| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Даваадорж |
| Хэргийн индекс | 188/2024/0915/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1107 |
| Огноо | 2024-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1107
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа, улсын яллагч Г.Лхагвасүрэн, иргэдийн төлөөлөгч Э.Буяндэлгэр, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан, тус шүүхийн “Г” танхимд “нээлттэй” хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох, эрүүгийн 2308024010344 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч *** нь 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 3 дугаар орцны үүдэнд хохирогч ***ын “Самсунг эс-7” загварын 1 ширхэг гар утас, “Нокиа 6300” загварын 1 ширхэг гар утас, 1 ширхэг харааны шил, 1 ширхэг үүрдэг цүнх, 1 ширхэг хэтэвч, Мобикомын сим карт 1 ширхэг зэрэг эд зүйлийг шунахайн сэдэлттэй, хүч хэрэглэж, илээр хууль бусаар авч нийт 310,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 3 дугаар орцны үүдэнд хохирогч ***тай маргалдаж, улмаар түүнийг хутгаар зүсэж, хатгаж эрүүл мэндэд нь “баруун гарын 5 дугаар хуруу, зүүн гуяны зүсэгдсэн шарх, баруун чихний зөөлөн эдийн няцрал, язарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1.Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ийм хэрэг хийсэндээ үнэхээр их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2308024010344 дугаартай хэргээс:
2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас/,
4. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас, арын хавтсанд үдсэн/,
5. Хохирогч ***ын: “...Би 2023 оны 07 дугаар сарын 27-ны өглөө 21 цагийн үед зүс таних *** гэх залуутай Хархорингийн буюу 19-ийн автобусны буудлын гарц дээр таарсан. Тэгээд *** замын хойд талын дэлгүүрээс 1 шил “Хараа” гэдэг нэртэй 0.33 граммын архи авсан. Ингээд бид хоёр Хархорингийн явган хүний гарцын хойд талд саад мэт зүйлд суугаад архи ууж байтал үл таних залуу ирээд ***тэй юм яриад бид гурав хамт архи уусан. Тэгтэл *** “тухайн залуугийн гэрт очъё” гэж хэлсэн бөгөөд би явахгүй гэхэд *** “орой болчихсон байна” гэхээр нь үл таних залуугийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны орцны жижүүрийн өрөөнд орсон. Тухайн үед *** дахин нэг шилтэй “Хараа” нэртэй 0.33 граммын архи авч ирээд бид гурав хамт уусан. Тэр залуугийн гэрт хэсэг унтаж байгаад шөнө дунд *** бид хоёр хамт явахаар болж гарсан. Бид хоёр байрнаас гарах үед дөнгөж гэгээ орох шинжтэй, тэнгэр бүрхэг байсан бөгөөд хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Тэгээд тухайн байрны урд талын сандал дээр сууж байтал *** яваад өгсөн. Тэгээд би сандал дээр сууж байтал нөгөө үл таних залуу гарч ирээд надад хандаж “чамд мөнгө байгаа юм байна шүү дээ, пизда минь мөнгөө гаргаад ир ганц юм уучихъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад юу байдаг юм бэ” гэж хэлчхээд явах гэтэл “мөнгө байгаа цүнхээ өг” гээд намайг цамцны захаар хоолойноос боогоод сандал дээр унагаасан. Тэгээд би ухаан алдчихсан байсан бөгөөд сэргээд хартал миний үүрч явсан жижиг цүнх байхгүй байсан. Тэгэхээр нь миний цүнхийг тэр залуу авсан гэж бодоод хаалгыг нь цохиод “цүнхээ авъя” гэхэд хаалгаа тайлж өгөөгүй. Ингээд би тухайн залуугийн гэрийн хаалгыг удаа дараа цохих үед хаалгаа нээгээд “яах гээд байгаа пизда вэ” гээд гартаа хутга барьчихсан гараад ирэхээр нь би айгаад орцноос гарахад араас гарч ирээд орцны үүдэнд миний зүүн талын гуя хэсэг рүү хутгаараа 2 удаа хутгалсан. Тухайн үед эхлээд хутгалсны дараа нь би гараараа хаах гэтэл миний баруун гарын чигчий хурууг зүссэн. Би тэр үед гараа татаж авахад дахиж гуя руу хутгалсан. Тэгээд тэр залуу буцаад орц руугаа орохоор нь би сандал дээр суугаад хөлөө хараад байж байтал тэр залуу гарч ирээд хувинтай ус, арчуур гаргаж ирээд тухайн ойр орчмын цусыг угааж эхэлсэн. Тэр үед би “чи намайг түрүүн боож унагачхаад миний цүнхийг авсан байна, миний цүнх хаана байна” гэж асуухад эхлээд “би яаж мэдэх юм” гэж хэлж байснаа сүүлдээ гуйгаад аргадахад орцны хажуу талын хогийн сав руу очоод “энд л байна шүү дээ” гээд гаргаж ирсэн. Тэгээд миний цүнх дотор байсан 30,000 төгрөг, “Нокиа 6300” маркийн гар утас 1 ширхэг, “Самсунг эс-7” маркийн гар утас 1 ширхэг, харааны улаан өнгийн хайрцагтай шил 1 ширхэг тус тус алга болсон байсан. Алга болсон зүйлсийг тухайн залуу авсан гэж бодож байна. Анх намайг боож унагааж байхдаа “цүнхээ өг, дотор нь архины мөнгө байгаа биздээ” гээд хоолойноос боогоод байсан. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. *** түрүүлээд явсан байсан. ...Тухайн үед мөнгө асуухаар нь “байхгүй” гэж хэлэхэд “цүнхэнд чинь байгаа шүү дээ пизда минь, мөнгөө өгчих” гээд цүнх татахаар нь би өгөөгүй. Тэгтэл хоолойг минь боож эхэлсэн бөгөөд би ухаан алдсан байсан. Сэргээд хартал сандал дээр хэвтэж байсан бөгөөд миний цүнх болон тэр залуу байгаагүй. Тэгээд би жижүүрийн өрөөний хаалгыг нь цохиод цүнхээ асууж эхэлсэн. Би тэр залууг дахиж харвал царайгаар нь танина...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-26 дугаар хуудас/,
6. Хохирогч ***ын дахин өгсөн: “...Би тухайн хэрэг учрал болсон өдөр Гэмтэл согог судлалын төвд эмчлүүлж баруун гарын чигчий хуруундаа 4 оёдол, зүүн гуя хэсэгтээ 11 оёдол тавиулсан. Тухайн үед Гэмтэл согог судлалын төв надаас мөнгө аваагүй. “Гэгээн мандал” нэртэй эмнэлэгт гар, гуя хоёроо үзүүлж томографт харуулсан ба төлбөр гэж 160,000 төгрөг эмнэлэгт өгсөн. Надад эмнэлэгт өгсөн мөнгөний баримт нь байхгүй. Би өөр ямар нэгэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн асуудал огт байхгүй. Би тухайн залууг дахиж харвал царай төрхөөр нь танина. Том нүдтэй, бордуу царайтай, 170-175 см өндөртэй залуу байсан. Миний зүүн гарын гарын чигчий хуруу ямар нэгэн зүйл мэдрэхгүй байгаа. Нэг ёсондоо хэвийн ажиллагаа нь алдагдсан байдалтай байна. Өөр ямар нэгэн өвдөж зовуурилж буй зүйл алга. Надад гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгоход татгалзах зүйл байхгүй. Би тухайн хэрэг учрал болсон өдрөөс хойш ямар нэгэн ажил хийж чадахгүй байгаа. Нэг хуруу бүрэн ажиллахгүй байгаа. Мөн зарим үед хуруу, гуя хэсэг маш их өвддөг болсон. ...Миний бие шүүх эмнэлгээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас/,
7. Хохирогч ***ын дахин өгсөн “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзаж байна. Би санал гомдолтой, мөн хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/,
8. Гэрч ***гийн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 27-ны өглөө ажилдаа яваагүй гэртээ амарч байсан бөгөөд манай нөхөр өглөө 08 цаг өнгөрч байхад “ажлаараа орчхоод ирье” гээд гэрээсээ гарсан. Тэрнээс хойш өдөр нь над руу ярьсан бөгөөд тэр үед “Хархорин худалдааны төв дээр хүнтэй уулзаж байна” гэж хэлсэн. Тэгээд орой 19 цагийн үед ярьсан. Өдөр болон орой 19 цагийн үед надтай ярихад эрүүл байсан бөгөөд орой 21 цагийн үед залгаж ярихад хэл ам нь жаахан орооцолдоод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой байсан. Тухайн үед надад хаана байгаагаа хэлээгүй. Би түүнээс “чи архи уучихсан юм уу” гэж асуухад “тиймээ, дахгүй гэртээ очно” гэж хэлсэн. Тэгээд 23 цагийн үед над руу залгасан байсан бөгөөд би тухайн үед унтчихсан байсан ба утсаа аваагүй. Манай нөхөр өдөр болон орой 19 цагийн үед ярихад эрүүл байсан. Надтай ярихдаа хаана, хэнтэй байгаа талаараа хэлээгүй. Манай нөхөр гэрээс гарахдаа бор өнгийн цүнх, батарей муу “Нокиа” маркийн гар утас, мөн “Самсунг эс-7” маркийн гар утастай явсан юм. Манай нөхрийн “Нокиа” гар утас батарей муу болохоор “Самсунга эс-7” маркийн гар утастай явдаг. Над руу 2023 оны 07 дугаар сарын 28-ны өглөө цагдаагаас залгаж Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах хутгалуулсан орцны гадаа очиход нэлээд цус болсон байсан. Тэгээд бид гэмтэл орж үзүүлэхэд зүүн гуяны хэсэгт хоёр удаа хутгалуулсан байсан бөгөөд гуя хэсэгтээ 11 оёдол, баруун гарын чигчий хуруундаа 4 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/,
9. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Ц-627 дугаартай: “...“Самсунг эс-7” маркийн гар утас 230,000 төгрөг, Нокиа 6300 маркийн утас 20,000 төгрөг, харааны шил 20,000 төгрөг, үүрдэг цүнх 20,000 төгрөг, түрүүвч 15,000 төгрөг, Мобикомын сим карт 5,000 төгрөг, нийт 310,000 төгрөг...” гэх Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/,
10. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2-2/345 дугаартай: “...*** нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан болон амбулаторийн хяналтад байдаг гэх баримт байхгүй байна...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,
11. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэргийн материалаар хийсэн 1043 дугаартай: “...1. ***ын биед баруун гарын 5 дугаар хуруу, зүүн гуяны зүсэгдсэн шарх, баруун чихний зөөлөн эдийн няцрал, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь тус тусдаа болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас/,
12. Гэмт согог судлалын Үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/,
13. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 84-87 дугаар хуудас/,
14. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ажлын байр болох Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 03 дугаар орцны жижүүрийн өрөөнд сууж байгаад орой 23 цагийн орчим өрөөнөөсөө гараад Хархорин зах орж архи, согтууруулах ундааны зүйл уухаар таньдаг хүн хайсан юм. Тэгтэл *** гэх зүс таних залуу болон үл таних 50 гаруй насны ахтай хамт явж байсан. Тэгээд бид гурав уулзаад миний ажлын байранд очихоор явсан ба манай жижүүрийн өрөөнд 0.5 литрийн “Өргөө” нэртэй архийг бид гурав хувааж уусан. Тэгээд тухайн архиа хувааж ууж дуусахад *** ах өөрийн найзын хамт манай ажлаас шөнийн 03 цагийн үед гараад явсан ба би удалгүй араас нь гарахад *** ахтай хамт явж байсан 50 орчим насны ах орцны үүдэнд шээж байхаар нь “боль” гэж хэлээд баруун хөлөөрөө өгзөг хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд тухайн 50 орчим насны ах бид хоёр орцны үүдэнд сууж байгаад дахиад архи согтууруулах ундааны зүйл уумаар санагдаад байхаар нь тухайн ахаас “мөнгө байна уу” гэж асуухад тухайн ах “мөнгө байхгүй” гэж хэлэхээр нь өмсөж байсан цамцных нь захаар нь боож ухаан алдуулаад үүрч байсан цүнхийг нь аваад өрөөндөө орсон. Тэгтэл тухайн ах сэргээд манай жижүүрийн өрөөний хаалгыг нүдээд байхаар нь би айлгах санаатай өрөөнөөсөө хутга авч гараад “одоо яв” гэж хэлэхэд явахгүй байхаар нь баруун гуя хэсэгт нь 3 удаа хутгалсан. Тэгтэл тухайн хүн орцны үүдэнд суучхаад явахгүй байсан ба гуянаас нь цус гараад байхаар нь жижүүрийн өрөөндөө буцаж ороод хувин сав аваад буцаж гарч ирээд орцны үүдэнд цус болсон газрыг угааж цэвэрлэсэн. Тэр хооронд тухайн ах унтаад өгсөн ба би Хархорин зах ороод гар утас авдаг хүмүүст тухайн цүнхэнд байсан маркийг сайн мэдэхгүй хоёр гар утсыг 30,000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө архи согтууруулах ундааны зүйл авч хэрэглэсэн. Би архи согтууруулах ундааны зүйл нэмж уумаар санагдаад тухайн хүний эд зүйлийг авсан. Тухайн цүнхэнд маркийн сайн мэдэхгүй 2 ширхэг гар утас байсан ба бусад эд зүйлийг нь сайн анзаарч хараагүй. Тухайн цүнхийг хогийн цэгийн хаалганы урд хаясан. Мөн тухайн цүнх дотор ямар эд зүйл байсныг би сайн мэдэхгүй байна. Би хохирлоо нөхөн төлөөгүй. Би тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Би хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би их харамсаж байна. Дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/,
