Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2026/00094

 

Ж.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн

2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 305/ШШ2025/00811 дүгээр шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 215/МА2026/00004 дүгээр магадлалтай,

Ж.Б-н нэхэмжлэлтэй

С.М-д холбогдох

Гэм хорын хохиролд 4,489,090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С.М-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Ж.Б нь С.М-д холбогдуулан гэм хорын хохиролд 4,489,090 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 305/ШШ2025/00811 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэм хорын хохиролд 3,565,490 төгрөгийг хариуцагч С.М-с гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 923,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.М-с 3,565,490 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 71,998 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3.Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 215/МА2026/00004 дүгээр магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 305/ШШ2025/00811 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.М-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,998 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч С.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн хүндэвтэр гэмтэл авсан эмчилгээ, сувилгаатай холбоотой нотлох баримтыг үнэлэх ёстой байтал тухайн гэмтэлд хамааралгүй нотлох баримтыг анзааралгүй орхисон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал, 1хх 42, 43-46, 104, 110, 153 дахь талд авагдсан баримтууд хохиролтой хамааралгүй гэж үзэж байна. Миний бие хууль зүйн дагуу цугларсан баримтын хүрээнд гаргасан гэм хорын хохирлыг нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан хэрэгт хамааралгүй баримтын зардлыг хасаж тооцож өгнө үү.” гэжээ.

5.Хариуцагч С.М-н магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.03.26-ны өдрийн 001/ШХТ2026/00366 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

7.Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч С.М-д холбогдуулан гэм хорын хохиролд 4,489,090 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...2023.06.05-ны өдөр **** аймгийн **** сумын нутагт “Б” ХХК-ийн барилгын ажил гүйцэтгэж байх үед оосор тасарснаар осолд орж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Энэ асуудлаар эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол, магадлал гарсан ба эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хандах эрхийг нээлттэй үлдээсэн учир холбогдох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргасан.” гэж тайлбарласан.

8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Ж.Б-г Улаанбаатар хот руу явахад 2,250,000 төгрөг, эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол гарч 4,089,691 төгрөгийг мөн төлсөн. Одоо нэхэмжлэлээс 1,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх зардал нь эрүүгийн хэргийн баримттай давхацсан, зарим баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 3,565,490 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ; “…хариуцагчийн буруутай үйлдлээс нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан нь шалтгаант холбоотой болох нь эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор нотлогдсон тул тухайн үйл баримтыг шүүх дахин нотлохгүй, баримтаар нотлогдсон эмчилгээ, эм тарианы зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

10.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтын талаар ижил дүгнэлт хийсэн боловч хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцүүлэв.

11.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Б хариуцагч С.М-н гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан, энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдож хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, магадлал гарсныг үндэслэн өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой эмчилгээ, эм тариа, сувилгааны болон бусад зардалд 4,489,090 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

12.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасныг үндэслэж, тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр тогтжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1-д зааснаар Ж.Б-н нэхэмжилж буй эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас гаргуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй шаардлагад хамаарч байх тул уг нэхэмжлэлд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тусгайлсан журмаар явагдах тул энэ үндэслэлээр иргэний хэрэг үүсгэсэн нь зөв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр шилжүүлсэн бол мөн хуулийн 757 дугаар зүйлийн 757.1 дэх хэсэгт зааснаар шүүгч захирамж гаргах бөгөөд анхан шатны шүүх тодорхой үндэслэл заалгүйгээр хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна.

13.Дээрх зөрчил Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д хамаарч байхад давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг залруулалгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг зохих журмын дагуу дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 305/ШШ2025/00811 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 215/МА2026/00004 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.М 2026.02.05-ны өдөр 71,998 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

                                                                                             Н.БАТЧИМЭГ

                                                                                             Д.ЦОЛМОН

                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД