Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 0281

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

улсын яллагч: Э.Гэрэлмаа

иргэдийн төлөөлөгч Х.Тунгалаг

Хөрөнгийн үнэлгээний шинжээч Ц.Түвшинцэнгэл

шүүгдэгч Д.Батдэлгэрийн   өмгөөлөгч: Д.Саранчимэг

шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн өмгөөлөгч: У.Сайнбилэг

шүүгдэгч: Д.Бат-Эрдэнэ, Д.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хаадин овогт Далайхүүгийн Бат-Эрдэнэ, Боржигон овогт Довдонгийн Батдэлгэр нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725010686 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын  24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хаадин овогт Далайхүүгийн Бат-Эрдэнэ,1977 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд  төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 33-41 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

1998 оны 8 дугаар сарын 05-ний өдрийн Дорнод аймгийн сум дундын  шүүхийн 103 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих  ялыг тэнсэж хоёр жилийн хугацаагаар хянан харгалзаж   байсан,

2000 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

2001 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1, 225 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг хорих 415 дугаар ангид эдлэж байгаад 2002 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

2003 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг хорих 425 дугаар ангид эдлэж байгаад 2007 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн сум дундын шүүхийн 02 дугаартай шүүгчийн захирамжаар 10 сар 27 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,

2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн  254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг хорих 415 дугаар ангид биеэр эдлэж байгаад 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 87 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан, РД:УЕ77122311,

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон  овогт Довдонгийн Батдэлгэр,1973 оны  4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 5, эх, дүү нарын хамт  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Барилгачдын 4-117  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 487 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг  жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, РД: УО73041511,

 

            Холбогдсон хэргийн талаар:

           Д.Бат-Эрдэнэ нь урьд нь 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн  254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,уг хорих ялыг хорих 415 дугаар ангид биеэр эдлэж байгаад 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 87 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан байх хугацаандаа Д.Батдэлгэртэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ техникийн захын замын эсрэг талд иргэн Х.Тогмидын эзэмшлийн Тоёота ланд крузер маркийн автомашинаас хар өнгийн гар цүнхтэй 3 ширхэг хөөрөг, 2 ширхэг хөөрөгний шүрэн толгой, автомашины түлхүүр зэрэг эд зүйл хулгайлан авч бусдад нийт 33.150.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

         Д.Батдэлгэр нь Д.Бат-Эрдэнэтэй  урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ техникийн захын замын эсрэг талд иргэн Х.Тогмидын эзэмшлийн Тоёота ланд крузер маркийн автомашинаас хар өнгийн гар цүнхтэй 3 ширхэг хөөрөг, 2 ширхэг хөөрөгний шүрэн толгой, автомашины түлхүүр зэрэг эд зүйл хулгайлан авч бусдад нийт 33.150.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Д.Батдэлгэр рүү утсаар яриад 5 шард уулзсан. Машинд суугаад хөдлөөд яваад өгсөн. Би Батдэлгэрт учир байдлаа хэлээд цагаан сар болох гэж байна найздаа 100.000 төгрөг зээлдэх арга байна уу гэж асуусан. Найздаа 100.000 төгрөг зээлэх арга байна уу гэж асуусан. Би өмнө орой архи уугаад шартсан байсан. Би ганцаараа машины ард архи уугаад ирсэн. Манай найз гарч ирээд найзтайгаа уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Да хүрээ захын тэнд очсон. Би тамхи авах гэж байгаа түц хайсан олоогүй. Намайг ирэхэд нэг хүнтэй уулзаж байсан. Жолооч талын суудал дээр цүнхтэй зүйл байсан. Би тэр цүнхтэй зүйлийг аваад шууд мекрот суугаад явсан. Би Сандэй плазагийн хажууд байгаад байж байхад Д.Батдэлгэр над руу ярьсан. Надад мөнгө байхгүй байсан учраас цүнх рүү гараа хийгээд нэг тамхийг би 3000 төгрөгөөр зарж унааны мөнгө хийсэн. Бид хоёр багшийн дээд дээр уулзаад би түүнд цүнхтэй зүйлийг өгсөн. Намайг хаана буух юм бэ гэхээр  нь дотор муухай оргиж байсан учраас би 1-р хороололд буусан. Орой 22-23 цагийн үед гэртээ байж байхад Д.Батдэлгэр цагдаа нартай орж ирсэн. Би 1-2 шил архи уусан байсан гэв.

