| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2021/00594/И |
| Дугаар | 152/ШШ2022/00137 |
| Огноо | 2022-03-24 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 152/ШШ2022/00137
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогт Б-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овогт Ю-ийн Б-д холбогдох,
Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У, харицагч Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б миний бие Улаангом сумын 1 дүгээр баг, Увс чацаргана ХК-ны зүүн талд байрлалтай, жимс, жимсгэнэ, усалгааны тариалан зориулалттай газрыг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшилд авсан. Гэтэл Ю.Б нь миний зөвшрөөлгүй, миний эзэмшилийн газарт гэр бүлээрээ хашаа барьж амьдарч байна. Би удаа дараа газар чөлөөлж өгөхийг шаардсан боловч тоохгүй байгаа тул Улаангом сумын Байгаль орчны Улсын байцаагч Б-д өргөдөл гаргаж, Улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл гаргуулж, Ю.Б-д шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл миний газрыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд Ю.Б-ын хууль бус эзэмшлээс миний газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаартай захирамжийн дагуу Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Увс чацаргана ХХК-ийн зүүн талд байрлах газарт 4989 м/кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр авсан. Гэтэл Б.Б-ийн эзэмшлийн газарт хариуцагч Ю.Б нь хашаа барьж, амьдарч байгаа тул Б.Б өөрийн эзэмшлийн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах эзэмших боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ю.Б-ын зүгээс хашаа барьж амьдарч байгаа газарт өмчлөх буюу эзэмших эрхийн гэрчилгээ байгаа эсэхийг тодруулахаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авсан байдаг. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 82 дугаар албан бичиг Ю.Б-ын эзэмшил ашиглалтад ямар нэгэн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй гэсэн гэж дурдсан байсан. Хариуцагч Ю.Б-ын хашаа барьж амьдарч байгаа газар нь түүний хууль ёсны эзэмшил ашиглалтад байхгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байдаг. Маргаан бүхий газарт шүүхээс үзлэг хийсэн бөгөөд үзлэг хийх явцад нэхэмжлэгч хариуцагч нарын амьдарч байгаа газар нь 3903 м/кв газраар давхцаж байгаа гэдэг нь тогтоогдсон. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан байдаг. Тухайн хуулийн дагуу нэхэмжлэгч Б.Б нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч буюу газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу, Газрын тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэж байна. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасан байдаг. Мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байгаа. Хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, холбогдох бичиг баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбартаа Б.Б нь маргаан бүхий газарт газрын кадастр хийлгэхгүйгээр хууль бусаар авсан гэж тайлбарласан. Газар эзэмших эрхийн гэрчилгээнд тухайн маргаан бүхий газрын кадастрын зураг хавсаргагдсан байгаа. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар үндэслэлгүй. Иймд дээрх хуулийн заалтуудын дагуу нэхэмжлэгч Б.Б-ийн газрыг хариуцагч Ю.Б-с албадан чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ю.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Ю.Б нь 2020 оны 05 дугаар сард Газрын харилцаа хот байгуулалтын газарт хандан Энд нэг газар байна, үүнийг ямар нэгэн хүн эзэмшдэг үү гэж асуухад Үгүй гэж хэлсэн. Тэгвэл хашаа байшин барьж өмчлөх эрхтэйгээр бууж болох уу гэхэд Та хашаагаа бариад бууж болно гэсэн. Тэгээд би хүүхдүүдтэйгээ хашаа бариад буусан. Энэ газар намайг хашаа барихад ямар нэг зүйл байгаагүй ба би хоосон газар дээр хашаа барьсан болно. Гэтэл сүүлд 07 дугаар сараас эхлээд Б.Б намайг Чи миний газарт буулаа, нүүж зайл гээд нэлээд хэл амаар доромжилж, хотоос дандаа утсаар залгаж дарамталдаг байсан. Өнөөдөр би газрын албанаас очиж асуухад 2021 оны газрын төлөвлөгөөнд ороогүй тул Б.Б-ийн газрын гэрчилгээ хүчингүй гэж хэлж байна. Энэ гэрчилгээг Б.Б нь танил найз нөхдөөрөө дамжуулан гаргуулж авсан байх гэж би хувьдаа бодож байна. Иймд та нар тодруулах зүйл байвал Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаас асууж тодруулна уу. Би ямарч байсан хоосон газар дээр хашаа барьж буусныг Чандманы ард түмэн батална. Би хүний өмчийн газрыг дээрэмдэж аваагүй, бүх зүйл хуулийн дагуу л болсон байх гэж бодож байна. Б.Б-ийн маргаж байгаа газар нь 2021 оны газрын кадастрт ороогүй учир Б.Б-ийг ямар үндэслэлээр газрын гэрчилгээ авч сумын Засаг даргын захирамж гаргуулж авсныг мэдэхгүй байна. Б.Б их зальтай хүн учир хууль бус газар эзэмших гэрчилгээ гаргуулж авсан гэж үзэж байна. Би захирамж хүчингүй болгох талаар Увс аймгийн Засаг даргад хандсан байсан ба тухайн захирамжийг хүчингүй болгосон гэсэн хариуг надад өгсөн. Гэхдээ гарын үсэг зурдаг хүн нь ажлаар хөдөө явсан байгаа гэсэн юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ю.Б-д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь Б.Б хууль бусаар гэрчилгээ гаргуулж авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн зүйлийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заажээ.
Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/145 тоот дугаар захирамжаар Б.Б-д Увс аймгийн Улаангом сумын 1-р багт байрлах, 4989 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан жимс, жимсгэний усалгаатай тариалан зориулалтаар газар эзэмших эрхийн х дугаартай гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн Иргэн Ю.Б-ын өмчлөлд өнөөдрийн байдлаар газар болон газраас бусад үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна гэх тодорхойлолт ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Ийнхүү нэхэмжлэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын 1-р багт байрлах, 4989 м.кв газрын хууль ёсны эзэмшигч байх бөгөөд хариуцагч Ю.Б нь уг газрыг хууль бусаар эзэмшиж байгаа болох нь дээр дүгнэснээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн Увс аймгийн Улаангом сумын 1-р багт байрлах, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, 4989 м.кв газрыг хариуцагч Ю.Б-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Б-с 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн Увс аймгийн Улаангом сумын 1-р багт байрлах, нэгж талбарын х, гэрчилгээний х дугаар бүхий, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, 4989 м.кв газрыг хариуцагч Ю.Б-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Б-с 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР