Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 152/ШШ2022/00128

 

   Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Ш овогт Б-ын Ч-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,

    Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМиний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байгаад 2021 оны 1 дүгээр сарын 05-ны Б/05 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 151 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 09 тоот магадлалаар ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/34 тоот тушаалаар урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдсон. Ингээд Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б үүрэг даалгавар өгөх нэрийдлээр миний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтод заагаагүй мөн надаас гарах боломжгүй холбоогүй үүрэг даалгавар өгч ажлын байрны дарамтыг үзүүлсэн. Мөн Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад заасан ур чадварын нэмэгдлийг сар бүр олгохгүй байгаа. Ажилд орсноос хойш 7 сарын цалингаас 2 хоног, 8 дугаар сарын цалингаас 2 хоног, 11 сарын цалингаас 2 хоног цалин хасаж тооцож олгосон гэх мэт ажил олгогчийн дарамт шахалт надад ирэх болсон. Энэхүү олон удаагийн ажлын байрны дарамт шахалт эцэстээ маргаан болж хувирч намайг буруутайд тооцож Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар магадлал гарсан билээ. Ур чадварын нэмэгдлээ авах гэж 2 удаа уулзаж үзсэн боловч гарч зайл гэдэг хариу авсан. Б тамгын дарга болсноос хойш ёс зүй гэдэг зүйл манай байгууллагад байхаа больсон. Мэргэжлийн хяналтын байгууллагад өгсөн өргөдлийн хариуд цалинг хасаж тооцсон байна гэдэг нь нотлогдсон хариу өгсөн. Миний ажлыг өмнө нь хийж байсан хүн тэтгэвэрт гараад би шалгалт өгч чадвараараа орсон. Би хүний ажил булааж аваагүй. Гэтэл намайг олон хүн дагуулж ирж архидан согтуурч энэ ажлыг авсан гэж хэлснээс энэ маргаан эхэлсэн. Би хүний ажил булааж авдаг хүн биш, 5 хүүхэдтэй энгийн нэг эцэг хүн. Үүрэг түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаал хэдий хугацаатай албан тушаал гэдгийг судлаад би ямар ч хууль номоос хайгаад олоогүй. Төрийн албаны зөвлөлөөс хууль зөрчсөн гэдгийг нь тогтоочихоод байхад хүнийг хэл амаар доромжлоод ажиллаад байдаг. Манай Тамгын газарт буруу жишиг тогтоод байна. Намайг доромжлохдоо хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн н.Нармандах гэдэг залууг суулгаж байгаад түүний утсаар бичлэг хийсэн байсан нь тамгын газрын ёс зүйн хороонд өргөдөл гаргаж тэр нь баригдсан. 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр надтай маргалдахдаа өөрийнхөө утсаар бичлэг хийгээд зөрчлийн хурал дээр нотлох баримтаар өгсөн ба Цагдаагийн байгууллагаас 7 удаа тасалж эвлүүлсэн бичлэг байна гэдгийг тогтоогоод надаар гарын үсэг зуруулсан. Намайг хэлэх хэлэхгүйгээр доромжилдог, хүнийг хэл ам, өмссөн зүүсэн, үзэл бодол биеийн хэлбэр галбираар доромжлохыг ардчилал гэдэг юм байна гэж Бэс ойлгож байна. Тамгын газрын ажилчдын гаргасан хөдөлмөрийн гэрээ дээр 2 ба түүнээс дээш ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ажлаас чөлөөлөх тухай заалт байдаг, энэ заалтыг үндэслэж намайг ажлаас чөлөөлөх гэж нэг зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандаж байна. Би 100 төгрөгөөр торгуулсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

     Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ч-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжпэгч Ч нь Төрийн захиргааны болон Үйлчилгээний албан хаагчийн мөрдөх ёс зүйн дүрмийг чандлан биелүүлээгүй байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.2.13 зааснаар ажлын байранд болон ажил үүргээ гүйцэтгэж байхдаа, хамт олон, үйлчлүүлэгчдийн дунд зүй бусаар харьцсан, зөв боловсон харьцааг эрхэмлээгүй, ёс суртахуунгүй авир гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авсан. Энэ нь сахилгын зөрчилд хамаарах бөгөөд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар магадлал нь захиргааны зөрчил юм. Иймд сахилгын зөрчил, захиргааны зөрчил нь тусдаа ойлголт тул давхардуулан оногдуулсан гэх нь үндэслэлгүй байна. Ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй үүрэг даалгавар өгч ажлын байрны дарамт үзүүлсэн тохиолдол байхгүй бөгөөд ямар төрлийн үүрэг даалгавар өгч, дарамт үзүүлсэн талаар нэхэмжлэлдээ тодорхой тусгаагүй байна. Мөн ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, тус хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхийн дагуу сануулах арга хэмжээ авсан болно. Иймд нэг зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл ноогдуулсан тохиолдол байхгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч нь төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн мөрдөх ёс зүйн дүрмийг чандлан биелүүлээгүй. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд өөрөө өөртөө дүгнэлт хийж албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүртэл хариуцлага хүлээх чадвартай байх ёстой. Ч-ийн төрийн байгууллага дээр танхайрсан үйлдэл нь зөрчлийн шинжтэй гэж арга хэмжээ авснаас нэг зөрчилд 2 хариуцлага хүлээлгэсэн зүйл байхгүй. Тамгын даргыг Чи бид хоёр богино настай чи удахгүй үхнэ, Засаг даргынхаа өрөөнд орж Ч, Б та хоёртой би үхэн үхтлээ тэмцэх болно гэж хэлсэн байсан. Хувь хүний өөрийн үзэл бодлыг төрийн байгууллага дээр гаргаж болохгүй гэдгийг дахин дахин хэлмээр байна. Улс төржиж янз бүрийн асуудал ярьсан ч төрт ёсыг сахиж байх нь төрийн албан хаагчийн үүрэг. Цагдаа болон Мэргэжлийн хяналтын байгууллагад хүртэл өргөдлөө өгч шалгуулсан. Тухайн үед маргаан болж байхад би өрөөнд ороод хэлсэн үгсийг нь л сонссон өөр нэмж хэлсэн зүйл байхгүй чи өөрөө ч мэдэж байгаа байх. 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тушаал гарсан боловч Ч ажилдаа ирээгүй нь цагийн бүртгэлээс тодорхой харагдаж байгаа. Мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй үнэн зөв гарсан гэж бодож байна Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Ч нь хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Хариуцагч нь ...Ч давхардуулан сахилгын шийтгэл хүлээлгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргажээ.

     Нэхэмжлэгч Ч нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байгаад Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Засгийн газрын 2019 оны 33 лугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 3.1.1-ийн а, 3.1.3-ийн а, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар магадлал, Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.2, 6.2-ыг тус тус үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

      Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ЗШ/415 тоот Шийтгэл оногдуулах тухай шийтгэврээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар холбогдогч Шангуучин ургийн овогт Ч-д 100 /нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан бөгөөд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17 тоот Ч, Б нарт холбогдох зөрчлийн хэргийн тухай магадлалаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 415 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчилд холбогдогч Ч-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 13-т зааснаар энэхүү магадлал эцсийн шийдвэр болохыг дурджээ.

       Мөн нэхэмжлэгч нь намайг ажилд орсноос хойш 2021 оны 7 сарын цалингаас 2 хоног, 8 дугаар сарын цалингаас 2 хоног, 11 сарын цалингаас 2 хоног цалин хасаж тооцож олгосон гэж тайлбарласан ба түүний 2021 оны 7, 2021 оны 8, 2021 оны 11 дүгээр сарын цалингаас тус тус 2 хоногийг ажил тасалсан үндэслэлээр хасч тооцсон байх ба 2021 оны 7, 8, 11 дүгээр сарын цагийн бүртгэл болон Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 тоот Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр тус тус тогтоогджээ. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулдаг. Сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

      Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар Ч-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар Ч-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ                             ШҮҮГЧ П.БОЛОР