Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0496/3 |
Дугаар | 128/ШШ2019/0616 |
Огноо | 2019-09-26 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2019/0616
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М-ийн 2018 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн 18006000786 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Ж*******, хариуцагч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "М" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: " “М” ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тус цагаас хойш Татварын хуульд заасны дагуу албан татварыг тайлант хугацаанд цаг тухай бүрт үнэн зөв мэдүүлж, ямар нэгэн зөрчил татварын өр, алданги тооцуулж байгаагүй болно.
Гэтэл Баянзүрх дүүргийн татварын байцаагч нь үндэслэлгүйгээр хууль зөрчиж. манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан №1806000786 дугаар шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна.
1/Тус шийтгэлийн хуудсанд гомдол гаргагч Б овогтой Г орон сууцны борлуулалтад төлсөн 55,873,000 төгрөгт төлбөрийн баримт олгоогүй гэх зөрчлийн тухайд:
Б.Г-ын орон сууцны тухайд анх 2012 онд өдөр Бор овогтой Х нь “И” ХХК-иас урьдчилгаа төлөн худалдан авсан буюу Б.Хын өмчлөлийн байр юм. Энэ тухай “И” ХХК нь өөрийн санхүүгийн тайланд I тусган холбогдох татварын албанд тайлагдсан байдаг.
Тухайн үед Б.Х нь орон сууцны зээлэнд хамрагдахад төрсөн дүү болох Б.Г нь хамтран зээлдэгч болсон байдаг.
Ийнхүү орон сууцны үлдэгдэл төлбөр болох 51,200,000 сая төгрөгийг Б.Х нь 2017 оны 05 сард төлөхдөө өөрийн дүү Б.Г-ын нэрээр банкны зээлтэй холбоотойгоор “М” ХХК-ийн дансаар шилжүүлэхийг хүссэнийг зөвшөөрч, нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох буюу е-баримтанд хамаарах хугацааны төлбөрийн баримтыг Б.Хт олгосон.
2/ Тус гомдолд мөн дурдагдсан Д.О-ийн орон сууцны төлбөрт төлсөн I 71,325,000 төгрөгт төлбөрийн баримт өгөөгүй гэх зөрчлийн тухайд:
Д.О нь 2016 онд “М” ХХК-ийн борлуулсан орон сууцнаас худалдан авалт хийсэн бөгөөд энэ худалдан авалтыг компанийн санхүүгийн тайланд тусган татварын албанд тайлагнасан болно.
Тухайн үед Д.О нь төлбөрийн баримт аваагүй бөгөөд 2017 оны 06 сард ирж, “орон сууц худалдан авсны татварын буцаалтад ормоор байна тиймээс баримт гаргаж өгөөчээ” гэж хүссэний дагуу манай компани 2017 оны 06 сард нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох хугацааны е-баримт буюу төлбөрийн баримтыг гаргаж өгсөн.
Харин Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Б.М нь 2018 оны 03 сард компанируу холбогдон ‘‘Д.О-д олгосон баримт болохгүй байна сугалааны баримтаа 2018 оны 03 сараар гаргаад өг, өмнөх 2017 оны 06 сарын баримтаа устгачих” гэсний дагуу бид байцаагчийн хэлснээр Д.О-д 2017 оны 06 сард өгсөн төлбөрийн баримтаа устган 2018 оны 03 сард дахин шинэ баримт гаргаж өгсөн.
Гэтэл Баянзүрх дүүргийн татварын байцаагч нь сүүлд гаргаж өгсөн баримтыг Д.О хүлээн зөвшөөрөхгүй байна хэмээн мэдэгдэж, үндэслэлгүйгээр 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №1806000786 дугаар шийтгэлийн хуудсыг бичиж, шуудангаар хүргүүлснийг манай компанийн 2018 оны 04 сарын 11-ны өдөр хүлээн авсан.
Тиймээс Б.Г-д орон сууцны борлуулалтад төлсөн гэх 55,873,000 төгрөгт төлбөрийн баримт олгох үндэслэл байхгүй ба Б.Х-т төлбөрийн баримт олгосон, мөн Д.О-д е-баримт олгосоор байтал манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, торгууль тавьсан нь хууль бус байна.
Нөгөөтээгүүр Татварын байцаагч нь манай компанийг Зөрлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл.Татварын ерөнхий хууль зөрчих 12-т "Үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд нь бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, эсхүл олгохоос татгалзсан, эсхүл үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон тохиолдолд: ” -д заасан зөрчил үйлдсэн гэж үзэн, Татварын ерөнхий 11.1-т "Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй ” гэж заасныг татварын байцаагч үндэслэн 2016 онд төлбөрийн баримт олгоогүй гэж хөөн хэлэлцэх хугацааг тооцож шийтгэлийн хуудас бичсэн.
Гэтэл Татварын хуулийн 11.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөхтэй холбоотойгоор хэрэгжих хугацаа бөгөөд манай компанийг Зөрчлийн хуулийн 11.19.12-т заасан 12-т үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд нь бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, эсхүл олгохоос татгалзсан, эсхүл үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон тохиолдолд” гэх зөрчлийг үйлдсэн үзэж байгаа тохиолдолд дээрх Татварын хуулийн хөөн хэлэлцэх хугацаа хэрэгжих боломжгүй нь тодорхой байна.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 1 -т “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй: 1.1.энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн: З.Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно. ” гэж заасны дагуу 2016 он, 2017 оны 06 сард е-баримт буюу төлбөрийн баримт олгоогүй гэх зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Ийнхүү Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Б.М нь манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй байхад, хууль зөрчиж, эрх мэдлээ урвуулан, танил талдаа давуу байдал олгосон байж болзошгүй бөгөөд татварын тайлант хугацаанд татвараа төлж ирсэн манай компанийг үндэслэлгүйгээр татварын торгуулийн өрөнд оруулж байгаа нь хууль бус байна.
Мөн Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйл. Татвар төлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх 72.1.Татварын алба болон татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэхээс бусад асуудлаар гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараахь харьяаллаар гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу Татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу гаргасан Шиийтгэлийн хуудас байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйл.Зөрчил хянан шийдвэрлэх шүүх 2,3ахиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6,12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ. ” гэж заасны дагуу шууд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байгаа болно.
Иймд Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Б.М-ийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн №1806000786 тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү." гэжээ.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М миний бие 2018 оны 02 сарын 14-ний өдөр 1806000786 тоот хэргийн дугаартай “М” ХХК-д холбогдох хэргийг шалгаад дараах нөхцөл байдал тогтоогдсон. 2018 оны 02 сарын 14-ний өдөр хохирогч нараас ирсэн гомдлыг үндэслэн холбогдогч М ХХК-ний гүйцэтгэх захирал О.Х-г харилцаа холбооны сүлжээгээр дуудсан. Гэвч тус компанийн нягтлан бодогч Д овогтой Т /РД *******/ төлөөлөн ирсэн болно. Нягтлан бодогч Д.Т-аас мэдүүлэг авахад М ХХК-ний зүгээс гаргасан зөрчил байхгүй хэмээн мэдүүлэг өгсөн. Иймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дагуу зөрчил үйлдсэн нь ил тодорхой бус шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах шаардлагатай болсон тул 2018 оны 02 сарын 14-нд зөрчлийн хэрэг нээв.
1. 2018 оны 02 сарын 26-ний өдөр хохирогч Д овогтой О /РД....../ мэдүүлэг авсан. Хохирогч Д.О нь 2016 онд М ХХК-тай Баянзүрх дүүргийн 16 хороо, 16 хороололд 77 айлын орон сууцнаас 47,55 м2 6 давхарын Ё тоотыг захиалгаар бариулах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр болох 40,000,000 төгрөгийн 32,400,000 төгрөгийг 2016 оны 12 сарын 06 нд М 1ХХК-НЫ захирал Оын Хаан банкны 5 тоот дансанд, үлдэгдэл 7600,000 төгрөгийг Хаан банкны 5007650149 төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 3төгрөгийг М ХХК-ны Улаанбаатар хотын 2******* 2017 тоот дансанд 2017 оны 02 сарын 07- 1нд төлж барагдуулсан байна. Хохирогч Д.О-ийн 2018 оны 02 сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн холбогдогч М ХХК-тай байгуулсан 1/39 тоот гэрээ, урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн баримтад /Хохирогч О******* нь 2017 онд орон сууц худалдан авахад төлбөрийн баримт авдаг талаар мэдээлэл хомс байсан учраас 2018 оны 02 сард холбогдогчоос нэхэхэд холбогдогч тал хохирогч иргэн Д.О-д 2017 оны 06 сарын 30-ны өдрийн 31,325,000 төгрөгийн үнийн дүнтэй 2026503530 тоот дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааны зургийг дарж хэвлэн хүлээлгэн өгсөн хэмээн мэдүүлсэн бөгөөд уг хэвлэн өгсөн баримтыг хохирогч иргэн нотлох баримт болгон зөрчлийн хэрэгт хавсарган оруулсан. 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр холбогдогч талын захирал О.Х-г мэдүүлэг өгөхөөр харилцаа холбооны мэдээллээр дамжуулан дуудуулсан боловч О.Х нь хагалгаанд орж байна очих боломжгүй тул нягтлан бодогч Д.Т-ыг өөрийн бие төлөөллөөр ирүүлсэн. Нягтлан бодогч Д.Таас мэдүүлэг авахад тус компанид 2017 оны 9 дүгээр сараас нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаа бөгөөд Д.О-д зөрчилгүй баримт гарган өгсөн. Уг баримт нь татварын тайлан тооцоонд тусгагдсан, еBarimt.mn програмд бүртгэлтэй байгаа хэмээн мэдүүлэг өгсөн. Холбогдогч талын гүйцэтгэх захирал О.Х 3 удаа оршин суугаа хаяг болох Баянзүрх дүүрэг 18 хороо, шинэ зуух хотхон гудамж, 24в байр, 23 тоот хаягт Баянзүрх дүүргийн 51-р шуудангийн хэсгээр гурван удаа мэдэгдэл хүргүүлэн дуудан Баянзүрх дүүргийн 16 хороонд байрлах ажлын байранд 4 удаа очиж мэдүүлэг авах гэсэн боловч хаалттай байсан. 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр өөрийн биеэр ирж мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлгээр хохирогч иргэн Д.О-ийн захиалсан байр 2016 оны 12 дугаар сард ашиглалтанд орсон , 2018 оны 1 дүгээр сард баримт олгосон хэмээн мэдүүлэг өгсөн. Хохирогч Д.О-ийн гаргасан гомдлын дагуу бусад нотлох баримтыг цуглуулан шалгаж үзэхэд М ХХК-ны иргэн Д.О-д хэвлэн өгсөн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч буюу хувь хүнд гаргасан баримттай таарахгүй байгаа бөгөөд нь уг баримт дээр Сугалааны дугаар болон НӨАТ-ын төлбөрийн баримтын ДДТД буюу дахин давтагдашгүй төлбөрийн дугаар байхгүй байгаа юм. Иймд баримтыг иргэн баталгаажуулан урамшуулал авах боломжгүй юм. Хохирогч иргэнд хэвлэн өгсөн төлбөрийн баримтыг Гааль Татвар Санхүүгийн Мэдээлэл Технологийн Улсын Үйлдвэрийн Газраас Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт ашиглуулахаар эрхийг нь өгсөн Татварын албаны төлбөрийн баримт шалгах ebarimt.mn программ болон хөндлөнгийн мэдээлэл хариуцсан татварын улсын байцаагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажлын хүрээнд хөндлөнгийн мэдээлэл аван шалгахад 2017 оны 06 сард хэвлэгдсэн баримтын тоо 0 буюу байхгүй байсан бөгөөд тухайн сарын НӨАТ-ын тайланд орлого тусгагдаагүй байна. Холбогдогч М ХХК-ны 2016, 2017 онд хэвлэгдэн гарсан төлбөрийн баримтуудыг төлбөрийн баримт харах эрхтэй ebarimt.mn программаар шалгаж үзэхэд тус компани нь 2016, 2017 онд 346,126,325.6 төгрөгийн цэвэр үнийн дүнтэй 14 ширхэг баримт хэвлэсэн бөгөөд 9 ширхэг баримт нь аж ахуйн нэгж рүү шивэгдэн, үлдсэн 5 баримт нь хувь хүнд олгогдон баталгаажсан байна. Уг баталгаажсан 5 баримт нь Г.Б, Д.Г, Г.С, М.О, Г.С гэх 5 иргэн баталгаажсан байсан ба Д.О дээр баталгаажсан болон худалдан авагч тодорхой бус бизнес эрхлэгчийн баримт буюу 1 000 000 регистрийн дугаартай баримт байхгүй байна. Иймд хохирогч иргэний төлсөн нийт төлбөр болох 71,325,000 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй байгаа нь ebarimt.mn програм, хөндлөнгийн мэдээллийн программаар нотлогдож байгаа уг баримтуудыг зөрчлийн хэрэгт хэвлэн хавсаргав. 2018 оны 03 сарын 07-нд Холбогдогч тал болох М ХХК нь зөрчлийн хэрэг нээгдэн шалгагдах явцад хохирогч иргэн Д.О-д ВВ65828457 сугалааны дугаартай 31,325,000 мянган төгрөгийн үнийн дүнтэй төлбөрийн баримтыг нөхөж гаргаж өгсөн ба хохирогчийн 2016 онд төлсөн урьдчилгаа төлбөр болох 40,000,000 төргөгт баримт гаргаж өгөөгүй байна. Холбогдогч талын гаргасан гомдолд 2017 оны 06 дугаар сард гаргасан баримтаа устган 2018 оны 03 дугаар сард гарган өгсөн гэж байгаа нь үндэслэлгүй юм. М ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 03-нд илгээсэн тайланд орлого огт байгаагүй бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 08-нд уг тайлангаа засварлан илгээхдээ орлогоо нэмж мэдүүлэн илгээсэн байсан. Уг орлого нь татварын тайланд тусгагдан орсон боловч еbarimt.mn буюу төлбөрийн баримтын нэгдсэн системд баримтаа шивээгүй байсан. Иймээс шивсэн баримтаа устгасан гэдэг үндэслэлгүй болно. Мөн еbarimt.mn программд хувь хүн буюу иргэнд хэвлэгдэн гарсан баримт нь Гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн улсын үйлдвэрийн газарт албан бичиг өгснөөр устгагддаг, байцаагч болон байгууллагын зүгээс устгах боломжгүй баримт байдаг.
Миний зүгээс тус компанид хохирогчид баримтыг нөхөн гаргаж өгөхийг шаардсаны дагуу 2018 оны 3 дугаар сард баримтыг нөхөн гаргаж өгсөн болно. Уг шийтгэлийн хуудсаар татварын тайлангийн орлогыг дутуу тусгасан гэж торгууль тавиагүй Зөрчлийн тухай” хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн “Үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд нь бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, эсхүл олгохоос татгалзсан, эсхүл үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон тохиолдолд: 12.1. бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувь; гэсэн үндэслэлээр торгууль тавьсан. 2018 оны 03 сард олгосон баримтыг хүлээн зөвшөөрөөгүй гэж торгууль тавиагүй бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 -т зааснаар: Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 17.3.1.албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ; 17.3.2.бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно; 17.3.3.хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ; гэсэн заалтыг биелүүлээгүйн үүднээс торгууль тавьсан болно.
2. 2018 оны 02 сарын 08-ны өдөр хохирогч Б овогтой Г нь холбогдогч М ХХК-аас 2017 онд худалдан авсан Баянзүрх дүүргийн 16 хороо, 16 хороолол, Дандарбаатарын гудамж 48в байр, ******* тоот орон сууцанд төлсөн төлбөрт баримт олгоогүй талаар гомдол ирүүлсэн. Уг гомдлын дагуу хэргийг шалган үзэхэд хохирогч иргэн Б овогтой Г төрсөн эгч Б овогтой Х нь 2012 онд И ХХК-аас Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах орон сууцнаас 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1/22 дугаартай захиалгын гэрээгээр 49.29 м2 байрны захиалга өгсөн байна. Уг гэрээний урьдчилгаа төлбөр болох §17,750,000 төргөрийг гэрээ хийх үед төлсөн байна. /нотлох баримтын эх үүсвэр: IХохирогч болон холбогдогч нараас ирсэн 2012 оны 10 сарын 10-ны 1/22 тоот гэрээ/ Захиалга өгсөн байр нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд гэрээний нэг тал болох И ХХК нь иргэн Б.Х-ын захиалсан байрыг зарж борлуулан өөр иргэний өмчлөлд шилжүүлсэн байна....” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, талуудаас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр гомдол гаргагч “М” ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Уг зөрчлийн хэрэгт хохирогч Д.О-ийн 2018 оны 02 сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг болон 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “М” ХХК-тай байгуулсан 1/39 тоот гэрээ, урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн баримтуудаас үзвэл Д.О нь 2016 онд “М” ХХК-тай Баянзүрх дүүргийн 16 хороо, 16 хороололд 77 айлын орон сууцнаас 47,55 м2 6 давхрын Ё тоотыг захиалгаар бариулах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр 40 000 000 төгрөгийн 32 400 000 төгрөгийг 2016 оны 12 сарын 06 ны өдөр “М” ХХК-ийн захирал О.Хын Хаан банкны 5 тоот дансанд, 7 600 000 төгрөгийг Хаан банкны 5007650149 дансанд, 31 325 000 төгрөгийг “М” ХХК-ийн Улаанбаатар хотын банкны 2******* тоот дансанд 2017 оны 02 сарын 07-ны өдөр тус тус төлж барагдуулжээ.
Д.О нь дээрхи орон сууцыг худалдан авсан талаар төлбөрийн баримтыг 2018 оны 02 дугаар сард холбогдогчоос нэхэхэд Д.О-д 2017 оны 06 сарын 30-ны өдрийн 31,325,000 төгрөгийн үнийн дүнтэй 2026503530 тоот дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан өгсөн гэх боловч уг баримт нь тус компаниас Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч буюу хувь хүнд гаргасан баримттай таарахгүй, сугалааны дугаар болон дахин давтагдашгүй төлбөрийн дугааргүй болох нь оffice.ebarimt.mn программ болон хөндлөнгийн мэдээлэл хариуцсан татварын улсын байцаагчаас мэдээлэл авч шалгахад 2017 оны 06 дугаар сард хэвлэгдсэн баримтын тоо 0 буюу байхгүй байсан бөгөөд тухайн сарын НӨАТ-ын тайланд орлого тусгагдаагүй байжээ.
Дээр дурдсан программаар шалгахад “М” ХХК нь 2016, 2017 онд 346 126 325.6 төгрөгийн үнийн дүнтэй 14 ширхэг баримтаас 5-ыг хувь хүнд олгосон боловч иргэн Д.О-ийн нэр дээр баталгаажсан болон худалдан авагч тодорхой бус бизнес эрхлэгчийн баримт буюу 1000000 регистрийн дугаартай баримт байгаагүй, Д.О-ийн төлсөн нийт төлбөр болох 71,325,000 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй нь тогтоогдсон байна.
Түүнчлэн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “М” ХХК нь зөрчлийн хэрэгт шалгагдах явцдаа иргэн Д.О-д ВВ65828457 сугалааны дугаартай 31,325,000 мянган төгрөгийн үнийн дүнтэй төлбөрийн баримтыг нөхөж гаргаж өгсөн боловч түүний 2016 онд төлсөн урьдчилгаа төлбөр болох 40,000,000 төгрөгт баримт гаргаж өгөөгүй байна.
Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд нь бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, эсхүл олгохоос татгалзсан, эсхүл үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон тохиолдолд” мөн зүйлийн 12.1-д “бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувь”-иар тооцон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д зааснаар “Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ”, 17.3.1-д “албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ; 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, 17.3.3-д “хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ” гэсэн заалтыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
2. 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Б.Г нь “М” ХХК-иас 2017 онд худалдан авсан Баянзүрх дүүргийн 16 хороо, 16 хороолол, Дандарбаатарын гудамж 48в байр, ******* тоот орон сууцанд төлсөн төлбөрт баримт олгоогүй талаар гомдол ирүүлжээ.
Иргэн Б.Г-ын төрсөн эгч Б.Х нь “И” ХХК-иас орон сууц худалдан авахаар 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1/22 дугаартай захиалгын гэрээ байгуулан 49.29 м2 байрны урьдчилгаа төлбөрт 17,750,000 төгрөгийг төлсөн байна
Уг захиалга өгсөн байр нь 2014 онд ашиглалтанд орсон боловч “И” ХХК нь иргэн Б.Хын захиалсан байрыг өөр иргэний өмчлөлд шилжүүлсэн тул захиалагч Б.Х нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талууд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан, уг гэрээнд “И” ХХК нь 2016 оны 4-р улиралд багтаан ашиглалтанд орох өөрсдийн барьсан байрнаас 49.29 м2 байрыг 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/22 дугаар гэрээний үнээр зарах бөгөөд 1.5 м2 хэлбэлзлийн зөрүүг дээрх гэрээний үнээр борлуулна гэж тусгасан байна.
Уг эвлэрлийн гэрээнд заасан нөхцөл шаардлагын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 2017/27 тоот дугаартай Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар ашиглалтанд орсон Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд баригдсан 77 айлын орон сууцнаас захиалагч иргэн Б.Х-ын төрсөн дүү Б.Г-д Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 хороо, 16 хороолол, Дандарбаатарын гудамж, ******* байр, ******* тоот 59.24 м2 байрыг хүлээлгэн өгсөн байна.
Талууд уг байранд 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 77-17/06 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа 49.29 м2 нь 2012 оны захиалгын гэрээний үнийн дүнгээр, үлдэгдэл 9.95 м2-ыг 1 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцжээ.
Захиалагч иргэн Б овогтой Г нь урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 4,360,000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бэлэн мөнгөөр, 10,000,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “М” ХХК-ийн Голомт банкны 1245102640 тоот дансанд, 41,200,000 төгрөгийг Голомт банкны ипотекийн гэрээгээр 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “М” ХХК-ийн Худалдаа хөгжпийн банкны 2******* тоот дансанд шилжүүлсэн.
Өөрөөр хэлбэл Б.Г-с байрны үнийн дүнг бүрэн төлж дууссаны дараа 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Ү-22******* тоот гэрчилгээний дугаартай орон сууц иргэн Г*******ын өмчлөлд шилжсэн болох нь тус тус тогтоогдож байна.
“М” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Х-с “хохирогчийн худалдан авсан байрны орлого нь 2014 оны тайланд бүрэн тусгагдан орсон, 2015 оны ил тодын тайлан өгсөн тул баримт олгох боломжгүй” гэж тайлбарлан улмаар зөрчил шалган шийдвэрлэх хугацаанд буюу 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зөрүү м2 талбайд 14,580,000 төгрөгийн үнийн дүнтэй баримтыг нөхөж олгосны тухайд,
2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 2017/27 дугаар Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актын 1.7-д Баянзүрх дүүргийн 16 хороо, И констракшн ХХК-ийн 11 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 77 айлын орон сууцны барилга байгууламжийг МW 05/2013 дугаартай зураг төслөөр 2015 оны 06 дугаар сараас барьж эхэлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барьж дуусгасан гэсэн байна.
2006 онд батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна”, 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг импортолсон буюу экспортолсон, түүнчлэн борлуулсан тухай бүрт”, 8.1.2-т “барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтанд орлогыг хүлээн зөвшөөрнө” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл 2015 оны 06 дугаар сараас барьж эхэлсэн дуусаагүй барилгад 2014 онд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзвэл дуусаагүй барилга 2015 оны ил тодын тайланд тусгагдсан байх боломжгүй.
Түүнчлэн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/22 дугаартай гэрээний дагуу иргэн Б.Х-д шилжүүлэн өгөх ёстой байсан орон сууц нь өөр иргэний өмчлөлд шилжсэн, уг гэрээний дагуу орсон орлого нь 2017 онд иргэн Б.Г-д худалдсан орон сууцанд хамааралгүй юм.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрд албан татвар ногдуулах хугацааг доор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно”, 10.2.1-д “борлуулагч бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр”; 10.2.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулж төлбөрийн баримт үйлдсэн өдөр”, 10.2.3-д “бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан өдөр” хэмээх заалтыг үндэслэн холбогдогч “М” ХХК нь хохирогчийн төлбөр төлсөн тайлант саруудад нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан төлбөрийн баримт олгох үүрэгтэй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр иргэн Б.Г-д “М” ХХК нь төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын улсын байцаагч Б.М-ийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1806000786 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй гэж шүүх үзсэн болно.
Нэхэмжлэгч нь 2016 оны 12 сард тайлагнасан орлого 3 409 205.09, нөхөн ногдуулах орлого 36,363,636.36, нийт 39,772,841.45, 2017 оны 2 дугаар сард нөхөн ногдуулсан орлого 28,477,272.73 төгрөг, 2017 оны 4 дүгээр сард нөхөн ногдуулсан орлого 3,963,636.36 төгрөг, 2017 оны 5 сард нөхөн ногдуулсан орлого 46,545,454.55 төгрөгийн тус тус 2 хувиар тооцож торгуулийн хэмжээг тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч хариуцагч уг торгуулийн хэмжээг тооцож гаргахдаа нэхэмжлэгч компанийн өөрийнх нь зүгээс татварын албанд гаргаж ирүүлсэн албан татварын тайланг үндэслэж гаргасан байх тул хариуцагч татварын байцаагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас “Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Б.М-ийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1806000786 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН