Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/1351

 

    2020            10            27                                       2020/ДШМ/1351                              

 

 

Ө.Рд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Чимэдцэеэ,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/2958 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Чимэдцэеэгийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 95 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ө.Рд холбогдох эрүүгийн 2006 01338 1746 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Ө.Р, 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Улаанбаатар төмөр зам” ХНН-д машинист ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн .................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;

            Ө.Р нь 2020 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дүүргийн нэгдсэн эмнэлгийн ард Г.Ттэй маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.Ргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжлэн судалсан нотлох баримтуудаас  үзэхэд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэж үзэж, хохирогч Г.Т, гэрч Я.Н , Г.Э , Б.Г  нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Ө.Р, гэрч М.М , Д.Б нар нь бүлэглэн нийтийн хэв журам болох олон нийтийн амгалан тайван байдал, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал зэрэгт, мөн олон нийтийн аюулгүй байдал болох Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмчлөх эрхэд халдсан байж болзошгүй тул Ө.Р, М.Мө , Д.Б нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгахдаа Ө.Р, М.М , Д.Б нарт үүссэн зөрчлийн хэрэг, мөн 2006 03114 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг нэгтгэн шалгах нь зүйтэй бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ. Иймд Ө.Рд холбогдох эрүүгийн хэргийг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-ний хамт Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, Ө.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор С.Чимэдцэеэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын зүгээс Ө.Р нь Г.Ттэй маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж Г.Тгийн биед хамрын нуруунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар яллагдагч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтооход хангалттай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдсэн.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа” гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц эсвэл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзэх нь зүйтэй.

            Хавтас хэрэгт авагдсан хохирогч Г.Т, гэрч Г.Э , Б.Г , М.М , Д.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболдын 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2942 дугаартай дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, сиди зэргээр яллагдагч Ө.Р нь хохирогч Г.Ттэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, хамар тус газар нь гараараа цохисны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол нэг удаагийн үйлчлэлээр учирсан болох нь тогтоогддог.

            Түүнчлэн хохирогч Г.Тгийн алдсан гэх бугуйн цагийг Ө.Р авсан нь тогтоогдоогүй. Уг бугуйн цагийг хэзээ, хэрхэн авсан болох нь эргэлзээтэй буюу уг цагийг анх худалдаж авсан гэх гэрч Б.Ганхуяг нь хэд хэдэн удаа мэдүүлэхдээ зөрүүтэй мэдүүлдэг. Түүний ХБНГУ-д байсан гэх хугацаанд Монгол Улсын хилээр нэвтэрсэн болон гарсан лавлагаа авагдаагүй зэрэг нөхцөл байдлаас уг бугуйн цагийн үнэлгээ ч эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдлыг үүсгэсэн учраас тусад нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах нь зүйтэй гэж үзсэн. Шүүхээс хэргийг буцаасан гол үндэслэл нь дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох гэжээ. Нийтийн хэв журам гэж гудамж талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг зөрчсөн гэж ойлгох ба олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинж нь бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийн хүчин чадалтай, зориг зүрхтэй, бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх явдал бөгөөд хэргийн хувьд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дүүргийн нэгдсэн эмнэлгийн ард 02 цагийн үед болсон боловч яллагдагч Ө.Р нь хохирогч Г.Ттэй маргалдсан. Ийнхүү маргалдах болсон шалтгаанд хохирогчийн буруутай үйл ажиллагаа буюу бусдыг басамжлан харьцсан нь нөлөөлсөн байдаг. Улмаар Ө.Р нь түүнд хүч хэрэглэн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогддог. Харин Ө.Р, М.М, Д.Бнар бүлэглэн бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийн хүчин чадалтай, зориг зүрхтэй, бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх санаа зорилго агуулсан үйлдэл биш тул дээрх төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн давхар зүйлчлэх шаардлагагүй юм.

            Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ө.Рд холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Ө.Рд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоожээ.

Харин шүүгдэгч Ө.Р, гэрч М.М, Д.Бнарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар Ө.Рд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

            Иймд прокурор С.Чимэдцэеэгийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 95 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/2958 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ө.Рд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасан “... хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэсэн ерөнхий зохицуулалтыг удирдлага болгох шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг удирдлага болгож байвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/2958 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ө.Рд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Ө.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

     ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

     ШҮҮГЧ                                                                       Б.АРИУНХИШИГ