Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батчулууны Мөнхбат |
Хэргийн индекс | 133/2021/00475/и |
Дугаар | 133/ШШ2022/00195 |
Огноо | 2022-04-05 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 133/ШШ2022/00195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Э-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: ГАА ЕБ 4-р С холбогдох хөдөлмөрийн маргаантай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/74 дүгээр “Химийн кабинетыг шилжүүлж, нэмэгдлийг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах
- 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны кабинет хариуцсаны нэмэгдэл хөлс 59,222 төгрөг гаргуулах
- Урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох
- Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах
- Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах
2. Нэхэмжлэлийн үндэслэл:
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/74 дүгээр тушаалын эрх зүйн үндэслэлийг тодруулж, Д.Э миний ажил, үүргээ гүйцэтгэхэд байгууллагын удирдлагын зүгээс дарамт шахалтгүйгээр ажил үүргээ гүйцэтгэх үндэслэл буй эсэхийг тодруул, 301 тоот анги танхимыг хэн, ямар шалтгаанаар лацдаж, сурагчийн сурах, хөгжих эрхэд хөндлөнгөөс халдаж, миний хөдөлмөрлөх эрхийг хааж, ажлын байрны дарамт үзүүлсэн гэж үзэж байна. Би үүний учир шалтгааныг ойлгохгүй байна.
Д.Э миний бие боловсролын байгууллагад 15 жил, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд химийн багшаар ажиллах хугацаандаа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй.
Хөдөлмөрийн гэрээг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шинэчлэн байгуулж, гарын үсэг зуруулсны маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б/88 дугаар тушаал гарган ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар тусгаагүй байхад сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй.
3. Хариуцагчийн тайлбарын агуулга, татгалзлын үндэслэл:
Д.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн химийн багшийн үүрэгт ажилд томилогдсон. Ажиллах хугацаандаа захирлаар ажиллаж байсан М.Э, Ч.С нартай тодорхойгүй шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээ хийгээгүй цор ганц ажилтан юм.
Тус сургуульд 2021 оны 08 дугаар сард Боловсрол, шинжлэх ухааны яамны боловсролын шинэчлэл төслөөс “Грийн Химистри” XXК-иар дамжуулан 27 төрлийн урвалж бодисыг нийлүүлсэн.
Уг урвалж бодисыг нярав Ч.Д хүлээн авч сургуулийн агуулахад байршуулж байсан. Багш Д.Э нь уг бодисыг дур мэдэн нярав Ч.Д-с авч химийн кабинетад байршуулсан нь хадгалалт хамгаалалтын горим зөрчсөн.
Багш Д.Э хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир нь хөдөлмөрийн харилцаа үүсч, хариуцлага хүлээх эрх зүйн үндэс бүрдээгүй, мөн удирдлагын зүгээс үүрэг чиглэл өгөөгүй байхад урвалж бодисыг дур мэдэн хүлээн авч, шаардлага хангахгүй өрөөнд хүүхэдтэй ойр байршуулсан учир хариуцаж байсан химийн кабинетыг эрх хэмжээний хүрээнд химийн багш Ж.Д-т шилжүүлэн өгсөн болно.
Нэхэмжлэлд дурьдсан асуудлууд нь ойлгомжгүй, гүжир гүтгэлгийн шинжтэй, хүний нэр төрд халдсан үг хэллэгтэй байна. Кабинетыг шилжүүлэх асуудал нь захирлын эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх сургуулийн дотоод асуудал.
Тус сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөнд орсон “Үнэлгээнд суурилсан төлөвлөлт хийх арга зүй”-г нэвтрүүлж, багш бүр 2021-2022 оны хичээлийн жилд өөрийн заадаг судлагдахууны жилийн болон эхний бүлэг сэдвийн хөтөлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор эцсийн байдлаар батлуулан сургалтын үйл ажиллагааг явуулах үүрэг даалгаврыг өгсөн.
Уг үүрэг даалгаврыг багш нар биелүүлэн жилийн болон улирлын төлөвлөлтөө батлуулсан боловч химийн багш Д.Э ганцаараа хөтөлбөрийн боловсруулалт хийгээгүй үлдсэн бөгөөд шинээр баталгаажуулаагүй хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагааг дур мэдэн зохион байгуулсан.
