Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2026/00109

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09234 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2026/00262 дугаар магадлалтай

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“В” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 20,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “В” ХХК-д холбогдуулан 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09234 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч “В” ХХК-с 2,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2026/00262 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09234 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч “В” ХХК-аас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, 2 дахь заалтын “... 46,950 төгрөг...” гэснийг “257,950 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн.

Давж заалдах шатны шүүх нь “... хариуцагчийн хувьд ... ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, мөн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй...” гэж хэрэгт авагдсан баримтад нийцэхгүй дүгнэлт гаргаж хэргийг шийдсэн.

Хариуцагчийн зүгээс 2025.10.29-ний өдөр анхан шатны шүүхэд өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлыг хөндлөнгийн шинжээчээр тодорхой болгох үүднээс “Вай брэнд” ХХК-ийг шинжээчээр томилуулах, гэрээний гүйцэтгэлийг 2024.05.04-ний өдөр экспертүүдтэй уулзалтад оролцож хүлээн авсан өмнөх захирал болох Э-ыг гэрчээр оролцуулах хүсэлт тавьсныг давж заалдах шатны шүүх огт хүсэлт гаргаж байгаагүй мэтээр дүгнэсэн.

Дээрх хүсэлт нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1 дэх заалтын “...захиалгат судалгааны ажлыг Гүйцэтгэгч тал цаг тухайд нь гүйцэтгэн хүлээлгэн өгөх, Захиалагч тал Гүйцэтгэгч талд энэхүү гэрээний дагуух захиалгат ажлын хөлсийг төлөх...”, мөн 4.2.2 дахь заалтын “Дундын санхүүжилт буюу 10,000,000 төгрөгийг судалгааны ажлын 60 хувийн товч тайланг Захиалагч тал хүлээн зөвшөөрснөөр шилжүүлнэ.” гэх заалтуудыг тодорхой болгоход ач холбогдолтой байсан. Мөн талуудын хооронд сүүлийн ажлыг өөрчлөн тохирсон тухай нотлох чухал ач холбогдолтой байсан. Гэхдээ дээрх үйл баримт нь хавтаст хэргийн 15 дахь тал дахь “В” ХХК-ийн нэхэмжлэх, 14 дэх тал дахь Төлбөрийн даалгавар болон талуудын тайлбар, дээрх гэрээний заалт дээр маргаагүй зэргээр нотлогддог.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний хавсралтад заасан төлөвлөгөөний дагуу 4 сарын 26-ны өдөр хийх судалгааны тайлангийн урьдчилсан танилцуулга, зөвлөмжийг 5 сарын 04-ний өдөр зохион байгуулж, 60 хувийн гүйцэтгэлтэй ажлыг гүйцэтгэх захирал асан Э.Буянтогтоход хүлээлгэн өгсөн ба түүний зөвшөөрснөөр дундын санхүүжилт болох 10,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасны дагуу хүлээн авсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх “...дундын санхүүжилт 10,000,000 төгрөгийг 2024.05.07-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн нь ажлын гүйцэтгэл 60 хувьд хүрснийг дангаар нотлохгүй ... ажлын гүйцэтгэлтэй холбоотой гэж үзэх боломжгүй юм...” хэмээн дүгнэж Иргэний хуулийн дагуу тохиролцсон талуудын гэрээний үг үсгийг мушгин тайлбарласан.

Харин анхан шатны шүүх нь дээрхийг нэхэмжлэгчийн цахимаар ажлын тайланг хүлээн авсан гэх тайлбар, түүнд дээр үндэслэн цахимаар тайлан ирсэн эсэхэд үзлэг хийлгэх хүсэлтээсээ өөрөө татгалзсан байдал болон дээр дурдсан гэрээний заалтын үг үсгийн шууд утгыг алдагдуулахгүйгээр зөв дүгнэж, нэхэмжлэгчийн төлбөр шилжүүлсэн бодитой үйл баримт, талуудын мэтгэлцээнд үүн дээр маргаагүй зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээн авсан гэж зөв дүгнэсэн байдаг.

Мөн давж заалдах шатны шүүх “Судалгаанд оролцогчдын дата мэдээлэл”, “Судалгаанд оролцогчдын дуу хоолойны бичлэг”, Фокус бүлгийн судалгаа”, “Судалгааны явцын зураг авалт” зэргийг материалуудыг өгөөгүй нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй хэмээн үзнэ гэж ажлын үр дүнг гэрээнд зааснаас буруу тайлбарлан нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.

Судалгааны ажлын үр дүн нь тухайн цуглуулсан мэдээлэл, тоо баримтыг логик дэс дараалалд оруулан, тухайн орчин нөхцөлийг урьдчилан таамагласан оюун дүгнэлт бүхий тайлан байдаг. Өөрөөр хэлбэл эцсийн үр дүнд хүрэх буюу ажлын тайланг гаргахад шаардлагатай цугларсан материалыг хүлээлгэн өгч амжаагүй байгаа нь ажлын үр дүнг хүлээн аваагүй гэж үзэх үндэслэлгүй.

Үүнийг мөн анхан шатны шүүх зөв дүгнэн тайлбарласан буюу ажлын үр дүн болох тайланг цаасан сууриар биш харин файл буюу цахим хэлбэрээр хүлээлцэхээр тохиролцжээ хэмээн судалгааны салбар, түүний харилцаанд хуулийг зөвөөр тайлбарлаж хэрэглэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь хариуцагчийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн бөгөөд үүнийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасны дагуу цуцалсан нь үндэслэлтэй гэсэн боловч нэхэмжлэгч дээрх зохицуулалтуудын аль хэсгийг баримталж цуцалж байгаагаа огт тодорхой болгож байгаагүй. Хэрэв дээрх зохицуулалтын дагуу цуцалж байгаа гэж үзэж байгаа бол үүргийг ялимгүй зөрчсөн эсвэл ноцтой зөрчсөн гэдгийг нарийн тодорхой тайлбарлах ёстой байсан.

Түүнчлэн, Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу манай компанийн шилжүүлсэн судалгааны тайлан, тэдгээрийг хийхэд гаргасан зардал зэргийг хэрхэн манай компанид буцаан шилжүүлэх талаар огт үнэлэлт дүгнэлт өгөлгүй, манай эрхийг орхигдуулан зөвхөн нэг талын эрх ашгийг хангасан магадлал боллоо.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх манай компанийг огт ажил хийгээгүй мэт дүгнэж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн ажлын тайлан зэргийг доголдолтой эсэхэд мөн дүгнэлт өгөлгүй нэхэмжлэлийн шаардлагын 20,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь судалгаа, зөвлөгөөний салбарт ажил үйлчилгээ эрхэлдэг хүн болоод хуулийн этгээдүүдийн эрхийг цаашид ноцтой зөрчих үндэс суурь болсон шийдэл болоод байна.

Учир нь судалгаа, зөвлөгөөний ажлын үр дүн нь маш олон дата мэдээллийг олж аван, тухайн судалж буй салбарын экспертүүдийг олж уулзан, тэдгээрээс ярилцлага авах, олон улсын жишиг туршлагыг олж судлах, бүлгийн судалгаа биеэр хийж гүйцэтгэх зэрэг маш олон хүний цаг зав, хүч хөдөлмөр, тэдгээрийн оюуны ажлын үр дүнд гардаг нэгтгэсэн судалгааны тайлан дах тоо мэдээлэл, таамаглал байдаг билээ. Үүнийг үйлчлүүлэгч нь өөрөө болон цахимаар хүлээн авсан даруйд зөв шийдвэр, шийдэл гаргах боломж бүрддэг бөгөөд энэ үед уг салбарын ажлын үр дүн, зорилгодоо хүрч байдаг.

Хэрэв давж заалдах шатны шүүхийн адил уг харилцааг шийдвэрлэвэл манай салбараар үйлчлүүлэгчид ажлын тайлангаа авсан даруйд шилжүүлсэн мөнгөө буцаан авах, бидний зарцуулсан цаг хугацаа, хүний нөөц, гаргасан зардал зэрэг ямар ч үнэ цэнгүй болж, хохирч үлдсээр байх нөхцөл бүрдээд байна.

Иймд дээрх дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2026.04.10-ны өдрийн 001/ШХТ2026/00477 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

     6. Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “В” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн төлбөр 20,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Талууд 2024.04.15-ны өдөр 2024/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр “В” ХХК нь 15 хоногийн хугацаанд Монгол Улсын ОТТ үйлчилгээний зах зээлийн өнөөгийн байдал, цаашид Metamedia үйлчилгээг хөгжүүлэх боломжууд судалгааг гүйцэтгэх, манай компаниас гэрээ хүчин төгөлдөр болмогц 10,000,000 төгрөг, судалгааны ажил 60 хувийн гүйцэтгэлтэй товч тайланг хүлээн зөвшөөрснөөр 10,000,000 төгрөг, ажлыг бүрэн гүйцэтгэсэн актыг хүлээн авснаар үлдэх 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь 2024.04.19-ний өдөр урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөг, 2025.05.07-ны өдөр дундын санхүүжилт 10,000,000 төгрөгийг тус тус төлсөн. “В” ХХК нь судалгааны ажлыг гэрээний хугацаанд гүйцэтгээгүй ба шаардлага тавихад УИХ-ын сонгуульд ажиллаж байгаа талаар хэлсэн тул нэмэлт хугацаа тогтоосон. Гэвч үр дүн гараагүй учир 2024.10.21-ний өдөр гэрээг цуцалж байгааг мэдэгдэж, төлбөрт шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэхийг шаардсан ч буцаан өгөөгүй. Иймд “В” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлсөн 20,000,000 төгрөг, гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон тул алдангид 2,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан.

Хариуцагч хариу тайлбартаа: “...Хоёр компани 2024.04.15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Мөн 2024.11.25-ны өдөр захиалагчийн хүсэлтийн дагуу нэмэлтээр гэрээнд тусгагдаагүй судалгааны тайлан, дата мэдээлэл, нэмэлт ажлуудыг хийж хүлээлгэн өгсөн. “М” ХХК нь урьдчилгаа 10,000,000 төгрөгийг шилжүүлснээр “В” ХХК нь гэрээнд заасан эхний 2 судалгааны ажлыг хийсэн. 3 дахь ажил хэтэрхий цар хүрээ ихтэй, товч танилцуулга хийж нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр ажлыг үргэлжлүүлэх байсан. Салбарын мэргэжилтнүүдтэй уулзан ажлыг 2024.05.04-ний өдөр танилцуулж, зөвшөөрснөөр 2024.05.07-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 5,000,000 төгрөгийг ажлын засварын талаар үүрэг даалгавар өгөх, улмаар талууд акт үйлдэх байсан. “В” ХХК-ийн захирлын эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил удааширч, акт үйлдээгүй. “М” ХХК-ийн захирал өмнөх ажилтай танилцаж, мөнгө шилжүүлсэн тул доголдолгүй гэж үзэж байна. Эхний 2 ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Мөнгө авсан болон огноотой маргахгүй. Хугацаа хэтрүүлсэн алдангийг зөвшөөрч үлдэгдэл 5,000,000 төгрөгийг авахгүй…” гэж тайлбарласан.

8. Анхан шатны шүүх: “...Нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээн авснаар гэрээний гүйцэтгэлийн 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүсэхгүй юм. Нэгэнт нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүсээгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар төлсөн төлбөрийг буцаан шаардах боломжгүй. Харин хариуцагчийн төлөөлөгч нь ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн талаар маргахгүй байх тул 2,000,000 төгрөгийн алдангид холбогдох шаардлагыг зөвшөөрсөн гэж үзлээ. ...Иймд хариуцагчаас алдангид 2,000,000 төгрөг гаргуулна...” гэж дүгнэсэн,

Давж заалдах шатны шүүх: “...Нэхэмжлэгч гэрээний 4.2.2-т зааснаар дундын санхүүжилт 10,000,000 төгрөгийг 2024.05.07-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн нь ажлын гүйцэтгэл 60 хувьд хүрснийг дангаар нотлохгүй буюу хариуцагч нь ажлын гүйцэтгэлээ нотолж чадаагүй тул энэхүү мөнгөн шилжүүлгийг ажлын гүйцэтгэлтэй холбоотой гэж үзэх боломжгүй юм. ...Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т заасны дагуу гэрээгээр тохиролцсон ажлын үр дүнг нэхэмжлэгчийн өмчлөлд хүлээлгэн өгөөгүй гэж үзнэ. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон учир нэхэмжлэгч гэрээг цуцалж, төлсөн хөлсийг хохиролд тооцон буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй тул хариуцагчаас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэнэ. Ажил гүйцэтгэх гэрээний 6.2-т зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийг бус гэрээг цаашид үргэлжлүүлэхгүй гэж дүгнэн гэрээг цуцалж байгаа нөхцөлд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхгүй, уг шаардлага Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцээгүй байна. Иймд алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 2,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно...” гэж дүгнэжээ.

