Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/00890

 

 

 

 

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/00890

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, шүүгч Р.Алтантуяа, Ж.Кульдана нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 2 хороо, 1 б хэсэг, Доржийн гудамж, 13/6 байр, 20 тоотод оршин суух хаягтай, рд:хк82050601, Сартуул овогт Буянхишигийн *******ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, 18 хороо, 4 хороолол, 64 байр, 27 тоотод оршин суух хаягтай, рд:кю82071585, Ишүбэ овогт Ганбаатарын *******д холбогдох,

 

хохирол 1 886 850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.*******

хариуцагч Г.******* нар оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Г.*******д холбогдуулан хохирол 1 886 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... миний хүү М.*******-******* тухайн өдөр Олонлог болон 93 дугаар сургуулийн хэсэг хүүхдүүдтэй зодоон хийсэн. Ангийнх нь охин болох *******жаргал миний хүүд би найз бандитай болсон гээд зургийг нь харуулаад сайн зодолдог гэсэн чинь миний хүү намхан юм байна гэж хэлсний улмаас чи хүлээж бай гээд миний хүүг хүлээлгэсэн. Олуулаа нийлж миний хүүг зодох гээд ирэхэд хариуцагчийн хүү болох ******* ирээд миний хүүг чамархайн тус газар нь цохиж ухаан алдуулсан байсан хажуугаар нь зөрсөн залуу миний дүү сэргээрэй гээд босгосон. Тэр орой нь намайг ажил дээрээ байхад цагдаагаас дуудаж, танай хүү хүнд зодуулаад цагдаа дээр ирсэн байна гэж хэлсэн. Би хүүгийн хамтаар оройн 21 цаг хүртэл цагдаа дээр байцаалт өгсөн. Миний хүү шүдэндээ гажиг заслын аппараттай, Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж эмрай зураг авхуулах гэтэл шүдний аппараттай тул авах боломжгүй учир шүдний аппаратаа авхуулах шаардлагатай гээд шүдний эмнэлэг дээр очоод шүдний аппаратыг нь авхуулсан. Цагдаагийн хэлтэс дээр очиход Билгүүн гээд байцаагч нь хариуцагч талыг ковид туссан гээд явуулсан. Дахин цагдаагийн хэлтэс дээр очиход хариуцсан байцаагч нь солигдсон гээд удалгүй хэрэг нь хаагдсан байсан. Надад хэн нэгэн хариуцсан байцаагч нь хэрэг хаагдсан тухай мэдэгдээгүй, иймд нийт зардал болох 1,886,850 төгрөгийг нэхэмжилж байна... гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...тухайн үед миний хүү нэхэмжлэгчийн хүүг нэг удаа цохисон, нэхэмжлэгч тухайн үед миний хүүгийн өмссөн цамцыг гуйлгачин минь хэмээн үг хэлээр доромжилж эхэлсэн. Тэр үед байсан бүх багш сурган хүмүүжүүлэгчид харсан. Надад үнэхээр энэ зардлыг гаргах боломж байхгүй. Өсвөр насны хүүхдүүд хоорондоо үл ойлголцоод гар хүрсэн байсан. Яагаад би ингэж доромжлуулчхаад энэ их мөнгийг төлөх ёстой гэж би чадахгүй. Үнэхээр хүүхдийнхээ эрүүл мэндийг бодсон бол мөнгө гэж байн байн нэхэхгүй. Заавал миний үр хүүхэд болон намайг доромжилж байж мөнгө авна гэсэн ойлголт байхгүй гэж бодож байна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

4. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 4 дүгээр тал/

Баянзүрх дүүргийн 2-р хорооны тодорхойлолт /хэргийн 5 дугаар тал/

Ч.*******, Б.******* нарын гэрлэлтийн гэрчилгээ /хэргийн 6 дугаар тал/

М.*******-Эрдэнийн төрсний гэрчилгээ / хэргийн 7 дугаар тал /

М.*******-Эрдэнийн өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 8 дугаар тал/

М.*******-Эрдэнийн 47-р сургуулийн тодорхойлолт /хэргийн 9 дүгээр тал/

Монгол Фарм ХХК НӨАТ-ын баримт /хэргийн 10 дугаар тал/

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн онош /хэргийн 11-12 дугаар тал/

Стм мед ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /хэргийн 13 дугаар тал/

Лазер мед эмнэлгийн КТ-ийн шинжилгээ /хэргийн 14-16 дугаар тал/

Капитрон банкны баримт /хэргийн 17 дугаар тал/

Мед Траума эмнэлгийн үзлэгийн хуудас, шинжилгээний хариу /хэргийн 18-22 дугаар тал/

Мега мед эмнэлгийн баримт, тодорхойлолт /хэргийн 23-24 дүгээр тал/

Дуб ХХК-ийн тодорхойлолт, зураг /хэргийн 25-26 дугаар тал/

2021.10.19-ний өдрийн 790 дугаар БГД-ийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хэргийг 27 дугаар тал/

2021.09.02-ны өдрийн Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай Эрх бүхий албан тушаалтны хүсэлт /хэргийн 21-22 дугаар тал/

2021.09.08-ны өдрийн 8235 дугаар Шинжээчийн дүгнэлт /хэргийн 42-43 дугаар тал/

2021.09.10-ны өдрийн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах татгалзах тухай тогтоол /хэргийн 44 дүгээр тал/

2021.10.19-ний өдрийн Прокурорын 271 дугаар тогтоол хэргийн 45-47 дугаар тал/

2021.10.19-ний өдрийн 790 дугаар БГД-ийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хэргийн 48 дугаар тал/

2021.09.02-ны өдрийн Насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тухай /хэргийн 49-66 дугаар тал/

Б.*******ийн БГД-ийн Прокурорт гаргасан өргөдөл /хэргийн 67 дугаар дугаар тал/

Далд-Увидас ХХК-ийн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 87 дугар тал/

 

5. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 32-33 дугаар тал/

Эмчийн тодорхойлолт /хэргийн 34 дүгээр тал/

 

6. Шүүхээс

2022.01.13-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 70-74 дүгээр тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

.

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...2021 оны 09 сарын 02-ны өдөр Э.******* манай хүү М.*******-Эрдэнийг толгойн тус газар нь цохиж ухаан алдуулсны улмаас эмчийн өгсөн заавар зөвлөгөөний дагуу тархи толгойн үзлэг шинжилгээ оношилгоо хийлгэсэн зардал төлбөр 1 883 500 төгрөгийг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч эс зөвшөөрч ... хэл амаар маш их доромжилж хүүхдүүдийг айлган сүрдүүлж байсан, мөнгө гээд л орилоод байсан, нэг ч төгрөг төлөхгүй нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

4. Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Баатар ван овогт *******ын *******-******* 2008 оны 07 сарын 07-ны өдөр төрсөн, 13 настай, эрэгтэй, Нийслэлийн Ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн 8б ангид сурдаг, түүний хууль ёсны төлөөлөгч Б.******* болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна. /хэргийн 4-9, 49-51 дүгээр тал/

6. Ишүбэ овогт *******гийн ******* 2006 оны 04 сарын 03-ны өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, Баянгол дүүргийн 96 дугаар сургуулийн 10-8 ангид сурдаг, түүний хууль ёсны төлөөлөгч Г.******* болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна. /хэргийн 29, 64-66 дугаар тал/

7. 2021 оны 09 сарын 02-ны өдөр Баянгол дүүрэг, 19 хороо, 47 дугаар сургуулийн орчим Э.******* хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэн М.*******-Эрдэний толгойн тус газарт цохисны улмаас М.*******-******* ухаан алдан унасан байна.

8. Улмаар тухайн орчимд эргүүл хийж байсан иргэн М.*******-*******д туслан босгож Цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.

9. Дээрхи хэргийн улмаас 2021 оны 09 сарын 02-ны өдөр Э.*******, М.*******-******* болон тэдэнтэй хамт байсан Ө.Түвшинбат, Я.Данзанравжаа, Н.*******жаргал, Б.Зоригтсайхан нараас цагдаагийн байгууллагын ажилтан гэрчийн мэдүүлэг авч, 2021 оны 09 сарын 10, 2021 оны 09 сарын 19-ны өдөр тус тус гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хэргийн 40-67 дугаар тал/

10. Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

11. Нэхэмжлэгч Б.******* дээрх хэргийн улмаас өөрийн хүү М.*******-Эрдэний биед эрүүл мэндийн шинжилгээ оношилгоо хийлгэсэн болон эм тарианы зардал хохирол төлбөрт нийт 1 886.850 төгрөг нэхэмжилснийг,

12. хариуцагч Э.*******гийн хууль ёсны төлөөлөгч Г.******* эс зөвшөөрч ... нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

13. Нэхэмжлэгч 2021 оны 09 сарын 03-ны өдөр ГССҮТ-ийн эмчид М.*******-Эрдэнийг үзүүлсэн бөгөөд эмч тархи доргилт гэсэн онош тогтоож, харъяа дүүргийн гэмтлийн эмчийн хяналтад үзүүлж байх, хэвтрийн дэглэм сахих, хүйтэн жин тавих, биеийн ерөнхий байдлыг ажиглах, шаардлагатай толгойн нарийн шинжилгээ КТГ, MRI оношилгоо шинжилгээ хийлгэх, тархины цусан хангамжийг сайжруулах зорилгоор цитофлавин эм уух зэрэг зөвлөгөө өгсөн нь ГССҮТ-ийн эмчийн үзлэгийн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 9-11 дүгээр тал/

14. Эмчийн зааврын дагуу 2021 оны 09 сарын 03-ны өдөр Лазер мед эмнэлэгт М.*******-******* 100 000 төгрөгийн төлбөртэй компьютер томографийн шинжилгээ өгч, гавал ясанд хугаралгүй бусад хэсгүүдэд ямар нэг өөрчлөлтгүй хэвийн гэсэн шинжилгээний хариу гарсан байна. /хэргийн 13-16 дугаар тал/

15. М.*******-******* нь 2020 оны 01 сарын 18-ны өдрөөс Мегадент шүдний эмнэлэгт шүдний гажиг засах эмчилгээ хийлгэж гажиг заслын аппарат суулгасан байсан, тэрээр MRI буюу толгойн соронзон резонанст томографик дүрс оношилгоо шинжилгээ хийхэд тухайн хүний биед ямарваа нэг төмөр металл суулагцаггүй байх шаардлагын үүднээс шүдний гажиг заслын аппаратыг тайлуулан авч, 2021 оны 09 сарын 05-ны өдөр МедТравма эмнэлэгт 260 000 төгрөгийг төлбөртэй MRI шинжилгээ оношилгоо хийлгэсэн ба тархины том судаснуудад харагдах цүлхэн, нарийсал, бөглөрөл илрээгүй, захын судас хэвийн гэсэн байна. 2021 оны 11 сарын 23-ны өдөр шүдний гажиг заслын аппаратаа дахин 1500 000 төгрөгийн төлбөртэй хийлгэжээ. /хэргийн 17-26 дугаар тал/

16. Түүнчлэн М.*******-Эрдэнийн толгойн тус газарт Э.******* цохиж ухаан алдуулсан гэм буруутай үйлдлийн улмаас М.*******-Эрдэнийн биед зүүн шанааны цус хуралт, баруун тохойн зулгаралт гэмтэл тогтоогдсон, мөн ГССҮТ-ийн эмчийн заавар зөвлөмжийн дагуу үзлэг шинжилгээ оношилгоо хийлгэх зайлшгүй шаардлагын улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол төлбөр учирсан нь 2021 оны 09 сарын 08-ны өдрийн дугаар 8235 Шинжээчийн дүгнэлт, насанд хүрээгүй гэрч нараас авсан мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.

17. Нэхэмжлэгчид бодитоор учирсан хохирол төлбөр хэрэгт авагдсан баримтаар цитофлавин эм тариа-26 853 төгрөг, КТГ шинжилгээ-100 000 төгрөг, MRI оношилгоо-260 000 төгрөг, гажиг заслын аппарат дахин хийлгэсэн төлбөр 1500 000 төгрөг нийт 1 886 853 төгрөг тогтоогдсон. /хэргийн 10, 13, 17-18, 23 дугаар тал/

18. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Г.*******гээс гэм хорын хохирол төлбөрт нийт 1 886 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

19. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...хүүхдүүдийг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, айлган сүрдүүлсэнд гомдолтой, хүнд өвчтэй ээжийгээ асардаг ажил хийх боломжгүй, нөхөр өвчний улмаас групп байдаг, төлбөрийн чадваргүй шалтгааны улмаас нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргаж тайлбарлаж байгаа нь гэм хор учруулсан этгээд бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэснийг тайлбарлах нь зүйтэй.

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчдын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Г.*******гээс гэм хорын хохирол төлбөрт 1 886 850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНТУУЛ

                                           

                               ШҮҮГЧИД                                   Р.АЛТАНТУЯА

 

Ж.КУЛЬДАНА