| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/03207/И |
| Дугаар | 102/ШШ2022/02548 |
| Огноо | 2022-07-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2022/02548
| 2022 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2022/02548 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,
хариуцагч: д холбогдох,
хохирол зардал 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч П.*******
хариуцагч Б.*******
гэрч Э.******* нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Хонгорзул хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.******* хариуцагч Б.*******ад холбогдуулан 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Миний бие 2021.07.29-нд Э.******* найруулагч санал болгосноор ******* ******* киноны ерөнхий продюсерээр ажиллаж киноны төсөв 7 сая төгрөгөөр хөрөнгө оруулж, үүнээс 4 600 000 төгрөг урьдчилгаа болгож Э.*******ын дансанд шилжүүлсэн. ******* бид хоёр зураглаачаар Б.*******ыг туршлагатай үндэсний телевизийн эвлүүлгийн найруулагчаар ажиллаж байгаа хэлэхэд нь зураглаач монтаж эвлүүлэг пост продакшнаар авч ажиллуулсан, цалин 3 000 000 тохиролцож, урьдчилгаа 2 саяыг Э.*******ын данснаас шилжүүлсэн. Б.******* 8 сарын 01-ээс зураг авалтаа эхэлж, 8 сарын 8-нд дуусгаж монтажыг 8 сарын 17-нд дуусгаж киног бүрэн хүлээлгэж өгнө гэсэн. ******* зураг авалтын үед архи ууж хамт олны уур амьсгал эвдэж жүжигчид болон найруулагчийн шаардлага зөвлөмжийг хүлээж авалгүй, би мэдэж байна чадна гэж мэтээр ам таглаж ирсэн. ******* удаа дараа хэлсэн хугацаанаасаа хоцорч монтаж хянана гэхэд маргааш нөгөөдөр гэж хойшлуулсаар 9 сарын 13-нд кино хүлээлгэж өгсөн киног хүлээж авч үзэхэд өнгө зөрсөн киноны 90 хувь фокусгүй далий плантай чанарын бус байсан эдгээр алдааг *******ад хэлэхэд би чадахаараа хийсэн болохгүй бол өөр хүнээр хийлгэ гэсэн. Бид бүхэн мэргэжлийн студи болон хувь хүмүүс дээр очиж засуулах гэсэн боловч засагдахгүй анхнаасаа зургаа авахдаа маш муу авсан байна гэсэн хариу өгсөн. Уг кино дүрсний хувьд чанарын шаардлага хангахгүй байгаа учраас Ая Пи ТВ хүлээж авах боломжгүй олон хүн нойр цаг зав мөнгө төгрөг зарцуулж хийсэн уг кино *******ын буруугаас ажлаа муу хийж дүрсээ муу авснаас болж кино гарах боломжгүй болсон. Иймд кинонд зарцуулсан төсөв 8 сая төгрөгийг *******аас нэхэмжилж байна....гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ...2021 оны 07 сарын 28-ны орой ******* над руу залгасан. 7 хоногийн зураг авалт байгаа юмаа та надад 7 хоног яваад тоног төхөөрөмжөө та өөрөөсөө гаргаад зургийг нь аваад, эвлүүлгийг нь хийгээд өгчих гэхээр нь би за болж байна. Ах нь чамд өмнө тусалж чадаагүй болохоор хэлсэн амандаа хүрэх гээд ах нь чамд тусалъя гэхдээ ах нь ажлын хөлс чамаас их мөнгө аваад яахав 3,000,000 төгрөг авъя гэж тохиролцоод маргааш нь ******* манай ажил дээр ирээд *******тэй уулзаад *******ын данснаас над руу урьдчилгаа 2,000,000 төгрөг орж ирсэн. Миний зүгээс тухайн зураг авалтын үед ажилтай байсан боловч ажлаасаа чөлөө авч байж зураг авалтад явсан. Дараа нь амралтаа авсан байх хугацаандаа эвлүүлэг, монтажийг хийгээд дуусах дөхөөд ирсэн чинь эдний талаас ааш нь хувираад, ерөөсөө болъё гээд эхэлсэн. Кинон дээр өөрийнхөө зүгээс 2 камер, найзаасаа гэрэл түрээсэлсэн, кинонд зориулж дууг нь дүү нараа гуйж үг, аяыг нь бичүүлж дуутай болгосон. Эд нарын зүгээс надад 2,000,000 төгрөг нэмээд 10 хүрэхгүй хуудас зохиол гэсэн цаас авсан өөр зүйл аваагүй, бусад зүйлийг би өөрөө гар бие хийгээд явсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэв.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/
Д.*******ийн иргэний үнэмлэх /хэргийн 3 дугаар тал/
Д.*******ийн хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 4 дүгээр тал/
Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 5-7 дугаар тал/
Э.*******ын банкны дансны хуулга /хэргийн 32-36 дугаар тал/
П.*******ийн банкны дансны хуулга /хэргийн 111-112 дугаар тал/ нотлох баримтууд
5. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн
Хариу тайлбар /хэргийн 38-40 дүгээр тал/ нотлох баримтууд
6. Шүүхээс
-Гэрч асуусан тэмдэглэл, хууль сануулсан баримт /хэргийн 68-70, 72-73, 104 дүгээр тал/
Юнивишн ХХК, Скаймедиа корпораци ХХК, Мобинет ХХК, ДДэштв ХХК-ийн ирүүлсэн албан бичиг /хэргийн 97-100 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ...кино дүрсний хувьд чанарын шаардлага хангахгүй байгаа учраас Ая Пи ТВ хүлээж авах боломжгүй, олон хүн нойр цаг зав мөнгө төгрөг зарцуулж хийсэн уг кино *******ын буруугаас ажлаа муу хийж дүрсээ муу авснаас болж кино гарах боломжгүй болсон. Иймд кинонд зарцуулсан төсөв 8 сая төгрөгийг нэхэмжилнэ... гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарласныг,
3. хариуцагч эс зөвшөөрч ... амралтаа авсан байх хугацаандаа эвлүүлэг, монтажийг хийгээд дуусах дөхөөд ирсэн чинь эдний талаас ааш нь хувираад, ерөөсөө болъё гээд эхэлсэн. Чанарын шаардлага хангахгүй гэж үзэхгүй байна... гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. 2021 оны 07 сарын 29-ны өдөр талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч буюу хариуцагч ******* ******* киноны зураг авалт, монтаж, өнгө тавилт, пост продакшн ерөнхий зураглаач, зураг авалт edit-ийн ажлыг 2021 оны 08 сарын 01-ны өдрөөс 2021 оны 08 сарын 17-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч буюу нэхэмжлэгч ажлын хөлс 3000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, гэрч Э.*******, Б.Азжаргал, нарын мэдүүлэг, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 3, 38, 69-70, 73 дугаар тал/
7. Энэ нь зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэхь хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
8. Дээрхи гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул талуудын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
9. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
10. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэгч буюу хариуцагч захиалагчийн эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч буюу нэхэмжлэгч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй.
11.Нэхэмжлэгч ажлын хөлсний урьдчилгаанд 2000 000 төгрөг авсан талаар маргаагүй.
12. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т гэрээнд заасан тоо хэмжээ чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ, мөн хуулийн 353.3-т хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо хэмжээ чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлыг доголдолгүй гэнэ гэж тус тус заасан байна.
13. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2, 2.5-т хариуцагчийн гүйцэтгэх ажил үр дүнгийн талаар тохирсон боловч ажлын чанар байдлын талаар тохиолцоогүй тул хариуцагчийн гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу ******* ******* кино нь зориулалтаар ашиглах буюу дэлгэцээр гарах боломжтой байх шаардлагыг хуульд заасан байна.
14. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн биет байдлын доголдолтой буюу дэлгэц IPTV-ээр гаргах зориулалтаар ашиглах боломжгүй, доголдолтой болох нь гэрч Э.*******гийн ...300гб багтаамжтай дүрсийг бүгдийг нь үзсэн, фокусгүй, өнгөний тэнцэлгүй, цагаан шуум ихтэй, дүрс нь бужигнасан байсан, дэлгэцээр гаргах ямар боломжгүй чанарын шаардлага хангахгүй байсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Энхжингийн ...энэ киноны туслах найруулагчаар ажилласан, кино олон нийтэд гараагүй, IPTV-д өгсөн боловч чанарын шаардлага хангаагүй гээд буцаагдсан... гэх мэдүүлэг, гэрч Э.*******ын ...*******аас 9 сарын 11-ны өдөр авсан. Дүрсүүд нь фокусгүй, дандаа далий плантай, кадрын зохиомжгүй, жүжигчний толгой нь тал эсхүл далий плантай гарсан байсан. Дүрсээ аваад Намуун зэт студи дээр очсон. Зураглаач нь анхнаасаа дүрсүүдээ буруу авсан байна. Янзлагдах боломжгүй гэж хэлсэн... гэх мэдүүлэг, хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн ...кино зураг авалт бүрэн хийгдсэн, дэлгэц, олон нийтэд гараагүй, программаас дундуур нь дүрс хавчуулж гаргасан зүйл байгаа. Тэрийг нь би санамсаргүй буруу файл мэйлээр андуураад явуулчихсан байсан... гэх тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн тайлбар татгалзал үгүйсгэгдэж байна. /хэргийн 69-70, 105-107, 114-116 дугаар тал/
15. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6, 350.1.7, 352 дугаар зүйлийн 352.1, 352.2.2-т заасан үндэслэлтэй тул хариуцагчаас хохирол зардал нийт 6 950 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
16. Хариуцагч хохирлын хэмжээ талаар маргаагүй ба шүүх нэхэмжлэгчийн дансны хуулга баримтаар нотлогдож байгаа хэмжээгээр хохирлыг тооцсныг тайлбарлах нь зүйтэй. /хэргийн 111-112 дугаар тал/
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
18. Хэргийн 8-24, 27, 41-55, 61-62 дугаар талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтаас хассан болно.
19. 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 14754 тоот Шүүгчийн захирамжаар тухайн кино зураг дүрсний хувьд чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон боловч шинжээч шүүгчийн асуултад тодорхой хариулт өгөөгүй хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн нотлох баримтаас мөн хассан болохыг тайлбарлах нь зүйтэй. /хэргийн 75-85 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1-д зааснаар хариуцагч Б.*******аас хохирол зардал 6 950 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1 050 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ
|
|