Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батчулууны Мөнхбат |
Хэргийн индекс | 133/2019/00003/и |
Дугаар | 133/ШШ2022/00188 |
Огноо | 2022-03-31 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 133/ШШ2022/00188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Д-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ГАА ХХҮГ
Хариуцагч: БХБЯ
Хариуцагч: ХНХЯ тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.М, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, иргэдийн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Б.М болон хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.
Эдгээр нэр бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх саналыг шүүх хуралдааны оролцогч нар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоол болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаал хэрэгжээгүйн улмаас учирсан хохирол 14,107,700 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл:
“Говь-Алтай аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” нь Үйлдвэр худалдааны сайдын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 222 дугаар тушаалаар байгуулагдсан.
Хөдөлмөрийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/146 дугаар тушаалаар тус яамны харьяанд шилжиж, Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дэргэд үйл ажиллагаагаа явуулах, тус хэлтсийн даргын тушаалаар удирдлага зохион байгуулалтаар хангах, бүтэц чиг үүргийг батлах үүрэг өгсөн.
Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар дээрх 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А146 дугаар тушаалыг хүчингүй болгож, “Говь-Алтай аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийг удирдлага зохион байгуулалтаар ханган бүтэц, чиг үүргийг батлах, үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулахыг Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад үүрэг болгосон.
Уг тушаалын дагуу Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар “Говь-Алтай аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийг 9 орон тоотой байх, тус төвийн захирлыг Хөдөлмөрийн хэлтсийн дарга томилохоор болсон.
Гэвч хөрөнгө санхүүжилт шийдэгдээгүйн улмаас “Говь-Алтай аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн өр төлбөр барагдаагүй, үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болсон.
Тус төв нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас аж ахуй эрхлэлтийн сургалт явуулах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин инкубатори үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй төрийн өмчит үйлдвэрийн газар юм.
Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулж буй аж ахуйн эрхлэлтийн сургалтыг зохион байгуулах, хөдөлмөрийн яамны хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс хэрэгжүүлж байгаа инкубатори үйлчилгээг хэрэгжүүлэн санхүүжилт авч, төсвийг журмын дагуу зарцуулдаг.
Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/32 тоот тушаалаар санхүүжилт олгох тухай, тогтмол зардлыг төлөх шийдвэр гарсан боловч хэрэгжээгүй.
Үйл ажиллагааны зардал байхгүйн улмаас зардлын хэмжээ нэмэгдэж, халаалт, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, цалингийн өр нэмэгдсэн.
Иймд дотооддоо зохион байгуулалт хийж, орон тоог цөөлөх хүсэлтийг тавьснаар Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08-р сарын 14-ны өдрийн А/20 тушаалаар тус төвийг 2 орон тоотой болгосон.
Дээрх чиг үүргийн дагуу 5 хүнийг ажлаас чөлөөлж, санхүүжилтгүй улмаас эдгээр ажилтны ажилласан хугацааны цалин хөлсийг тавих боломжгүй тул эцсийн тооцоог бодолгүй хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.
Нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Д миний бие тус төвийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар сургалт, зөвлөгөө, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон.
Тус төвийн захирал Ц.А нь өөрийн хүсэлтээр 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн тул сургалт, зөвлөгөө, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Д намайг түр захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тушаал гарсан.
Уг шийдвэрийн дагуу эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах, архивын бичиг баримтыг хадгалах, холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татварын тайланг гаргах, дээд шатны байгууллагын өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, үүссэн нөхцөл байдлыг яам болон холбогдох шатны байгууллагад уламжлах зэрэг үүрэгт ажлыг одоог хүртэл хийсээр байна.
Энэ хугацаанд ямар нэгэн шийдвэр гараагүй хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өр нэмэгдэн нийт 54,412,781,82 төгрөг болсон.
Уг асуудлыг дээд газарт уламжлан шийдвэрлүүлэх хүсэлтийг тухайн үеийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөрийн яам болон бусад холбогдох газарт удаа дараа бичгээр хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоол гарч, үүссэн өр төлбөрийг барагдуулах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэхээр болсон.
Дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А-1/2587 дугаар албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/1760 дугаар албан бичгийг үндэслэн конторын барилгыг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт балансаас балансад шилжүүлж, халаалтын өр төлбөрийг тус газраас барагдуулсан боловч, ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал болон татварын өр төлбөр барагдалгүй ажилчид хохирч үлдсэн.
Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийг татан буулгах, барилга, хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, өр авлагыг барагдуулах, санхүүгийн хаалтын тайланг гаргах ажлыг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, тайланг танилцуулахыг үүрэг болгосон байдаг ч уг ажлын хэсэг нь ажлаа хийгээгүй.
/Ажлын хэсэгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн, дотоод аудит, хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, нярав нар томилогдсон/
Засгийн газрын тогтоолын хэрэгжилт бүрэн хангагдаагүй, ажлын хэсэг ажлаа хийгээгүйн улмаас иргэн миний бие ажилласан хугацааны цалин хөлсөө авч чадалгүй хохироод байна.
Тус төвийг төлөөлөн 2019 онд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд цалингийн 37,288,262.15 төгрөг, цалингийн өртэй холбоотойгоор үүссэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын 14,457,303.0 төгрөг, татварын 4,495,988,8 төгрөгийн өр, нийт 54,412,781,82 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нягтлан бодогч Б.Д нь Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийг төлөөлөх эрхтэй болох нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Тус байгууллага болон ажилтнуудын цалин хөлстэй холбоотой асуудлаар дахин Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гарсан.
Улсын Дээд Шүүхээс шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гарсан.
Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд ажиллаж байсан ажилтны цалин хөлсийг Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас шаардах үндэслэл тодорхой бус байна гэсэн.
Хөдөлмөрийн хэлтсээс Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн бүтэц орон тоо, чиг үүргээр хангадаг. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Тус төвийн өр төлбөр нэмэгдэж, үйл ажиллагаа доголдож байгаа үед арга хэмжээ авч, чиг үүргээр хангаагүй, цаг хугацаа алдан нөхцөл байдлыг хүндрүүлсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар Б.Д надад төвийг хариуцуулсан.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, мэргэжилтэн, нярав нь ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаа нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хамааралтай гэж үзэж байна. /Намайг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй тус ажлын хэсэгт оруулсан болно./
Ажлын хэсэг нэг ч удаа хуралдаагүй, эд хөрөнгийг нүдээр харж тоолоогүй, ажилчдын цалингийн өр төлбөрийг барагдуулаагүй, хэрхэн ажил явагдаж байгаа талаар тайлан байхгүй/миний бие танилцаагүй/ болно. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь үүссэн нөхцөл байдалд цаг алдалгүй арга хэмжээ авч чиг үүргээр хангаж ажиллаагүй.
Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоол болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаал бүрэн хэрэгжээгүйн улмаас надад 14,107,700 төгрөгийн хохирол учирсан.
3. Хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын татгалзлын үндэслэл: Манай байгууллага нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн мэргэжилтний ажил олгогч биш. Бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргаж, ажилд аваагүй, ажлаас чөлөөлөөгүй. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас тусдаа төсөвтэй. Ийм учраас хариуцагч биш гэж үзэж байна.
4. Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тайлбар, татгалзлын үндэслэл:
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ гэж заасан. Хөдөлмөрийн гэрээ байгуулах, үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох үүргийг ажиллуулж байгаа этгээд буюу ажил олгогч хүлээнэ.
Нэхэмжлэгч Б.Д- хувьд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Говь-Алтай төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байгуулан ажиллаж байснаас бус хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хөдөлмөрийн харилцаа үүсээгүй бөгөөд цалин хөлс олгох үүрэг хүлээхгүй.
Монгол Улсын Засгийн газрын “Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаал гаргасан.
Уг тушаалаар Говь-Алтай, Завхан аймаг дахь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайлан гаргахыг ажлын хэсэгт үүрэг болгосон.
Тус ажлын хэсгийн ахлагч нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга бөгөөд нэхэмжлэгч Б.Д нь өөрөө ажлын хэсгийн гишүүн байгаа болно.
Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг дараах дарааллаар хангана”, 32.5.6-д “... хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад төлөх хөдөлмөрийн хөлс...”, 32.6-д “Татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хангахдаа эхний дарааллын төлбөрийг бүрэн барагдуулсны дараа түүний дараагийн дарааллын төлбөрийн шаардлагыг хангах зарчмыг баримтална” , 32.7-д “Хуулийн этгээдэд байгаа мөнгөн хөрөнгө нь харилцагчдын шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол татан буулгах комисс түүний бусад эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу худалдаж, төлбөрийг барагдуулж болно” гэж тус тус заасан.
Иймд тус ажлын хэсэг нь татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хангах дарааллыг ханган ажиллах, өр төлбөрийг барагдуулах үүрэгтэй байна.
Говь-Алтай аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн байрыг Говь- Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт балансаас балансад шилжүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Б.Д-н гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хоорондох ажилласан хугацааны цалин хөлс болох 14,107,700 төгрөгийг барагдуулж, хохиролгүй болгох нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны тайлбар, татгалзлын үндэслэл:
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн Засгийн газрын 2017 оны “Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” 229 дүгээр тогтоолын хавсралтын 6-д Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн байрыг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлэхээр шийдвэрлэж, уг ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан байна
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах тухай” 2017 оны 1/1760 тоот албан бичгийг Говь-Алтай аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн бөгөөд уг тогтоол бүрэн хэрэгжсэн болох нь нэхэмжлэлд “...Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт конторын барилга балансаас балансад шилжиж, халаалтын өр төлбөрийг тус газраас барагдуулсан...” гэж дурдсан нөхцөл байдлаар бүрэн нотлогдож байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх тухай шийдвэрийг Засгийн газар, уг шийдвэрийн биелэлтийг мөн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу төрийн өмчийн бодлого, зохицуулалтын aсуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага татан буулгах хуулийн этгээдийн эд хөрөнгийн тооллого хийж, тайлан, тэнцэл үйлдэн, эд хөрөнгийг бусдад шилжүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэдэг байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд 7.1-т яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд эрхлэх нийтлэг ажлын талаар тусгасан бөгөөд мөн зүйлийн 7.2-т Яамны эрхлэх тодорхой асуудлыг хуулиар тогтооно гэж заасан нь яам нь хуульд зааснаас бусад асуудлыг эрхлэн явуулж болохгүй гэх ойлголтыг илэрхийлж байна.
Иймд дээр дурдсан нөхцөл байдал болон нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудал нь Барилга, хот байгуулалтын сайд болон манай яамны эрхлэх асуудалд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Тухайн гурван байгууллагаас үйл ажиллагааг нь хариуцан ажиллаж байсан байгууллага нь Б.Д-н асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Нутаг дэвсгэрт үйл ажиллагааг нь хянаж байсан Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Б.Д удаа дараа хүсэлт гаргаж, 33 сарын цалингүй ажиллаж байгаад шүүхэд хандсан.
7. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 133/ШЗ2018/01650 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийн эх хувь
- Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 132 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийн эх хувь
- Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/02 дугаар “С.Б-г ажилд томилох тухай” тушаалын эх хувь
- Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/20 дугаар “Бүтэц, орон тоо батлах тухай” тушаалын эх хувь
- Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн даргын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар “Ажилд томилох тухай” тушаалын эх хувь
- Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын эх хувь
- Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын эх хувь
- Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/05 дугаар “Ажилд томилох тухай” тушаалын эх хувь
- Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн нийгмийн даатгалын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн 2017 оны эд хөрөнгийн тооллогын бүртгэлийн эх хувь
- Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн ажилчдын 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сарын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэлийн эх хувь
- Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн ажилчдын 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сарын ажлын цагийн тооцооны эх хувь
- Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн ажилчдын 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сарын цалин хөлсний тооцооны эх хувь
- Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” улсын байцаагчийн актын эх хувь
- Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05051005 дугаар мэдэгдэх хуудас, татварын өрийн тооцоо, эх хувь
- Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, тооцооны эх хувь
- Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга эх хувь
- Аж ахуйн нэгж байгууллагын 2021 оны улсын тооллогын гэрчилгээ эх хувь/ Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв/
- Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн татварын төлөгчийн тодорхойлолт эх хувь
- Б.Д-н 2014, 2015 онуудын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт эх хувь
- Б.Д-н 2014 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт эх хувь
- Б.Д-н Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга эх хувь
7. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй
8. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5/351 дүгээр албан бичиг эх хувь
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А-1/2587 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 290 дүгээр албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/41 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын эх хувь
- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 928 дугаар албан бичиг эх хувь
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа/Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв/
- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 974 дүгээр албан бичиг эх хувь
- Хуулийн этгээдийн улсын хувийн хэрэг/Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв/
- Гэрч Б.Г, Л.У нарын мэдүүлэг
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4/3410 дугаар албан бичиг эх хувь
- Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 373 дугаар албан бичиг эх хувь
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/73 дугаар албан бичиг эх хувь
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4/817 дугаар албан бичиг эх хувь
- Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 30 дугаар сарын 30-ны өдрийн Х/319 дүгээр албан бичиг эх хувь
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч “Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар”, “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам”, “Барилга, хот байгуулалтын яам”-нд тус тус холбогдуулан 14,107,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Уг нэхэмжлэлийн үндэслэлээ Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоол болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаал хэрэгжээгүйн улмаас учирсан хохирол гэж тодорхойлжээ./2 хавтаст хэргийн 116 хуудас/
2. Хариуцагч нар нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргаан татгалзлын үндэслэлээ дор дурьдсан агуулгаар хариу тайлбартай тодорхойлжээ. Үүнд:
2.1. Хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь “Тус газрын дарга нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн ажилчдын ажил олгогч биш тул хариуцагч биш, Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн нягтлан бодогч Б.Д-н өр төлбөр барагдуулах хүсэлтийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд уламжилсан”/1 хавтаст хэргийн 41 хуудас/,
2.2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь “Б.Д-н тухайд Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байснаас бус хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хөдөлмөрийн харилцаа үүсээгүй бөгөөд цалин хөлс олгох үүрэггүй, тэрээр Говь-Алтай, Завхан аймаг дахь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайлан гаргахыг ажлын хэсгийн гишүүн байсан, уг ажлын хэсэг нь татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хангах дарааллыг ханган ажиллах, өр төлбөрийг барагдуулах үүрэгтэй”/2 хавтаст хэргийн 148-149 хуудас/,
2.3. Барилга, хот байгуулалтын яам нь “Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн байрыг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоол бүрэн хэрэгжсэн, татан буугдсан төрийн өмчит хуулийн этгээдийн өр төлбөрийг барагдуулах нь манай яамны эрхлэх асуудалд хамаарахгүй”/2 хавтаст хэргийн 141-142 хуудас/.
3. Маргааны үйл баримтын талаар харилцан эсрэг агуулгыг илэрхийлж буй хэргийн оролцогчийн дээрх тайлбар нь нотлох баримт боловч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал няцаан үгүйсгэж буй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Эсрэг талын тайлбарыг үгүйсгэж, өөрийн тайлбарыг нотлохоор зохигч цуглуулж, гарган өгсөн, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлж, иргэний хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтад шүүх эрх зүйн дүгнэлт хийж, маргаантай эрх зүйн харилцаа, үйл баримтыг тогтоосон болно.
4. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” тогтоолоор төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийг хавсралтаар баталж, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгажээ.
Уг тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалт”-ын 6 дахь хэсэгт 2008 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ашиглалтад орсон 349,178,500 төгрөгийн балансын үнэлгээтэй Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн байрыг Говь-Алтай аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт балансаас балансад шилжүүлэхээр тусгажээ.
5. Засгийн газрын дээрх тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А-1/2587 дугаар албан бичгийг Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргад хаяглан, хувийг нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга болон Говь-Алтай, Завхан аймгийн Засаг дарга нарт тус тус хүргүүлжээ./1 хавтаст хэргийн 84 хуудас/
Энэхүү албан бичигт ”...Завхан, Говь-Алтай аймаг дахь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилгыг тухайн аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт балансаас балансад шилжүүлэх, тус төвүүдийг татан буулгаж, хаалтын балансыг гаргах, хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, өр авлагыг барагдуулах асуудлыг судлан шийдвэрлэх ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай хамтран зохион байгуулж, Засгийн газрын тогтоолын биелэлтийг 2017 оны 04 дүгээр улиралд багтаан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлэхийг хүсье” гэжээ.
6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын 1 дэх заалтаар Говь-Алтай, Завхан аймаг дахь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайлан гаргах ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар байгуулж, 2 дахь заалтаар ажлын хэсгийн удирдамжийг хоёрдугаар хавсралтаар баталж, 3 дахь заалтаар Говь-Алтай, Завхан аймаг дахь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайланг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, тайланг танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгожээ./1 хавтаст хэргийн 85 хуудас/ Уг тушаалын:
Нэгдүгээр хавсралтаар Говь-Алтай аймгийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн/ даргаар Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга М.Мянганбуу, нарийн бичгийн даргаар Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сан хариуцсан мэргэжилтэн Л.Удвал, гишүүнээр Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Баярмаа, Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нярав Б.Гүррагчаа, Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн нягтлан бодогч Б.Д/-ийг байгуулжээ. /1 хавтаст хэргийн 86 хуудас/
Хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ажлын хэсгийн удирдамж”-д Говь-Алтай, Завхан аймаг дахь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайлан гаргах ажлын хэсэг нь дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
- Жижиг, дунд үйлдвэрийн дэмжих төвийн үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгийн тооллого хийх
- Үндсэн болон эргэлтийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх
- Татвар, нийгмийн даатгал, тогтмол зардал, өр төлбөр, авлагын тооцоо нийлж, барагдуулах, шилжүүлэх
- Ажиллагсадтай хийх аливаа тооцоог хийж барагдуулах
- Шилжүүлэх хөрөнгө, хөрөнгийн хөдөлгөөний талаарх санал бэлдэж, танилцуулан шийдвэрлүүлэх
- Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн санхүүгийн хаалтын тайлан гаргах
- Архивын бичиг баримтыг холбогдох журмын дагуу шилжүүлэх
- Ажлын хэсгийн тайланг гаргаж, танилцуулах гэжээ./1 хавтаст хэргийн 87 хуудас/
Энэхүү шийдвэрийг гаргасан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байна.
Дээрх Засгийн газрын тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас албан бичиг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын тушаал зэргээс дүгнэхэд үйл ажиллагаа явуулж буй барилга нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт балансаас балансад шилжиж байгаатай холбогдуулан Говь-Алтай аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг татан буулгаж, үүнээс үүдэлтэй эрх зүйн дагаврыг арилгах шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
7. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 23 дугаар зүйлд “Төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгахад Иргэний хууль болон бусад хуульд заасан үндэслэл, журмыг баримтална” гэжээ.
Үүнээс үзэхэд татан буугдаж буй төрийн өмчит хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хангах харилцаа нь иргэний эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдахаар байна.
Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ”, 32.5 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг дараах дарааллаар хангана”, 32.5.6 дахь хэсэгт “хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад төлөх хөдөлмөрийн хөлс” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайлан гаргах үүрэг бүхий ажлын хэсэг нь тус төвд хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад төлөх хөдөлмөрийн хөлсийг барагдуулах үүрэгтэй байна. Энэ тохиолдолд ажилтанд цалин хөлсийг олгох үүрэгтэй этгээдийг ажил олгогч бус татан буулгах комисс гэж үзнэ.
8. Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилгыг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт балансаас балансад шилжүүлсэн хэдий ч уг төвтэй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Д-н 2015 оны 01 дүгээр сараас эхлэн 2017 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны цалин хөлсийг барагдуулаагүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар хэргийн оролцогч харилцан маргаагүй болно.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь удирдамжид заасан ”Ажиллагсадтай хийх аливаа тооцоог хийж барагдуулах”, тодруулбал нэхэмжлэгч Б.Д-н цалин хөлсийг барагдуулах үүргээ хэрэгжүүлсэн эсэхийг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтад тулгуурлан эрх зүйн дүгнэлт хийвэл:
8.1. Ажлын хэсгийн ахлагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга М.Мянганбуу нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 290 дүгээр албан бичгээр “Засгийн газрын 2017 оны 229 дүгээр тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаалын дагуу барилга, хөдлөх хөрөнгийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлсэн боловч ажилтнуудын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татварын өр барагдаагүй тул Засгийн газрын шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж, энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргад гаргажээ./1 хавтаст хэргийн 88 хуудас/
8.2. Ажлын хэсгийн гишүүн Б.Гүррагчаа нь “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаалтай танилцаагүй, энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаагүй, удирдамжтай танилцаагүй” гэж мэдүүлжээ./2 хавтаст хэргийн 224 хуудас/,
8.3. Ажлын хэсгийн гишүүн Л.У “Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн ажилтнуудын цалин хөлсийг барагдуулах чиглэлээр Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яаманд тус тус албан хүсэлт явуулж байсан. Эдгээр байгууллагаас чухам ямар хариу ирсэн болох, хэдэн ажилтны цалин хөлсийг барагдуулсан талаар мэдэхгүй. Цалин хөлс олгох нь ажлын хэсгийн үүрэг биш гэж үзэж байна. Ажлын хэсгийн захиран зарцуулах төсөв байгаагүй” гэж мэдүүлжээ./2 хавтаст хэргийн 226-227 хуудас/
8.4. Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Б нь ”Ажлын хэсэг эд хөрөнгө хүлээлцсэн, Манай байгууллага цалин хөлсний өр барагдуулах эрх хэмжээ бүхий субъект биш тул уг асуудлыг албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд уламжилсан” гэсэн тайлбарлажээ./3 хавтаст хэргийн 20 хуудас/
8.5. Ажлын хэсгийн гишүүн Б.Д-н гарын үсэг бүхий ахлагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар албан бичгээр “Засгийн газрын тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын тушаал бүрэн хэрэгжээгүйн улмаас ажилтнуудын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татварын өр барагдаагүй хохирч байгаа тул Засгийн газрын шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж өгөхийг харьяа яаманд уламжилж өгнө үү” гэсэн хүсэлтийг Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлжээ./1 хавтаст хэргийн 89 хуудас/
8.6. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 373 дугаар албан бичигт “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн ажил хүлээлцэхтэй холбоотой тайлан гаргаж, холбогдох газарт хүргүүлсэн тухай баримт, материал тус байгууллагын 2017, 2018 оны архивт байхгүй” гэжээ./2 хавтаст хэргийн 237 хуудас/
8.7. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4/3410 дугаар албан бичигт “Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2145 дугаар шүүгчийн захирамжаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийг тайланг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэхийг даалгажээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны архивт захирамжид заасан ажлын хэсгийн тайлан байхгүй” гэжээ./2 хавтаст хэргийн 238 хуудас/
8.9. Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” улсын байцаагчийн актаар “Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийн дэмжих төв нь 2016 оны 9-12, 2017 оны 1-9 сард нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан ирүүлээгүй, төлбөр зохих шимтгэлээ хугацаанд төлөөгүй зэрэг зөрчил тул хугацаандаа тайлагнаагүй 9,761,344 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 2,049,882 төгрөгийн алданги, хугацаа хэтэрсэн шимтгэлийн авлага, 7,588,320 төгрөгөөс 50 хувьтай тэнцэх нийгмийн даатгалын шимтгэлд ногдох 4,819,101 төгрөгийн алданги ногдуулж, актаар тогтоосон төлбөрийн 14,457,303 төгрөгийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхийг захирал Ч.Ачитмаа, нягтлан бодогч Б.Д нарт хариуцуулжээ”/1 хавтаст хэргийн 148-149 хуудас/
8.10. Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05051005 дугаар мэдэгдэх хуудас, татварын өрийн тооцоонд “Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийн дэмжих төв нь 4,495,988.8 төгрөгийн татварыг төлөхийг шаарджээ”/1 хавтаст хэргийн 150-151 хуудас/
Дээрх тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримт зэргээс үзэхэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилгыг тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт балансаас балансад шилжүүлж, тус төвийн ажилтны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын өрийг шийдвэрлүүлэх хүсэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд уламжилснаар өөрөөр ажлын хэсгийн удирдамжид заагдсан ажлыг гүйцэтгээгүй, тус төвийн ажилтны цалин хөлсийг барагдуулаагүй, ажлын хэсгийн тайлан гаргаагүй, энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргад танилцуулаагүй байна.
9. Нэгэнт ажлын хэсэг нь Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилгаас бусад эд хөрөнгийн хэмжээнд тус төвийн ажилтнуудын цалин хөлс/түүнээс суутгах нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар/-ний шаардлагыг хангах боломжгүй тохиолдолд уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гаргасныг буруутгах эрх зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Энэ тохиолдолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын цалин хөлс/түүнээс суутгах нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар/-ний шаардлагыг шийдвэрлэх үүрэгтэй байна.
Учир нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Төрийн нарийн бичгийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангуулна” гэжээ.
Нэг талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга нь Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн татвар, нийгмийн даатгал, тогтмол зардал, өр төлбөр, авлагын тооцоо нийлж, барагдуулах, шилжүүлэх, ажиллагсадтай хийх аливаа тооцоог хийж барагдуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг/татан буулгах комисс/ байгуулсан тул уг тушаалынхаа хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй байжээ.
Нөгөө талаас нэхэмжлэгч Б.Д нь Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн татвар, нийгмийн даатгал, тогтмол зардал, өр төлбөр, авлагын тооцоо нийлж, барагдуулах, шилжүүлэх, ажиллагсадтай хийх аливаа тооцоог хийж барагдуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг/татан буулгах комисс/ байгуулсан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар шаардах эрхтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Учир нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэжээ.
Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга нь ажлын хэсэг байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаалын хэрэгжилтийг бүрэн хангуулаагүйн улмаас нэхэмжлэгч Б.Д 2015 оны 01 дүгээр сараас эхлэн 2017 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны цалин хөлсөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл, шалтгаан болжээ.
10. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 133/ШЗ2018/01650 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар “Б.Д нь Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийг төлөөлөх эрхтэй нь тогтоогдоогүй” үндэслэлээр Б.Д-н “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаал хэрэгжээгүйн улмаас Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн ажилтнуудын цалин хөлс 37,496,041.6 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 14,457,303 төгрөг, татварын өр 4,486,388.8 төгрөг, нийт 56,449,333.42 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ./1 хавтаст хэргийн 18-19 хуудас/
Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 132 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар “Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн ажилтны татвар, нийгмийн даатгал, тогтмол зардал, өр төлбөр, авлагын тооцоо нийлж, барагдуулах, шилжүүлэх, ажиллагсадтай хийх аливаа тооцоог хийх шаардлага нь ердийн журмаар буюу иргэний хэргийн шүүхэд шүүх хянан шийдвэрлэх нэхэмжлэл” гэсэн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох Б.Д-н “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаал хэрэгжээгүйн улмаас Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн ажилтнуудын цалин хөлс 37,496,041.6 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 14,457,303 төгрөг, татварын өр 4,486,388.8 төгрөг, нийт 56,449,333.42 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ./1 хавтаст хэргийн 20-22 хуудас/
10. Улмаар нэхэмжлэгч Б.Д нь зөрчигдсөн гэж үзсэн субъектив эрхээ сэргээлгэж, өөрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаал бүрэн хэрэгжээгүйн улмаас 2015 оны 01 дүгээр сараас эхлэн 2017 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны цалин хөлсний шаардлагаа хангуулаагүйн улмаас учирсан хохирол 14,107,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ./2 хавтаст хэргийн 116-119 хуудас/
Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяа жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн даргын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар нэхэмжлэгч Б.Д-г мөн өдрөөс эхлэн нягтлан бодогчоор томилж, ТҮ-7-3 шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэжээ./1 хавтаст хэргийн 27 хуудас/
Мөн түүнчлэн Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяа жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/05 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар нэхэмжлэгч Б.Д-аг мөн өдрөөс эхлэн сургалт, зөвлөгөө, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилж, ТҮ-7-3 шатлалаар цалинжуулж, бусад нэмэгдлийг олгохоор шийдвэрлэжээ./1 хавтаст хэргийн 245 хуудас/
Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/41 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Ц.А-г чөлөөлж, тус төвийн захирлын ажлыг нягтлан бодогч Б.Д-д түр хариуцуулжээ./1 хавтаст хэргийн 111 хуудас/
Нэхэмжлэгч Б.Д нь Говь-Алтай жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ/1 хавтаст хэргийн 28-33, 246-249 хуудас/-ний үндсэн дээр 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нягтлан бодогчоор, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд сургалт, зөвлөгөө, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш сургалт, зөвлөгөө, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлыг захирлын ажилтай хавсран ажиллажээ.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Б.Д нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.6 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн хөлс хангуулахаар шаардлага гаргах эрх бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтан байна.
11. “Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” ТБАГУТҮГ-ын 2015 оны 01 дүгээр сараас эхлэн 2017 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны ажлын цагийн тооцоо/2 хавтаст хэргийн 7-39 хуудас/, 2015 оны 01 дүгээр сараас эхлэн 2017 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны ажилтны цалингийн цэс/1 хавтаст хэргийн 113-133,136-147 хуудас/, мөн хугацааны гарт олгох цалин хөлсний нэгтгэл/1 хавтаст хэргийн 134-135 хуудас/ зэрэг бичмэл нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Д нь мөн хугацаанд 14,107,700 төгрөгийн цалин хөлс/гарт олгох/-ийг авах эрхтэй нь тогтоогдсон бөгөөд уг үйл баримттай хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй болно.
Нэхэмжлэгч Б.Д-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2015-2017 онуудын тодорхойлолтоос үзэхэд 2015 оны 01 дүгээр сараас эхлэн 2017 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл тооцох хөдөлмөрийн хөлсийг тайлагнасан хэдий ч уг хугацаанд шимтгэл төлөгдөөгүй байна./1 хавтаст хэргийн 155,158 хуудас, 2 хавтаст хэргийн 40-42 хуудас/
12. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэжээ.
Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга нь Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн татвар, нийгмийн даатгал, тогтмол зардал, өр төлбөр, авлагын тооцоо нийлж, барагдуулах, шилжүүлэх, ажиллагсадтай хийх аливаа тооцоог хийж барагдуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг/татан буулгах комисс/ байгуулсан шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангуулаагүйн улмаас нэхэмжлэгч Б.Д-д 14,107,700 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Энэхүү үндэслэлээр нэхэмжлэгч Б.Д-н хохирлыг Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шийдвэрлэх ёстой гэсэн агуулга бүхий иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй болно.
13. Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна”,
7.1.7 дахь хэсэгт “Монгол Улсын яамны Төрийн нарийн бичгийн дарга, яам болон хуульд өөрөөр заагаагүй бол тохируулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал”,
7.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны албан тушаалыг төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэж бүлэглэнэ”,
7.10 дахь хэсэгт “Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл”-д яамны төрийн нарийн бичгийн даргыг төрийн захиргааны албан тушаалын тэргүүн түшмэлийн ангилал, ТЗ-14 зэрэглэлд хамааруулснаас үзэхэд төрийн нарийн бичгийн дарга нь төрийн захиргааны хамгийн өндөр зэрэглэлийн албан хаагч байна.
Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт заасан “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” зарчим нь Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайлан гаргах ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсэг нь Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилгыг тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт балансаас балансад шилжүүлж, тус төвийн ажилтны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын өрийг шийдвэрлүүлэх хүсэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд уламжилж байх үед хүчин төгөлдөр үйлчилж байжээ.
13. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах нь Засгийн газрын бүрэн эрх байхаар заажээ.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эхлэх газрын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Х/319 дүгээр албан бичигт “Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв ТБАГУҮТҮГ-ыг Монгол Улсын Засгийн газраас татан буулгасан эсэх талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын архивын нэгжээс шүүн үзэхэд холбогдох шийдвэр гараагүй” гэжээ./3 хавтаст хэргийн 53 хуудас/
“Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоолын хавсралтын 6 дахь заалтаар Говь-Алтай аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв ТБАГУТҮГ-ын байрыг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлэхээр шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газар нь Говь-Алтай аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв ТБАГУТҮГ-ыг татан буулгах асуудлыг шийдвэрлээгүй байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04/817 дугаар албан бичигт “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А/212 дугаар тушаалыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 229 дүгээр тогтоолыг үндэслэсэн байна” гэжээ./3-р хавтаст хэргийн 52 хуудас/
Үүнээс үзэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлыг хэсэг байгуулахдаа Говь-Алтай аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв ТБАГУТҮГ-ыг татан буулгах эсэх талаар шийдвэр гаргаагүй байна.
Үйлдвэр, худалдааны сайдын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 222 дугаар тушаалаар Дархан-Уул, Говь-Алтай, Завхан аймгуудад Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн байгуулж, 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлэхээр шийдвэрлэжээ./2 хавтаст хэргийн 162 хуудас/
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/73 дугаар албан бичигт “Тус яамны архивт Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв ТБАГУҮТҮГ-ыг татан буулгахтай холбоотой материал байхгүйг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. /3 хавтаст хэргийн 41 хуудас/
14. Дээрх бичмэл нотлох баримтаас үзэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайлан гаргах ажлын хэсэг байгуулах үед уг төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгасан шийдвэрийг эрх бүхий этгээдээс гаргаагүй байжээ.
Иймдээ ч “Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” ТБАГУҮТҮГ-ыг татан буулгасан бүртгэл хийгдээгүй нь Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 928 дугаар албан бичигт “Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв нь өнөөдрийг хүртэл хугацаанд тамга, тэмдэг, улсыг бүртгэлийн гэрчилгээг хураалгаж, татан буулгах талаар холбогдох материал өгч байгаагүй”-г тодорхойлжээ./2 хавтаст хэргийн 49 хуудас/
“Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” ТБАГУҮТҮГ-ын хуулийн этгээдийн хувийн хэргийн материалаас үзэхэд ч уг төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах эсэх бүртгэл хийгдээгүй байна./2 хавтаст хэргийн 159-220 хуудас/
Үйл ажиллагааг нь бүрэн зогсоож, барилгыг нь өөр төрийн өмчит хуулийн этгээдэд шилжүүлсэн хэдий ч ажлын хэсгийн зүгээс “Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” ТБАГУҮТҮГ-ыг хуулийн этгээдийн хувьд татан буулгах бүртгэл хийлгээгүй тул уг хуулийн этгээд нь 2021 онд ч аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллогод хамрагдаж, татвар төлөгчөөр бүртгэлтэй байгаа нь баримт/3 хавтаст хэргийн 9-10 хуудас/-аар нотлогдож байна.
15. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг дараах үндэслэлээр татан буулгана”, 32.2 дахь хэсэгт “Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтыг эш үндэс болговол зүй нь “Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” ТБАГУҮТҮГ-ыг татан буулгах эсэх талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гарсны дараагаар уг этгээдээс татан буулгах комиссыг томилох байжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайлан гаргах ажлын хэсгийг байгуулахдаа уг төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах шийдвэрт үндэслээгүйд нэхэмжлэгч Б.Д-г буруутгах эрх зүйн үндэслэлгүй юм.
Учир нь төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах, үүсэх эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэх нь хууль тогтоомжоор эрх хэмжээ олгогдсон төрийн байгууллагын гүйцэтгэх үүрэг болохоос төрийн өмчит хуулийн этгээдэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтанд хамааралгүй.
Иймд нэхэмжлэгч Б.Д нь дээрх тушаал гарч, зарим талаар хэрэгжих үед “Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” ТБАГУҮТҮГ-ын нягтлан бодогч, захирлын ажлын давхар гүйцэтгэж байсан, ажлын хэсгийн бүрэлдэхүүн/гишүүн/-д багтсан зэрэг түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
16. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 14,107,700/арван дөрвөн сая нэг зуун долоон мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин нэхэмжлэгч Б.Д-н 14,107,700 төгрөгийн хохирлыг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон хариуцагч Барилга, хот байгуулалтын яам тус тус хариуцах эрх зүйн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдсонгүй.
Иймд хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь нэхэмжлэгч Б.Д-н цалин хөлсний хохирлыг хариуцах ёстой гэсэн агуулга бүхий иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.
17. Нэхэмжлэгч Б.Д нь анх хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан 14,107,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2020/00396 дугаар тогтоолоор Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 133/ШШ2019/0091 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ./1 хавтаст хэргийн 229-233 хуудас/
Нэхэмжлэгч Б.Д хяналтын шатны шүүхийн шийдвэрт нийцүүлэн “Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар”, “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам”, “Барилга, хот байгуулалтын яам”-нд тус тус холбогдуулан 14,107,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн тодруулсан шаардлага гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана” гэж заасантай нийцэж байна.
Хариуцагч “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам”, “Барилга, хот байгуулалтын яам”-нд тус тус нэхэмжлэлийг хувийг гардуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хэргийн материал танилцуулах зэрэг ажиллагааг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгавраар гүйцэтгүүлсэн бөгөөд уг ажиллагааны улмаас хэргийн оролцогчийн эрх хөндөгдөөгүй болохыг дурьдав.
18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заажээ.
Хуулийн дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Барилга хот байгуулалтын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд тус тус холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүн 14,107,700 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 228,448 төгрөгийг хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргуулан улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 14,107,700/арван дөрвөн сая нэг зуун долоон мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Барилга хот байгуулалтын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд тус тус холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 228,448/хоёр зуун хорин найман мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧ Х.ТАСХЫН