Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/95

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Түмэнжаргалаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт .... .... холбогдох эрүүгийн 2417000000107 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...ны өдөр ..аймгийн ...суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... ..., ..... аймгийн .... сумын ...дүгээр баг, ... оршин суух бүртгэлтэй, одоо ... аймгийн .. сумын ..дүгээр баг, ... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр тус тус торгох ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 2023/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, .... овогт .... .... /РД:...../,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч .... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч .... нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчлөөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан хугацаа дуусаагүй байхдаа дахин 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр .. аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сүмбэр сум руу урд талаасаа орж ирэх засмал замаар ....улсын дугаартай Toyota Prius Alpha-XW загварын тээврийн хэрэгслийг 1.77 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч ....ын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 44 хуудас/

2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 2 хуудас/

3. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би 17 цагаас шөнийн 01 цагийн хооронд ... аймгийн ...сумын нутаг дэвсгэрт замын цагдаагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Оройн 20 цагийн үед ... аймгийн нутгаар дайран өнгөрдөг Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр буюу Сүмбэр сумын 3 дугаар баг, Сүмбэр сум руу урд талаасаа орж ирдэг хэсэгт хяналт шалгалт хийж байгаад ....улсын дугаартай цагаан өнгийн Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг зогсож тандагч багажаар үлээлгэн шалгахад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэсэн дохио өгсөн. Тэгээд ....ыг цагдаагийн хэлтэс дээр авч ирж согтолтын зэрэг тогтоодог тусгай багаж руу үлээлгэж үзэхэд 1.77 гэсэн тоон үзүүлэлт гарсан. Тухайн үед ....аас юу уусан болох хаанаас хаа хүрч байгааг асуухад Айраг суман дээр найзтайгаа архи уугаад унтаж байгаад Улаанбаатар хот орох гээд явж байна гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11 хуудас/

4. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, дэд ахлагч Т.Мөнгөншагайгийн рапорт /х.х-ийн 3, 5 хуудас/

5. Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 0178534 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /х.х-ийн 10, 16, 21 хуудас/

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 23-35 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч ....ыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч ....ын гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч .... нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Энхжаргалтай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч .... нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тухайн гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч ....ыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт .... ....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3 000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу   3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....т оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

5. Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА