| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2021/00609/И |
| Дугаар | 152/ШШ2022/00144 |
| Огноо | 2022-03-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 152/ШШ2022/00144
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт С-ийн Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн х ТӨХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 597,369 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие х ТӨХК-д цалин хөлсний, үндсэн хөрөнгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Улмаар 2020 оноос Санхүүгийн албаны гэрээний мэргэжилтнээр ажиллаж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр амралтын өдөр Улаанбаатар хотод амьдардаг төрсөн ах Р нь өвчний учир гэнэт муудаж, би Улаанбаатар хот явах шаардлага гарсан тул Ерөнхий нягтлан бодогч О-т 2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой утсаар ажлын өдөр хүлээх боломжгүй байгаа тул танд мэдэгдэж байна. Та дарга нарт мэдэгдэх үү, би мэдэгдэх үү, бичгээр хандах шаардлага байгаа юу гэдгээ хэлж мэдэгдэхэд өвчин зовлон тохиолдсон учир би ойлгож байна, даргад би мэдэгдээд зохицуулна, чи явж бай гэсэн тул би Улаанбаатар хот явсан. Намайг хотод байхад чи ажил тасалж байна чамд чөлөө олгохоос татгалзсан тул ирж ажлаа хий гэж огт хэлээгүй. Би чөлөөтэй гэж бодож явтал намайг ажлаас халсан тушаал гаргасан байна. Тухайн өдөр нь амралтын өдөр байсан тул албан ёсоор бичгээр чөлөө авах өргөдөл хүсэлт гаргаж чадаагүй, албаны даргатайгаа утсаар ярьж явж байгаа талаараа хэлээд явсан. Миний хувьд эрхэлсэн ажилдаа ямар нэг алдаа дутагдал гаргаж халагдсан бол гомдол алга. Гэтэл албаны дарга О намайг хуурч чөлөө өгнө гэж итгүүлж Улаанбаатар хот явуулчхаад намайг эзгүйд ажлаас халсанд гомдолтой байна. Би санхүү албаны дарга О-т хагас сайн өдрийн орой хэлж мэдэгдээд бүтэн сайн өдрийн өглөө хот явсан. Энэ хугацаанд надад чөлөө олгохгүй гэдгээ хэлсэн бол би явахгүй байсан гэтэл даргад миний чөлөө хүссэн асуудлыг дамжуулсан эсэх нь тодорхойгүй намайг халсан. Мөн хөдөлмөрийн тухай хуульд зааснаар надад мэдэгдэхгүй ажлаас халсанд гомдолтой байна. Надад хөдөлмөрийн дотоод журам танилцуулаагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4,042,632 төгрөгийг олгож, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д-г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн. Тус хуулийн 40.1.4-д хөдөлмөрийн харилцааг дуусгах 2 нөхцөл байгаа ба уг тушаалд аль нөхцөлөөр нь Д-г ажлаас чөлөөлснийг тодорхой заагаагүй. Хариуцагч талаас хариу тайлбарыг удаа дараа гаргаж өгсөн ба ингэхдээ зарим тайлбар дээрээ ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн гэдэг, зарим тайлбартаа сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэх мэт зөрүүтэй тайлбаруудыг шүүхэд гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, цуцална гэж заасан. Ноцтой зөрчил гэдгийг УДШ-ийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4.2-д Ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүй байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан газар гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж үзэхийг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан гэж тайлбарласан. Х ТӨХК нь Д-тэй 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан боловч ноцтой зөрчил гэж нэрлэн заасан зүйл байхгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжгүй. Нэхэмжлэгчийг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг өмнө нь авч байсан гэх тайлбар гаргадаг, гэрч нарыг асуулгасан. Ц гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д-д 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг гардуулж танилцуулах гэсэн боловч Д гардаж аваагүй гэж мэдүүлсэн ба гэрчийн мэдүүлэг нь эх сурвалжаа заагаагүй тохиолдолд дангаараа нотлох баримт болох боломжгүй. Хэрэв тушаалыг гардаж авахаас татгалзсан тохиолдолд тэмдэглэл үйлдэх ёстой ба тийм тэмдэглэл хэрэгт баримтаар өгөөгүй. Хариуцагч байгууллагын тушаал, шийдвэр, захирамжийн бүртгэлийн дэвтрийн 12 дугаарт нь 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаартай тушаалын бүртгэл байгаа боловч Д-ийн гарын үсэг байгаагүй. Иймд нэхэмжлэгчийн сануулах шийтгэл оногдуулсан тушаал гарсныг шүүх хурал дээр ирээд мэдсэн, өөрт нь гардуулж өгөөгүй гэсэн тайлбар эдгээр нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үндсэн хуулиар олгосон хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа бол заавал өөрт нь мэдэгдэж гардуулах ёстой, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 120 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 6.5е-д сарын үйл ажиллагааны үр дүнгээр нь шагнал олгох журмын 4 дэх хэсэгт шагнал олгохгүй байх нөхцлүүд:
4б-Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, сахилгын арга хэмжээ авагдсан тохиолдолд гэж заасан. Гэтэл Д-ийн 2021 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх бүтэн жилийн цалингийн дэлгэрэнгүй хуулга дээр сарын үр дүнгийн шагналт цалингаа тасралтгүй авсан. Хэрэв сахилгын шийтгэл оногдуулсан тушаал гарсан бол Д сарын үр дүнгийн урамшууллаа авах боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т Сахилгын шийтгэл оногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан. Иймд давтан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч ахынхаа амбултороор эмчлүүлэгсдийн картыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба хувийн нууц гэдэг утгаараа бүх хэсгийг бус холбогдох хэсгийг нь хуулбарлаж өгсөн. Тус картад 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш эхэлж эмчилгээ хийгдсэн гэж тэмдэглээд эмчлэгч эмч гарын үсэг зурсан. Цалингийн дэлгэрэнгүй хуулга дээр үндсэн болон бусад нэмэгдлүүдийн талаар тодорхой дэлгэрэнгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний мэргэжилтэн Д-г ноцтой зөрчил гэх үндэслэлээр биш давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Д нь 2021 оны 11 дүгээр сарын 08-19 ны өдрийн хооронд нийт 10 хоног буюу 80 цагийн ажил тасалсан нь Х ТӨХК-д мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн дотоод журмын 6.5г-д заасан заалтыг зөрчиж байгаа нь тогтоогдсон тул гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/186 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн дотоод журмын 6.5г-д Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, ажлын байранд архидах, ажилдаа согтуу ирсэн, үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг тоносон, түлш, эрчим хүчийг бусдад ашиглах завших боломж олгосон, өөрөө хулгайлсан, дараалсан 3 өдөр буюу сарын дотор нийлбэр дүнгээрээ 6 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан ажилчдад ажлаас халах арга хэмжээ авна гэж заасан. Гэрээний мэргэжилтэн Д нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой Санхүү албаны дарга бөгөөд Ерөнхий ня-бо О руу ахын бие муудсан хот явах ажил гарлаа гэж ярьсан байсан. Хариуд нь албаны даргын хувьд 1 өдрийн чөлөө өгч болно. Харин олон хоногоор бол өргөдлөө бичээд хүний нөөцийн мэргэжилтэнд өгөөд зохих журмын дагуу шийдвэрлүүлээрэй гэж хэлсэн байсан. Тэгэх ч журамтай. Д нь өмнө нь энэ асуудлаар чөлөө авч байсан ба байгууллагын зүгээс цалинтай чөлөө өгөөд явуулж байсан ба чөлөө зөвшөөрөл авах журмыг Д сайн мэдэж байгаа тэрээр хэнэггүй зангийн улмаас албан ёсоор бичгээр хүсэлт өгөөгүй. Захиргаа хүний нөөцийн албаны дарга, Хүний нөөцийн мэргэжилтэн, Ерөнхий инженер, Гүйцэтгэх захирал нарт огт мэдэгдээгүй. Албадын дарга нар бол хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу нэг өдрийн чөлөө олгох эрхтэй байдаг. Д нь ажлын цаг барьдаггүй байнга ажлаа тасалдаг нь цаг бүртгэлийн системийн бүртгэлээс харагдаж байгаа. 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Д-д сахилгын шийтгэл оногдуулсан захирлын тушаалыг гардаж аваагүй гэсэн тайлбар гаргасан учраас хүний нөөцийн менежер Ц-ыг гэрчээр асуулгасан. Хөдөлмөрийн дотоод журмын 5.5-д: Захиргаа ажилтны хүсэлтээр ажлын нөхцөл байдлыг харгалзан цалинтай, цалингүй чөлөө олгож болно. Чөлөө олгох боломжтой болохыг тодорхойлсон хэлтэс, тасаг, албадын даргын тодорхойлолтыг үндэслэн компани гүйцэтгэх захирал чөлөө олгох тухай шийдвэр гаргана. Ажлын 8 цагийн чөлөөг хэлтэс, тасаг, албадын дарга олгож, түүнээс дээш хугацааны чөлөөг захирлын зөвлөлөөр оруулж шийдвэрлэх ба захирлын тушаалаар олгож үйлдвэрлэлийн ажиллагааг тасралтгүй хэвийн байхаар зохицуулна гэж заасан. Д нь 2021 оны 11 дүгээр сарын 08-аас хойш хоёр 7 хоног буюу ажлын 10 хоног ажилд ирээгүй. 2021 оны 11 дүгээр сарын 22-нд ажилд ирэхдээ чөлөө хүссэн өргөдлөө бичиж захирлын туслах, бичиг хэргийн ажилтанд өгсөн байсан. Бид хөдөө сумд болон Ховд, Баян-Өлгий салбарын ажилчдын өргөдлийг цахимаар хүлээн аваад энд түргэн шуурхай шийдвэрлэдэг. Энэ зарчмаар өгч болох л байсан. Мөн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод амьдардаг ахын бие муудсан шалтгаанаар өргөдөл бичиж өгч зохих журмын дагуу гүйцэтгэх захирлын тушаалаар 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд цалинтай чөлөө аваад явж байсан. Чөлөө ямар журмаар хэрхэн авдаг талаар мэдээлэл болоод мэдлэг хангалттай байгаа гэж бодож байна. Албаны дарга О чөлөө өгнө гэж хуурсан гэдэг асуудалд огт итгэхгүй байна. Д нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг бөгөөд үе үе олон хоногоор болон тодорхой хугацаагаар ажил тасалдаг, ажилдаа хоцорч ирдэг зэрэг алдаа дутагдал байнга гаргадаг. Мөн энэ шалтгаанаар 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/12 тоот тушаалаар ажлын цаг ашиглалт хангалтгүй, шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан байна. Энэ талаар цаг бүртгэлийн систем дээрээс тодорхой харж болно. Д нь өөрт мэдэгдэлгүй ажлаас халсан тухай нэхэмжлэлд дурдсан байна. Д-г ажлаас чөлөөлөх талаар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагт Захиргаа хүний нөөцийн албаны дарга Н нь 206 тоот өрөөнд уулзаж сонсох ажиллагааг холбогдох хууль журмын дагуу хийж гүйцэтгэсэн. Ямар алдаа дутагдал гаргасан талаар нь танилцуулж, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу халах хүртэл арга хэмжээ авна гэдгийг мэдэгдсэн болно. Нэхэмжлэгчид хөдөлмөрийн дотоод журам танилцуулсан эсэх талаар сайн мдэхгүй байна. Гэхдээ жил бүр ажилтнуудад сургалт явуулдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д нь хариуцагч Х ТӨХК-нд холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгож, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 597,369 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3,445,263 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 4,042,632 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлжээ.
Хариуцагч нь ...Д-г ажлаас халсан шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргаж байна.
Нэхэмжлэгч Д нь Х ТӨХК-ийн Санхүүгийн албаны гэрээний мэргэжилтнээр ажиллаж байгаад Х ТӨХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/186 тоот Д-г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт Хөдөлмөрийн дотоод журмын 6.5г дэх заалт, Захирлын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны 20 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Д-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба Хөдөлмөрийн дотоод журмын 6.5г дэх заалтыг үндэслэжээ.
Х ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 120 тоот тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журам мөрдөгдөж байгаа ба энэхүү дотоод журмын 2.7б-д захиргаа иргэнийг ажилд авахдаа хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээг танилцуулна гэж заасан ба байгууллагын дотоод журмыг нэхэмжлэгч Д-д танилцуулаагүй болох нь нэхэмжлэгчийн Надад хөдөлмөрийн дотоод журам танилцуулаагүй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нэхэмжлэгчид хөдөлмөрийн дотоод журам танилцуулсан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ жил бүр ажилтнуудад сургалт явуулдаг гэх тайлбар гаргасан боловч хөдөлмөрийн дотоод журам танилцуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн Нэхэмжлэгч Д-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос харахад ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх сүүлийн 3 сар буюу 2021 оны 08 дугаар сард 779,692.12 төгрөг, 2021 оны 09 дүгээр сард 1,191,871.08 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 1,097,593.71 төгрөг ба үнийн дүнгээс нэг сарын дундаж цалинг тооцоход 1,023,052 төгрөг байна. Харин 2021 оны 07 дугаар сард 1,746,501.40 төгрөг байжээ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д-г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул түүнийг Х ТӨХК-ийн Санхүүгийн албаны гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,042,632 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д-д олгож шийдвэрлэлээ.
Мөн нэхэмжлэгч Д нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгахыг хүссэн бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан тул дээрх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлөхийг хариуцагч Х ТӨХК-нд даалгав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар илүү төлсөн 18,571 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Х ТӨХК-иас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д-г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул түүнийг Х ТӨХК-ийн Санхүүгийн албаны гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,042,632 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д-д олгосугай.
2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Д-ийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагч Х ТӨХК-нд даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар илүү төлсөн 18,571 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Х ТӨХК-иас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР