Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/94

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Б,

улсын яллагч Б.А,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т-н овогт Б-н Д холбогдох эрүүгийн 2417000910095 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 19** оны 08 дугаар сарын 11-нд *** аймгийн Б*** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механимзийн операторчин мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** аймгийн *** сумын * дугаар баг, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх Т-н овогт Б-н Д /РД:***/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Д нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дашваанжил колонкийн орчмын засмал замд өөрийн эзэмшлийн 92-65 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас иргэн Ж.Б-ийн 96-00 ГСА улсын дугаартай Тоёота Харриер загварын тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргаж, улмаар өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан бага насны хүүхэд 5 настай Д.Ч-ийн биед баруун дунд чөмөгний хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417000910095 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдэж байсан хэрнээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасандаа харамсаж байна, миний буруу. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б-д учруулсан хохиролоо боломж бололцоогоороо төлөхийг л хичээж байгаа. Сая зээл аваад 9 500 000 төгрөг өгсөн. Түүнээс хойш мөнгө өгөөгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалд учирсан иргэний нэхэмжлэлээ төлөөгүй байгаа. Учруулсан хохирлоо байгаа юмнуудаа зараад төлнө гэв.

2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дашваанжил колонкоос Н-н хөшөө рүү эргэх гээд хойноос урагшаа чиглэлтэй зогсож байхад араас приус 20 маркийн машин мөргөсөн. Түүнээс үүссэн хохирлын үр дүнг зах зээлийн үнэлгээгээр судласан. Д нь хоорондоо тохиролцъё гэсэн хүсэлтийг дахин дахин гаргаж, би бүх хохирлыг чинь барагдуулна гэсэн. Би зах зээлийн үнэлгээгээр миний машиныг засварлавал ойролцоогоор тэдэн төгрөгийн үнэтэй болох юм байна гэж тооцож үзээд чи надад 25 000 000 төгрөг өгөх юм бол би чамд хохиролгүй гэсэн бичиг гаргаж өгч болж байна, чи хүлээн зөвшөөрч байна уу гэхэд мөрдөгчийн дэргэд хүлээн зөвшөөрч байна, тэгье гэсэн. Хэзээ гаргаж өгөх талаар хугацаа заагаад өгсөн. Прокуророос би ингэж хэлээд байна одоо яах вэ гээд зөвлөгөө авахад нотариат ороод гарын үсгийн баталгаа хийлгээд авчих юм бол үүнийг хүлээн зөвшөөрч болно гэсэн. Эхний ээлжинд гарын үсгийн баталгаа хийлгэж авсан. Мөнгөө өгөх хугацаа нь өнгөрсөн, надтай огт холбогдохгүй алга болсон, утсаа авахаа больсон. Тэгээд би цагдаад өөрт гарсан эрүүл мэндийн хохирол, нэмэлт зардал, машины зогсоолын төлбөр гээд бодит зардлаа нэхэмжилсэн. Нэхэмжлэх хугацаандаа хүсэлт гаргасан. Үүний дараа цагдаагаас дуудсан, Д ирж уулзсан. Яагаад алга болсон бэ гэсэн чинь хүүхдээ эмчлүүлж яваад ирлээ боломжгүй байлаа, одоо би чиний хохирлыг барагдуулна гэсэн. Би эхний 25 000 000 төгрөг дээрээ нэмээд одоо гарсан бодит хохирлыг нэмж нэхэмжилж байна гэхэд дахиад хугацаа өгөөч гээд гуйгаад байсан. Дахиад гуйгаад байсан учраас мөрдөгчтэйгээ ярилцаад дахиад гарын үсгийн баталгаа авсан. Энэ хугацаа нь дахиад өнгөрсөн. Энэ хугацаанд “Ашид Билгүүн” гэдэг компаниар үнэлгээ хийлгээд үнэлгээ гарсан. Үнэлгээтэйгээ танилцах гээд очих болгонд үнэлгээний төлбөр төлөгдөөгүй учраас танилцах боломжгүй гээд яваад байсан. Тэгж байтал үнэлгээ 13 000 500 төгрөг гарсан, төлбөрийг Д төллөө гээд танилцуулсан. Би энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна, үнэлгээ бодит хийгдээгүй, зөвхөн кузов засвар хийлгэх үнэлгээ гарсан байна. Дотор эд анги эвдрэл гэмтэл, явах эд ангийн үнэлгээ хийгдээгүй байна гэдэг хүсэлтээ бичиж өгсөн. Тэгэхэд хэргийг прокурор луу шилжүүлэхийн тулд гарын үсэг дутуу байж болдоггүй гээд би гарын үсэг зурсан. Би үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас үнэлгээний компанитай очиж уулзаад машинаа үнэлүүлсэн. Сая нотлох баримтаар өгсөн үнэлгээ 18 000 530 төгрөг гарсан. Эхний ээлжид нэхэмжилсэн 27 000 000 төгрөгөө өгчихвөл надад гомдол байхгүй гэв.

3. Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Тухайн өдөр би 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өөрийн төрсөн хүү болох Ч болон хамт ажилладаг найз Б нарын хамт Говьсүмбэр аймагт хүнсээ бэлдэх гээд гэрээсээ 21 дүгээр зөрлөгөөс 18 цагийн орчим гараад 18 цаг 30 минутад ирсэн. Тэгээд төмөр замын дэлгүүр орж хүнсээ бэлдээд Улаанбаатараас захисан дайвраа тосох гээд Бебен Тракын авто зогсоолд зогсож байсан. Тэгээд би хүлээх зуураа найз Б-тэй хамт 4 ширхэг сэрүүн нэртэй лаазтай, нэг ширхэг 2 литрийн сэрүүн нэртэй пиво авсан байснаа хувааж уусан. Тэгээд Улаанбаатараас ирэх байсан такси ирэхээ больсон гэж над руу ярихаар нь шууд урагшаа гэр лүүгээ явах гээд эрүүл жолооч дуудъя гэтэл хүн олдоогүй. Тийм учраас ойрхон юм чинь гээд өөрөө жолоо бариад /Тоёота Приус-20 92-65 УЕВ/ хөдөлсөн. Хөдлөөд урагш явж байтал манай хүү хөлд ундаагаа унагасан тул түүнийг авч өгөх гээд тонгойгоод дээшээ болтол урд зам дээр хар өнгийн Харриер машин зогсож байсан. Тэгээд би зүүн талаар нь тойрох гэтэл амжилгүй эрчээрээ мөргөсөн. Тэгээд мөргөтөл тухайн мөргүүлсэн хар машинаас жолооч нь бууж ирээд намайг манай машинаас гаргаж өгөөд би хүүхдээ аваад эмнэлэг явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/,

4. Насанд хүрээгүй хохирогч Д.Ч-гийн хууль ёсны төлөөлөгч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би өөрийн хүү Д.Ч-гийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна учир нь манай хүү Д.Ч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй буюу 5 настай юм. 2024 оны 06 дугаар сарын 16-ний өдөр би Шивээговь сумын 21 дүгээр зөрлөг дээр гэртээ байж байсан чинь манай нөхөр Д 20 цагийн үед залгаад Чойр дээр осолд орчихлоо манай хүү Ч-гийн хөл нь хугарсан юм шиг байна эмнэлэг хүргэсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд би унаа байхгүй байсан учир Чойроос манай эгч намайг ирж аваад 21 цаг өнгөрч байхад Чойрын эмнэлэг дээр ирсэн бөгөөд манай хүү Ч эмнэлгийн орон дээр унтаж байсан бөгөөд эмчтэй нь уулзсан чинь Ч-гийн зургийг үзүүлээд баруун хөлийн дунд чөмөг нь хугарсан байна гэж надад хэлсэн. Манай нөхөр Д бас эмнэлэг дээр байж байсан надад ярихдаа Сүмбэр сумын нутагт Дашваанжил газын колонкийн орчим хойноосоо урагш чиглэлтэй явж байгаад урдаа явж байсан хар өнгийн Харриер маркийн авто машиныг эргэлт хийх гээд дохио өгөөд хурдаа хасах үед нь явж байгаа араас нь мөргөсөн гэж хэлсэн. Тухайн үед Д хамт ажилладаг Б болон манай хүү Ч нар машинд явж байсан гэсэн. Хэзээ архи уусан эсэхийг нь мэдэхгүй байна эмнэлэг дээр байхад Д-гээс архи үнэртэж байсан. Тухайн өдөр 18 цагийн үед Шивээговь сум 21 дүгээр зөрлөгөөс гэрээсээ хүү Ч-г аваад гарсан бөгөөд Чойр орж дэлгүүр ороод ирнэ гээд гараад явсан. Гэрээс гарахдаа архи согтууруулах ундаа бол хэрэглээгүй байсан. Тухайн авто машин нь Д-гийн машин бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр Мацу Мод ББСБ-с авч байсан машин байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би тухайн өдөр эхнэр Б.Э-ын хамт 20 цаг 06 минутын орчимд Бебен тракын Си-Ю дэлгүүр ороод түүнээс гараад би өөрийн 96-00 ГСА улсын дугаартай Тоёота Харриэр маркийн автомашиныг жолоодоод засмал замаар хойноос урагш чиглэж яваад нэргүй баатарын хөшөө рүү салдаг уулзвар луу зүүн гар тийш эргэх гээд дохиогоо өгтөл эсрэг урсгалд 3 автомашин ирж байсан. Тухайн машинууд өнгөрөөд яг эргэх гээд зогсож байтал араас машин ирээд мөргөсөн. Тэгээд би эхнэр Э-ыг зүгээр үү гэж асуутал зүгээр гэсэн. Би голын толиндоо хартал ард саарал өнгийн машин нилээн эвдэрэлтэй харагдсан. Би бууж очоод жолоочийг  нь зүгээр үү гэтэл би зүгээрээ гээд жолооч нь өвөр дээрээ 5 орчим насны хүүхдийг тэвэрсэн сууж байсан. Би жолоочийн хаалгыг нээж өгөөд эмнэлэг дуудсан. Тэгээд тухайн машины жолооч болон хүүхдийг замын машинд суулгаад яаралтай эмнэлэгт оч гээд явуулсан. Би 103 руу залгаад болсон зүйлийн талаар хэлээд дуудлага өгсөн. Тухайн 96-00 ГСА улсын дугаартай автомашин миний машин байгаа юм. Би тухайн машиныг 06 дугаар сарын 01-ний өдөр орж ирсэн машин 46 сая төгрөгөөр худалдаж авсан. Би маш их гомдолтой байна. Би өөрт учирсан хохирлоо яаралтай гаргуулж авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 23, 25 дугаар хуудас/,

6. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Э, Б нар нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчилгээ авсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус бүрд нь 141 480 төгрөг, нийгмийн даатгалаас гарсан ба нийт гарсан 282 960 төгрөгийн зардал, Ч 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгээр, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд, мөн оны 06 дугаар сарын 24, 26-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт тус тус эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 1 880 900 төгрөг зарцуулагдсан байна. Тухайн эмчилгээний зардлуудад Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлууд болох нийт 2 163 860 төгрөгийг нэхэмжилнэ. Эрүүл мэндийн ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 тоот дансаар эргүүлэн авна. Тухайн дансанд гүйлгээ хийхдээ утга хэсэгт ГСА Б, Э, Ч гээд гар утасны дугаараа бичиж хийнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

7. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би тухайн өдөр нөхөр Б-ийн хамт 20 цаг 06 минутын орчим Бебен Тракын Си-Ю сүлжээ дэлгүүрээс гараад бид өөрсдийн 96-00 ГСА улсын дугаартай Тоёота Харрер маркийн автомашинтай манай нөхөр жолоодоод хойноос урагш чиглэлд яваад нэргүй баатарын хөшөө рүү салдаг уулзвар луу зүүн гар тийш эргэх гээд дохиогоо өгтөл эсрэг урсгалд автомашин ирж байсан. Тухайн автомашинууд өнгөрөөд яг эргэх гээд зогсож байтал би машины зүүн талын толинд харах үед араас нэг машин хурдтай ирж байсан. Би яана аа мөргөлөө гэтэл араас ирээд маш хүчтэй мөргөсөн. Бид хоёр суудлын бүсээ бүсэлсэн байсан тул гайгүй өнгөрсөн. Тэгтэл манай нөхөр юу болов, зүгээр үү гээд машинаас буугаад явсан. Би буух гэтэл миний талын хаалга нээгдэхгүй байсан учир би жолоочийн талын хаалгаар буусан. Тэгтэл манай нөхөр нөгөө машины хаалгыг нь нээх гээд татаад зогсож байсан. Би 102, 103 руу залгаж дуудлага өгсөн. Тухайн үед нөгөө машинд хүүхэд уйлж байгаа сонсогдож байсан. Би буугаад очтол манай нөхөр тухайн машины жолооч болон хүүхдийг замын машинд суулгаад эмнэлэг рүү явуулсан байсан. Удалгүй эмнэлэг ирээд тухайн машины зорчигчийг аваад явсан. Бид хоёр гайгүй байсан учир цагдаа иртэл хүлээж байя гээд цагдаа ирсний дараа цагдаагийн машинаар эмнэлэгт хүргүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

8. Гэрч Р.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Миний хүү Д нь хүнд тусархуу, нийтэч зантай, урлаг спортын авьяастай хүү байгаа юм. Говьсүмбэр аймгийн Баянтал сумдаа 9 жилийн сургуулиа төгсөөд Суис-ийн харьяа Бадмаараг лицей сургуульд суралцаж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургуульдаа нэр хүндтэй, олон нийтийн арга хэмжээнд сайн оролцдог хүү байгаа юм. Миний хүү хааяа нэг баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Сүүлд төмөр замд ажилд ороод хааяа нэг Баянталд гэртээ ирдэг учир сүүлийн саруудад хэрэглэсэн талаар би сайн мэдэхгүй байна. Уг нь архи уусан үедээ жолоо барьдаггүй байсан. Өмнө нь ийм асуудал гаргаж байгаагүй. Миний хүү аавыгаа өнгөрсөн цагаас хойш одоог хүртэл гэр орноо авч яваа мундаг хүү байгаа юм. Бид нар Д-гийн учруулсан хохирол, төлбөрийг удахгүй төлнө. Боломжит бүх аргыг хайж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

9. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12 дугаар хуудас/,

10. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,

11. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаартай дүгнэлтэд:

- Д.Ч-гийн биед баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 39-40 дугаар хуудас/,

12. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 171 дугаартай дүгнэлтэнд:

- Ж.Б-ийн биед тархи доргилт, хүзүүний зүүн тал, дагз орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Хүзүүний зүүн тал, дагз орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

13. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 172 дугаартай дүгнэлтэнд:

- Б.Э-ын биед хүзүүний хоёр тал, дагз орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

14. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 184 дугаартай дүгнэлтэнд:

- Б.Д-ийн биед толгойн оройд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

15. Ашид-Билгүүн ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1476 дугаартай хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

16. 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 005/2024 дугаартай мөрдөгчийн магадлагааны дүгнэлт хэсэгт:

- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2. ““Зам тээврийн осол”- тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал; гэж заасан учир уг үйлдэл нь зам тээврийн осол мөн байна.

- 9265 УЕВ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б-н Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

- 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Магадлагаа гаргасан: Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Майнбаяр гэжээ. /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

            17. Шүүгдэгч Б.Д-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/

- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 83-85 дугаар хуудас/,

18. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б-ээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хас Үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 681 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Б.Д-д холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дашваанжил колонкийн орчмын засмал замд өөрийн эзэмшлийн 92-65 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас иргэн Ж.Б-ийн 96-00 ГСА улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргаж, улмаар өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан бага насны хүүхэд болох 5 настай Д.Ч-гийн биед баруун дунд чөмөгний хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,

