийн үнэмлэх мөн байна. Надад үзүүлсэн албан бичгийг харлаа. Анх манай сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжлийг үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно. Дээрх нэр бүхий иргэдийн мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвд элсэн суралцаж төгсөөгүй. Улаанбаатар төмөр замын байгууллагад ажиллаж байгаад мэргэжлийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа иргэдээс танил тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж гаргуулан авсан мэргэжлийн үнэмлэх байна. Дээрх нэр бүхий 47 иргэнийг манай сургалтын төвийг суралцан төгссөн гэх нотлох баримт надад байхгүй. Бүгд суралцаагүй болон худалдан авсан, мөн танил талаараа гуйлгаж авсан мэргэжлийн үнэмлэхүүд байна. Төмөр замын байгууллагын ажилтан нар л дандаа ажлын байр өөрчлөх эсвэл засварчин, туслах машинч болох ажлын байрны шалгуур, шаардлагыг хангахаар авдаг байсан. Тухайн иргэд мэддэг байсан. Танил талаар гуйлган авсан иргэдэд миний зүгээс асуудалд орох талаар хэлдэг байсан. Тухайн мэргэжлийн үнэмлэх гаргуулан авсан төмөр замын байгууллагын ажилтан, иргэд асуудлаа өөрсдөө хариуцна гэж хэлээд гаргуулан авч байсан” /хх-н 90-93, 106-109/ гэж,

гэрч **** “... Mergejil.mn буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд нь анх манай институтээс нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг” /хх-н 96-98/ гэж,

гэрч **** “... Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Мэргэжпийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 12 дугаар анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжпийн үнэмлэх нь жилээр мэргэжил эзэмшсэн бол тогооч, үсчин гэх мэт хамаардаг. Мэргэжлийн сургалтын бие даасан нэг том салбар учраас. Мөн төгсөлтийн баримт бичгийг баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн байдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй. Үндэсний үнэт цаас ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас олгох ажлууд өндөр хяналтын дор явагддаг” /хх-н 101-103/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн “... Бүтээгч сургалтын төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/97, А/231 дүгээр тушаалаар батлагдсан “Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ын дагуу мэргэжлийн сургалтын байгууллагын Бүртгэлийн гэрчилгээ авч байгаагүй болно” гэсэн 1/78 дугаартай албан бичиг /хх-н 44/,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А/267 дугаартай тушаалаар баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам”/хх-н 69-82/,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн “... Нэр бүхий иргэдийн мэдээлэл мэргэжлийн сургалтын байгууллагын www.mergejil.mn нэгдсэн системд бүртгэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэсэн 1/190 дугаартай албан бичиг /хх-н 113/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч ***ийн мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч *** “... би хуурамч мэргэжлийн үнэмлэх ашиглаж Улаанбаатар төмөр замын 2-р ангид Замчин албан тушаалд ажилд орсноо хүлээн зөвшөөрч байна.../хх-н 152-153/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Иймд шүүгдэгч ***ийг “мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч ***эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж, түүний хувийн байдал, хохирол, хор уршгийг арилгасан байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзав.

 

Харин улсын яллагч шүүгдэгч ***эд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай санал гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ***ийн  хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 154/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 157/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 156/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-н 159-160/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 158/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул тэрээр бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн тооцогдсон *** дугаартай “Мэргэжлийн үнэмлэх”-ийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. **** овогт ***гийн ***ийг “хуурамч бичиг баримт ашигласан” буюу мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.0000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ***эд шүүхээс оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

5. Эд мөрийн баримтаар хураагдсан *** дугаартай “Мэргэжлийн үнэмлэх”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***эд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