Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2389

 

 

Б.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/02161 дугаар шийдвэртэй, Б.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.С-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 9 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Солонго, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ариунзул, хариуцагч Б.С-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алимаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.С-2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1 500 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 3 000 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 4 000 000 төгрөгийг тус тус өгсөн. Б.С- нь манай найз Б.Баяртулгын оюутан ангийн залуу юм. Надаас мөнгийг зээлэхдээ “манай ээж Нигер улсаас 217 000 000 төгрөг явуулах гэж байгаа, мөнгөний шимтгэл хураамж хэрэгтэй байна” гэж нийт 9 400 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Мөнгө өгөх үед Б.Баяртулга, Г.Энхбаяр нар байсан. Б.С- нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш холбоо барих боломжгүй болсон учир 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандсан. Тус газар 2018 оны 5 дугаар сарын дундуур иргэний журмаар шийдвэрлүүл гээд эрүүгийн хэрэг үүсгээгүй, бичгээр хариу өгөөгүй. Түүнээс мөнгөө нэхэж фэйсбүүк мессенжерээр цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн гэхэд “мөнгийг чинь өгнө цагдаад битгий өгөөрэй” гэж байсан. Иймд Б.С-аас 9 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Дээрх мөнгийг ганцаараа хэрэглэсэн мэт бичсэн байна. Б.С- нь манай найз Б.Баяртулгын оюутны найз бөгөөд би таньдаггүй байсан. 2018 оны 3 дугаар сард найз “Б.Баяртулгаас мөнгө хурдан олох арга байдаг болов уу” гэж асуухад “бөөр зарах арга байна, 2-лаа интернетээр хайж үзье” гээд 2 өдөр хайгаад Майкл гэдэг хүнийг олсон. Тэрээр 140 000 ам.доллар болно, эхний ээлжид 90 950 ам.доллар, дараа нь үлдэгдэл 50 000 ам.долларыг шилжүүлнэ гэсэн. Б.Баяртулга надад “эхлээд чи хариуц” гээд бид миний нэрээр мөнгө авах, шилжүүлэхээр тохирсон.  Интернетээр холбогдоход “мөнгө шилжүүлэх банк бэлэн дансаа өгнө үү” гээд нэгдүгээрт интернетээс 315 ам.доллар, 20 ам.доллар шимтгэлд шилжүүлнэ үү гэсэн. Б.Баяртулга, дүү н.Баяндалайдаа “ах нь 217 000 000 төгрөг шилжүүлж авах гэсэн чинь 315 ам.доллар дээр гацчихаад байна, мөнгө олоод өгвөл нэг нугалж буцааж өгнө” гэж хэлээд 800 000 төгрөг зээлж, 1 600 000 төгрөг болгож өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр би болон найз Б.Баяртулга, түүний ах н.Эрдэнэцогт, нэхэмжлэгч бид нар хамт банкаар шимтгэл 20 ам.долларын хамт 335 ам.доллар шилжүүлсэн. Дараа нь интернетээс 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шимтгэл 20 ам.долларын хамт 527 ам.доллар шилжүүлнэ үү гэсний дагуу нэхэмжлэгчийн ахаас 3 500 000 төгрөг зээлж, мөн өдөр миний утасны төлбөр 85 000 төгрөгийг төлж найз Б.Баяртулга, н.Эрдэнэцогт, нэхэмжлэгчийн найз Г.Энхбаяр бид тав банкаар 1 815 000 төгрөг буюу 527 ам.долларыг шилжүүлж, 100 000 төгрөгөөр хамт архи ууцгаасан.

2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 632 ам.доллар шилжүүл гэсний дагуу нэхэмжлэгчийн ажлын газрын хүнээс 1 200 000 төгрөгийг 300 000 төгрөгийн хүүтэй зээлж бүгд хамт банк явж тушаагаад, мөн 100 000 төгрөгөөр архи ууцгаасан. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 1 261 ам.доллар шилжүүлж нийт 9 400 000 төгрөгийн ам.доллар шилжүүлсэн байхад дахин мөнгө нэхээд байсан тул “Төрийн банк” ХХК-д ажилладаг нэхэмжлэгчийн ахтай уулзан цахим гэмт хэрэгт өртсөнөө ойлгон бүгд хүнд байдалд орсон.

Б.Баяртулга, Г.Энхбаяр, нэхэмжлэгч бид ярилцан өөр өөрсдийн хэрэгцээ шаардлагаа хангах зорилгын үүднээс гадаад руу мөнгө шилжүүлж, их мөнгө буцаан авахаар тохиролцсон боловч бусдад цахимаар зальдуулсан хэргийн хохирогч болсон.

Бидний үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч Б.С-, Б.Баяртулга, Г.Энхбаяр, Б.С- бид бүгд буруутайг шүүхээс анхаарч өгнө үү. Бид өөрсдөө бусдад бусдад шилжүүлсэн тул хохирлоо мөн л өөрсдөө хариуцах ёстой. Би мөнгийг зээлээр аваагүй, бүгд л ашиг харж энэ ажиллагаанд оролцсон, Б.Баяртулга мөнгө төгрөг хариуцах ёстой. Анхнаасаа бид 2 ярилцаад энэ асуудал үүссэн. Б.Баяртулга “танай ээж гадаадад байдаг ээжээс мөнгө ирэх гэж байгаа гэж хэлээд шимтгэлийн мөнгө олъё гэсэн санааг гаргаж, бөөр зарах гэж байгаа гэвэл итгэхгүй гэсэн. Мөнгийг хамт авч хэрэглэсэн, шилжүүлсэн, би ганцаараа мөнгө зээлж, хувьдаа зарцуулсан зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.С-аас 6 566 256 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 833 744 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 165 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120 010 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6 566 256 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч мөнгийг өөрөө хэрэглэсэн, Б.Баяртулга энэ мөнгийг хариуцах учиртай гэх хариуцагчийн тайлбар нь гэрч н.Баяртулгын ...гадаадын хүнд мөнгийг Б.С- шилжүүлж байсан гэх мэдүүлэг, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...Б.Баяртулга надад ээжээс мөнгө ирэх гэж байгаа гэж хэлээд хүмүүсээс мөнгө авсан нь дээр, бөөрөө зарах гэж байгаа гэвэл мөнгө өгөхгүй гэж хэлсний дагуу авсан” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгч нь Б.С-ыг хариуцагчаар тодорхойлж, түүнээс зээлийн үүрэг шаардсан нь хуульд нийцээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие тайлбартаа “нэхэмжилсэн мөнгийг хариуцахгүй, нэхэмжлэгч бид нар бүгд хамтран бөөрөө зарж, гадаад улсын иргэнээс мөнгө авахаар харилцан тохиролцсон, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иар мөнгө шилжүүлэхэд бүгд байлцаж цахим гэмт хэргийн хохирогч болсон талаар” хэлсэн боловч шүүх анхаараагүй. 2018 оны 3 дугаар сард би найз Б.Баяртулгатай 2-лаа “яаж хурдан аргаар мөнгө олох вэ гэж ярилцаад тэр бөөрөө зарах арга байна, интернетээс бөөр худалдан авах хүн ольё, манай эгч интернетэд байдаг” гэснээр гадаадын иргэдтэй холбогдон, тэрээр өөрөө бусад хүмүүсээс мөнгө олж өгч, би шилжүүлсэнд ач холбогдол өгсөнгүй.

Нигер улсын иргэнтэй холбогдож бөөр зарах талаар харилцан тохиролцсон ба худалдах мөнгийг авахын тулд эхлээд шимтгэл төлөх ёстой гэсний дагуу шимтгэлийг төлөх болсон. Б.Баяртулга “чи өөрийн нэрээр шилжүүлчих, дараагийн мөнгийг би хариуцъя гэснээр мөнгийг би шилжүүлсэн ба хувьдаа зарцуулсан зүйлгүй. Хэн нэгнээс мөнгө зээлж аваагүй, Б.Баяртулга мөнгийг гардан авч, шилжүүлсэн байхад намайг авсан гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. 

2018 оны 3 дугаар сарын 18, 22, 23, 26-ны өдрүүдэд Б.Баяртулга, н.Эрдэнэцогт, нэхэмжлэгч бид нар хамт байж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иар 2 735 ам.доллар буюу 6 566 191 төгрөг шилжүүлж, хамт архи уусныг гэрч Б.Баяртулга, н.Энхбаяр нар гэрчилсэн. Банкнаас тухайн үеийн камерын бичлэгийг гаргуулбал хамт явж байсныг нотлох талаар шүүхэд хүсэлт гаргасан ч хангаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                          ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.С- нь хариуцагч Б.С-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 400 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1,11/

 

Шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн гадаад гуйвуулгын илгээх маягт, кассын орлогын баримт, фэйсбүүк хаяг, и-мэйл хаягт шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, талуудын хооронд мөнгө өгсөн, авсан талаарх тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагаас 6 566 256 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ. /хх18-21,48-50, 56, 57/

 

Тодруулбал, хариуцагч Б.С- нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас Нигер улсын нэр бүхий иргэдэд 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 335 ам.доллар, мөн оны 3 дугаар сарын 22-ны өдөр 632 ам.доллар, 3 дугаар сарын 23-ны өдөр 507 ам.доллар, 3 дугаар сарын 26-ны өдөр 1 261 ам.доллар, нийт 2 735 ам.долларыг өөрийн нэрээр  шилжүүлсэн нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдсон тул шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.

 

Хариуцагчийн хувьд мөнгийг зээлээгүй, нэхэмжлэгч болон гэрчүүд бүгд хамт ашиг олохын тулд гадаадын иргэнд бөөрөө худалдах зорилгоор уг ажиллагаанд хамтран оролцсон, бөөр худалдах санааг Б.Баяртулга гаргасан, зөвхөн миний нэрээр мөнгө шилжсэн тул би дангаар хариуцахгүй” гэх агуулгаар тайлбар болон давж заалдах гомдлоо гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр Б.Баяртулга, Г.Энхбаяр нарыг шүүх хууль сануулж гэрчээр асуусан боловч хариуцагчийн “бөөрөө худалдаж, мөнгө олох” талаарх тайлбарыг үгүйсгэж, “ээжээс мөнгө ирэх гэж байгаа, хураамжийг нь төлж чадахгүй байна” гээд нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн гэж мэдүүлсэн байна. /хх 59-62/

 

Түүнчлэн хариуцагч нь “Худалдаа хөгжлийн банк” болон “Төрийн банк”-ны камерын бичлэг гаргуулах хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй гэх боловч нэхэмжлэгч, гэрч нар нь тухайн бичлэгээр тодруулах зүйлийн талаар буюу мөнгийг шилжүүлэх үед банканд хамт очсон гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй тул хүсэлтийг хангах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээргүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хариуцагчид хамааралгүй шаардлагыг шийдвэрлэсэн гэх үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/02161 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 120 010 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Т.ТУЯА