| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Даваадорж |
| Хэргийн индекс | 188/2024/0901/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1117 |
| Огноо | 2024-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1117
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа, улсын яллагч С.Энхням /томилолтоор/, гэрч ***, ***, шүүгдэгч, хохирогч ***, түүний өмгөөлөгч С.Уламбаяр, шүүгдэгч, хохирогч ***, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***, *** нарт холбогдох, эрүүгийн 2308019000811 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ***
2. Монгол Улсын иргэн ***
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч *** нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Потон” нэртэй центрийн авто засварын газарт иргэн ***той автомашины засвартай холбоотой асуудлаас болж маргалдаж, улмаар түүний хамрын гол хэсэгт нэг удаа, нүүр хэсэгт 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *** 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Потон” нэртэй центрийн авто засварын газарт иргэн ***тэй автомашины засвартай холбоотой асуудлаас болж маргалдаж, улмаар түүний нүүр, цээж, хүзүү, гуя зэрэг газарт удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч ***ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын сүүлээр 1 сарын эхээр энэ залуугийн засварын газарт машиныхаа моторыг засуулсан. Ажлын хөлс 8,000,000 төгрөг засвар үйлчилгээтэйгээ 14,000,000 орчим төгрөг болсон. Өвөл байсан учир машинууд ажилд гарсан. Хавар Дундговь аймаг руу 4 дүгээр сард засвар шинэчлэлтийн ажлаар манай компани гараад ажилд гарах гэж байхад ажилд гарч чадахгүй, мотор нь ахиад доголдсон. Дундговь аймагт ажилд ч гарч чадахгүй доголдохоор нь би засвар хийлгэсэн энэ залуу дээр ирээд “мотор ингээд зуурчихлаа” гээд зөвлөгөө өгөх байх гэж бодоод хэлсэн. Тэгэхэд *** “тийм зүйл байдаггүй юм, пизда минь гар чи” гэсэн. Тэрнээс болоод би ***той маргалдаад “юу нь болохгүй байна, чи нэг зөвлөгөө өгөөч дээ” гэж хэлсэн. Тэгсэн хажуугаас *** үгийн зөрүү байхгүй цохиод боож авсан. Намайг үүдэнд байсан хураасан дугуйн дунд оруулж зодсон. Зодуулж байгаад босоод ирэхэд эргэн тойронд 4 хүн байсан. Одоо бодоход 2 гэрч, ***, *** нар байсан юм байна. Тэгээд би “больё” гэж хэлээд больсон. Би “чи намайг яагаад үгийн зөрүүгүй зодож байгаа юм бэ” гээд ***т хэлсэн. Тэгтэл ***той барилцаж байхад *** гэх залуу үгийн зөрүүгүй намайг зодсон. Би “больё, зүгээр цагдаагаа дуудъя” гэхэд “цагдаатай чинь булшилна шүү” гэж хэлээд ***, *** хоёр машинд суугаад яваад өгсөн. Би тэндээ үлдээд цагдаа дуудаад сууж байхад гэрч гээд байгаа ах намайг “одоо яв” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
2. Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед засварын газартаа ажиллаж байхад *** ирсэн. Энэ хүний тээврийн хэрэгслийг засаж өгсөн ба өгөхдөө 1 сарын баталгаат хугацаа өгсөн. Тэгэхэд баталгаат хугацаа дууссаны дараа, 5-6 сарын дараа засаж өгсөн машин чинь эвдэрсэн гэх гомдолтой ирсэн. Үүний улмаас маргаан болсон. Надад бол ямар нэгэн гомдол санал байхгүй. Гэхдээ ***гийн талаас сэтгэл санааны хохирол нэхэмжилбэл би бас нэхэмжилнэ. Ерөнхийдөө эхэлж энэ хүн намайг эхэлж цохисон тэгээд би 2,3 удаа зөрүүлж цохисон. Тэгээд хүмүүс гарч ирж салгасан...” гэх мэдүүлэг,
3. Хохирогч ***ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед зодуулаад гэртээ харьж чадахгүй 3 хоног буудалд байсан. Мөн 7 хоногийн ажлаа хойшлуулсан. Хамгийн гомдолтой зүйл нь тэр *** гэх хүн намайг зодчихоод одоо эрх чөлөөтэй явж байна. Надад бол гэрч үнэхээр байгаагүй. Энд ирсэн хүмүүс бүгд хамаатан садангийн холбоотой хүмүүс, энэ хүмүүсийн өөдөөс ганцаараа дийлэхгүй байна. Шүүхээс хүсэх зүйл гэвэл яллагдагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг,
4. Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хамраа хугалуулсан ба тухайн үед толгой өвддөг байсан. Хамрын хагалгаанд 3,200,000 төгрөг болно гэж байсан. Тухайн үед томографт харуулсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан. Энэ бүгд бүгдээрээ байгаа. Одоо гэхдээ энэ бүгдийг нэхэмжлэхээ болиод энэ хэргээ хурдан шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг,
