Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1062

 

            

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Ч.Батбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, түүний өмгөөлөгч Ж.Батхуяг, Х.Лхагвахүү, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Сүрэнхүү нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***ад холбогдох, эрүүгийн 2403001130203 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, тус дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хойд талын замд 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 цаг 23 минутын орчимд *** улсын дугаартай, “Тоёота спайд” /Toyota spade/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Нэгдүгээр зүйлийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал болгохгүйгээр зорчино” гэж заасныг, Гуравдугаар зүйлийн 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ” гээд а-д “Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэж заасныг, Арван хоёрдугаар зүйлийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч ***ыг мөргөж, улмаар амь нас нь хохирсон гэх хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Үүнд:

1. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...”гэх

” гэх мэдүүлэг,

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдолтой байна, бидний зүгээс сэтгэл санааны цочролд орж, өндөр настай аав маань энэ хэргийн талаар сонсоод сэтгэл санаа нь тогтворгүй болсон. Буяны ажлын зардалд 16,820,735 төгрөг гарсан, үүнээс 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Сэтгэл санааны хохирол 99,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2403001130203 дугаартай хэргээс:

3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,

4. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,

5. Зам тээврийн осол тогтоосон акт, осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/,

6. Цогцост үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас/,

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн: “...*** нь миний төрсөн дүү байгаа юм. Би зам тээврийн асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Тухайн осол болсон гэх өдөр 23 цагийн үед Замын цагдаагаас “*** гэх хүнийг таних уу” гэж хэлэхээр нь би “төрсөн ах нь байгаа юм” гэхэд “та ирж уулзах шаардлагатай байна” гэхээр нь Замын цагдаа дээр очиж цагдаатай уулзаад мэдсэн. Осол болох үед би цуг яваагүй. Миний дүү *** нь 1979 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, айлын 3 дахь хүүхэд болж төрсөн. Дээрээ нэг ах, нэг эгчтэй, доороо нэг дүүтэй. Сургуулийн өмнөх боловсролын гэрчилгээ эзэмшсэн. Тэгээд Улаанбаатар хотын 97 дугаар ерөнхий боловсролын сургуульд 1987 онд ороод 1997 онд төгссөн. 10 жилээ төгсөөд Шинжлэн ухаан техникийн Их сургуулийн дулаан хангамжийн инженерийн ангид сурч төгссөн. Сургуулиа төгсөөд “Дулааны цахилгаан станц 3”-т ажиллаж байгаад 2003 онд Англи Улс руу ажиллах гэж явсан юм. Тус улсад ажиллаж, амьдарч байхдаа эхнэртэйгээ танилцаж тэндээ гэр бүл болоод 2005 онд Монгол Улсад буцаж ирээд Бүгд Найрамдах Солонгос Улс руу магистрт сурахаар эхнэртэйгээ цуг явсан. Тэгээд 2008 онд буцаж Монгол Улсад ирээд хувийн компанид ажиллаж байсан. Тэгээд 2009 онд хүүтэй болсон ба Монголд ажиллаж, амьдарч байгаад 2013 онд гэр бүлээ цуцлуулсан. Одоогоор эхнэр, хүүхэд нь Япон Улсад амьдарч байгаа. Талийгаач нас барахынхаа өмнө “Дулааны цахилгаан станц 4”-т ажиллаж байгаад, улмаар гараад “Моннис” ХХК-нд инженерээр ажиллаж байсан юм.  Хааяа нэг баяр ёслолын үеэр л хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ тааруулж, тохируулж хэрэглэдэг. Архи хэтрүүлэн хэрэглэсэн байхыг бол би огт хараагүй. Тухайн өдөр бол холбогдоогүй. Урд өдөр нь надтай утсаар ярьсан юм. Тэрээр “маргааш танайд очиж хоночхоод ажилдаа явна” гэж хэлж байсан. Миний хувьд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

8. Гэрч ***гийн: “...Миний аав 1944 онд төрсөн бөгөөд Баянхонгор аймагт бага насаа өнгөрүүлсэн. Улаанбаатар хотод 1965 онд орж ирсэн. Баянхонгор аймагт 8 жилээ төгсөөд аймгийн Баянбулаг сумын холбоонд холбоочин хийж байгаад 1966 онд цэргийн албанд татагдаад 3 жилийн хугацаагаар алба хаасан. ...Манай аав төлөв түвшин, ямар нэгэн юманд хариуцлагатай хүн байгаа юм. Тайван дөлгөөн зантай ба бид нарыг зөв хүмүүжүүлж өсгөсөн хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

9. Гэрч ***ийн: “...Манай аав *** нь даруухан зантай, зарчимч шударга зантай хүн байгаа юм. Цэргийн албанд насаараа ажилласан болохоор шударга, үнэнч байх талаар хүүхдүүддээ зааж, сурган хүмүүжүүлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 845 дугаартай: “...1, 2. Талийгаачийн цогцост гавал тархи, цээжний хөндийн хавсарсан гэмтэл, баруун чамархай, суурь ясны хөндлөн салсан шугаман хугарал, суурийн дунд хохор ба баруун ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, турк эмээлийн салсан хугарал, бага тархины аалзан хальс доорх голомтлог цус харвалт, баруун, зүүн уушгины уг ба доод дэлбэнгийн гялтан доорх цус хуралт, эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, дух, баруун хацар, эрүү, хүзүүний цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь амьдрах боломжгүй дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 5. Талийгаачийн цусанд 3.1 хувийн промилли спиртийн агууламж илэрсэн хүнд зэргийн согтолтын хэмжээ болно. 6. Талийгаачид 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 20 цаг 45 минутад гадна үзлэг хийхэд нас бараад 3-4 цаг болсон байжээ. 7. Талийгаач нь А /II/ бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 25-32 дугаар хуудас/,

11. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1327 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн куртик, хар өнгийн цамц, улаан өнгийн цамц, цагаан өнгийн майк, улаан хүрэн өнгийн малгай, хар хөх өнгийн жинсэн өмд, ногоон өнгийн дотуур өмд, хар саарал өнгийн хос оймс, саарал өнгийн хос пүүзэн гутал, улаан өнгийн дотоож дээр цусны ул мөр илэрсэн. Уг цусны ул мөр нь хүний цус байна. 2. Улаан хүрэн өнгийн малгай, саарал өнгийн хос пүүзэн гутал дээр илэрсэн цус нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд дээж хүрэлцэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй, бусад цус нь А /II/ бүлгийн харьяалалтай байна. 3. Амь хохирогчийн цусны дээжийг, объектоос илэрсэн цусны ул мөртэй бүлгийн харьяалал тогтоох шинжилгээний үр дүнгээр адилтган харьцуулах боломжгүй...” гэх дүгнэлт, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 37-40 дүгээр хуудас/,

12. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 846 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хар хөх куртикэнд 18 мм хэмжээтэй, татаж чангаах хүчний үйлчлэлээр, хар өнгийн цамцанд 160 мм, цагаан өнгийн майканд 80 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр, шинээр үүссэн зүсэгдтэл байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 45-52 дугаар хуудас/,

13. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3861 дугаартай: “...1. ***ын нүдний хараа баруун зүүн талдаа 60 хувь харж байна. 2. Нүдний эмчийн үзлэгт өнгө ялгах сорил хийгдээгүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

14. Шинжээч Т.Номинцэцэгийн: “...Жолоочийн харааны түвшин 60 хувь байгаа нь зам тээврийн осолд нөлөөлөх эсэхийг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/,

15. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1319 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн “***” гэж хаяглан “G01571575” гэсэн дугаартай, хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “***” гэж хаяглан “G01571575” гэсэн дугаартай, хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,

16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1085 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн “Осол.avi” нэртэй дүрс бичлэг шинжилгээнд тэнцэнэ. 2. “Осол.avi” нэртэй дүрс бичлэгээс тогтоолд дурдсан “Toyoto Spade” маркийн, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/,

17. Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн: “...1. “Toyoto Spade” маркийн, *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2. Салхины шил бяцарч хагарсан, зүүн их гэрлийн суурь хугарсан, мөн гэрлийн суурь төмөр гулзайсан, урд буфер хагарсан, копууд цөмөрсөн, урд нүүрний төмөр гулзайсан гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн байх боломжтой. 4. Тоормосны систем нь хийн дамжуулалт “АВС” системтэй байна. Тоормос хэвийн ажилтай байна. 5. Дээрх тоормосны системүүдийн үед тоормосны мөр замын гадаргуугаас хамаарч тасалдах байдлаар мөр үүснэ. 6. Баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ “6200 cd”, хол дээрээ “39300 сd”, гэрэл стандартын шаардлага хангахгүй байна. Зүүн талын их гэрэл ойр дээрээ “3100 cd”, хол дээрээ “0 cd” /стандарт 10.000-225.000 cd/ ойрын гэрэл стандартын шаардлага хангахгүй байна. Ослын улмаас гэрлийн суур хугарч хэмжилт хийх боломжгүй байна...” гэх дүгнэлт, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хавтаст хэргийн 75-80 дугаар хуудас/,

18. Шинжээч Э.Мөнхсайханы: “...Тухайн жолоочийн нүдний харах, үзэгдэх орчинд нөлөөлөх боломжтой жолоочийн тээврийн хэрэгслийн гэрлийн чадал нь стандартын шаардлага хангаж байсан бол жолоочийн аюул саадыг харах зай холдох боломжтой. 2021, 2022 онуудад оношилгоонд ороогүй, 2023 онд орж тэнцсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас/,

19. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 428 дугаартай: “...1. Жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. а/үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа /хавтаст хэргийн 85-87 дугаар хуудас/,

20. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн “Toyoto Spade” маркийн, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Таван шараас Нисэх орох гээд явж байх замд буюу Таван шарын призер гараад 1 дүгээр эгнээгээр явж байсан юм. Тэгээд “Энхжин” худалдааны төв орох гээд яг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хойд талд харалдаа ирэх үед миний зүүн гар талаас гэнэт нэг хүн ороод ирсэн. Тэгээд машиныхаа зүүн гар талын урд гэрэл орчмоор мөргөсөн. Тэгээд машиныхаа зүүн гар талын урд гэрэл орчмоор мөргөсөн юм. Тэгээд би тоормос гишгээд машинаа зогсоогоод буугаад очиход мөргүүлсэн хүн зам дээр дээшээ харсан байдалтай хамар юм уу толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд араас нь түргэн тусламж дуудсан. Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирээд үзлэг хийж байхад түргэн тусламж ирээд тэр хүнийг аваад явсан. Би үзлэг, хэмжилт хийлгэж дууссаны дараа машинаа журамлуулаад цагдаа нарын хамтаар Цагдаагийн хэлтэс рүү явсан юм. Би тухайн үед ойролцоогоор 30 орчим км цагийн хурдтай явж байсан байх, зүүнээс баруун чиглэлийн 1 дүгээр эгнээг голлон явж байсан санагдаж байна. Би тухайн үед ямар ч анхаарал сатааруулах үйлдэл хийсэн зүйл байхгүй. Би тухайн үед явган зорчигчийг хараагүй. Миний зүүн гар талаас тэр хүн гэнэт л гараад ирсэн юм. Ойролцоогоор би тэр хүнийг бараг тулж ирээд л харсан. Би харааны шил зүүдэггүй. Би хол ойрын зүйлсийг чөлөөтэй хардаг. Би жолоодох эрхийн үнэмлэхтэй “В” ангиллын үнэмлэхтэй. Би 1982 онд 107 дугаар цэргийн ангийн жолооны курс төгсөж жолооч болсон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/,

21. Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтууд /хавтаст хэргийн 102-107 дугаар хуудас/,

22. Эрүүгийн хариуцлага хүлээ байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд шүүхээр ял шийтгүүлсэн тухай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 108-112 дугаар хуудас/,

23. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /хавтаст хэргийн 120-122 дугаар хуудас, хэргийн эхний хавтсанд үдсэн/,

24. Иргэн *** ***ыг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нас барсныг бүртгэсэн бүртгэл /хавтаст хэргийн 130 дугаар хуудас/,

25. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн хохирол, хор уршигтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 131-141 дүгээр хуудас/,

26. Шүүгдэгч ***аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10,000,000 төгрөг шилжүүлсэн “Хаан” банкны шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 169 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадалгааг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээч, мэргэжилтэн гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

 

Мөрдөх байгууллагаас шүүгдэгч ***ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан шүүгдэгч ***ад холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэхдээ тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

 

Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан газрыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэмээн дүгнэсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад тухайн гэмт хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энхжин” нэртэй худалдааны төвийн урд талын авто зам дээр үйлдэгдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ад холбогдох, эрүүгийн 2403001130203 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *** нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энхжин” нэртэй худалдааны төвийн урд талын авто зам дээр 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 цаг 23 минутын орчимд *** улсын дугаартай, “Тоёота спайд” /Toyota spade/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Нэгдүгээр зүйлийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал болгохгүйгээр зорчино” гэж заасныг, Гуравдугаар зүйлийн 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ” гээд а-д “Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэж заасныг, Арван хоёрдугаар зүйлийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 44 настай, эрэгтэй, ***ыг мөргөж, улмаар амь нас нь хохирсон болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Үүнд:

1. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... ...” гэх мэдүүлэг,

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... ...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2403001130203 дугаартай хэргээс:

3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,

4. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,

5. Зам тээврийн осол тогтоосон акт, осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/,

6. Цогцост үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас/,

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 845 дугаартай дүгнэлт, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 25-32 дугаар хуудас/,

9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1327 дугаартай дүгнэлт, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 37-40 дүгээр хуудас/,

10. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 846 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 45-52 дугаар хуудас/,

11. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3861 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

12. Шинжээч Т.Номинцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/,

13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1319 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,

14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1085 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/,

15. Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хавтаст хэргийн 75-80 дугаар хуудас/,

16. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 428 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 85-87 дугаар хуудас/,

17. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/,

18. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /хавтаст хэргийн 120-122 дугаар хуудас, хэргийн эхний хавтсанд үдсэн/,

19. Иргэн *** ***ыг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нас барсныг бүртгэсэн бүртгэл /хавтаст хэргийн 130 дугаар хуудас/,

20. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн хохирол, хор уршигтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 131-141 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас ***ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчийн дүгнэлтийг дэмжсэн” дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байсан нь мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдсон” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэж оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд, явган зорчигч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Тавдугаар зүйлийн 5.12-т “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно”, а-д “үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэж заасныг зөрчсөн нь мөрдөгчийн магадалгаа болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогддог хэдий ч шүүгдэгч *** нь тус дүрмийн Нэгдүгээр зүйлийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал болгохгүйгээр зорчино” гэж заасныг, Гуравдугаар зүйлийн 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ” гээд а-д “Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэж заасныг, Арван хоёрдугаар зүйлийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл нь “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэхээр байна. 

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж шүүхээс дүгнэв.

 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан ба шүүгдэгч ***ын үйлдлийн улмаас хохирогч *** нас барсан нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирлыг бий болгосон гэж үзэхээр байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь буяны болон оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс, бусад гэм хорын нөхөн төлбөрт нийт 16,820,735 төгрөгийг нэхэмжилдэг бөгөөд шүүгдэгч ***ын зүгээс 10,000,000 төгрөгийг түүний данс руу бусдын данснаас шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогджээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн  хэлэлцүүлгийн шатанд “хохирол, хор уршигт 6,820,735 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт нийт 99,000,000 төгрөг”-ийг нэхэмжилж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “онгоцны билет захиалгын 1,700,000 төгрөг нь гадаад хэл дээр байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасанд хамаарах гэр бүлийн гишүүн биш тул уг нөхөн төлбөрийг гаргуулах шаардлагагүй” хэмээн мэтгэлцэж тус тус оролцсон болно.

 

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн ах ***г тогтоосон үйл баримтад талууд маргаагүй, төрсөн ахыг нь хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй тул шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргаан үүсээгүй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” хэлнэ гэж заасанчлан амь хохирогч ***ын төрсөн ах болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь баримтаар тогтоогдсон хохирол, хор уршгийг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй этгээд мөн юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасан тул шүүгдэгч *** нь баримтаар тогтоогдсон 6,820,735 төгрөгийн хохирол, хор уршгийг арилгах үүргийг хүлээх ёстой.

 

Шүүхээс ***ын үйлдлийн улмаас амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөгөөр тогтоох нь хохирогчид ашигтай гэж үзлээ.

 

Гэвч уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл байгааг харгалзан үзэж Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3-т “гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана”,

Мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно”, 514.2-т “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж тус тус заасныг үндэслэн шүүхээс тогтоосон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр 99,000,000 төгрөгийг 30 хувиар багасаж, 69,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

 

Дээрх байдлаар хохирол, хор уршгийг арилгахаар шийдвэрлэх нь хуульд нийцэх тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан болгоомжгүй гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэг хариуцах чадвартай, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох хэргийг 8 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг, хохирогчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчийн дүгнэлтийг дэмжсэн” дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад шалтгаалсан тул оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөх” санал, дүгнэлтийг тус тус шүүхэд гаргасан.

 

   Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч ***ад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

 

Ингэхдээ шүүгдэгч ***ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байгаа зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдав.

 

Дөрөв. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /CD/-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

 

Хэрэгт ***ын иргэний баримт бичиг шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ад оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, тус нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3, 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5, 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2-т тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 6,820,735 /зургаан сая найман зуун хорин мянга долоон зуун гучин тав/ төгрөг, гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрт 69,300,000 /жаран есөн сая гурван зуун мянга/ төгрөг, нийт 76,120,735 /далан зургаан сая нэг зуун хорин мянга долоон зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг “Си Ди” /CD/-ийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

8. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ***ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ДАВААДОРЖ