     Шүүгдэгч Д.Батдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: : 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрээсээ гараас эхнэрээ хүргэж өгөөд ажил руугаа явж байхад Д.Бат-Эрдэнэ над руу юнителийн утсаар ярьсан. Би 5 шарын тэнд очоод Д.Бат-Эрдэнэтэй уулзсан. Д.Бат-Эрдэнэ өмнөх шөнө уусан байсан. Надаас нэг юмны мөнгө байна уу шартаад байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр миний мишинд суугаад явсан. Тогмид над руу өмнө орой нь утасдаад найздаа нь цагаан сараас өмнө Да хүрээ зах дээр зогсдог найз нараасаа нэг портер зохицуулаад өгөөч гэсэн. Би мөнгө бэлэн байгаа юм уу гэсэн чинь найзад нь мөнгө байхгүй. Чиний хөөргөөр наймаа хийчихье гэж ярьж тохирсон байсан. Маргааш өглөө Д.Бат-Эрдэнэтэй хамт явж байхад Тогмид надруу залгасан. Тэгээд хоёулаа Да хүрээ зах дээр уулзахаар тохирсон. Тэгээд Да хүрээ зах дээр түрүүлж очоод байж байхад Д.Бат-Эрдэнэ дотор муухайраад байна гээд машинаас буусан. Төд удалгүй Тогмид ирсэн. Машин тавьсан газар автобусны зогсоол байсан. Тогмид машинаа миний машины араас тулгаж тавьсан. Ардаа явган хүний гарцтай байсан учраас Тогмидод би хоёулаа машинаа төлбөртэй зогсоолд оруулаад машинаа үзье гэж хэлсэн. Тухайн газар нээх удаагүй. Тэгээд төлбөртэй зогсоолд ороод би машинаасаа бууж ирэхэд Тогмид бууж ирээгүй. Түүн дээр очиход машины хянах дээр түлхүүрний зураг гарцан байна гэж асуусан. Би чиний миний түлхүүр байхгүй байна гэж хэлсэн. Тогмид миний хар цүнх алга болсон байна. Тэрэн дотор миний машины түлхүүр, чиний хөөрөг болон миний хоёр хөөрөг байсан гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн цагдаагийн төв рүү явж байгаад нэг цагдаагаас асуугаад буцаад Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст очсон. Цагдаагийн газарт 30-40 минут болоод гарч ирсэн. Би цагаан сар болох гэж байгаа учраас нэлээн ажилтай байна гэж хэлсэн. Тогмид намайг чи ажлаа боддоо би өөрөө болгоё гэж хэлсэн. Би явах замдаа Д.Бат-Эрдэнэ рүү ярьсан. Д.Бат-Эрдэнэ хөгшөөн баларлаа Тогмидийн машинаас хар цүнхтэй зүйл алга болсон байна гэж хэлсэн. Д.Бат-Эрдэнэ би авсан дотор нь нэлээд үнэтэй зүйл байна гэсэн. Би наад дотор чинь найзынх ганц хөөрөг байгаа найздаа аваад ирээч гэсэн. Д.Батдэлгэр над руу такси барьж ирсэн. Багшийн дээд дээр уулзаад Бат-Эрдэнэ надад мөнгө байхгүй хоёр ширхэг тамхиар таксины мөнгө хийсэн гэж хэлсэн. Би тэгээд Бат-Эрдэнэд хэлсэн. Одоо чи хаачих юм бэ гэсэн чинь Хархорин зах орно гэсэн. Би Хархорин захын тэнд хүргэж өгөөд Д.Бат-Эрдэнэд цагаан сарын ууц ав гэж би 100.000 төгрөг өгсөн. За миний найз архи дарс уухгүй ээждээ ууц аваарай гэж хэлээд бид хоёр салсан. Би 1-р хороолол ороод тэндээр хөргөгч эд нар ачих гэж байхдаа би тэнд хар цүнхтэй хөөргөө үлдээсэн. Би хөргөгчийг ачаад 6-7 цагийн үед Хангай хотхонд ирэхэд Тогмид над руу нэг ярьсан. Найзад нь алдсан хоёр хөөрөгний зураг миний утсан дээд байна. Цагдаагаас чиний хөөрөгний зураг хэрэгтэй байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь чи наанаа байгаа чинь үнэн юм уу. Би эндээс 50 хил буузыг авчаад орой 9 цагаас эхнэрээс авчаад яваад очъё гэж хэлсэн. Тэгээд буузаад аваад эхнэрийг 9 цагаас ажлаас нь аваад гэртээ хүргэж өгсөн. Оройны 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 3-р цагдаагийн хэлтэст очсон. Намайг очиход Тогмид ийм ийм асуудал болсон гэж хэлсэн. Би манай хамт явсан найз авсан надад байгаа гэж хэлсэн. Тэгээд 1-р хорооллоос цүнхтэй зүйлийг авч өгөөд цагдаа надаас Д.Бат-Эрдэнэ гэх залуугийн гэрийг мэдэх үү гэж асуусан. Би гэрийг нь мэдэхгүй очсон газрыг нь зааж өгсөн. Би Д.Бат-Эрдэнийн найз руу залгаж гэрийг нь заалгасан. Тэгээд тухайн хаягаар очиж цагдаа нар Д.Бат-Эрдэнийг надтай хамт бариад явсан гэв.

         Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би 2017 оны 2 дугаар сарын 23-ны өглөө найз Батдэлгэр лүү утсаар яриад уулзахаар дуудсан ба Батдэлгэр намайг манай гэрийн гадаа өөрийнхөө Тоёота Приус 20 маркийн авто машинтай ирж авсан. Тэгээд бид хоёр Батдэлгэрийн машинтай Сонсголонгийн гүүрээр даваад уулын замаар явж Да хүрээ зах дээр очсон. Замдаа би Батдэлгэрээс ээж Багануураас ирсэн байна ээждээ нэг өвчүү аваад өгчих гэсэн юм 100.000 төгрөг өгчих гэхэд надад юу ч хэлээгүй. Батдэлгэр харин утсаар яриад яваад байсан. Да хүрээ захын замын эсрэг талд очоод зам дээр зогсоод одоо манай найз ирж байгаа машин дотор нь цүнх байгаа тэрнийг нь аваад надад өгч тус болчих чи дотроос нь юу ч авч болохгүй шүү гэж хэлээд чи одоо буучих гээд намайг буулгасан. Би ойроос хараад зогсож байтал нэг жийп ирж Батдэлгэрийн машины ард зогсохоор нь би тойрч очоод хартал жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр хар өнгийн  жижиг гар цүнх байсныг хойд талых нь хаалгыг онгойлгоод цүнхийг нь аваад замын эсрэг тал руу гарч Нарантуул захын микро автобусанд суугаад Нарантуул зах дээр очоод цаашаа явах унааны мөнгөгүй байсан болохоор цүнхийг нь онгойлгоод харсан чинь дайлан 2 хайрцаг кастер тамхи харагдсан. Тэгээд би 2 тамхины нэгийг нь 3000 төгрөгөөр зарсан. Энэ үед Батдэлгэр над руу 4 удаа залгасан байсан. Ингээд Батдэлгэртэй Багшийн дээд дээр уулзаад цүнхтэй эд зүйлийг нь бүрэн бүтнээр нь өгсөн чинь Батдэлгэр өөрөө онгойлгож үзээд хөөрөг, 2 шүрэн толгой байх ёстой бүгд байна гэж хэлсэн. Тэгээд Батдэлгэр намайг Хархорин кахын эсрэг талд хүргэж өгөөд надад АТМ-ээс 100.000 төгрөг авч өгсөн. Батдэлгэр яваад өгсөн би цаашаа явж байгаад нэг найзтайгаа таараад 1 шил архи авч уусан. Батдэлгэртэй 4 жилийн өмнө танилцсан. Тогмид гэдэг хүнийг танихгүй. Батдэлгэр надад манай найзын машин дотроос цүнхийг нь аваад өгчих гэж л хэлсэн. Би өмнө нь хулгай, дээрмийн хэргээр 6 удаагийн ял шийтгүүлж байсан. Би эхнэр охины хамт амьдардаг гэжээ. /хх-ийн 64/

        Шүүгдэгч Д.Батдэлгэр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2017 оны 02 сарын 23-ны өдөр гэртээ байж байтал 11 цаг 30 минутын үед манай найз Бат-Эрдэнэ над руу өөрийнхөө 94114118 дугаараас залгаад уулзах хэрэгтэй байна гэхээр нь гэрээсээ гараад Бат-Эрдэний гэрлүү 5 шард очоод байрных нь гадна зогсоол дээр би өөрийнхөө 36-28 дугаартай Тоёота Приус 20 маркийн машинтай очоод зогсож байтал Бат-Эрдэнэ гэрээсээ гарч ирсэн. Тэгээд Бат-Эрдэнэтэй уулзсан чинь найз нь өчигдөр уучихсан дотор муу байна найз нь ээжтэйгээ 7-8 жил шинэлсэнгүй ууц юм уу өвчүү авч өгөх гэсэн юм мөнгөний боломж байна уу 100,000 төгрөг байвал өгчих гэсэн. Тэгэхээр нь би хөгшин нь хэдэн төгрөг зохицуулж өгье гэсэн. Тэгтэл манай багын найз Тогмид над руу залгаад 2-уулаа нөгөө машин тэргээ үзэх хэвээрээ юу чи завтай байна уу гэхээр нь Тогмидтой уулзах гээд явахад Бат-Эрдэнэ надтай хамт явсан юм. Да хүрээ зах руу явж байхад Бат-Эрдэнэ надаас юун найз чинь юм гэхээр нь манай багын найз байгаа юм миний нэг хөөрөг энэ найзад маань байгаа бид 2 машин тэрэг үзэх гэж байгаан гэж ярьж явсан. Тэгээд 13 цаг өнгөрч байхад Да хүрээ захын автобусны буудлын зогсоол дээр би түрүүлж очоод Тогмидыг хүлээсэн. Энэ үед Бат-Эрдэнэ машинаас буусан яах гэж буусныг нь мэдэхгүй байна. Тэгээд байж байтал Тогмид ирээд миний машины ард өөрийн машинаа зогсоогоод надтай уулзсан. Тогмид бид 2-ын машин зам дээр байсан болохоор би 2-уулаа төлбөртэй зогсоолд машинаа тавьчихаад машин тэргээ үзье гээд 2 машинтайгаа хөдлөөд ил зогсоол руу орж би машинаасаа буугаад иртэл Тогмид надад хянах дээр түлхүүрийн зураг гараад байна миний хажуу талын суудал дээр байсан цүнхтэй юм алга болсон байна гэж хэлсэн Тэгээд би цүнхэнд чинь юу байсан юм бэ гэсэн чинь чиний хөөрөг байсан бас миний 2 хөөрөг, 2 жижиг шүрэн толгой, машины түлхүүр байсан бэлэн мөнгө байгаагүй гэж хэлсэн. Ингээд бид Тогмидын машиныг унтрааж болохгүй юм байна гээд хөдөлж Баянзүрх дүүргийн цагдаагийн 17 дугаар хорооны цагдаа дээр очиж уулзаад Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирээд Тогмидорж уулзчихаад гарч ирээд өөр газар очих юм байна миний найз ажилтай юм бол ажлаа бод гээд бид 2 салаад явж байтал Бат-Эрдэнэ над руу залгаад найз нь танай машин дотроос цүнхийг нь авчихсан гэхээр нь чи наад цүнхнээсээ юу ч дутааж болохгүй шүү гэж хэлээд хаана байна гэхэд Сандэй плазагийн энд явж байна гэхээр нь Багшийн дээд дээр уулзъя гээд Бат-Эрдэнэ бид 2 Багшийн дээдийн хойд талын автобусны буудал дээр уулзсан. Тэгэхэд Бат-Эрдэнэ Тогмидын цүнхийг хөх өнгийн гялгар уутанд хйигээд барьчихсан автобуснаас бууж ирээд 2 хайрцаг тамхи байсны нэгийг нь таксинд өгчихсөн нэг нь бүтэн байна задалчих уу өөр юугаар нь ч оролдоогүй шүү гээд тамхийг нь задалж тамхилаад Бат-Эрдэнэ Хархорин оръя гээд би Бат-Эрдэнийг Хархорин зах хүргэж өгөөд буухад нь архи ууж болохгүй шүү гэж хэлээд ууц арай хүрэхгүй байх өвчүүнд хүрэх байх гээд 100,000 төгрөг өгсөн. Тэгэхэд Бат-Эрдэнээс авсан Тогмидын цүнхэнд миний нэг хөөрөг, Тогмидын 2 хөөрөг, 2 жижиг шүрэн толгой, машиных нь түлхүүр зэрэг эд зүйлс нь бүрэн бүтэн байсан. Тэгээд би Бат-Эрдэнийг үнэхээр юунд нь чхүрээгүй юм байна гэж бодсон. Би тэндээсээ 1-р хороололд 12-р байранд эгчийндээ очиж Тогмидын цүнхийг тавьчихаад 4-Р дэлгүүрийн тэндээс цагаан сарынхаа буузыг авч гэртээ аваачиж тавьчихаад буцаж 1-р хороололд эгчийнд очиж хөлдөөгч аваад бас гэрт хүргэчихээд цагдаагаас дуудаад байхаар нь цагдаа дээр ирсэн. Намайг 1-р хороололоос хөлдөөгч ачаад гэрлүү явж байхад Тогмид над руу утсаар яриад Батгэрэл машины түлхүүр хийлгээд машин аваад ирсэн байна найз нь өдөржин цагдаа дээр өнжлөө миний цүнхэнд байсан чиний хөөрөгний чинь зураг байна уу чи цагдаа дээр хүрээд ир чамаас мэдүүлэг авна гэж байна гэж ярьсан. Тэгэхэд нь би итгээгүй тоглож байна гэж бодсон. Тэгтэл удалгүй дахиад нэг дугаараас над руу яриад Баянзүрхийн цагдаагаас ярьж байна хүрээд ир гэж ярьсан. Би очиж байна гэж хэлсэн. Тогмид бид 2 1991 оноос хойш найзалж нөхөрлөж байгаа багын найзууд байгаа юм. Бат-Эрдэнийг 3 жил гарны өмнө миний хуурай ахтай хамт явж байхад нь !ааралдаад танилцаж байсан юм. Бат-Эрдэнэ бид 2 Тогмидын машинаас ямар нэг эд зүйл авах тухай огт яриагүй. Гэхдээ хамт явж байхдаа би манай найз байгаа юм миний нэг хөөрөг байгаа миний хөөргийг зарж борлуулж өгөх гэж байгаа бид машин тэрэг үзэх гэж байгаа юм гэж ярьсан. Тогмид бид 2 Бат-Эрдэнийг машинаас нь цүнхийг нь авсныг огт мэдээгүй.  Би Бат-Эрдэнийг мартаад хөдөлсөн байсан. Таньж мэддэг хүн нь таараад явчихсан юм байх гэж бодож байсан. Тэгээд дараа нь Бат-Эрдэнэ өөрөө над руу залгасан гэжээ.

          Хохирогч Х.Тогмид  мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: Би 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр багын найз болох Батдэлгэртэй Да хүрээ зах дээр Хьюндай Портер маркийн авто машин хөөргөөр сольж авах зорилготой 13.00 цагийн үед ХААН банкны замын эсрэг талд уулзсан ба намайг очиход Батдэлгэр ирчихсэн өөрийн хар өнгийн Тоёота Приус 20 маркийн машинтайгаа зогсож байсан. Би Батдэлгэрийн машины ард өөрийнхөө Ланд 200 маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг тулгаж зогсоосон. Тэр үед Батдэлгэр намайг машинаа сайн шахаж тавь гээд байсан. Тэгээд би машинаа асаалттай нь орхиод машинаасаа бууж Батдэлгэртэй өөрийнхөө машины ар талд 5-6 метрийн зайтай зогсож байгаад 2-3 минут орчим уулзаад машин зам дээр зогсож байсан учраас ил зогсоол дээр орж зогсъё гээд хөдөлсөн. Тэгээд би машиндаа суугаад хөдлөх гэтэл миний гар цүнх болон цүнхэн дотор байсан 2 ширхэг цагаан хаш хөөрөг, 1 улаан манан хөөрөг, 2 жижиг шүрэн толгой, машины чиптэй түлхүүр эмнүүд алга болсон байсан ба мөн машины хянах самбар дээр түлхүүрийн зураг гараад байсан. Ингээд би Батдэлгэрт цүнх алга болсон цүнхэн дотор байсан хөөрөг эд зүйл алга болсоныг хэлээд цагдаа руу явахаар болсон. Батдэлгэр өөрийнхөө машинтай миний урд гараад Баянзүрх дүүрэг рүү явж байгаад замдаа хүнээс асуулаа гээд буцаж эргээд Да хүрээ захын ар талд хорооны цагдаа дээр очиж уулзахад Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс рүү яв цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдөл гомдлоо өг гэсэн. Батдэлгэр цагдаагийн хэлтэс дээрээс ээжийнхээ цагаан сарын бэлтгэл ажилтай бууз авна гээд надаас салаад яваад өгсөн. Тэгээд би машинаа унтраалгүй явж байгаад машиндаа 480.000 төгрөгөөр шинэ түлхүүр хийлгэсэн. Миний гар цүнх машин дотор жолоочийн эсрэг талын урд суудал дээр байсан ба дээд талдаа цахилгаантай хар өнгийн арьсан цүнх байсан. Цүнхэн дотор зүү ороосон ногоон өнгийн дайлантай цагаан өнгийн дунд гарын хаш хөөрөг, /шүрэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай/ мөн зүү ороосон ногоон өнгийн дайланд их гарын цагаан хаш /даваа толгойтой, алтан нуухтай, ясан халбагатай/, улаан өнгийн сийлбэртэй дунд гарын хуучны улаан мана /даваа толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай/ 2 ширхэг хөөрөг байсан. Мөн сул 2 ширхэг хөөрөгний жижиг улаан шүрэн толгой байсан ба нэг толгой нь ясан нуухтайгаа байсан. Ланд 200 маркийн машины чиптэй түлхүүр, миний зүрх судасны эмнүүд байсан. Би алдсан эд зүйлээ бүгдийг нь авсан. Одоо түлхүүр хийлгэсэн 480.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. /хх-ийн 22-23/

         Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, сэжигтэн Д.Батдэлгэрээс хураан авсан эд зүйлийн гэрэл зураг, хохирогч Х.Тогмидод хүлээлгэн өгсөн эд зүйлсийн гэрэл зураг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/ хх-н 10-14/

Д.Бат-Эрдэнийн хүүхэд болох Бат-Эрдэнийн Балжмааг түүний төрсөн эх Н.Лхамсүрэнд  өөрийнх нь хүсэлтээр харгалзан дэмжүүлэхээр хүлээлгэн өгсөнбайна./ хх-н 16-17/

           Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолд : 201725010686 гэсэн бичигтэй СД нэг ширэхгийг эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах шаардлагатай байх тул ЭБШХ-н 86,132 дугаар зүйлийг удирдлага болгон хавсаргав гэжээ./ хх-н 18/

         Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 19-20/

          Гэрч  Н.Лхамсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би Д.Бат-Эрдэнэтэй 2006 онд гэр бүл болсон ба дундаасаа 1 охинтой болсон ба охин одоо 8 насттай. Гэхдээ би Бат-Эрдэнэтэй өнгөрсөн цаг хугацаанд нэг их хамт байгаагүй. Учир нь Бат-Эрдэнэ шоронд орж ял эдэлж байгаад таарсан. Хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сард шоронгоос гараад 2016 оны 6 дугаар сарын 2-нд уулзаж түүнээс хойш хамт амьдарч байна. Бат-Эрдэнэ урьд нь 5-6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан юм. Би тэр болгоныг нь сайн мэдэхгүй сүүлд хүн зодсон хэргээр ял аваад явсан юм. Сүүлд шоронгоос гарч ирээд хүүхдээ сургуульд нь зөөгөөд миний ажил төрөлд туслаад нас тогтоод их ухаан суусан байсан. Гэхдээ үе үе янз янзын хүмүүстэй уулзаж янз бүрийн нэр хочоор дуудаж яриад байдаг байсан. Гэвч ямар нэгэн гэмт хэрэг хийхгүй их томоотой байсан. Урьд нь их ширүүн зантай байдаг байсан юм.  Би өөрөө нэг хүүтэй. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өглөө би 08.30 цагт өөрийн хүүгийнхээ Солонгос улс руу явах ажил хөөцөлдөхөөр гэрээсээ гарахад Бат-Эрдэнэ ээж, охин 2-той маань унтаад үлдсэн.  Тэрээр охиноо хүргэж өгөөд ууц чануулах ажилтай гээд үлдсэн. Би гадуур явж байгаад 12.00 цагийн үед Бат-Эрдэнэ рүү ярьж байсан ба хаана байгаа талаараа хэлээгүй. Би 16.00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд Бат-Эрдэнэ гэртээ байгаагүй. Би гэртээ ирээд бууз хийх юм бэлдээд буузаа хийхээр сууж байтал орой 21.00 цагийн орчимд Бат-Эрдэнэ согтуу ганцаараа ирсэн. Удалгүй цагдаагаас явж байна гээд хоёр хүн ирсэн. Тэгээд Бат-Эрдэнийг аваад явсан гэжээ. /хх-ийн 25-26/

          Гэрч Б.Бөхбат  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 15.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны байранд ажлаа хийгээд байж байтал гаднаас үл таних өөрийгөө Х.Тогмид гэж танилцуулсан иргэн Да Хүрээ захын үүднээс машин дотроосоо гар цүнхтэй эд зүйлээ алдлаа гэсэн. Тэгэхээр нь би цагдаагийн хэлтэс дээр очоод өргөдлөө гарга гэж зөвлөөд явуулсан. 150.000.000 төгрөгний хөөрөг эд зүйл алдсан гэж байсан. Тогмид гэдэг хүн ганцаараа орж ирсэн гэжээ. /хх-ийн 28/  /хх-н 27-28/

          Гэрч Ц.Маахүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Довдонгийн Батдэлгэр нь миний 8 хүүхдийн 4 дэх буюу дээрээ 1 эгч 3 ахтай ба доороо 2 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй юм. Миний хүү багаасаа миний гар дээр өссөн. Манай нөхөр 20-иод жилийн өмнө нас барсан. Д.Батдэлгэр нь 1 хүүхэдтэй ба  эхнэр нь хүүхдээ аваад 5-6 жилийн өмнө салчихсан. Одоо надтай хамт амьдардаг юм. Надад нэг их юм яриад байдаггүй юм. Өмнө нь хэрэг түвэгт орж байсныг мэдэхгүй. Миний хүү онц ажил төрөл хийдэггүй юм. Миний хүү төлөв томоотой сайн хүү байгаа юм гэжээ.  /хх-н 29-30/

          Гэрч Б.Хүрэлчулуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Бат-Эрдэнийг төрүүлсэн ээж нь байгаа юм. Бат-Эрдэнэ бага насаа хөгшин аав, ээж дээрээ  өнгөрөөсөн. Шүлэг уншдаг яруу найрагт их дуртай хүү байсан. Манай нөхөр Ширчингийн Далайхүү гэж автын байцаагч байсан юм. Тэр 2005 онд өөд болсон. Бат-Эрдэнэ миний 2 дахь хүү байгаа юм. Түүний төрсөн ах нь Багануур дүүрэгт гоц халдвартын мэргэжилтнээр ажилладаг юм. Бат-Эрдэнэ арван жилийн сургуулиа төгссөнөөс хойш Содмонгол шатахуун түгээх станц болон хувийн газруудаар ажиллаж байсан. Бат-Эрдэнэ нь Ховдын Намсрай овогтой Лхамсүрэн гэдэг хүүхэнтэй гэр бүл болоод дундаасаа нэг охин төрүүлсэн. Охин нь одоо 2 дугаар ангид сурдаг юм. Эхнэр нь Номин худалдааны төвд худалдагч ажилтай. Бат-Эрдэнэ бол дөлгөөн зөөлөн зантай хүнтэй эвтэй найртай харьцдаг хүү байгаа юм гэжээ.  /хх-н  31/

          Дамно Хөрөнгийн үнэлгээнийтайлан /хх-н 35-46/нийт 33.150.000 төгрөгөөр үнэлжээ.

    Сэжигтнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 47-60/

        Д.Бат-Эрдэнийг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 63-64/, 70-73/,

         Д.Батдэлгэрийг сэижгтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 61-62, 65-69/

Д.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н77 /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:  /хх-н 74/,шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 88-100/, захиргааны зөрчилийн талаарх барримтууд /хх-н 112-118/

Д.Батдэлгэрийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 85 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 75/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 101-103/, захиргааны зөрчлийн талаах баримтууд /104-111/ зэрэг болно.

          Д.Бат-Эрдэнэ,  Д.Батдэлгэр нар нь  2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ техникийн захын замын эсрэг талд иргэн Х.Тогмидын эзэмшлийн Тоёота ланд крузер маркийн автомашинаас хар өнгийн гар цүнхтэй 3 ширхэг хөөрөг, 2 ширхэг хөөрөгний шүрэн толгой, автомашины түлхүүр зэрэг эд зүйл хулгайлан авч бусдад нийт 23.150.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримитуудаар тогтоогдож байна.Үүнд:

         Хохирогч Д.Тогмидын өгсөн  …Батдэлгэртэй Да хүрээ зах дээр Хьюндай Портер маркийн авто машин хөөргөөр сольж авах зорилготой 13.00 цагийн үед ХААН банкны замын эсрэг талд уулзсан ба намайг очиход Батдэлгэр ирчихсэн өөрийн хар өнгийн Тоёота Приус 20 маркийн машинтайгаа зогсож байсан. Би Батдэлгэрийн машины ард өөрийнхөө Ланд 200 маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг тулгаж зогсоосон. Тэр үед Батдэлгэр намайг машинаа сайн шахаж тавь гээд байсан. Тэгээд би машинаа асаалттай нь орхиод машинаасаа бууж Батдэлгэртэй өөрийнхөө машины ар талд 5-6 метрийн зайтай зогсож байгаад 2-3 минут орчим уулзаад машин зам дээр зогсож байсан учраас ил зогсоол дээр орж зогсъё гээд хөдөлсөн. Тэгээд би машиндаа суугаад хөдлөх гэтэл миний гар цүнх болон цүнхэн дотор байсан 2 ширхэг цагаан хаш хөөрөг, 1 улаан манан хөөрөг, 2 жижиг шүрэн толгой, машины чиптэй түлхүүр эмнүүд алга болсон байсан ба мөн машины хянах самбар дээр түлхүүрийн зураг гараад байсан гэсэн мэдүүлэг

            Шүүгдэгч Д.Бат –Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн … Да хүрээ захын замын эсрэг талд очоод зам дээр зогсоод одоо манай найз ирж байгаа машин дотор нь цүнх байгаа тэрнийг нь аваад надад өгч тус болчих чи дотроос нь юу ч авч болохгүй шүү гэж хэлээд чи одоо буучих гээд намайг буулгасан. Би ойроос хараад зогсож байтал нэг жийп ирж Батдэлгэрийн машины ард зогсохоор нь би тойрч очоод хартал жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр хар өнгийн  жижиг гар цүнх байсныг хойд талых нь хаалгыг онгойлгоод цүнхийг нь аваад замын эсрэг тал руу гарч Нарантуул захын микро автобусанд суугаад Нарантуул зах дээр очоод цаашаа явах унааны мөнгөгүй байсан болохоор цүнхийг нь онгойлгоод харсан чинь дайлан 2 хайрцаг кастер тамхи харагдсан. Тэгээд би 2 тамхины нэгийг нь 3000 төгрөгөөр зарсан. Энэ үед Батдэлгэр над руу 4 удаа залгасан байсан. Ингээд Батдэлгэртэй Багшийн дээд дээр уулзаад цүнхтэй эд зүйлийг нь бүрэн бүтнээр нь өгсөн чинь Батдэлгэр өөрөө онгойлгож үзээд хөөрөг, 2 шүрэн толгой байх ёстой бүгд байна гэж хэлсэн. Тэгээд Батдэлгэр намайг Хархорин кахын эсрэг талд хүргэж өгөөд надад АТМ-ээс 100.000 төгрөг авч өгсөн гэсэн мэдүүлэг

          Шүүгдэгч Д.Батдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн …Бат-Эрдэнэ над руу залгаад найз нь танай машин дотроос цүнхийг нь авчихсан гэхээр нь чи наад цүнхнээсээ юу ч дутааж болохгүй шүү гэж хэлээд хаана байна гэхэд Сандэй плазагийн энд явж байна гэхээр нь Багшийн дээд дээр уулзъя гээд Бат-Эрдэнэ бид 2 Багшийн дээдийн хойд талын автобусны буудал дээр уулзсан. Тэгэхэд Бат-Эрдэнэ Тогмидын цүнхийг хөх өнгийн гялгар уутанд хйигээд барьчихсан автобуснаас бууж ирээд 2 хайрцаг тамхи байсны нэгийг нь таксинд өгчихсөн нэг нь бүтэн байна задалчих уу өөр юугаар нь ч оролдоогүй шүү гээд тамхийг нь задалж тамхилаад Бат-Эрдэнэ Хархорин оръя гээд би Бат-Эрдэнийг Хархорин зах хүргэж өгөөд буухад нь архи ууж болохгүй шүү гэж хэлээд ууц арай хүрэхгүй байх өвчүүнд хүрэх байх гээд 100,000 төгрөг өгсөн. Тэгэхэд Бат-Эрдэнээс авсан Тогмидын цүнхэнд миний нэг хөөрөг, Тогмидын 2 хөөрөг, 2 жижиг шүрэн толгой, машиных нь түлхүүр зэрэг эд зүйлс нь бүрэн бүтэн байсан. Тэгээд би Бат-Эрдэнийг үнэхээр юунд нь ч хүрээгүй юм байна гэж бодсон. Би тэндээсээ 1-р хороололд 12-р байранд эгчийндээ очиж Тогмидын цүнхийг тавьчихаад 4-Р дэлгүүрийн тэндээс цагаан сарынхаа буузыг авч гэртээ аваачиж тавьчихаад буцаж 1-р хороололд эгчийнд очиж хөлдөөгч аваад бас гэрт хүргэчихээд цагдаагаас дуудаад байхаар нь цагдаа дээр ирсэн гэсэн мэдүүлэг зэрэг болно.       

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.          

          Д.Батдэлгэр нь өөрийн хөөргийг Д.Тогмидод заруулахаар өгсөн байсан нь тухайн хулгайд алдагдсан цүнхэн дотор хамт байсан ба энэ хөөргийг үнэлгээний газраас 10.000.000 төгрөгөөр үнэлсэн, Д.Батдэлгэрийн өөрийнх нь хөөрөг учир нийт хулгайлагдсан эд зүйлийн үнэлгээнээс хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэсэн хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан нийт үнийн дүнгээс хөөрөгний үнэ 10.000.000 төгрөгийг  хасахад  23.150.000 төгрөг болж хохирлын хэмжээ их хэмжээтэй биш үлэмж хэмжээтэй болж байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэхээр шийдвэрлэв.

         Д.Батдэлгэр, Д.Бат-Эрдэнэ нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Шүүгдэгч Д.Батдэлгэр нь Д.Бат-Эрдэнэд манай найз ирж байгаа машин дотор нь цүнх байгаа тэрнийг нь аваад надад өгч тус болчих чи дотроос нь юу ч авч болохгүй шүү гэж хэлээд замд Д.Бат-Эрдэнийг буулган өөрөө машинтайгаа очоод Д.Тогмидын машины дэргэд зогсож Д.Тогмидыг машинаас нь буулган уулзах хооронд нь Д.Бат-Эрдэнэ машинаас нь цүнхийг авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Тэдний дээрх үйлдлийг  прокуророос бусдын эд хөрөнгийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн  хулгайлсан гэж үзэж зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна. Иймд Д.Батдэлгэр, Д.Бат-Эрдэнэ нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн  гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Батдэлгэр нь би Д.Бат-Эрдэнийн хулгай хийснийг мэдээгүй, би хулгайн гэмт хэрэгт оролцоогүй гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Д.Бат-Эрдэнэ бол Д.Тогмидыг танихгүй, машин дотор нь юу явж байгааг мэдэхгүй, Д.Батдэлгэрийн хэлсний дагуу цүнхийг авч юу ч авалгүйгээр Д.Батдэлгэрт хүлээлгэн өгч 100.000 төгрөг авсан байна.

         Хохирогч эд зүйлээ бүрэн авсан нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Д.Бат-Эрдэнэ нь тэнсэж  хянан харгалзаж байсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

        Шүүх шүүгдэгч Д.Батдэлгэрт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  нэг ширхэг СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт  үлдээхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болно.  

           Шүүгдэгч Д.Батдэлгэр, Д.Бат-Эрдэнэ нар нь 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан тул энэ хугацааг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1.,246.2,283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хаадин овогт Далайхүүгийн Бат-Эрдэнэ, Боржигон овогт Довдонгийн Батдэлгэр нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Хаадин овогт Далайхүүгийн Бат-Эрдэнэ, Боржигон овогт Довдонгийн Батдэлгэр нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2 дэх хэсэгт зааснаар Д.Бат-Эрдэнээс эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, Д.Батдэлгэрээс эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Д.Бат-Эрдэнэд энэ тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн  254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг хорих 415 дугаар ангид биеэр эдлэж байгаад 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 87 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж бүгд биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын  хугацаагаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Бат-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг чанга  дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д:Батдэлгэрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус  эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Бат-Эрдэнийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 87  хоногийг, Д.Батдэлгэрийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 87  хоногийг тус тус  хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  нэг ширхэг СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт  үлдээсүгэй.

8.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Д.Бат-Эрдэнэ, Д.Батдэлгэр нар бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

9.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Бат-Эрдэнэ, Д.Батдэлгэр нарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж тус тус эдлүүлсүгэй.

  10.Шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

11.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

12. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бат-Эрдэнэ, Д.Батдэлгэр нарт тус бүр  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ                                 С.ПҮРЭВСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                                      Б.АРИУНХИШИГ

 

                                                                         Т.ШИНЭБАЯР