Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/1349

 

     2020           10           27                                       2020/ДШМ/1349                              

  

 

Б.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

хохирогч Ш.Б, түүний өмгөөлөгч Ж.Т,

шүүгдэгч Б.С,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/1836 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Оюунжаргалын бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Ст холбогдох эрүүгийн 2009 00938 0246 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н овгийн  Б.С, 1999 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Ховд аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Заан” авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамт .......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................................./;

            Б.С нь 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 11 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “World Market” худалдааны төвийн доод давхарт байрлах “Заан” авто угаалгын газарт угаалгахаар байрлуулсан Ш.Б-н эзэмшлийн “Toyota Land cruiser 100” загварын, 48-88 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-д “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө;”, 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас угаалгахаар байрлуулсан Э.Бгийн эзэмшлийн “Lexus 570” загварын, 10-26 УБӨ улсын дугаартай, Ш.Б-н эзэмшлийн “Toyota Land cruiser 100” загварын, 48-88 УБК улсын дугаартай, Улаанбаатар хотын цагдаагийн газрын эзэмшлийн “Hyundai Elentra” загварын, 51-29 УБӨ улсын дугаартай, “Их хонгор трейд” ХХК-ийн эзэмшлийн “Nissan Sunny” загварын, 92-18 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, нийт 62.281.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас: Б.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Б.Ст холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэж, “Lexus 570” загварын, 10-26 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Э овогтой Б бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн тээврийн хэрэгслийн жолооч Т.Б-г хохирогчоор тогтоон мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заажээ.

            Т.Б нь “Lexus 570” загварын, 10-26 УБӨ улсын дугаартай автомашины өмчлөгч Э.Бгийн жолоочоор ажилладаг ба тухайн өдөр автомашиныг угаалгахаар унаж явсан болох нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул Т.Бг гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

            Мөн “Кристал Топ Майн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Бгийн зүгээс Тээврийн цагдаагийн албанд гаргасан итгэмжлэлийн дагуу тус компанийн хуулийн мэргэжилтэн О.Дыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр оролцуулсан нь буруу байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж зааснаас үзэхэд энэ хэрэгт хохирогчоор тогтоогдвол зохих этгээд болох Э.Бг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хуульд заасан холбогдох ажиллагааг явуулж, шүүхээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Б.Ст холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг камерын бичлэг, шүүгдэгч Б.Сийн 1317333 дугаарын жолооны үнэмлэх 1 ширхэг зэргийг хэргийн хамт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор С.Оюунжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн 200900938 дугаартай хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж, жолооч Б.Сийн үйлдлээс их хэмжээний буюу 62.281.400 төгрөгийн хохирол учирсан тул хэрэгт харьяалал тогтоон тус прокурорын газарт ирүүлсэн. Прокурорын газар хэргийг хүлээн авч, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Э.Бгийн эзэмшлийн “Lexus 570” загварын, 10-26 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Бг зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны үед хохирогчоор тогтоосон бөгөөд тээврийн хэрэгслийн эзэмшигч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн байгууллагаас дуудсан хугацаанд ирэх боломжгүй талаар албан бичиг ирүүлснийг үндэслэн иргэний нэхэмжлэгчээр О.Дыг тогтоож мэдүүлэг авсан байна. Учир нь, тухайн “Lexus 570” загварын, 10-26 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Э.Бгийн нэр дээр бүртгэлтэй хэдий ч “Кристал Топ Майн” ХХК нь үйл ажиллагаандаа хэрэглэж, ашигладаг болох нь тогтоогдсон тул компанийн хуулийн зөвлөх О.Дыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Хэрэв шүүгч хохирогчийг үндэслэлгүй тогтоосон гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд “шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох шийдвэр гаргана” гэж зааснаар хохирогчоор тогтоох эрх шүүхэд байгаа. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 1836 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Хохирогч Ш.Б-н өмгөөлөгч Ж.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Учир нь, “Кристал Топ Майн” ХХК-иас Э.Б нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тус компанийн хуулийн зөвлөх, мэргэжилтэн О.Д гэх хүнд итгэмжлэл хийж өгсөн. Уг итгэмжлэлд автомашиныг жолоодож яваад осолд орсон, үүнтэй холбоотой асуудлыг О.Д шийдэх бүрэн эрхтэй гэж олгосон байдаг. Хавтас хэргийн 60 дахь талд Э.Бгийн хувийн мэдээлэл авагдсан гэдэг агуулгаар шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Сийн үйлдлээс болж “Toyota Land cruiser 100”, “Lexus 570”, “Hyundai Elentra”, “Nissan Sunny” загварын автомашинуудад хохирол учруулсан. Энэ асуудалд хэргийн газрын үзлэг, зам тээврийн ослын акт, шинжээчийн дүгнэлт гарсан. 4 автомашин тус бүрт хохирлын үнэлгээ тогтоогдсон учир хохирол, үнэлгээнд маргасан зүйл байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана.” гэж зааснаар шүүх Э.Бг заавал хохирогчоор оролцуулах шаардлагатай гэж үзвэл түүнийг оролцуулж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

            Хохирогч Ш.Б тус шүүх хуралдаанд: “... Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

            Шүүгдэгч Б.С тус шүүх хуралдаанд: “... Тайлбар байхгүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад Б.Ст холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/1836 дугаартай шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг;”

1.2-т “хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг;”

1.3-т “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” мөрдөгч, прокурор хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хууль ёсны төлөөлөгч нь хуулийн этгээдийг төлөөлж эсхүл хохирогч өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тохиолдолд тогтоогдохоор зохицуулагдсан байна.

Шүүгдэгч Б.Ст холбогдох хэргийн хувьд Э.Б нь өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлэх чадвартай байх ба хөдөө байгаа нь түүнийг хохирогчоор тогтоохоос татгалзах шалтгаан биш юм.

Иймд Э.Б нь өөрийн биеэр хүрэлцэн ирж, хуульд заасан эрх, үүргээ эдлэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох учиртай ба нөгөө талаас мөрдөгч, прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, түүнийг хохирогчоор тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай.

Нөгөөтээгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана.” гэж заасан ба уг хуулийн заалтаас шүүх хохирогчоор тогтоох шийдвэр гаргаж болохоор харагдаж байгаа боловч шүүх өөрийн санаачилгаар уг ажиллагааг хийх боломжгүй.

Учир нь, эрх ашиг нь хөндөгдсөн хүн өөрөө хохирогчоор тогтоолгох тухай хүсэлт гаргаад шүүхэд хандсан тохиолдолд шүүх хөндлөнгийн байр сууринаас хохирогчоор тогтоож, хүсэлтийг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, шүүх өөрийн санаачилгаар хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргах нь хуулиар хязгаарлагдмал, агуулгын хувьд ч шүүх хөндлөнгийн байр сууринаас шийдвэр гаргах зохицуулалттай уялдахгүй гэж үзлээ.

Иймд прокурор С.Оюунжаргалын бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/1836 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/1836 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Оюунжаргалын бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

 

     ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

     ШҮҮГЧ                                                                       Б.АРИУНХИШИГ