15. Хохирогч ***ын Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан талаарх үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 113 дугаар хуудас/,
16. Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн: “...Дээрх гэмт хэргийн улмаас *** нь 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын Үндэсний төв эмнэлэг, Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт үзүүлж эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 285,000 төгрөг гарсныг яллагдагч ***аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 10900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас/,
17. Гэрч ***гийн дахин өгсөн: “...Манай нөхөр гэрээсээ гарахдаа бор өнгийн цүнх, батерей муу “Нокиа” маркийн гар утас, мөн “Самсунг эс-7” маркийн гар утастай явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөрдөх байгууллагаас шүүгдэгч ***т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болохыг дурдав.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас ***ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох тухай” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “дээрэмдэх гэмт хэргийн явцад зэвсэг хэрэглээгүй, эд зүйлийг өөрийн болгож, захиран зарцуулах эрхтэй болсны дараа зэвсэг хэрэглэсэн тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой” гэх дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгчөөс “...***ыг хутга ашиглаж бусдыг дээрэмдсэн гэж үзэхгүй байна. Харин хүний эрүүл мэндэд зэвсэг ашиглаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна...” гэх тайлбарыг тус тус гаргасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч *** нь 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 3 дугаар орцны үүдэнд хохирогч ***ыг өмсөж явсан цамцаар нь боож унгаан түүний эзэмшлийн “Самсунг эс-7” загварын 1 ширхэг гар утас, “Нокиа 6300” загварын 1 ширхэг гар утас, 1 ширхэг харааны шил, 1 ширхэг үүрдэг цүнх, 1 ширхэг хэтэвч, 1 ширхэг Мобикомын сим карт зэрэг нийт 310,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг нь шунахайн сэдлээр, хүч хэрэглэн авсан болох нь,
Мөн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 3 дугаар орцны үүдэнд хохирогч ***тай маргалдаж, улмаар түүнийг хутгаар зүсэх, хатгах зэргээр эрүүл мэндэд нь “баруун гарын 5 дугаар хуруу, зүүн гуяны зүсэгдсэн шарх, баруун чихний зөөлөн эдийн няцрал, язарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тус тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнд:
1.Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Эрүүгийн 2308024010344 дугаартай хэргээс:
2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас/,
4. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас, арын хавтсанд үдсэн/,
5. Хохирогч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 23-26 дугаар хуудас/,
6. Хохирогч ***ын дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30, 111 дүгээр хуудас/,
7. Гэрч ***гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/,
8. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Ц-627 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/,
9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэргийн материалаар хийсэн 1043 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас/,
10. Гэмт согог судлалын Үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/,
11. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/,
12. Хохирогч ***ын Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан талаарх үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 113 дугаар хуудас/,
13. Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас/,
14. Гэрч ***гийн дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Бусдын эд хөрөнгийг зэвсэг хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийн тухайд:
Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.
Тэр ч агуулгаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.
Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг.
Дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг үлэмж ихэсгэсэн онцлогтойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ба уг гэмт хэргийг “хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож мөн зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилжээ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “Бусдын эд хөрөнгийг зэвсэг хэрэглэж дээрэмдсэн” гэх хүндрүүлэх шинжийг заасан байдаг.
Хэргийн үйл баримтын хувьд, шүүгдэгч *** нь хохирогч ***ын цүнхийг авах зорилгоор өмсөж явсан цамцных нь захаар боож унагааж, улмаар түүнийг ухаан алдсан үед цүнхийг нь авч байрны жижүүрийн өрөө рүү орсон үйл баримт бий болжээ.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийн хувьд эд хөрөнгийг авахад саад болж буй этгээд рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийг ойлгодог.
Шүүгдэгч ***ын хувьд хохирогч ***ын цүнхийг авч, байрны жижүүрийн өрөө рүү орсны дараа хохирогч сэрж, өөрийн цүнхээ хайж жижүүрийн өрөөний хаалгыг тогшсон, энэ үед *** гартаа хутга барин гарч ирэн ***ыг айлгах зорилгоор түүний гуя тус газарт хутгалсан нь анхнаасаа цүнхийг авах санаа сэдлийг хэрэгжүүлэх үйлдэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл дээрэмдэх гэмт хэрэг төгсөж, эд зүйлийг захиран зарцуулах боломж бүрдсэний дараа болсон үйл баримт байх тул түүнийг “дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэж үзэх боломжгүй юм.
Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухайд:
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.
Хэргийн хохирогч *** нь өөрийн дээрэмдүүлсэн эд зүйлээ асуухаар жижүүрийн өрөөний хаалгыг тогших үед *** нь түүнийг айлгах зорилгоор гартаа хутга барин гарч ирж, улмаар түүний гуя руу хутгалж, эрүүл мэндэд нь “баруун гарын 5 дугаар хуруу, зүүн гуяны зүсэгдсэн шарх, баруун чихний зөөлөн эдийн няцрал, язарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт бий болжээ.
Шүүгдэгч ***ын хүний халдашгүй дархан байх эрхэд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэв.
Иймд шүүгдэгч ***ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд,
Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан байдаг.
Дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч ***т 310,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх …буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасныг үндэслэн ***аас хохирлыг гаргуулж хохирогч ***т олгохоор шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гээд 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж заасанчлан *** нь баримтаар тогтоогдсон дээрх хохирол, хор уршгийг арилгах үүргийг хүлээх ёстой.
Иймд хохирогч ***ын Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан 285,000 төгрөгийг ***аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ.
Хохирогч *** нь “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй” хэмээн удаа дараа мэдүүлсэн тул шүүгдэгчээс уг хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.
Мөн хохирогчийн зүгээс мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд баримтаар хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжлээгүй тул түүнд эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн ***аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлээж шийдвэрлэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч ***т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил, 3 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн тал дээр маргадаггүй тул улсын яллагчийн гаргасан ялын саналыг багасгаж өгөх...” санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, мөн учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт эдлэх ялыг 2 жил 9 сарын хугацаагаар тогтоов.
Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч *** нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс энэ өдрийг хүртэл 221 хоног цагдан хоригдсон байх ба уг хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Дөрөв. Бусад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “Си Ди” /CD/-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт ***ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***т 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ***т мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт ***аас 285,000 /хоёр зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *** нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн ***аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын энэ хэрэгт 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 221 /хоёр зуун хорин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /CD/-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.
11. Энэ хэрэгт ***ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ М.МӨНХБААТАР