Хохирогч Ж.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “хохиролоо хурдан барагдуулж авмаар байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Д гэм буруугийн шүүх хуралдаанд “би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Д нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дашваанжил колонкийн орчмын засмал замд өөрийн эзэмшлийн 92-65 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас иргэн Ж.Б-ийн 96-00 ГСА улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргаж, улмаар өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан бага насны хүүхэд болох 5 настай Д.Ч-гийн биед баруун дунд чөмөгний хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна гэж үзлээ.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Д нь согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Ч-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Д нь согтуурсан үедээ Тоёото Приус-20 маркийн 92-65 УЕВ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан бага насны хүүхэд болох 5 настай Д.Ч-гийн биед баруун дунд чөмөгний хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Д.Ч-гийн хууль ёсны төлөөлөгч О.Э, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б, иргэний нэхэмжлэгч Б.О, гэрч Б.Э нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 171 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 172 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 184 дугаартай дүгнэлт, Ашид-Билгүүн ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1476 дугаартай хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 005/2024 дугаартай мөрдөгчийн магадлагаа, Хас ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 681 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүйн улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Д-г автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Ч-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Д.Ч-гийн хууль ёсны төлөөлөгч О.Э нь “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байна.

Харин энэ хэрэгт Ашид-Билгүүн ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1476 дугаартай хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б-ээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хас Үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 681 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар Ж.Б-ийн эзэмшлийн Тоёота Харриер маркийн 96-00 ГСА дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийсэн. Тоёота Харриер маркийн 96-00 ГСА дугаартай тээврийн хэрэгслийн кузов болон явах эд ангийг Хас Үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 681 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлангаар үнэлсэн байх тул шүүхээс уг үнэлгээг баримтлах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол, түүний эзэмшлийн Тоёота Харриер маркийн 96-00 ГСА тээврийн хэрэгсэлд 18 530 000 төгрөг, замын зардал /вагон/ 75 000 төгрөг, толгойн компьютер 300 000 төгрөг, замын зардал /вагон/ 104900 төгрөг, машин ачлага 200 000 төгрөг, замын зардал /вагон/ 76 800 төгрөг, зогсоолын төлбөр 500 000 төгрөг, автомашины үнэлгээний төлбөр 1 230 000 төгрөг, автомашины явах эд ангийн оношилгооны төлбөр 120 000 төгрөг, замын зардал /бензин/ 100 000 төгрөг, нийт 21 236 700 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Б.Д-гийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд 9 500 000 төгрөг, шүүх хуралдааны явцад 3 500 000 төгрөг, нийт 13 000 000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул уг төлбөрийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б-д учирсан хохиролоос хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Д-гээс 8 236 700 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б-д олгох нь зүйтэй байна.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул насанд хүрээгүй хохирогч Д.Ч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б, гэрч Б.Э нарт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөр болох 2 163 860 төгрөгийг шүүгдэгч Б.Д-гээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэсд олгох нь зүйтэй гэж үзлээ.        

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх 1 жил 6 сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох саналтай байна” гэх дүгнэлтийг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Д эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “би Замын 3 дугаар ангид ажилладаг, бид нар зам засварын ажлаар явдаг. Ажлаар явдаг газар нь Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт хамаардаг. Ажил хийх нөхцөл боломжоор минь хангаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Дгийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирч байна гэж үзлээ.

Харин шүүхээс шүүгдэгч Б.Д-гээс гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан. 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Шүүгдэгч Б.Д-гийн хувьд Төмөр замын Замын 3 дугаар ангид ажилладаг, нүүдэллэн ажилладаг онцлогтой боловч түүний зорчих эрхийг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зорчихоор шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна гэж шүүхээс үзлээ. Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг түр өөрчлөх асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэхээр хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 1 жилийн хугацаанд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох нь зүйтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:                                         

            1. Шүүгдэгч Т-н овогт Б-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 1 /нэг/ жилийн хугацаанд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

           6. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Д-гээс 8 236 700 /найман сая хоёр зуун гучин зургаан мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай.

            8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гээс 2 163 860 /хоёр сая нэг зуун жаран гурван мянга найман зуун жар/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэсд олгосугай.

            9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ЭНХМАНДАХ