9. Дээр дурдсанчлан анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар адил дүгнэлт хийсэн боловч үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан зөрүүтэй шийдэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хянан хэлэлцлээ.

10. Хэрэгт цугларсан баримтаар зохигчийн хооронд 2024.04.15-ны өдөр 2024/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр хариуцагч “В” ХХК нь “Монгол Улсын ОТТ үйлчилгээний зах зээлийн өнөөгийн байдал, цаашид Metamedia үйлчилгээг хөгжүүлэх боломжууд” захиалгат судалгааны ажлыг “М” ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон, гэрээний хугацаа хуанлийн 15 хоног боловч гүйцэтгэгч хугацаанд нь ажлаа хүлээлгэж өгөөгүй, захиалагч гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон талаар зохигч маргаагүй, хоёр шатны шүүх адил дүгнэсэн байна.

11. Үүргийн гүйцэтгэлийн талаар анхан шатны шүүх “...хариуцагч буюу гүйцэтгэгч  үүргээ 2024 оны 11 дүгээр сард гүйцэтгэснийг захиалагч цахим хэлбэрээр хүлээн авсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхгүй, харин хугацаа хэтрүүлсэн үйл баримттай хариуцагч маргаагүй үндэслэлээр алданги төлөх үүрэгтэй..” гэсэн дүгнэлт хийсэн бол давж заалдах шатны шүүх “...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй...” гэж дүгнэжээ.

12. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т ажлын гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байна, 343.3-т ажил гүйцэтгэгч ямар нэг эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмлөлд шилжүүлнэ гэж тус тус зохицуулсан.

Зохигчийн хооронд байгуулсан 2024/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний 5.1-д ажлын даалгаврыг Гүйцэтгэгч бүрэн гүйцэтгэж дуусган, Захиалагч нь албан ёсоор акт үйлдэж хүлээн авснаар бүрэн дууссан гэж үзнэ гэж, гэрээний хавсралт Ажлын даалгаварт хүлээлгэн өгөх материалыг 1-5 гэж дугаарлан, нэрлэн заасан байна. Үүнд: 1.Судалгааны дэлгэрэнгүй тайлан-MS PPT хэлбэрээр, 2. Судалгаанд оролцогчдын дата мэдээлэл-MS xsl форматаар, 3. Судалгаанд оролцогчдын дуу хоолой бичлэг-MP3 форматаар, 4. Фокус бүлгийн судалгаа-MP3, MP4 форматаар, 5. Судалгааны явцын зураг авалт-JPEG форматаар гэж тухайлан заажээ.

13. Хариуцагч нь хүлээлгэн өгөх дээрх материалаас 1-д заасан судалгааны дэлгэрэнгүй тайланг хүлээлгэн өгсөн үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй, анхан шатны шүүх дэлгэрэнгүй тайланг хүлээн авсан нь ажлыг хүлээн авсан гэж үзнэ, иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай болжээ.

14. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.

Хариуцагч “В” ХХК 2024.04.15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр гэрээнд заасан захиалгат судалгааны ажлыг хуанлийн 15 хоногт хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч гэрээний хугацаа дуусахад ажлыг хүлээлгэж өгөөгүй, УИХ-ын сонгуулийн судалгаанд ажиллаж байгаа шалтгаанаар хугацааг хойшлуулсан, сонгуулийн хугацаа дууссаны дараа буюу 2024.06.27-ны өдөр нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахад удахгүй өгнө гэсэн боловч үүргээ биелүүлээгүй, үүнээс хойш сар бүр ажлын гүйцэтгэлийг шаардаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй байна.

Улмаар 2024.10.21-ний өдөр гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг буцаан шаардсан 24/41 дугаартай албан бичиг илгээсний дараа талууд уулзалт зохион байгуулж, хариуцагч судалгааны дэлгэрэнгүй тайланг хүргүүлсэн боловч судалгаанд тусгагдсан мэдээллийн эх сурвалжийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч 2025 оны 09 сард шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдлын нэг үндэслэл нь “…судалгааны ажлын үр дүн нь тухайн цуглуулсан мэдээлэл, тоо баримтын логик дэс дараалалд оруулан, тухайн орчин нөхөцлийг урьдчилан таамагласан оюун дүгнэлт бүхий  тайлан байдаг. Өөрөөр хэлбэл, эцсийн үр дүнд хүрэх буюу ажлын тайланг гаргахад шаардлагатай цугларсан материалыг хүлээлгэн өгч амжаагүй нь ажлын үр дүнг хүлээн аваагүй гэж үзэх үндэслэлгүй… тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй…” гэсэн агуулгатай байна.

16. Аливаа судалгааны тайлан түүнийг гарахад үндэслэл болсон тодорхой баримтад тулгуурлагдах бөгөөд тайланг гаргах үндэслэл болсон баримтыг тайлангийн хамт ирүүлээгүй нь тайланг ямар баримтад үндэслэгдсэн гэж үзэх, түүнчлэн үнэн зөв, үндэслэл бүхий баримтад тулгуурлагдсан эсэхийг дүгнэх боломжгүй байхаас гадна судалгааны тайланг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй.

Иймд ажлын гүйцэтгэлийг зөвхөн судалгааны тайланг хүлээлгэж өгснөөр ажил гүйцэтгэх гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

17. Хариуцагч нь “…Дундын санхүүжилт буюу 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлсэн нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн ажлын тодорхой хувийг гүйцэтгэсэн, зохих зардал гарсан болохыг нотолсон байхад давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр бидний зарцуулсан цаг хугацаа, хүний нөөц, гаргасан зардал зэрэг ямар ч үнэ цэнэгүй болж, хохирч үлдэх нөхцөл бүрдээд байна...” гэж гомдолдоо дурджээ.

Ажил гүйцэтгэх гэрээний 4.2.2-т дундын санхүүжилт буюу 10,000,000 төгрөгийг судалгааны ажлын 60 хувийн гүйцэтгэлтэй товч тайланг Захиалагч тал хүлээн зөвшөөрснөөр шилжүүлнэ гэж харилцан тохиролцсон байх ба нэхэмжлэгчээс дээрх төлбөрийг шилжүүлсэнтэй маргаагүй. 

Гэрээний дээрх заалтаас нэхэмжлэгч нь ажлын 60 хувийн гүйцэтгэлтэй товч тайланг  “зөвшөөрнө” гэснээс үзвэл тайланг хүлээн авсан байхыг шаардаагүй байх харин хариуцагч нь дээрх ажлыг гүйцэтгэснээ баримтаар нотлоогүй тул дундын зардал 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь ажлын гүйцэтгэл 60 хувьд хүрснийг дангаар нотлохгүй, энэхүү мөнгөн шилжүүлгийг ажлын гүйцэтгэлтэй холбоотой гэж үзэх  боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг зөрчөөгүй байна.

Нэгэнт хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаныг буруутгах үндэслэлгүй.

18. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул тэрээр гэрээний хариуцлага болох алдангийг шаардах эрхгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

19. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг удаа дараа шаардсан  боловч хариуцагч гэрээгээр тохирсон ажлыг бүрэн хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүрэг биелэгдээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэн гэрээний үүрэгт шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, алданги шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, магадлал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д нийцсэн байна.

Харин нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж үр дагаврыг арилгуулахаар шаардсан байхад давж заалдах шатны шүүх гэрээг цуцлах тухай Иргэний хуулийн 355 дугаар зүйлийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх боловч энэ нь магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний алдааг залруулна. Энэ үндэслэлээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангахгүй.

20. Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2026/00262 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...355 дугаар зүйлийн 355.1...” гэснийг “...205 дугаар зүйлийн 205.1...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “В” ХХК-аас 2026.03.12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                                  ШҮҮГЧИД                                                     Н.БАТЗОРИГ

                                                                                                   Н.БАТЧИМЭГ

                                                                                                   Б.УНДРАХ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД