| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 310/2025/00705/И |
| Дугаар | 001/ХТ2026/00098 |
| Огноо | 2026-04-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2026/00098
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн
2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 310/ШШ2026/00002 дугаар шийдвэр,
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 218/МА2026/00004 дүгээр магадлалтай,
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“ДУ” ОНӨААТҮГ-т холбогдох
Гэрээний үүрэгт 937,931,415.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У, хариуцагчийн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“Э” ХХК нь “ДУ” ОНӨААТҮГ-т холбогдуулан гэрээний үүрэгт 937,931,415.95 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 310/ШШ2026/00002 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар “ДУ” ОНӨААТҮГ-аас 784,555,013.4 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 153,376,402.4 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,847,607 төгрөгөөс 924,832 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ДУ” ОНӨААТҮГ-аас 3,922,775 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 218/МА2026/00004 дүгээр магадлалаар: Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 310/ШШ2026/00002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хариуцагчид 2025.10.03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан эрхийг тайлбарлаж, хариуцагчийн төлөөлөгч Т.М гарын үсэг зурсан байна. Эдгээр эрхэд өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрх хамаарна. Мөн 2025.11.19-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь өмгөөлөгч авах хүсэлт гаргахад нэхэмжлэгч талаас Үндсэн хуульд заасан эрхээр нь хангах нь зүйтэй гэх тайлбар гаргаж, шүүх хүсэлтийг нь хүлээн авснаар шүүх хуралдаан 33 хоногоор буюу 2025.12.22-ны өдөр хүртэл хойшилсон. Хэргийн оролцогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг шүүхээс хангасан байхад уг эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах нь үндэслэлгүй. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэмжээ хязгааргүй үргэлжлэх, сунжрах боломжийг бий болгох жишиг тогтоож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацаанд багтаж явагдах ёстой, хэн нэгнийг эрхээ хэрэгжүүлэхийг хүлээгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх боломжгүй. Хэрэв үнэхээр хууль зүйн туслалцаа авах шаардлагатай байсан бол хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд ч өмгөөлөгчтэй оролцох боломжтой байсан. Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох байтал хариуцагч талын эрх зүйн байдлаас шалтгаалан давуу эрх олгож, өмгөөлөгч авахыг нь хүлээх ёсгүй, давж заалдах шатны шүүх хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч тал гэрээний төлбөрөө авч чадалгүй хохирч байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр хэргийг анхан шатны шүүхэд буцааснаар нэхэмжлэгчийг дахин цаг хугацааны хувьд асар их хохироох нөхцөл байдлыг үүсгэж байгаад гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У-н магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.03.31-ний өдрийн 001/ШХТ2026/00370 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч “Э” ХХК нь “ДУ” ОНӨААТҮГ-т холбогдуулан гэрээний үүрэгт 937,931,415.95 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...Манай компани “ДУ” ОНӨААТҮГ-аас зарлагдсан тендерт шалгарч, 2024.09.27-ны өдөр багц гэрээ байгуулснаар хатуу түлш нүүрс нийлүүлэх болсон. Ингээд Багц №1, 2 гэрээгээр “Т” ХХК-ийн 2000 тн нүүрсийг 2024.10.01-2025.05.01-ний хооронд нийлүүлэх бөгөөд төлбөр тус бүр нь 547,800,000 төгрөг байхаар тохирсон. Багц №3, 4 гэрээгээр 1, 2 болон 3, 4 дүгээр уурын зууханд Хөөтийн 1000 тн нүүрсийг 2024.10.01-2025.05.01-ний хооронд нийлүүлэх бөгөөд төлбөр тус бүр нь 150,700,000 төгрөг байхаар тохирсон.
Гэрээний дагуу нүүрсийг зохих ёсоор, хугацаандаа нийлүүлж байсан ч хариуцагч төлбөр төлөх боломжгүй болсон тул харилцан тохиролцож нийлүүлэлтийг зогсоосон. Гэрээний тусгай нөхцөлийн 3.9-д нүүрс нийлүүлэн нэхэмжлэх, зарлагын баримт өгсөн өдрөөс хойш 10 хоногийн дотор төлбөр төлөхөөр тусгасан ч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй. Гэрээнд зааснаар алдангийн хэмжээг 0,3 хувь байхаар тохиролцсон. Иймд 306,752,805 төгрөг, 4 багц гэрээний үүрэг 631,178,611 төгрөг, нийт 937,931,416 төгрөг нэхэмжилнэ.” гэж тайлбарласан.
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, “...Манай байгууллага санхүүгийн тайлангаар 2023 онд 1,682,373.3 төгрөг, 2024 онд 1,666,440.9 төгрөг, 2025 оны 2-р улирлаар 1,567,572.7 төгрөгийн алдагдалтай ажилласан бөгөөд үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөж чаддаггүй, өр төлбөр үүсдэг тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс үндсэн төлбөр болох 631,178,611 төгрөгийг төлж барагдуулна, алдангийг төлөх боломжгүй...” гэж маргасан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 784,555,013.4 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо; “…талуудын байгуулсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөрийг талууд тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан, гэрээний хугацаа 2025.05.01-ний өдрөөр дуусгавар болсон талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч 4 багц гэрээний үндсэн төлбөрийг шаардах эрхтэй, гэрээнд алданги төлөхөөр тохиролцсон тул алдангийг 50 хувиар багасгаж 153,376,405.4 төгрөгийг гаргуулах нь зүйтэй...” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан үндэслэлдээ “…хариуцагч талын өмгөөлөгч авах хүсэлтийг эхний удаа хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан ч уг хугацаанд хариуцагч төлбөрийн асуудлаас шалтгаалан өмгөөлөгчтэй гэрээ байгуулж чадаагүй тул хоёр дахь удаагаа шүүх хуралдаан хойшлуулах тухай гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжүүлсэн нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны уг зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй, өмгөөлүүлэх эрхийг зөвхөн өмгөөлөгч авах хэлбэрээр хязгаарлахгүй…” гэсэн дүгнэлт хийжээ.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцдог.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.3-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.
12.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн төлөөлөгч Т.М 2025.11.19-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2025.12.22-ны өдөр хүртэл хойшлуулсан. Ийнхүү хариуцагчид өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх хангалттай боломжит хугацааг шүүхээс олгожээ.
Гэвч 2025.12.22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч тал өмнөх үндэслэлээр буюу өмгөөлөгч авах үндэслэлээр дахин шүүх хуралдаан хойшлуулахыг хүссэн боловч уг хүсэлтийг анхан шатны шүүх хангалгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.
13.Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн өмгөөлөгч авах эрхийг нэгэнт хангаж, энэ талаар боломжит хугацаа олгосон байтал уг эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй юм.
14.Иймд анхан шатны шүүхийг хэргийн оролцогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцээгүй, магадлалын энэ үндэслэл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
15.Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, анхан шатны шүүхийн шийдлийн хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй байх тул хяналтын шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх боломжгүй.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 218/МА2026/00004 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч тал 2026.02.23-ны өдөр 4,080,725 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН