| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2024/0095/э |
| Дугаар | 2024/ШЦТ/96 |
| Огноо | 2024-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Түмэнжаргалаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт .... .... холбогдох эрүүгийн 2417001100110 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, .... оны ...дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ___, эхийн хамт ___ аймгийн ..... сумын .... дугаар баг, .... тоотод оршин суух, урьд Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 480 000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, .... овогт .... .... /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч .... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч .... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн орчим .. аймгийн... сумын 1 дүгээр багт байрлах Чойр өртөөний авто зогсоол дээр архины мөнгө өгүүлсэнгүй гэх шалтгаанаар ....цамцнаас нь заамдаж хоолойг нь боох, цээж, нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь тархи доргилт, зүүн дээд 1, 2 дугаар шүд, баруун 1 дүгээр шүд, зүүн доод 1, 2 дугаар шүдний уналт, баруун нүдний зовхинд, салстанд, хүзүүнд, дээд уруулд, доод уруулд цус хуралт, хамрын нуруунд, дээд уруулд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч .... үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 57 хуудас/
2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 4 хуудас/
3. Хохирогч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 07 дугаар сарын 21-ний орой ээж .... вокзал хүргэж өгөх гээд байж байтал төрсөн дүү .... гаднаас нэлээд согтуу бололтой орж ирээд ээжээс архины мөнгө нэхээд загнаад байхаар нь чи яах гээд байгаа юм бэ гэж хэлээд ээжийг аваад машинтай хөдлөх гэтэл .... машинд үсрээд суусан. Машинтай вокзал орох замд надтай хэрүүл хийгээд намайг согтуу болохоор тоохгүй байна гээд загнаад явсан. Би вокзалын зогсоол дээр нь очоод ээжийг буулгаад хөдлөх гэтэл .... ээжийн араас буухаар нь би ээжид агсан тавиад байж магадгүй гэж бодоод араас нь дуудсан. .... ирээд машины хаалга саваад хаахаар нь би машинаас буугаад очиход намайг заамдаад цамцаар бооход би цээж хэсэг рүү тийрэх шиг болсон. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр байсан. Миний хамар зулгарч хавдсан, үүдэн 3 шүд хугарсан, доод шүд хугарсан, дээд доод уруул дотроо язарсан, шанаа, эрүү хөндүүрэлсэн, шилэн хүзүү ар дагзаар хөшсөн байдалтай байсан. .... намайг ухаан алдуулж байгаад зодсоноос ийм бэртэл авсан. Би огт архи хэрэглэдэггүй. Би ....ыг зодож цохисон удаа байхгүй. Би өөрийн .... улсын дугаартай авто машинтай явсан бөгөөд миний машинд эвдрэл гэмтэл учраагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12-14 хуудас/
4. Иргэний нэхэмжлэгч Г.Цэцэгдэлгэр мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “....нь 2024 оны 07 дугаар сарын 21, 22-ны өдөр эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авч үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 226 438 төгрөг зарцуулсан байна. Тус зарцуулсан төлбөр төлөгдсөн байгаа учир нэхэмжлэх зүйл байхгүй“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/
5. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 07 дугаар сарын 21-ний орой 21 цаг өнгөрч байхад гэрт гаднаас манай нөхрийн төрсөн дүү .... нэлээд согтуу орж ирсэн. Тэр үед манай нөхөр .... өөрийн ээж .... аваад вокзал руу суудал тосох гээд явах гэж байсан. Хашаан дотор .... ээж .... архи уумаар байна, мөнгө өг 30 000 төгрөг эсхүл 50 000 төгрөг хийгээдэх гээд байсан. Ээж машинд суугаад хөдлөх гэтэл .... машины арын хаалгаар машинд суусан. Би хадам ээж .... рүү залгатал .... хөдлөөд яваад өглөө гэх шиг болсон. Тэрнээс хойш 10 орчим минутын дараа машинаасаа бууж ирээд би хүнд зодуулчихлаа гээд бага зэрэг цусаар бөөлжих шиг болсон, бас хамар хэсэг дээр нь зулгарч үүдэн 3 шүд нь хугарсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би юу болсон талаар асуутал вокзалын зогсоолын орчим .... намайг зодоод яваад өгсөн гэсэн. Манай нөхрийн үүдэн 3 шүд нь унасан, хамар нь зулгарч хавдсан, уруулын дотор тал нь язарсан, нүд нь улайж цус хурсан байдалтай байсан. Манай нөхөр архи согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/
6. Гэрч Г..... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 07 дугаар сарын 21-ний орой 21 цаг 20 минутад ирдэг суудал тосох гээд хүү .... машинаараа намайг хүргэж өгөх гээд байж байтал гаднаас манай хүү .... нилээн согтуу орж ирсэн. .... бид 2 машинтай хөдлөх гэтэл .... машинд суусан бөгөөд бид 3 вокзал явсан. Вокзал явах замдаа .... ....өөс мөнгө нэхээд байх шиг байсан, яг хэдэн төгрөг яах гэж нэхээд байгаа талаар нь би мэдээгүй. Би вокзал дээр очоод буугаад явсан, ...., .... нар машинтай хөдлөөд явах шиг болсон. Би суудал тосоод 15 минутын дараа эргээд ирэхэд .... машин вокзалын зогсоолын зам руу нийлдэг хэсгээс хөдөлж байсан. Би ....ийн эхнэр .... рүү залгаад асуутал .... ....ийг зодоод яваад өгсөн, хамаг шүд нь хугарчихсан хамраас нь цус гарсан машинтайгаа сая гэртээ ирж байна гэсэн. Би хашаандаа ирэхэд цагдаа нар байсан бөгөөд ....ийн нүүр нь цус болсон цээжээ бариад суугаад байсан. Тэгээд яаралтай эмнэлэг дээр ирж ....ийг үзүүлсэн. Маргааш нь юу болсон талаар нь асуухад .... надаас мөнгө нэхээд байхаар нь өгөөгүй, таны араас буухаар нь би яах гээд байгаа юм бэ гээд явуулахгүй гэхэд намайг боож байгаад цээж рүү өшиглөөд би ухаан алдсан гэсэн. ....ийн хамар халцарч, уруул нь урагдсан, 3 билүү 4 шүд унасан харагдсан. .... миний 2 дахь хүүхэд бөгөөд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, 4 дүгээр ангиасаа сургуулиас гарсан. Өмнө нь ....тэй маргаж муудаж байсан удаа бол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/
7. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 189 дугаартай дүгнэлтэнд: “....биед тархи доргилт, зүүн дээд 1, 2-р шүд, баруун дээд 1-р шүд, зүүн доод 1, 2-р шүднй уналт, баруун нүдний зовхинд, салстанд, хүзүүнд, дээд уруулд, доод уруулд цус хуралт, хамрын нуруунд, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн дээд 1, 2-р шүд, баруун дээд 1-р шүд, зүүн доод 1, 2-р шүдний уналт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.41.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15% тогтонги алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун нүдний зовхинд, салстанд цус хуралт, дээд уруулд, доод уруулд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хүзүүнд цус хуралт, хамрын нуруунд, дээд уруулд зулгаралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Зүүн дээд 1,2-р шүд, баруун дээд 1-р шүд, зүүн доод 1,2-р шүдний уналт гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15% тогтонги алдагдуулна”
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 28-29 хуудас/
8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг төлсөн баримт /х.х-ийн 6-9, 46 хуудас/
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 37-42 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч ....ыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү.” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж тус тус заасан.
Мөн шүүгдэгч .... нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байхдаа өөрийн төрсөн ах Г.....т хүчирхийллийн шинжтэйгээр халдан зодсон байна.
Прокуророос шүүгдэгч ....ын гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч .... нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Энхжаргалтай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч .... нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч .... нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч ....нь хохирол нэхэмжлээгүй нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн иргэний нэхэмжлэгчид 226 439 төгрөгийг төлж барагдуулсан нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч ....ыг бусдад төлөх төлбөргүй гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт .... ....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....д оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА