| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 500/2020/0045/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1350 |
| Огноо | 2020-10-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2020/ДШМ/1350
2020 10 27 2020/ДШМ/1350
Г.Дт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ганзориг,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/1533 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ганзоригийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 91 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Г.Дт холбогдох эрүүгийн 2006 02627 1966 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Г.Д, 2003 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 16 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү нарын хамт ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;
Г.Д нь 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 33 дугаар гудамжинд Н.Этай “найз залуу цохисон” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар чулуугаар түүний толгой хэсэгт 3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Г.Дийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Дт 1 жилийн хугацаагаар ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Дт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Ганзориг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ” гэж хуульчилсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Дт 1 жилийн хугацаагаар ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь өсвөр насны шүүгдэгч Г.Дт ямар төрлийн үүрэг хүлээлгэсэн нь ойлгомжгүй, хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна.
Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх” үүргийг хүлээлгэхээр хуульчилсан байхад аль үүргийг хэрэглэсэн нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1533 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Г.Д нь 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 33 дугаар гудамжинд Н.Этай “найз залуу цохисон” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар чулуугаар түүний толгой хэсэгт 3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Эын “... 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Дарь-Эхэд найзуудтайгаа уулзаж байтал зүс таних Томоо гэх залуутай маргалдаж, заамдалцаж байтал Томоогийн найз охин Г.Д миний хажуугаас орж ирээд чулуугаар толгой руу 3 удаа цохисон бөгөөд миний толгойноос цус гарч, би доош тонгож толгойгоо бариад суусан. Миний толгой 3 хэсэгт хагарсан. ...” /хх 7-12/,
гэрч Б.Т-ын “... пиво уугаад сууж байтал Эрдэнэбаатар, Томоо 2 хоорондоо маргалдаад хувцсаа тайлаад харилцан нэг нэгнийгээ цохиод байсан. Тэр үед Томоогийн ээж нь гартаа мод барьсан гүйж ирээд Эрдэнэбаатартай зууралдаад байсан. Гэтэл Томоогийн найз охин баруун гараараа газраас чулуу аваад баруун гартаа атгаж байгаад Эрдэнэбаатарын толгой хэсэгт 2-3 удаа цохисон. ...” /хх 15-16/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6702 дугаартай “Э.Э-ын биед зулайн хуйхны шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх зулайн хуйхны шарх болон дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний сулрал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 19-20/ гэх дүгнэлт болон өсвөр насны яллагдагч Г.Дийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 31-32/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүхээс Г.Дийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Өсвөр насны шүүгчдэгч Г.Дийн хохирогч Н.Эын толгой хэсэгт 3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Харин анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Г.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахдаа агуулгын хувьд буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ.” гэж,
мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүн, тодорхой иргэний хүсэлтээр нь, эсхүл зөвшөөрснөөр нь даалгаж болно.” гэж тус тус заасан.
Гэтэл анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Г.Дт ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгээгүй, мөн тухайн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хуульд заасан этгээдүүдэд даалгаагүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар нэмэлт заалт оруулж шийдвэрлэлээ.
Иймд прокурор Б.Ганзоригийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 91 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/1533 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/1533 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Дт 1 жилийн хугацаагаар ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Дт ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Дт зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Дийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эх Р.Г-т даалгасугай.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