5. Гэрч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед би гагнуур хийх гээд том тэрэгний доогуур орж байсан. Яг орох үед энэ 2 хүн маргалдаж байсан. Би нээх их юм болдолгүй ажлаа хийсэн. Намайг ажлаа хийгээд дуусаад гараад ирэхэд бүх зүйл дууссан байсан. Тэгээд намайг буух гээд хувцсаа сольж байхад цагдаа ирээд мэдүүлэг авсан...” гэх мэдүүлэг,
6. Гэрч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 1999 онд нэг харвасан. Гэхдээ үйл явдлаа мэднэ. Тухайн өдрийн он, сарыг сайн санахгүй байна. Өдрийн хоолоо хийгээд аяга тавгаа угаах гэж байхад гадаа улсууд шуугилдаад байсан. Тэгээд гарахад *** энэ танихгүй хүнтэй хамраас нь цус гарсан фудволк нь урагдсан, хоорондоо барилцаад байж байсан. Тэгээд би дундуур орж салгасан ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2308019000811 дугаартай хэргээс:
7. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17, 19-20 дугаар хуудас/,
8. Хохирогч ***гийн: “...Миний бие 2022 оны 12 дугаар сард өөрийн компанидаа ашигладаг автогридрийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Потон” центрийн баруун талд байрлах засварын газарт 8 сая төгрөгийн ажлын хөлсөөр засуулахаар өгсөн ба 2023 оны 01 дүгээр сард буцааж авсан. Тухайн ажил хийх боломжгүй учир тухайн автогридрийг асааж үзчихээд ажиллуулаагүй. 2023 оны 05 дугаар сарын сүүлээр Дундговь аймаг зам засварын ажил авч улмаас засуулсан автогридрээ ажиллуулах гэтэл халаад унтраад байсан. Ингээд миний бие засварын ажилтантай 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд очиж уулзаад болсон асуудлыг хэлэхэд надад уурлаж хэл амаар доромжилсон бөгөөд улмаар засвар хийсэн залуу бид хоёрын дунд маргаан гарсан. Гэтэл цаанаас нэг ажилтан нь гарч ирээд миний толгойн зүүн талын хэсэг рүү нэлээн олон удаа цохисон ба надтай маргалдаж байсан залуу заамдаж зууралдан унагааж дээрээс тэр 2 залуу нийлж нэлээн олон удаа зодсон. Ингээд би арай хийж болъё гэж тусламж дуудахад үг авалгүй, цагдаатай хамт булшилна гэх зэргээр зодсон. Тэгээд би бөгсөөрөө суугаад байж байтал эхэлж намайг цохисон залуу намайг ална гэж дахин дайрч цохиж зодсон. Тэгээд би машиндаа сууж байгаад буцаж очиход намайг зодсон 2 залуу ахин цохиж зодсон. Ингээд би зугтаагаад машиндаа сууж цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
9. Хохирогч ***гийн дахин өгсөн: “...Би *** гэх хүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгуулмаар байгаа бөгөөд ***ийг яллагдагчаар татаад *** гэх хүнийг татаагүйд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,
10. Хохирогч ***ийн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны орой 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Потон” засварын газартаа ажиллаж байхад өмнө нь надаар 2023 оны 01 дүгээр сард Авто гретир /Зам тэгшилдэг авто машин/-ийг янзлуулсан Намхай гэх залуу манай засварын газарт ирсэн. Тухайн үед надтай ирж уулзаад “чиний янзалсан хөдөлгүүр чинь асахаа болчихлоо, очиж янзалж өг” гээд бухимдсан байдалтай хэлэхээр нь би нөгөө хүнд хандан “танд машины чинь янзалж өгөөд 1 сарын баталгаа өгсөн шүү дээ” гэж хэлтэл “надад хамаа байхгүй” гэж надтай маргалдаад гэнэт миний хамрын гол хэсэгт нэг удаа цохиод үргэлжлүүлэн нүүр хэсэгт 3-4 удаа цохиж зодсон. Тэгэхээр нь би хариуд нь түүний зүүн болон баруун гараараа нүүр болон хүзүү хэсэгт нь 2-3 удаа алгадсан. Тэгтэл нөгөө залуу хойшоогоо ухарч байгаад бүдэрч унасан. Тэгээд газар унаад хоорондоо ноцолдсон. Тэгээд удалгүй бид хоёрыг манай ажлын залуу салгаад нөгөө хүн маань цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд миний хамраас цус гараад тогтоочхоод байж байтал манай ажлын хүмүүс “хамар чинь мурийсан байна” гээд би шууд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
11. Гэрч ***ын: “...Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Потон” нэртэй засварын газарт *** гэх залуутай нийлж нэг том тэрэг засаж, гагнуур хийх гээд очсон байсан. Тухайн өдрийн үдээс хойш би том тэрэг доогуур орсон гарам хэсэгт нь гагнуур хийж байхад хоёр эрэгтэй хүн хоорондоо маргалдаад байсан. Би гагнуур хийж байсан учир юунаас болж маргалдаад байгааг нь сонсоогүй. Би тухайн гагнуур хийж байсан машины доороос харахад *** нь үл таних эрэгтэй хүнтэй маргалдаж байсан. Тэгээд маргалдсан үл таних залуу нь ***ийн нүүр хэсэг рүү цохиход газарт унаад хоорондоо ноцолдоод байсан. Тэгээд *** нөгөө залууг түлхэж босож ирээд нөгөө залуутайгаа хэрүүл хийгээд байсан. Би нээх тоохгүй гагнуурын ажлаа үргэлжлүүлээд хийсэн. Тэгээд намайг гагнуур хийж байхад ***ийн хамраас цус гарсан байсан. Надад хандаж *** “гэмтлийн эмнэлэг явлаа” гэж хэлээд машинаа асаагаад яваад өгсөн. Харин үл таних залуу цагдаа дуудсан. Тэгтэл нөгөө үл таних залуу хамт засвар хийж байсан 60 гаруй насны ах бид хоёр рүү дайраад “та нар ингэж ажлаа хийдэг юм уу” гээд байхаар нь би “та ямар бид хоёртой муудалцсан биш, тэр хэрүүл хийсэн хүнтэйгээ ярь” гэхэд яваад өгсөн. Тэгээд удаагүй 2 цагдаа ирсэн ба тэр цагдаа нар камер шүүнэ гээд явсан. Нөгөө 60 гаруй настай ах бид хоёр засварын газраа хаагаад явсан. Өөр болсон асуудлын талаар мэдэхгүй. Тухайн үед би гагнуур хийж байгаад харахад эхлээд нөгөө үл таних залуу ***ийн нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд газарт унасан ба хоорондоо ноцолдоод ***ийн нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд газарт унасан хоорондоо ноцолдоод байсан. Би хэн хэнийг яаж цохисныг сайн хараагүй. Мөн тэр хоёрт ойртож салгасан асуудал байхгүй. Бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
12. Гэрч Р.***ын: “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Потон” засварын газарт оффист нь суудаг юм. 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манайхаас сэлбэг авах гэж ирсэн хүн танай гадаа зодоон болоод байна гэж хэлсэн. Тэгэхээр би гүйгээд гарахад *** нь нэг үл таних залуутай маргалдаад зодолдсон байсныг *** ах салгасан зогсож байсан. Тэгээд би “юу болоод байгаа юм” гэхэд нөгөө залуу миний нүдэн дээр ***ийг 2-3 удаа цохисон. Анх намайг гарч очиход тэр хоёрын хамраас нь цус гарсан байсан. Тэгээд тэр хоёрыг *** ах дахиад салгасан. Тэгээд ***ийн хамар нь цөмөрсөн байдалтай байхаар нь би шууд ***ийг аваад гэмтлийн эмнэлэг аваад явсан. Харин нөгөө залуу үлдсэн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тэр хүн өмнө манай засварт техникээ засуулж байсан юм билээ. Тэрнээс болоод маргалдсан гэж байсан. Намайг гараад очиход *** ах салгаад зогсож байсан. Тэгээд дахиад нөгөө залуу ***ийг 2-3 удаа цохисон. Тэгээд дахиад *** ах салгасан. Би огт ойртож тэр хоёрыг салгасан асуудал байхгүй. Би эхлээд юу болсныг хараагүй. Намайг гарч ирэхэд *** болон *** ах, нөгөө залуу гурав байсан бөгөөд өөр хүн байгаагүй. Би тэр эрэгтэйтэй маргалдаж, зодолдсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,
13. Гэрч ***н: “...Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Потон” засварын газрын хойд талын өрөөнд өдрийн хоол ажиллаж байсан хүмүүст хийж өгсөн. Тэгээд би хоол хийсэн тогоо цэвэрлээд байж байтал гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гарахад грашийн үүдэнд *** газарт хэвтүүлсэн дээрээс нь нэг үл таних залуу цохиж байсан. Тэгээд би гүйж очоод “юу болоод байгаа юм бэ” гээд нөгөө хоёрыг салгасан. Тэгэхэд ***ийн фудволк урагдсан, хамраас нь цус гарсан байсан. Нөгөө залуу “би та нарыг амьтан болгоноо” гээд өөрийнхөө өмсөж байсан фудволкийг ураад байсан. Тэгээд би нөгөө хоёрыг зодолдож байсан газарт траншейны нүх тагласан дугуй дээр суулгаад “боль, та нар залуу хүүхдүүд байж” гэж хэлсэн. Тэгээд *** гээд засварын газрын залуу өрөөнөөс гарч ирсэн. Тэгэхээр нь би “наад ***ийн хамар хугарсан юм шиг байна эмнэлэг аваад яв” гэж хэлээд *** нь эмнэлэг аваад явсан. Тэгээд нөгөө залуу цагдаа дуудсан. Удаагүй хоёр цагдаа ирж Ууганбаяр бид хоёроос болсон асуудлын талаар асуусан. Тэгээд камер үзнэ гээд явсан. Би юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Намайг гараад очиход дээр доороо ороод ноцолдоод басан. Би тэгээд очиж салгасан. ...Хоёулангийх нь хувцас шороо болсон байсан. Би гарч очиход ***, нөгөө залуу байсан. Ууганаа гээд залуу гагнуур хийж байгаад машины доороос гарч ирээд салгах гээд зогсож байсан. Өөр хүн байгаагүй. ...Тэгээд ***ийг *** нь эмнэлэг аваад явсан. Харин нөгөө залуу болохоор траншейны нүх хааж тавьсан байсан дугуй дээр суугаад “би та нарыг амьтан болгоно” гээд орилоод байж байгаад машин руу явсан. Тэгээд удаагүй цагдаа нартай хамт ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,
14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7369 дугаартай: “...1, 2. ***ийн биед хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3, 4, 5, 6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 7. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,
15. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын: “...***гийн биед учирсан гэмтлийг нэг хүн учруулах боломжтой. Түүнээс дээш олон хүн учруулж болно. ...Ир үзүүртэйгээс бусад зүйлийг ойлгож болно. Чулуу, мод гар, хөл, хувцас зүйл гэх мэт зүйл орно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,
16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7449 дугаартай: “...1, 2, 7. ***гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, баруун хацрын төвгөр, хамрын нуруу цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимын салстад цус хуралт, баруун хацрын төвгөрт зулгаралт, зүүн хөмсөгт шарх, зулгаралт, эрүү, хүзүү, цээж, эгэмд зулгаралт, хүзүү, зүүн гуянд цус хуралт, зүүн гуянд зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3, 9. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4, 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 8. Дээрх гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас/,
17. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын дахин өгсөн: “...Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, баруун хацрын төвгөр, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимын салстад цус хуралт, баруун хацрын төвгөрт зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг удаагийн үйлчлэлээр гэдэг нь бүгд нийлээд нэг гэмтэл гэж ойлгож болно. Зүүн хөмсөгний шарх, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мөн адил мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,
18. “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0534 дугаартай: “...Giordona брэндийн цамц 450,000 төгрөг, Burberry брэндийн фудволк 379,500 төгрөг, нийт 829,500 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас/,
19. Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна. ...*** бид хоёрын дунд маргаан гарсан. Харин ***, ***, Ууганбаяр нар бид хоёрыг салгасан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/,
20. Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Миний биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хацрын төвгөрт зулгаралт гэмтлийг гартаа явган хүний зам хийдэг тоосгон хавтангаар цохин, зүүн гуянд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтлийг лапатка төмрөөр цохин, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг баруун гараараа цохин *** гэх хүн учруулсан бөгөөд бусад гэмтлийг *** нь намайг цамцаар боож, нүүр хэсэгт гараараа олон удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/,
21. Шүүгдэгч ***гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, түүний хуувийн байдлыг тодорхойлсон бусад баримтууд /хавтаст хэргийн 87-95, 97-120 дугаар хуудас/,
22. Шүүгдэгч ***ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, түүний хуувийн байдлыг тодорхойлсон бусад баримтууд /хавтаст хэргийн 96, 125-128 дугаар хуудас/,
23. Хохирогч ***ийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 161,000 төгрөгийн хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 132 дугаар хуудас/,
24. Хохирогч ***г оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 144-147 дугаар хуудас/,
25. Хохирогч ***оос гаргаж өгсөн хохирол, төлбөртэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 151-153 дугаар хуудас/,
26. Хохирогч ***ийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажлын байрны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа” зэрэг 3 хуудас баримт,
27. Хохирогч ***гийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн “Мөнгөн гүүр” эмнэлгээс 210,000 төгрөгийн үйлчилгээ авсан талаарх “И” баримт 2 ширхэг, тус эмнэлэгт үзүүлсэн талаарх 3 хуудас баримт, гэмт хэрэг үйлдэгдсэний дараах нүүр хэсгийг харуулсан зурагт хуудас 1 ширхэг зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээчид гаргасан байх тул шүүх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***, *** нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөрдөх байгууллагаас ***, *** нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Потон” нэртэй центрийн авто засварын газарт иргэн ***той автомашины засвартай холбоотой асуудлаас болж маргалдаж, улмаар түүний хамрын гол хэсэгт нэг удаа, нүүр хэсэгт удаа дараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, доод уруулд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь,