Энэ нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4 дэх заалтыг зөрчсөн. Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар бүлэг нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн дагуу боловсруулагдсан бөгөөд дээрх зөрчил уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалтыг давхар зөрчиж багшийн үүргийг биелүүлээгүй.
Ажлын байранд нэг мэргэжлийн залуу багш болох Ж.Д-г удаа дараа сэтгэлзүйн дарамтад оруулж, уг багш өөр сургуульд шилжих өргөдлөө өгсөн.
Хамт олны хурал дээр санал бодлоо илэрхийлсэн бүх багш нартай хэрэлдэж, үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хааж, ажлын байрны хүчирхийлэл үйлдсэн. Захирал Ц.Ч-г Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэл болон байгууллагын ажилчдын фэйсбүүк группээр гүтгэж доромжлон, нэр төрд халдсан.
Боловсрол соёл урлагийн газраас сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай бэлтгэх зорилгоор 2020 онд зохион байгуулсан “Алтайн ЭЕШ” урьдчилсан сорилгод 12 дугаар ангийн 11 сурагчийг дарамтлан оролцуулаагүй.
Багш нарын гарын үсгийг хуурамчаар ашигласан нь батлагдсан бөгөөд эдгээр нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.13 дахь заалтыг давхар зөрсөн.
Байгууллагын захирал, менежерээс өгсөн үүрэг болох сургалтын хөтөлбөрийг шинэчлэн хугацаанд баталгаажуулан сургалтыг зохион байгуулах үүргийг биелүүлээгүй.
Багш Д.Э нь гэрийнхээ шалыг ч угааж үзээгүй гэх шалтгаанаар онцгой байдлын үеийн дэглэмийг зөрчиж, химийн кабинетыг сургалтад бэлэн байлгаагүй.
Химийн кабинетыг багш Ж.Д-т шилжүүлсэн захирлын тушаалтай танилцсан боловч кабинетыг хүлээлгэн өгөлгүй сургалтын үйл ажиллагааг тасалдуулсан нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.17 дахь заалтыг тус тус ноцтойгоор давтан зөрчсөн.
4. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/35 дугаар “Ажилд томилох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/07 дугаар “Кабинетын нэмэгдэл олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/74 дүгээр “Химийн кабинетыг шилжүүлж, нэмэгдлийг цуцлах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/88 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Хөдөлмөрийн гэрээ эх хувь
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт эх хувь
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн химийн кабинетын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- “Химийн бодисын аюулгүй байдал, хүрээлэн буй орчин” сургалтын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн хөдөлмөрийн дотоод журам эх хувь
- Цалингийн цэс эх хувь
- Эрх бүхий албан тушаалтны хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл эх хувь
- Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан Ч.Чанцалдуламын хүсэлтийн хуулбар
- Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол эх хувь
- Эмнэлгийн хуудас эх хувь
- Говь-Алтай аймгийн Боловсролын газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаар албан бичиг эх хувь
- Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01/338 дугаар албан бичгийн хуулбар
- Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан Д.Э-н хүсэлт
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШЗ2020/02021 дүгээр “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн хуулбар
- Д.Э-н 2021 оны 01 дүгээр сараас эхлэн 2022 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт
- Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02/3627 дугаар албан бичиг эх хувь
- Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 08-06-007/223 дугаар улсын байцаагчийн албан шаардлагын хуулбар
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/762 дугаар тушаалын хуулбар
5. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/31 дүгээр “Үндсэн хөрөнгөд бүртгэх тухай” тушаал эх хувь
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” тушаал эх хувь
- Төсвийн хэлбэлзэл, нягтлан бодогчийн тайлбар
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн хөдөлмөрийн дотоод журам эх хувь
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэл эх хувь
- Хөдөлмөрийн гэрээ эх хувь
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө эх хувь
- “Грийн химистри” ХХК-ийн химийн бодисын жагсаалт
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 2021-2022 онуудын хичээлийн жилийн хөтөлбөр, төлөвлөгөө батлуулсан байдал эх хувь
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн хичээлийн 6 ангийн жилийн төлөвлөлт
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар албан бичиг эх хувь
- Ж.Д-н өргөдөл, амбулаторийн карт
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл эх хувь
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн багш, ажилтны 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл эх хувь
- Үнэлгээнд суурилсан төлөвлөлт хийх арга зүйн сургалтын бүртгэл
- Өргөдлийн карт, Д.Э-н өргөдлийн хуулбар
6. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 69 дүгээр албан бичиг,
Гэрч Ж.Д, Ч.Б, С.М, Ж.Н, Д.Ц нарын мэдүүлэг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдэх, хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд холбогдуулан “урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах, тус сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны кабинет хариуцсаны нэмэгдэл хөлс 59,222 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ./1 хавтаст хэргийн 1-2, 24 хуудас/
Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль нь хариу тайлбартаа “Нэхэмжлэгч Д.Э нь сахилгын ноцтой зөрчил давтан гаргасан, эрх хэмжээнийхээ хүрээнд кабинетыг шилжүүлж, нэмэгдэл хөлсийг цуцалсан” үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02 өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн.
Уг хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө нэхэмжлэгч Д.Э болон хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль хооронд хөдөлмөрийн маргаан үүсчээ.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэжээ. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ.
Иймд зохигч хоорондох хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг тухайн үед хүчин хүчин төгөлдөр мөрдөж байсан 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
3. Хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн саналын зөрүүг хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан гэж Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь хэсэгт тодорхойлжээ.
Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэдэг.
Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт шүүх харьяалж, хянан шийдвэрлэх хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг зааж, шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ гэж мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заажээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны кабинет хариуцсаны нэмэгдэл хөлс 59,222 төгрөг гаргуулах тухай гомдол нь Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасан шүүх хянан шийдвэрлэх хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарахгүй.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Э-н хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд холбогдох дээрх гомдлыг Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн маргаан таслах комисс хянан шийдвэрлэнэ.
Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрсөн ажилтан буюу ажил олгогчийн давж заалдсан гомдлыг Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.
3. Хөдөлмөрийн тухай хууль/2021 он/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэжээ.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд холбогдох гомдлоо хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, уг комисс байхгүй тохиолдолд сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гарган шийдвэрлүүлэх боломжтой байна.
Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжгүй гэх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдсонгүй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхаар, энэхүү үндэслэл нь шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхаар мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заажээ.
Иймд нэхэмжлэгч Д.Э-н хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны кабинет хариуцсаны нэмэгдэл хөлс 59,222 төгрөг гаргуулах тухай” уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирал нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/74 дүгээр тушаал/1 хавтаст хэргийн 7 хуудас/-аар зөвхөн нэхэмжлэгч Д.Э-н хариуцсан химийн кабинетыг шилжүүлж, уг ажлын давхар хариуцсаны нэмэгдэл хөлсийг цуцалж, нэг ажилтны эрхийг хөндсөн шийдвэр гаргажээ.
Энэ тохиолдолд ажил олгогчийн дээрх шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.9 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр гэж үзэх зүйн үндэслэлгүй.
Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-н шүүх хуралдаанд гаргасан “шүүхийн харьяаллын маргаан” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
7. Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаал/1 хавтаст хэргийн 5 хуудас/-аар нэхэмжлэгч Д.Э-г 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс химийн багшаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ.
Гэвч 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн огноотой хөдөлмөрийн гэрээ/1 хавтаст хэргийн 26-32 хуудас/-г нэхэмжлэгч талаас, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн огноотой хөдөлмөрийн гэрээ/1 хавтаст хэргийн 191-196 хуудас/-г хариуцагч талаас тус иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгчээ.
Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэжээ.
Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр 2019 оны 04 дүгээр сараас 2021 оны 10 сарыг хүртэл хугацаанд ажил үүрэг гүйцэтгүүлсэнд ажилтан буруугүй тул тэдний хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэнэ.
8. Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль нь 2021 оны 10 дугаар сарын 05,14-ны өдрүүдэд нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ бичгээр байгуулжээ. Уг хөдөлмөрийн гэрээ нь огноо, зарим заалтын дугаарлалт зөрүүтэйгээс бус агуулгын хувьд ямар зөрүүгүй байна.
Дээрх хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тусган, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт заасны дагуу талууд гарын үсэг зурснаар уг хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр болжээ.
Үүнээс үзэхэд зохигчийн хооронд хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд уг үйл баримтын талаар хэргийн оролцогч нар харилцан маргаагүй болно.
9. Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/88 дугаар тушаалаар Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, “Хөдөлмөрийн гэрээ”-ний 7.4, 7.13, 7.4.17 дахь заалтыг тус тус баримтлан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил давтан гаргасан үндэслэлээр 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болгон нэхэмжлэгч Д.Э-г химийн багшийн ажлаас чөлөөлжээ. /1 хавтаст хэргийн 25 хуудас/
Уг тушаал нь ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон агуулгатай байна.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол”, 128.1.5 дахь хэсэгт “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан”-ыг тус тус иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг.
Иймд ажил олгогч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль нь “ажлаас буруу халсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай” ажилтан Д.Э-н гомдол нь иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарч байна.
11. Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заажээ.
Ажилтан Д.Э нь ажил олгогч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/88 дугаар тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл/1 хавтаст хэргийн 25 хуудас/ гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцжээ.
Иймд шүүхээс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийж, уг хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг агуулгаар нь хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
12. Ажил олгогч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль нь ажилтан Д.Э хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээ “химийн кабинетыг хичээл сургалтад бэлэн байлгаагүй, 2021-2022 оны хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө батлуулаагүй, химийн багш Ж.Д-т ажлын байрын хүчирхийлэл үйлдсэн, захирал Ц.Ч-г гүтгэж, доромжилсон” гэж тайлбарлажээ./1-р хавтаст хэргийн 43-44, 2-р хавтаст хэргийн 131-132 хуудас/
Ажилтан Д.Э нь “2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 20-ны өдөр чөлөөтэй байсан. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулаад Боловсролын газраар дамжуулж, хүргүүлсэн. Ажлын байрны хүчирхийлэл үйлдээгүй. Би дуу хураагуур ашигласан ч зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж маргажээ.
13. Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны үйл баримтын талаар харилцан эсрэг агуулгыг илэрхийлж буй зохигчийн дээрх тайлбар нь нотлох баримт боловч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал няцаан үгүйсгэж буй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Эсрэг талын тайлбарыг үгүйсгэж, өөрийн тайлбарыг нотлохоор зохигч цуглуулж, гарган өгсөн, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлж, иргэний хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтад шүүх эрх зүйн дүгнэлт хийж, маргаантай эрх зүйн харилцаа, үйл баримтыг тогтоосон болно.
14. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт “боловсролын салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохтой холбоотой санал боловсруулах, салбарынхаа холбогдох төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө болон шаардлагатай дүрэм, журам, заавар, аргачлал боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тооцох” нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх байхаар заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/762 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори байгуулах, ашиглах нийтлэг журам”-г баталжээ.
Уг журмын 2.8 дахь хэсэгт “Кабинет, лаборатори хариуцан ажиллах багшийг заах аргын нэгдлийн саналыг үндэслэн багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, сургуулийн захирлын тушаалаар томилж, чөлөөлнө”, 3.1 дэх хэсэгт “Кабинет, лаборатори хариуцсан багшид нэмэгдэл хөлсийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгоно” гэж тус тус заажээ. /2 хавтаст хэргийн 177-181 хуудас/
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/07 дугаар “Кабинетын нэмэгдэл олгох тухай” тушаалаар нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгт химийн кабинет хариуцсаны нэмэгдэл хөлсийг 2020 оны 01 дүгээр сараас эхлэн олгохоор шийдвэрлэжээ. /1 хавтаст хэргийн 6 хуудас/
Нэхэмжлэгч Д.Э-т хариуцуулсан химийн кабинет нь “Ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори байгуулах, ашиглах нийтлэг журам”-ын шалгуурын хангасныг баталгаажуулж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирал нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 003/2020 дугаар гэрчилгээ олгожээ. /1 хавтаст хэргийн 40 хуудас/
15. Хариуцсан багш нь кабинетыг хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн байлгах, сурагч кабинетэд суралцах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй, уг ажлыг хариуцсаныхаа төлөө нэмэгдэл хөлс авдаг байна.
Энэхүү иргэний хэргийн тухайд химийн кабинетыг 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтад ашиглахад зориулж, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор бэлэн байлгах үүрэгтэй байсан талаар зохигч маргаагүй.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн багш, ажилтны хурлын тэмдэглэлээс үзэхэд тус сургуулийн захирал нь хариуцсан анги, кабинетыг цэвэрлэх үүргийг багш нарт өгчээ./2 хавтаст хэргийн 44 хуудас/
Гэвч нэхэмжлэгч Д.Э нь хариуцсан кабинетыг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор хичээл, сургалтад бэлэн байлгаагүй, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн цэвэрлэгээ, үйлчилгээ хийгээгүй байна.
Энэхүү үйл баримт нь тус сургуулийн химийн багшаар ажиллаж буй Ж.Д-н “Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр химийн кабинетыг хүлээн авахад бодис, урвалжийг оруулаад эмх цэгцгүй тавьсан, хадгалалтын шүүгээнд ном, бичиг баримт хийсэн байсан. Наранд ил гаргахыг хориглодог, хүний биед сөрөг нөлөө үзүүлэх этилийн спирт зэрэг хэдэн бодис байсан”, Гэрч С.М-н “2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газраас ажлын хэсэг цэвэрлэгээг шалгасан. Багш нар өөрсдөө цэвэрлэх үүрэг өгсөн. Маргааш нь Д.Э ганцаараа үлдсэн” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна./2 хавтаст хэргийн 143-144 хуудас/
Иймдээ ч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирал нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар Д.Э-н химийн кабинетыг Ж.Д-т шилжүүлж, нэмэгдэл хөлсийг цуцлах тушаал гаргажээ. /1 хавтаст хэргийн 7 хуудас/
Уг тушаалын 2 дахь заалтаар химийн кабинет хүлээлцэх ажлын хэсгийг сургалтын менежер С.М/ахлагч/, бичиг хэргийн ажилтан Ж.Н, нягтлан бодогч Н.Б, химийн багш Ж.Д, нярав Ч.Д нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
16. Сурагчийн хичээл, сургалтад ашиглагдах учиртай химийн кабинетыг нэхэмжлэгч Д.Э нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ж.Д-т хүлээлгэн өгсөн болохыг гэрч С.Мөнхзаяа нь шүүх хуралдаан мэдүүлсэн. /2 хавтаст хэргийн 152 хуудас/
Хэрэв химийн кабинетыг 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтад ашиглахад зориулж, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөрт багтаан бэлтгэж, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн цэвэрлэгээ, үйлчилгээ тохиолдолд нэхэмжлэгч Д.Э нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн мөн оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Ж.Дэлгэрцэцэгт хүлээлгэн өгөхгүй байх шалтгаангүй.
Дээрх хугацаанд химийн кабинет нь сургалтад ашиглагдахгүй байгаа нь сурагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр нөхцөл байдлыг үүсгэжээ.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Э нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөрт багтаан химийн кабинетыг сургалтад бүрэн бэлтгэсэн гэх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй.
17. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.3.1 дэх хэсэгт “Багш, ажилтан нь ажлаа жил, улирлаар төлөвлөж ажиллана”, 4.3.2 дахь хэсэгт “Багш, ажилтны жилийн төлөвлөгөөг сургалтын менежер хянаж, захирал батална”, 4.3.3 дахь хэсэгт “Багш нарын улирлын төлөвлөгөөг сургалтын менежер, ажилтны улирлын төлөвлөгөөг захирал батална” гэж тус тус заажээ./1 хавтаст хэргийн 99 хуудас/
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн багш, ажилтны хурлын тэмдэглэлээс үзэхэд тус сургуулийн захирал нь үнэлгээнд суурилсан төлөвлөлт хийх арга зүйгээр 2021-2022 оны жилийн төлөвлөгөөг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүлэг, сэдвийн төлөвлөгөөг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, батлуулах үүргийг багш нарт өгчээ./2 хавтаст хэргийн 44 хуудас/
Уг үйл баримтыг гэрч Д.Ц, Ж.Д, С.М нар нь шүүх хуралдаанд батлан мэдүүлсэн бөгөөд энэ талаар зохигч харилцан маргаагүй.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын гарын үсэг бүхий “Үнэлгээнд суурилсан төлөвлөлт хийх арга зүй сургалтын бүртгэл”-д химийн багш Д.Э-г тус сургалтад суусан гэж тэмдэглэжээ./2 хавтаст хэргийн 53-54 хуудас/
Хариуцагчийн төлөөлөгчөөс үнэлгээнд суурилсан төлөвлөлт хийх арга зүйн сургалтыг 2021 оны 08 дугаар сард зохион байгуулахад нэхэмжлэгч Д.Э нь хамрагдсан болохоо үгүйсгээгүй.
18. Тус сургуулийн сургалтын менежер Ё.Б, захирал Ц.Ч нарын гарын үсэгтэй 2021-2022 оны хичээлийн жилийн хөтөлбөр, төлөвлөгөө батлуулсан байдал нэртэй баримтад “6-12 дугаар ангиудад химийн хичээлийн сургалт явуулдаг багш Д.Э нь жилийн болон бүлэг, сэдвийн төлөвлөгөө хийгээгүй, батлуулаагүй” гэж тэмдэглэжээ./1 хавтаст хэргийн 225 хуудас/
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон биологийн багш Д.Ц, химийн багш Ж.Д, сургалтын менежер С.М нарын мэдүүлгээс үзэхэд химийн багш Д.Э нь 2021-2022 оны хичээлийн жилийн болон бүлэг, сэдвийн төлөвлөгөөг хугацаанд нь батлуулаагүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Д.Э нь ердийн өвчний улмаас 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 14 хоногийн хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдсан нь 1537591 дүгээр эмнэлгийн хуудас/1 хавтаст хэргийн 140 хуудас/-т тусгагдсан хэдий ч үлдэх хугацаанд хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг батлуулах боломжтой байжээ.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлээс үзэхэд химийн багш Д.Э нь 2021-2022 оны хичээлийн жилийн болон бүлэг, сэдвийн төлөвлөгөөг хугацаанд нь батлуулаагүй асуудлыг хэлэлцэж, сахилгын зөрчлийг тогтоох ажиллагаа хийгджээ./2 хавтаст хэргийн 37-42 хуудас/
19. Говь-Алтай аймгийн Боловсролын газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаар албан бичигт “Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн химийн багш Д.Э нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр химийн хичээлийн боловсруулсан хөтөлбөр, төлөвлөгөөг хувийг өгч, нөхцөл байдлын талаар дарга, нягтлан бодогч нарт танилцуулсан үнэн” гэжээ./2 хавтаст хэргийн 60 хуудас/
Уг албан бичгээр нэхэмжлэгч Д.Э нь химийн хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулсан байдал нотлогдох хэдий ч уг хөтөлбөр, төлөвлөгөөг сургуулийн захирал, сургалтын менежер нараар батлуулсан гэх байдал нотлогдохгүй.
Энэ тохиолдолд шүүх дээрх бичмэл нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Учир нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирал, сургалтын менежер нар нь химийн багш Д.Э-н боловсруулсан хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг батлахаас зориудаар татгалзсан, ялгаварласан гэх байдал хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдсонгүй.
20. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар иргэний хэрэгт гарган өгсөн www.facebook.com веб сайтын нэр бүхий хүмүүсийн хуудас/page/, хүчирхэг хамт олон нэртэй зурвас/chat/-аас хуулбарласан материал/2 хавтаст хэргийн 48-52, 182-208 хуудас/-ыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй.
Учир нь нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу дээрх www.facebook.com веб сайтын нэр бүхий хүмүүсийн хуудас/page/, хүчирхэг хамт олон нэртэй зурвас/chat/-т үзлэг хийлгэх хүсэлт гаргаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах ажиллагаа хийлгээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасан “Шүүх цахим баримт бичгийг үнэлэхдээ Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг баримтална” гэсэн заалт нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр байгааг дурьдах нь зүйтэй.
21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Э нь албан үүргээ гүйцэтгэхдээ хариуцагчийн төлөөлөгч Ц.Чанцалдуламыг гүтгэсэн, доромжилсон гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг албан үүргээ гүйцэтгэхдээ гүтгэсэн, доромжилсон гэх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд баримтаар нотолсонгүй.
Харин нэхэмжлэгч талаас иргэний хэрэгт хэрэгт гарган өгсөн Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолд “Д.Э нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд Ц.Чг хэл амаар доромжилж, дуу, дүрсний бичлэг хийсэн...” гэх хэргийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ./1 хавтаст хэргийн 134-135 хуудас/
Уг зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоход хариуцагчийн төлөөлөгч Ц.Ч нь нэхэмжлэгч Д.Эт холбогдох доромжилсон гэх утга бүхий гомдлоор үүссэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргажээ./1 хавтаст хэргийн 133 хуудас/
22. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18 дахь хэсэгт боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нь боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан, багш, оюутан, сурагчдын ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлнэ гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийг 2 дугаар хавсралтаар “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ыг тус тус баталжээ.
Энэхүү журам нь Хууль, дотоод хэргийн яамны эрхэлдэг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 3909 дүгээрт бүртгэгдэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-ийн 2018 оны 18 дугаарт нийтлэгджээ.
Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм” болон “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам” нь хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй захиргааны хэм хэмжээний акт тул шүүхээс маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх эрх зүйн эх сурвалж байна.
Бага, дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасны дагуу ерөнхий боловсролын сургуулийн багш нь “багшийн ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэн сахиж биелүүлэх” үүрэгтэй.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн химийн багш Д.Э, Ж.Д нарын албан үүргээ хэрэгжүүлж, хоорондоо харилцахдаа багшийн ёс зүйн дүрмийг баримтална.
Нэхэмжлэгч Д.Э нь албан үүргээ хэрэгжүүлэхдээ химийн багш Ж.Дэлгэрцэцэгт ажлын байрны дарамт үзүүлсэн эсэхийг “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм” болон “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын дагуу шалгаагүй, чухам хэзээ, хэн, хаана, хэрхэн, ямар байдлаар ажлын байрны дарамт үүсгэсэн үйл баримтыг тогтоогоогүй байна.
Үүний улмаас ажлын байрын дарамт үүсгэсэн эсэх асуудлаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн химийн багш Д.Э, Ж.Д нар нь харилцан эсрэг агуулга бүхий тайлбар, мэдүүлэг өгөх үндэслэл болжээ.
Тодруулбал гэрч Ж.Д нь ажлын байрны дарамт үзүүлсэн талаар шүүх хуралдаанд мэдүүлснийг нэхэмжлэгч Д.Э нь үгүйсгэж, сахилгын зөрчил гаргаагүй гэж мэтгэлцсэн.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл/2 хавтаст хэргийн 37-42 хуудас/-ээс үзэхэд нэхэмжлэгч Д.Э нь химийн багш Ж.Дт ажлын байрны дарамт үзүүлсэн эсэх үйл баримт тогтоогдсонгүй.
Химийн багш Ж.Дн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн өргөдөлд “Ажлын байрны дарамт/Д.Эрдэнэчимэг/-аас болж, Есөнбулаг сумын Хантайшир-Эрдэм цогцолбор сургуульд шилжин ажиллах хүсэлтэй тул ажлаас чөлөөлж өгнө үү” гэжээ./1 хавтаст хэргийн 238 хуудас/
Гэтэл шүүх нь хөндлөнгийн байгууллагын хувьд харилцан эсрэг агуулга бүхий тайлбар, мэдүүлэг өгч буй нэг этгээдийн тайлбараар нөгөөг нь шууд буруутгах эрх зүйн үндэслэлгүй.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Э нь гэрч Ж.Дт ажлын байрны дарамт үзүүлсэн эсэх үйл баримт нь хөндлөнгийн баримт, багшийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэх талаар шалгалтын дүнгээр тогтоогдсон байвал зохимжтой.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Д.Э нь гэрч Ж.Дт ажлын байрны дарамт үзүүлсэн эсэхийг эхний байдлаар шууд үгүйсгэхгүй ч уг үйл баримт нь хөндлөнгийн баримтаар тогтоогдсон тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.
Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх боломжгүй.
Энэхүү үндэслэлээр хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль нь нэхэмжлэгч Д.Э нь химийн багш Ж.Дт ажлын байрны дарамт үзүүлсэн гэх зөрчлийг хөндлөнгийн баримтаар нотолж чадаагүй гэж үзсэн болно.
23. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд ажилтан Д.Э нь “хариуцсан химийн кабинетыг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор сургалтад бэлэн байлгах үүргээ биелүүлээгүй, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлуулаагүй” сахилгын зөрчлийг давтан гаргажээ.
Уг сахилгын давтан зөрчил нь Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил” гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байна.
Учир нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд “хариуцсан кабинетыг сургалтад бэлтгэхгүй, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлуулахгүй” байхыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил байхаар заагаагүй байна.
Бодит байдалд зохигчоос иргэний хэрэгт гаргасан хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь огноо нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус байгаа тул “хариуцсан кабинетыг сургалтад бэлтгэхгүй, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлуулахгүй байх”-ыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж заах боломжгүй юм.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/88 дугаар тушаалд баримталсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 7.4, 7.13, 7.4.17 дахь заалтууд нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилтэй холбоогүй байна.
Ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн дээрх шийдвэр нь хууль хэрэглээний алдаатай байх бөгөөд шүүх хөндлөнгийн байгууллагын хувьд уг алдааг зөвтгөх боломжгүй.
Үүгээр ажилтны сахилгын зөрчлийг давтан гаргасныг шүүх зөвтгөөгүй бөгөөд уг сахилгын зөрчилд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “сахилгын зөрчлийг давтан гаргасан” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах нь зохистой байжээ.
Ажил олгогчийн шийдвэрт ажилтан “сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан” гэж тодорхой дурьдсан байхад шүүх “сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж дүгнэх боломжгүй.
Дээрх үндэслэлээр шүүхээс Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-н хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоов.
24. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоогдсон ажилтанд олгогдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор тооцох хугацаа нь ажилгүй байсан хугацаагаар тодорхойлогдоно.
Нэхэмжлэгч Д.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд багшаар ажиллаж байгаа нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд уг үйл баримт маргаангүй байна.
Иймд нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан гэж үзэхгүй уг хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй.
Харин нэхэмжлэгч Д.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд бага цалин хөлстэй ажил эрхэлсэн гэж үзвэл цалин хөлсний зөрүүг гаргуулахаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурьдав.
Учир нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/2 хавтаст хэргийн 69 хуудас/-д Баянгол дүүргийн 28 дугаар сургуулиас нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгт 2021 оны 11,12 болон 2022 оны 01 дүгээр сард олгосон цалин хөлсний дүн тусгагдсан тул 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлсний зөрүүг бүрэн тооцох боломжгүй байна.
25. Харин нэхэмжлэгч Д.Э нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс мөн сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилгүй байсан тул уг хугацаа/ажлын 10 өдөр/-ны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиас гаргуулахаар шаардах эрхтэй.
Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт дундаж цалин хөлс тодорхойлох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлахаар заасны дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баталжээ.
“Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ын а-д ажлаас буруу халсны олговрыг тодорхойлохдоо дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор заажээ.
Хууль, журмын дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Д.Э-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/2 хавтаст хэргийн 69 хуудас/ болон цалин цэс/1 хавтаст хэргийн 114 хуудас/-нд тусгагдсан 2021 оны 7, 8, 9 сарын цалин хөлсөөр тооцоход нэг сарын дундаж цалин хөлс нь 1,163,848+1,329,513+784,002=3,276,999:3=1,092,333 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 1,092,333:21,5= 50,806.18 төгрөг байна.
Нэхэмжлэгч Д.Э-н нэг өдрийн дундаж цалин хөлс 50,806.18 төгрөгийг ажилгүй байсан 10 ажлын өдрөөр үржүүлсэн дүн болох 508,061.76 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиас гаргуулахаар шийдвэрлэв.
Энэхүү ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 508,061.76 төгрөг нь татвар, нийгмийн даатгалын шимтгэл суутгаагүй дүн болохыг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Д.Э-н цалингийн цэсээс үзэхэд 2021 оны 9,10 саруудын цалин хөлсний дүнд кабинетын хариуцсаны нэмэгдэл хөлсний дүн ороогүй байна.
Шүүхээс нэхэмжлэгч Д.Э-н 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны кабинет хариуцсаны нэмэгдэл хөлс 59,222 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан.
Ажилтны уг гомдол хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүхээр хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч дундаж цалин хөлс тооцоход зөрүү үүссэн тохиолдолд уг зөрүүг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч нь жич шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Уг эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй.
26. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Д.Э-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 508,061.76 төгрөгөөс зохих суутгалыг хийж, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс мөн сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд даалгав.
27. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.
28. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн шаардлага болох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 508,061 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70,200+15,981=86,091 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиас гаргуулан улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиас 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 508,061/таван зуун найман мянга жаран нэг/ төгрөг 86/наян зургаа/ мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Аргалчин овгийн Даржаагийн Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх “2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Аргалчин овгийн Даржаагийн Эрдэнэчимэгийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 508,061 төгрөг 86 мөнгөнөөс 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд даалгаж, нэхэмжлэлээс үлдэх “2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Аргалчин овгийн Даржаагийн Эрдэнэчимэгийн хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/74 дүгээр “Химийн кабинетыг шилжүүлж, нэмэгдлийг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны кабинет хариуцсаны нэмэгдэл хөлс 59,222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиас 86,091/наян зургаан мянга ерөн нэг/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