Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 124

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл   

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нэргүй

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар  

шүүгдэгч А.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батхаан овогт Алтангэрэлийн Баттулгад холбогдох 201519000399 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 12-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

1. Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

2. Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

3. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №163/а тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Батхаан овогт Алтангэрэлийн Баттулга, /РД:ЙЕ84021312/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Баттулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, догшин авирлан 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт байрлах 33 дугаар байрны гадна иргэн Д.Нармандахыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

            Шүүгдэгч А.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалт болон өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 259 тоот дүгнэлт: Д.Нармандахын биед тархи доргилт, баруун нүдний ухархай яс, хамрын ясанд хугарал, хамрын таславчинд мурийлт, дээд уруулын салстад шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Нармандах мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Барилгын 33 дугаар байр 1-5 тоотод эхнэрийнхээ хамт байсан. Унтахын өмнө тамхи татах гээд гэрээсээ гараад байрны үүдэнд байж байтал үүдний шатан дээр зогсож байсан залуу гэнэт босож ирээд үгийн зөрүүгүй цамцнаас заамдаад нүүр рүү гараараа цохисон. Би тэр залууд цохиулаад шатны хажуу тал руу унасан. Тэгээд унаснаас хойш нуруу болон гэдэс рүү өшиглөөд би ухаан алдсан. Намайг ухаан алдсаны дараа манай эхнэр гарч ирсэн чинь намайг зодсон залуу зугтаагаад явчихсан. Би ухаан орж эхнэрээрээ туслуулаад гэртээ орж маргааш нь цагдаад мэдэгдсэн. Намайг Баттулга зодсон. Би тухайн үед тэр залуугийн царайг нь сайн харж аваад сүүлд хүмүүсээс ийм хүн таних уу гэж асуусан чинь Алтангэрэлийн Баттулга хоч нь перкис гэж байсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн харилцаа холбоо гэх зүйл байхгүй, юу ч хэлэлгүй сууж байснаа босч ирээд зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

            Гэрч Б.Цэрэндулам мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би нөхөр Нармандахтай гэртээ байсан. Орой унтаж гэтэл манай нөхөр Нармандах тамхи татлаа гэж гарсан. Манай нөхөр орж ирэхгүй байхаар нь хувцасаа өмсөөд гартал нэг залуу зодож байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор хэн байсныг мэдээгүй. Би нөхөрөө босгож, гэртээ өргөж оруулаад цусыг нь цэвэрлэж, нүүрэн дээр нь жин тавьж өгсөн. Намхан биетэй шар царайтай залуу байсан. Тэр залуу хөл дээрээ тогтохгүй согтуу байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

 

             Шинжээч Э.Дэлгэрхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Дээрх гэмтэл нь хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг учрал гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна....гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

 

2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 312 тоот Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж.../хх-ийн 142-143 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Баттулга нь ялтай байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, догшин авирлан 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт байрлах 33 дугаар байрны гадна иргэн Д.Нармандахыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Нармандахын.... “унтахын өмнө тамхи татах гээд гэрээсээ гараад байрны үүдэнд байж байтал үүдний шатан дээр зогсож байсан залуу гэнэт босож ирээд үгийн зөрүүгүй саарал цамцнаас заамдаад нүүр рүү гараараа цохисон. Би тэр залууд цохиулаад шатны хажуу тал руу унасан. Тэгээд унаснаас хойш нуруу болон гэдэс рүү өшиглөөд би ухаан алдсан. Намайг ухаан алдсаны дараа манай эхнэр гарч ирсэн чинь намайг зодсон залуу зугтаагаад явчихсан. Би ухаан орж эхнэрээрээ туслуулаад гэртээ орж маргааш нь цагдаад мэдэгдсэн”...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч Б.Цэрэндуламын.... “манай нөхөр орж ирэхгүй байхаар нь хувцасаа өмсөөд гартал нэг залуу зодож байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор хэн байсныг мэдээгүй. Би нөхөрөө босгож, гэртээ өргөж оруулаад цусыг нь цэвэрлэж, нүүрэн дээр нь жин тавьж өгсөн. Намхан биетэй шар царайтай залуу байсан”... /хх-ийн 17/, шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 259 тоот дүгнэлт, шинжээч Э.Дэлгэрхүүгийн... “хэрэг учрал гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна”...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/ дүгнэлт, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 312 тоот Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон шүүгдэгч А.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр А.Баттулгад ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан бол гурваас дээш, таван жил хүртэл хорих ял оногдуулах ял шийтгэнэ гэж заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.             

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дахь хэсэгт зааснаар ялтай байх хугацаандаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баттулгын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Батхаан овогт Алтангэрэлийн Баттулгыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баттулгыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Баттулгад оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

 4 .Ялтан А.Баттулгын цагдан хоригдсон 99 хоногийг эдлэх ялд оролцуулан тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, ялтан А.Баттулга нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж А.Баттулгад  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