Шүүгдэгч *** 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Потон” нэртэй центрийн авто засварын газарт иргэн ***тэй автомашины засвартай холбоотой асуудлаас болж маргалдаж, улмаар түүний нүүр, цээж, хүзүү, гуя зэрэг газарт удаа дараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, баруун хацрын төвгөр, хамрын нуруу цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун хацрын төвгөрт зулгаралт, зүүн хөмсөгт шарх, зулгаралт, эрүү, хүзүү, цээж, эгэмд зулгаралт, хүзүү, зүүн гуянд цус хуралт, зүүн гуянд зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тус тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнд:
1. Шүүгдэгч ***ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
2. Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
3. Хохирогч ***ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
4. Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
5. Гэрч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
6. Гэрч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Эрүүгийн 2308019000811 дугаартай хэргээс:
7. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17, 19-20 дугаар хуудас/,
8. Хохирогч ***гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
9. Хохирогч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
10. Гэрч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
11. Гэрч Р.***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,
12. Гэрч ***н мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,
13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7369 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,
14. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,
15. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7449 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас/,
16. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,
17. “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0534 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас/,
18. Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/,
19. Хохирогч ***ийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 161,000 төгрөгийн хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 132 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас ***, *** нарыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг гаргаж, шүүгдэгч ***ийн өмгөөлөгчөөс “гэм бурууг хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн дүгнэлтийг дэмжсэн” дүгнэлтийг, шүүгдэгч ***гийн өмгөөлөгчийн зүгээс “түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тухай” дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэж оролцсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан.
Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.
Шүүгдэгч нар нь урьд засуулсан техник тоног төхөөрөмжийн эвдрэлээс болж хоорондоо маргалдах шалтгаан үүсэж, улмаар харилцан бие биедээ халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт бий болжээ.
Өөрөөр хэлбэл хохирогч ***гийн эрүүл мэндэд учирсан “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, баруун хацрын төвгөр, хамрын нуруу цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимын салстад цус хуралт, баруун хацрын төвгөрт зулгаралт, зүүн хөмсөгт шарх, зулгаралт, эрүү, хүзүү, цээж, эгэмд зулгаралт, хүзүү, зүүн гуянд цус хуралт, зүүн гуянд зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол шүүгдэгч ***ийн түүний нүүр, цээж, хүзүү, гуя зэрэг газарт удаа дараа цохих, газарт унагаах зэрэг идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн болох нь,
Мөн хохирогч ***ийн эрүүл мэндэд учирсан “хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, доод уруулд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ***гийн түүний хамрын гол хэсэгт нэг удаа, нүүр хэсэгт удаа дараа гараараа цохих зэрэг идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч ***, *** нарын нэг нэгнийхээ халдашгүй дархан байх эрхэд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, тэдний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэв.
Өмгөөлөгч С.Уламбаяраас “уг хэрэгт Р.*** нь хамтран оролцож ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул түүнийг яллагдагчаар татах ёстой” хэмээн маргадаг боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүнийг уг хэрэгт хамтран оролцсон талаарх нотлох баримт авагдаагүй, хохирогч ***гийн мэдүүлэг бусад нотлох баримтаар үгүйсгэгдэг тул шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэв.
Мөн шүүгдэгч, хохирогч ***гийн өмгөөлөгчөөс “түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах” байр суурийг илэрхийлж, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон боловч *** нь хохирогч ***ийн биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх тул өмгөөлөгчийн санал, дүгнэлт хууль зүйн үндэслэлгүйг дүгнэх зүйтэй.
Иймд шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.
Хохирогч ***, *** нарын биед учирсан хөнгөн хохирол нь тэдний гэм буруутай үйлдлийн улмаас бий болсон бөгөөд энэ нь гэмт хэргийн хохирол болох тул учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардал нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Гэмт хэргийн улмаас хохирогч *** нь “Мед труама” эмнэлэгт дүрс оношилгоонд хамтрагдсан /хавтаст хэргийн 153 дугаар хуудас/ болох нь баримтаар тогтоогддог тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар дээрх төлбөрийг шүүгдэгч ***гээс гаргуулж түүнд олгож,
Мөн гэмт хэргийн улмаас хохирогч *** нь “Мөнгөн гүүр” эмнэлэгээс 210,000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг авсан /шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн/, хэрэг үйлдэгдэх үед түүний 829,500 төгрөгийн үнэ бүхий цамц, фудволк урагдаж дахин ашиглах боломжгүй болсон болох нь баримтаар тогтоогддог тул, нийт 1,039,500 төгрөгийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг дээрх хуульд заасан үндэслэлээр шүүгдэгч ***оос гаргуулж түүнд олгож тус тус шийдвэрлэв.
Хохирогч *** нь уг гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 161,000 төгрөгийн тусламж, үйлчилгээг авч хөнгөлөлт эдэлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д заасан үндэслэлээр уг хор уршгийг шүүгдэгч ***гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Мөн хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул ***, *** нарын уг эрхийг хангах үүднээс хохирогчдоос гаргасан нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, шаардлагатай гэж үзвэл цаашид гаргах эмчилгээ, сувилгаатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг тэдэнд нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч ***гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогддог, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, маргадаг зэргийг харгалзан үзэж мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож өгөх,
Шүүгдэгч ***ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогддог, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг зэргийг халзан үзэж мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож өгөх” дүгнэлтийг,
Шүүгдэгч ***гийн өмгөөлөгчөөс “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн тул торгох ялын хэмжээг багасгаж өгөх” дүгнэлтийг,
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөх” санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаа тус тус шийтгэж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч ***, *** нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогддог тул тэдэнд ял шийтгэхдээ уг нөхцөл байдлыг, мөн ***ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ***гийн гэм буруугийн асуудалд маргадаг зэргийг тус тус харгалзан дээрх байдлаар ялгамжтайгаар эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь анх удаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдсон болохыг тус тус дурдав.
Дөрөв. Бусад:
Энэ хэрэгт ***, *** нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***т 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ***, *** нарт торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч ***оос гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт нийт 1,039,500 /нэг сая гучин есөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч *** д,
Шүүгдэгч ***гээс гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт нийт 140,000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх 03-32 тоотод оршин суух, иргэний үнэмлэхний лавлагаагаар ***т тус тус олгосугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт ***гээс 161,000 /нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ***ийн хамрын хагалгаанд орох эмчилгээний төлбөрт 3,200,000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ***, *** нар нь учирсан гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, хийлгэсэн эмчилгээ, үйлчилгээ, бусад зардал, төлбөрт хамаарах нотлох баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэдгээрт тайлбарласугай.
7. Энэ хэрэгт ***, *** нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