| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 220/2024/0865/э |
| Дугаар | 2024/ШЦТ/500 |
| Огноо | 2024-06-17 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Н.Ууганцэцэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/500
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энхтайван,
улсын яллагч Н.Ууганцэцэг,
шүүгдэгч Н.Н түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас И овогт Н-ийн Нид холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1908000001108 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Хэнтий аймаг Дэлгэрхаан суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Багануур дүүрэг *** хороо *** задгайн *** гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод түр оршин суух,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,404,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, И овогт Н-ийн Н.
Шүүгдэгч Н.Н нь Б, М нартай бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” ХХК-ний “Н” барьцаалан зээлдүүлэх газарт бусдын эд хөрөнгийг авах зорилгоор иргэн Ө-од илээр, хууль бусаар, хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэн довтолж, улмаар бэлэн 4,766,750 төгрөг, 248,996,000 төгрөгийн үнэ бүхий 1095 ширхэг алт, үнэт эдлэл зэрэг бусдын эд хөрөнгийг дээрэмдэн авч нийт 254,126,750 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Н нь Э, Х, А нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 25-наас 26-ны өдөр шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо *** хотхоны 508 дугаар байрны 116 тоотод оршин суух иргэн А-эд илээр, хууль бусаар хүч хэрэглэн довтолж, гар утас, гутал, куртик бэлэн мөнгө зэрэг бусдын эд зүйлсийг нь дээрэмдэн авч, бусдад 1,390,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н мэдүүлэхдээ: “Би мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 12-22 дахь тал/
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 25-37 дахь тал/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “Н ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт амны хаалтаар нүүрэн хэсгээ халхалсан үл таних гурван эрэгтэй хууль бусаар халдаж иргэн Ө-ын амь биед аюултайгаар хүч хэрэглэж, сейфэнд байсан үнэт эдлэл, эд зүйлийг дээрэмдэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийн алдагдсан үнэт эдлэлийг Н ХХК-ний гүйцэтгэх захирал ***, ахлах менежер Л.Хишигдорж, зээлийн мэргэжилтэн Ө-, хяналтын менежер Ж.Долгормаа нарт хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 38-64 дэх тал/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 65-71 дэх тал, 72-77 дахь тал, 78-83 дахь тал/
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 89-91 дэх тал/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 92 дахь тал/
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 93-94 дэх тал/
Бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 96-98 дахь тал/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолууд, City shop дэлгүүрийн баталгааны хуудас. /1 дэх хавтаст хэргийн 99-101 дэх тал/
Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 102 дахь тал/
Хохирогч Ө-ын “Би Н ХХК-ны зээлийн мэргэжилтэнээр ажилыг 2015 оны 09 дүгээр сараас эхлэн ажиллаж байна. Би 2017 оны 05 дугаар сарын 20-ны өглөөний 09 цаг 15 минутанд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ханын материалын эцэст байрлах “Н” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулж эхэлсэн. 2017 оны 5 дугаар сарын 20-ны 09 цаг 20 минутын орчимд манай барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлж байсан 40 орчим насны эрэгтэй хүн орж ирээд барьцаанд тавьсан байсан монетан бөгжийг 400.000 төгргөгөөр зээлээ төлөөд буцаагаад авсан.
Дараа нь 09 цаг 30 минутын орчимд дахин нэг үйлчлүүлэгч эмэгтэй орж ирэн монетан эдлэлээ сунгуулаад дахиж мөнгө нэмж аваад гараад явсан. Би тэр үйлчлүүлэгчийг гаргаад компьютерээ хараад сандал дээр сууж байсан чинь гаднаас барьцаалан зээлдүүлэх газрын хаалгыг онгорхой байх үед шилэн хийцтэй хаалгыг гэнэт маш хүчтэй онгойлгоод бараан өнгийн саравчтай малгайтай нүүр хэсгээрээ бараан өнгийн масктай, юүдэнтэй малгайтай цайвар өнгийн нимгэн хавар намрын цамцтай, бараан өнгийн даавуун материалтай өмдтэй, саарал өнгийн хар судалтай пүүз өмссөн, резинэн материалтай бээлий гартаа өмссөн, 170-175 см өндөртэй махлаг биетэй, 30-35 орчим насны дуу хоолой боргил хоолойтой эрэгтэй хүн орж ирсэн.
Тэр үл таних малгайтай цамцтай махлаг биетэй эрэгтэй хүн манай барьцаалан зээлдүүлэх газрын өрөөний хаалт тек хэсгийн шилэн хаалтын баруун талын хэсгээр даваад ороод ирсэн. Тэр үед ширээний доод талд хамгаалалтын товчоо дарсан. Миний амыг бээлийтэй гараараа “Чамайг орилвол ална шүү. Хүүхдийг чинь алчихна шүү” гэж хэлээд дарсан. Намайг баруун тийшээ хаалганыхаа ойролцоо оч гэж хэлээд ам гараараа дараад текний хаалганы хэсэг рүү авчирсан. Тэгсэнээ текний замган цоожийг өөрөө гараараа онгойлгосон. Миний амыг махлаг биетэй юүдэнтэй малгайтай цамцтай эрэгтэй нь ам гараараа дараал айлган сүрдүүлж байх үед барьцаалан зээлдүүлэх газар дотор дахиад хоёр үл таних эрэгтэй хүн ороод ирсэн байсан. Тэр үл таних хоёр эрэгтэйн содон шинж тэмдэг, хувцсыг сайн харж чадаагүй.
Ямар ч байсан нүүрэн хэсгээ маскаар халхалсан байсан. Барьцаалан зээлдүүлэх газрын текний хаалгыг махлаг биетэй юүдэнтэй цамцтай эрэгтэй нь миний амыг гараараа дараад “Чамайг орилбол ална шүү” гэж хэлээд нөгөө хоёр үл таних хүндээ “Скочоо гаргаад ир” гээд байсан. Тэгсэн чинь хоёр үл таних хүн скоч гаргаад ирсэн. Манай барьцаалан зээлдүүлэх газар орж ирээд эд зүйл дээрэмдсэн гурван эрэгтэй нийлж байгаад миний амыг скочдоод, хоёр гарыг ар талд нь скочдоод, дараа нь хоёр хөлийг нийлүүлээд скочдсон.
Намайг тэр үл таних гурван хүн скочдож дуусаад газар хэвтүүлсэн. Намайг тэр үл таних хүмүүс “Чамайг нүдээ нээх юм бол ална шүү” гэж хэлээд байсан. Намайг газар баруун тийшээ хажуу тал руу харуулаад газар хэвтүүлсэн. Тэгээд махлаг биетэй юүдэнтэй цамцтай эрэгтэй нь бээлийтэй гараараа толгой дараад биеийн гуя хэсэг дээр суусан байсан.
Манай барьцаалан зээлдүүлэх газрын эд зүйл хадгалдаг сейф нь цоожлоогүй, зүгээр хаалгыг нь хаасан байсан. Намайг газар хэвтүүлээд дараад ойролцоогоор 8-10 минут орчим болсон. Би чимээг нь сонсоход ширээний шургуулга хэсгийг онгойлгоод үзээд байх шиг байсан. Тэгснээ намайг дарж байсан үл таних эрэгтэй нь та хоёр болсон уу, хурдал хурдал, болсон бол гарч бай” гээд байсан. Намайг дараад хэвтүүлж байсан үл таних эрэгтэй нь “сайхан амьтан байна шүү” гэж хэлээд миний бөгсийг гараараа илээд байсан. Тэгсэнээ нөгөө хамт явж байсан хоёр үл таних хүнээ “та хоёр гарч бай, гарч бай” гэж хэлээд байсан. Миний дээр дараад байсан үл таних махлаг биетэй юүдэнтэй цамцтай эрэгтэй нь гэнэт босоод өмдөө тайлах шиг санагдахаар нь би тухайн үед намайг хүчиндэх гэж байна гэж бодоод уйлаад орилж эхэлсэн. Тэр үед манай барьцаалан зээлдүүлэх газрыг дээрэмдсэн гурван эрэгтэй гараад явсан. Би гараад явах үед нь скочин хүлээстэйгээ газар суусан. Тэгээд хамгийн түрүүнд ширээн дээрээ байсан гар утсаа авах гэсэн чинь алга болсон байсан. Би хөл дээрээ скочтой хүлүүлсэн байдалтай босоод хаалга хэсэг руү бага багаар дөхсөөр байгаад очоод үүдний дотор талын шилэн хаалгыг скочтой гараараа цохиж эхэлсэн чинь хүмүүс анзаарахгүй байсан. Би ар талдаа скочоор хүлүүлсэн гараа тайлах гээд оролдож байгаад нэг гарынхаа скочийг тайлсан. Би гарынхаа скочийг тайлаад хаалга онгойлгоод урдуур явж байсан үл таних эмэгтэйгээс тусламж дуудаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.
... Манай “Н” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас алдагдсан эд зүйл монетан ээмэг, бөгж, гинж, бугуйвч, алтан ээмэг, бөгж, мөнгөн хөөрөг, мөнгөн гинж, бэлэн мөнгө ойролцоогоор 4,700,000-4,800,000 төгрөг бэлнээр алдагдсан. Би алдагдсан эд зүйлийнхээ үнэлгээг нарийн гаргаж амжаагүй тул дараагийн байцаалтандаа үнэлгээний талаар яримаар байна.
... Надад гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж хохирлыг барагдуулахыг хүсэж байна” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 105-106 дахь тал/
... Манай ломбарднаас гэмт хэргийн улмаас 1095 ширхэг гэрээний эд зүйл алдагдсанаас 1085 ширхэг гэрээний эд зүйлийг буцаан хүлээн авсан байгаа.
Манайхаас одоогоор 10 гэрээний 11 эд зүйл дутуу байгаа юм. Манай ломбарднаас алдагдсан бүх эд зүйлийн гэрээг хуулбарлан өгсөн байгаа. Ломбардны өмч хөрөнгөнөөс бол бэлэн 4,766,750 төгрөгөөр хүлээн авсан 1,600,000 төгрөгийг хасаад одоо 3,166,750 төгрөг дутуу, мөн ломбардны шилэн хаалт, камерын төхөөрөмж болон нийт 2 ширхэг гар утас гээд эд зүйлийн үнэ болох 433,000 төгрөг гээд нийт 3,599,750 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ломбард болон миний зүгээс эд зүйлийн үнэлгээ тооцооны талаар баримтуудыг гаргаж өгсөн байгаа.
... Тухайн гурван залуу зэрэг л ломбарданд орж ирсэн ба намайг харахад гурвуулаа масктай, малгайтай цамцтай байсан. Би тэд нарын царай төрх зэргийг нь хараагүй” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 107-108 дахь тал/
“... Манай ломбарднаас бол мөнгөн аяга алдагдаагүй. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байгаа. Гэхдээ зарим алдагдсан алт монет, мөнгөн гинжтэй хамт мөнгөн аяга нэг гэрээнд тусган барьцаанд авсан байдаг. Тийм гэрээнүүдийн мөнгөн аяга нь алдагдаагүй боловч алт, монетон эдлэл нь алдагдсан байсан тул гэрээг нь цагдаагийн байгууллагад хуулбарыг нь өгсөн байгаа. Тэр мөнгө аяга нь үнэлгээнд давхар бичигдсэн байж магадгүй.
... Мөн миний хоёр ширхэг гар утас, камерын хяналтын систем, лангууны шилэн хаалт зэргийн хохирол учирсан. Би энэ бүх хохирлын талаар бүх баримтыг хүлээлгэн өгч хэрэгт хавсаргуулсан. Учирсан хохирлоос 1,600,000 төгрөгийг буцаан бид авсан. Иймд учирсан хохирлоо нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 141 дэх тал/
Хохирогч А-ийн “2017 оны 11 дүгээр сарын 25-наас 26-ны өдөр шилжих шөнө мессеж зар луу орсон чинь санхүү авна гэсэн утгатай 8812 гэсэн дугаартай сүүлийн оронг нь санахгүй байна. 01 цаг 15 минутанд утсаар нь яриад уулзахаар болоод би гэрийн хаягаа хэлж өгсөн. Тэгээд 01 цаг 53 минутанд манай гэрт орж ирээд намайг Золоо гэж танилцуулсан. Бид хоёр ойролцоогоор 30 минут орчим ярилцаад сууж байхад хаалга тогшсон.
Тэгэхээр нь би том өрөө рүүгээ орж утсаа авах гээд бостол тэр охин босоод хаалга онгойлгож өгчихөөд зугтаагаад гараад явсан чинь зөрөөд гурван үл таних нүүрэндээ багтай хүмүүс орж ирээд багалзуурдаж ор руу унагаагаад хутга гаргаж ирээд бэлэн мөнгө гаргаж ир гаргаж ирэхгүй бол цустай чинь хутгаж дүрээд хаячихна шүү гэж хэлээд миний толгой гэдэс рүү цохиод том өрөө рүү дагуулж ороод хана руу харуулж суулгаж байгаад гэр оронд нэгжлэг хийгээд бэлэн мөнгө байна уу гээд зурагтны шургуулганд байсан хар түрийвчнээс 100,000 төгрөг бэлнээр нь аваад хоёр эвдэрхий утас байсан мөн аваад явсан байсан.
Үүдний шкафанд байсан том бор цүнхтэй хувцас, өвлийн хоёр ширхэг куртик, өвлийн гутал, эмэгтэй хүний гоёлын зүүлт, power банк зэргийг аваад явсан. Эхлээд саарал юүдэнтэй малгайтай цамцтай залуу нь манай гэрээс авсан зүйлүүдээ авч гараад үлдсэн хоёр залуу нь янз бүрийн юм ярихын бол цустай чинь хутгана шүү дараа тааралдана шүү гэж дарамталчихаад хоорондоо энийг дахиж зодох уу гэж ярьж байгаад за хурдан явъя гээд гараад явчихсан. ...” гэсэн мэдүүлэг. /5 дахь хавтаст хэргийн 22-24 дэх тал/
“... Хамгийн эхний залуу нь орж ирээд цээж рүү түлхээд жижиг өрөөний дээр түлхээд унагасан. Дараа нь том өрөө рүү татаж оруулаад юм яриад тэр дүүтэй маань ямар харилцаатай юм гээд асуугаад байсан. Би эхний залууг бодохдоо нөгөө эмэгтэйтэй ямар нэгэн холбоотой юм байна гэж бодсон. Өөрөөр надад нэг их айхтар гар хүрээгүй ээ. Хоёр дахь залуу нь жижиг өрөөгөөр юм хум уудлаж үзэж яваад дагз руу гараараа нэг удаа цохисон. Тэгчихээд сүүлд гарч явахдаа “одоо ингээд явлаа, асуудал байхгүй биз дээ” гэж хэлчихээд миний цээж рүү гараараа нэг цохичихоод гарсан. Гурав дахь залуу намайг тэгж айхтар зодоогүй.
... Нямсүрэн овогтой Н гэдэг залуу нь хамгийн эхний орж ирээд нөгөө хүүхний талаар надаас асуугаад юм шалгаагаад байдаг залуу мөн байна. Харин Батхишиг овогтой Хулансамбуу гэдэг нь миний ар дагз руу цохиод бас том өрөөнөөс мөнгө авсан. Гал тогооны өрөөнөөс ундаа уучихаад гарахдаа бид нар явлаа, ямар нэгэн асуудал байхгүй биздээ гэдэг залуу мөн байна. Харин Баясгалан овогтой Ариунмөрөн нь гурав дахь залуу нь байна.
... Надад учирсан бодит хохирлоо барагдуулаад авчихвал цаашид гаргах гомдол санал байхгүй ээ. ...” гэсэн мэдүүлэг. /5 дахь хавтаст хэргийн 25-27 дахь тал/
... Би тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд ороогүй. Уг эмэгтэй яагаад тэгж хэлээд байгаа талаар нь би ойлгохгүй байна. Хэрвээ бэлгийн харьцаанд орсон бол би хэлнэ шүү дээ. Бэлгийн харьцаанд орж амжаагүй хувцсаа ч бүрэн тайлаагүй байсан.
... Тэр эмэгтэй мөнгөө аваагүй. Хаалга нүдсэн чинь тэр эмэгтэй нэлээн санадарсан байдалтай болчихсон. Тэгээд л явлаа гээд хувцсаа өмссөн. Танайд хүн ирэх юмуу, хэн ирэх юм бэ гэж асууж байсан. Өөр зүйл яриагүй. Би Huawei маркийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. Өөр зүйл хүлээн аваагүй. Өөр хохирол барагдуулаагүй байгаа” гэсэн мэдүүлэг. /5 дахь хавтаст хэргийн 29-32 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч О- “... Би 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ холгүй Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байдаг “Н" ломбарданд өөрийн монетан ээмгийг тавьсан. Би тэрнээс хойш ээмгээ авч чадалгүй сунгуулаад явж байсан. Тэгтэл 2017 оны 6 дугаар сард ломбарднаас утсаар яриад гэмт халдлага болоод миний эмээг алдагдсан тухай мэдэгдсэн юм. Би одоо алдсан ээмгээ нэхэмжилж байна. Миний ээмэг нь цагаан өнгийн чулуун шигтгээтэй, 3,9 грамм жинтэй бүдүүн ээмэг байсан” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 109-110 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Б.Н- “... Би 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн 2,1 граммтай гонзгой хэлбэртэй, цагаан монетны хольцтой, шар монетан кулоноо “Н” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 80.000 төгрөгийн барьцаанд тавьж түүнээс хойш авч амжилгүй явж байтал ...эд зүйлийг маань алдсан гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 112-114 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Э.Ү- “... Би өөрийн эмэгтэй хүний алтан бөгжийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ... 265,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан юм. ... Уг бөгж нь 3,6 грамм жинтэй, цулгуй, цэвэр алтан бөгж байсан...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 115-116 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Ж.Э- “...Би өөрийнхөө монетан гинжийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ...45,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. ...Алдсан гинж маань эмэгтэй хүний, хүзүүний нарийн монетан гинж байсан...” гэсэн мэдүүлэг. / 1 дэх хавтаст хэргийн 117-119 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч Л.Н- “...Би өөрийнхөө монетан бөгжийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ...140,000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...Бөгж маань Солонгос монетан ба 3,9 грамм жинтэй, цэцгэн хар мана шигтгээтэй бөгж байсан...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 120-121 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч Н.Д- “...Би өөрийнхөө зүүдэг монетан ээмэг, бөгжийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ...395,000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...Бөгж маань 6,9 граммтай, харин ээмэг 2,8 граммтай бөгөөд бүгд дөрвөлжин хэлбэртэй, цагаан өнгийн циркон шигтгээтэй...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 122-124 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч Ш.Д- “...Би өөрийн нөхөр Хадбаатарын зүүдэг байсан 999-н сорьцтой, 11,4 гр жинтэй эрэгтэй хүний алтан бөгжийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ...700,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан юм..." гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 125-127 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Г.А-ийн “...Би 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өөрийн дунд гарын мөнгөн хөөргийг ...50,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан юм ...Миний хөөрөг нь тойруулаад 4 хүчтэний дүрстэй, цул мөнгөн хөөмөл хөөрөг байсан бөгөөд 104,4 грамм жинтэй байгаа...” гэсэн мэдүүлэг. / 1 дэх хавтаст хэргийн 129-130 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Б.А- “...Би 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1.7 грамм жинтэй эмэгтэй хүний сүйн бөгж, 0,5 граммтай эмэгтэй хүний өрөөсөн ээмгийг 90,000 төгрөгөөр тавьсан. ...Эд зүйлээ авах гээд очиход миний монетан бөгжийг өгөөд, харин ээмгийг нь гэмт хэрэг гараад алдсан гэж хэлсэн. .. ээмэг маань талсттай, дугуй хэлбэртэй байсан...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 132-133 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Г.Б- “Би 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ханын материалын эцэст байдаг ломбарданд өөрийн монетан гинж, монетан ээмэг зэргийг 223,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд сунгуулж явж байхад буюу 2017 оны 5 дугаар сарын сүүлээр ломбарднаас миний эд зүйлийг гэмт хэргийн улмаас алдсан. Гэхдээ ээмэг нь буцаад олдсон. Харин гинж нь олдоогүй гэж хэлсэн. Би одоо алдсан гинжээ нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 135-136 дахь тал/
Гэрч Д.Э-ийн “...Ө-оос өнөө өглөө /2017-05-20/ 10 цаг 05 минутын үед сонссон. ...Тухайн үед Өлзий-Оршх 88780557 дугаарын утсаар залгаж би халдлагад өртөөд хамаг алт, монетан эдлэлүүдээ дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 137 дахь тал/
Гэрч Б.Д-ийн “...2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн үед...охиныхоо утсаар эхнэр Өлзий-Оршихтой ярихад уйлсан байдалтай хайраа би дээрэмдүүлчихлээ хурдан ирээрэй гэхээр нь эхнэрийнхээ ажилладаг газар болох Ханын материалын эцэс дээр байдаг “Н нэртэй” барьцаалан зээлдүүлэх газар очиход хагаалалтын албаны хүмүүс болон цагдаа нар ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дэх хавтаст хэргийн 138 дахь тал/
Гэрч Д.Э-ын “2017 оны 5 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн орчим манай найз залуу Н намайг сэрээгээд хайр нь найзуудтайгаа уулзчихаад ирье” гэж хэлээд гараад явсан. ... 14 цагийн орчим ганцаараа гэртээ орж ирсэн ба ирэхдээ гадуур нь скочоор ороосон хайрцагтай зүйл оруулж ирээд гэрийн үүдэнд байдаг шкафан дээр тавьчихсан юм. Би Ноос “наадах чинь юу юм бэ” гэхэд “хүнд өгч явуулах гэж байгаа дайвар байгаа юм" гэж хэлж байсан ба бид хоёр гэртээ хэсэг байж байгаад Н “хоёулаа гарчихаад ирье” гэж хэлээд намайг дагуулаад ... Монтел худалдааны төв орсон. Тухайн үед Н “хоёулаа утас авъя, би найзуудтайгаа ажилд явчихаад ирсэн, мөнгөтэй байгаа” гэж хэлээд тэндээсээ Н өөрөө 680,000 төгрөгөөр I phone 6 загварын гар утас аваад намайг утас ав гээд бэлнээр 680,000 төгрөг өгөхөөр нь би тэрүүгээр нь утас аваагүй ба өөрт байсан мөнгөөрөө өөртөө I phone 5 загварын гар утас худалдан авсан.
... 19-20 цагийн хооронд байх Н хайрцагтай эд зүйлээ авч гарч яваад буцаад цаг орчмын дараа 21 цагийн орчим буцаж нөгөө эд зүйлээ барьж орж ирээд “энийг өгч явуулах гэсэн чинь унаа олдохгүй байна” гэж хэлээд үүдний шкафан дээр буцаагаад тавьсан юм.
... 2017 оны 8 дугаар сарын 21-ний өглөө Нийн өгсөн 680,000 төгрөгөөс 80,000 төгрөгийг нь аваад үлдсэн 600,000 төгрөгийг хар өнгийн цүнхэнд хийгээд гэрийн шүүгээний хоёр дахь нүдэнд хийсэн. ...Би үсчин хийдэг ба цалингаасаа Note 5 маркийн гар утсыг авсан...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 139-141 дэх тал/
Гэрч П.Г- ын “Би Бүргэд дохиолол хамгаалалтын газар хамгаалагчаар ажилладаг. Би уг ажилд ороод 2 сар болж байна. ... Ингээд өнөөдөр өглөө 09 цаг 57 минут 40 секундэд Ханын материалын эцсийн буудал дээр байх Н ломбарданд А-1 буюу дээрмийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа талаар дуудлага ирсэн. Тэгээд шууд ажлаас жолооч Д-ийн хамтаар Ханын материалын эцсийн буудал руу явсан. Ингээд дуудлаган дээр 10 цаг 10 минутанд очсон. Тэгтэл манай жолооч түрүүлээд Н ломбард руу гүйгээд орсон. Би араас нь ороход ажилтан эмэгтэй шалан дээр гар хөлийг нь скочидсон байдалтай та нар яасан удаан ирдэг юм бэ гээд байж байсан. Тэгээд цаашаа ороогүй. Гадагшаа гарсан. Удалгүй цагдаа нар ирээд хэргийн газрыг хамгаалаад тууз татсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 144 дэх тал/
Гэрч Э.П-ын “... Манай найз Н утсаар яриад “хаагуур байгаа юм уулзах уу” гэж яриад бид Барилгачидын талбайн тэнд уулзахаар болсон юм. ...очиход Н ганцаараа хар өнгийн цүнхтэй эд зүйл барьж явсан.
Тэр цүнхтэй эд зүйлээ машинд чинь тавьчих уу гэхээр нь би уг нь зөвшөөрсөн боловч тэр үед манай ах Г над руу утсаар яриад “машиныг чинь авах хэрэгтэй боллоо" гэхээр нь би Нид “ахад машинаа өгөх болчихлоо” гэхэд Н тэр хар цүнхтэй зүйлээ авч явахаар болсон ба бид машиндаа суугаад ойр зуурын зүйл ярьж байхад Н халааснаасаа скочоор ороосон зүйл гаргаж ирж байсан.
... Би түүний авч явсан цүнхэнд юу байгааг асуугаагүй юм. Н машинаас буухдаа халааснаасаа гаргаж ирээд байсан скочоор ороосон зүйлээ машины арааны доор байдаг тавиур дээр тавиад буусан байсан. Би түүнийг юмаа мартчихаж л гэж бодсон. Тэр зүйл нь цаасаар ороогоод гадуур нь скочидсон байсан болохоор дотор нь юу байгаа нь мэдэгдэхгүй байсан ба би машиныхаа хаалганы халаасанд нь хийчихсэн байсан юм. ... Тэгээд сүүлд Т-аас Н дээрмийн хэрэгт холбогдсон талаар мэдсэн ба би Нийг машинд нэг юм үлдээчихсэн, тэр нь яг хэвээрээ байгаа гэхэд Т- түүнийг хэргийн эд зүйл байж магадгүй, цагдаад өг гэхээр нь би цагдаад тэр зүйлийг нь авчирч өгч байгаа юм. Т- ч гэсэн өөрөө уг хэрэгт шалгагдаж байгаа гэж хэлж байсан. Би Нийг хэрэг төвөгт холбогдсон талаар огт мэдээгүй. Түүний машинд үлдээгээд явсан эд зүйл нь яг тэр хэвээрээ байгаа. Би задлаж ч үзээгүй байгаа. Би Т-тай дунд сургуульд байхдаа нэг ангид хамт сурч байсан болохоор түүнийг сайн мэддэг болсон. Харин Нтой Т-аар дамжуулаад одоогоос 3 жилийн өмнө байх танилцаж найз нөхөд болж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 145-146 дахь тал/
Гэрч С.Д-ийн “... өглөө 09 цаг 57 минут 40 секундэд төвөөс А-1 дуудлага хамгийн аюултай объектод халдлага болсон” гэх утгатай дуудлага мэдээлэл ... ирсний дагуу хамт үүрэг гүйцэтгэж байсан Г-ын хамтаар Ханын материалын эцэст байрлах Н нэртэй ломбард руу дуудлагаар явсан. Тэгээд бид хоёр 10 цаг 10 минут 02 секундэд халдлага болсон объектод очсон. Тэр үед ломбардны ажилчин эмэгтэй уйлчихсан, ломбардны коридорт бас нэг эмэгтэйгийн хамт зогсож харагдсан. Тэгээд би явж очоод уйлсан эмэгтэйгээс “яасан бэ, юу болсон бэ” гэж асуутал дээрэмдүүлчихлээ гэж хариу хэлсэн. Тэгэхээр нь би ямар хүмүүс байсан бэ гэхэд баг өмссөн 3 эрэгтэй байсан талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 147 дахь тал/
Гэрч Т.Д-ийн “...Манай хүүхэд Зурагтад нийтийн байр түрээслэн амьдардагч байсан ба түүнийг цагдан хоригдсоны дараа нийтийн байрыг нь хүлээлгэж өгч байхад түүний хувцас хийдэг чемоданы ёроолд нь 25 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэрт буюу 500,000 төгрөг байсан...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 149 дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №6704 дугаартай:
“1. Ө-ын биед баруун хацрын зулгаралт, зүүн сарвууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 162 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгиин криминалистикиин шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №3231 дугаартай: “... 5.Гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №10, тунгалаг өнгийн наалдамхай туузаар бэхжүүлж авсан “1" дугаартай гутлын мөр нь харьцуулах загварт ируүлсэн сэжигтэн Н.Ноос хураан авсан пүүзэн гутлаар гарсан байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /1 дэх хавтаст хэргийн 185-196 дахь тал/
“Н” ХХК-ны барьцаат зээлийн баримтын хуулбарууд. /2 дахь хавтаст хэргийн 153 дахь талаас 3 дахь хавтаст хэргийн 213 дахь тал/
Алдагдсан эд зүйлийн жагсаалт. /3 дахь хавтаст хэргийн 214 дахь талаас 4 дэх хавтаст хэргийн 17 дахь тал/
Арвижих Эстимейт ХХК-ны 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №17/025 дугаартай Үнэт эдлэл, эд зүйлс, гар утасны үнийг нийт 248,996,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ. /4 дэх хавтаст хэргийн 143-203 дахь тал/
Утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /5 дахь хавтаст хэргийн 91 дэх тал/
Арвижих эстимейт ХХК-ны 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 18/098 дугаартай гар утас, хувцас хэрэглэл, автомашины сэлбэг зэргийг 1,390,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. / 5 дахь хавтаст хэргийн 54-55 дахь тал/
Б,ын сэжигтэн яллагдагчаар өгсөн “...2017 оны 5 дугаар сарын 20-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэст байрлах Н нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас үнэт эдлэл, бэлэн мөнгө дээрэмдэх үед би барьцаалан зээлдүүлэх газрын ажилтны ам, хөл гарыг нь скочидсон. Бас хэвтүүлээд нүдийг нь дараад байж байсан. Харин Н, М- нар сейфэнд байсан үнэт эдлэл, бэлэн мөнгийг аваад хар өнгийн цүнхэнд хийсэн. Бэлэн мөнгийг Т-, Н, М- бид дөрөв тэнцүү хувааж авсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 233-234 дэх тал/
“... Би тэр ломбард руу түрүүлж ороод ажилтан нь болох эмэгтэйг скочдоход Н, М- нар араас орж ирсэн. Тэгээд М- цүнхийг нь бариад Н эд зүйлийг нь цүнхэлж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дахь хавтас 20-21 дэх тал/
Мгийн сэжигтнээр өгсөн “...Уг ломбард руу Б ах хаалгаар нь түрүүлж орсон. Араас нь Н- ах бид хоёр орсон. ...Уг ломбардны эмэгтэй дээр Б /Б-/ ах түрүүлж очоод амыг нь скочоор хүлсэн. Н- /Н/ ах энэ үед төмөр сейфэн дээр нь очоод доторх эд зүйлийг нь авч байсан. Би хаалгыг нь дотор талаас нь татаад хаагаад зогсож байсан юм. ...Мөнгө олох зорилгоор л Б, Н- ах нар цуг ломбард руу орж дээрэм хийвэл мөнгө төгрөгтэй болно гэж хэлсэн учраас би өөрөө зөвшөөрөөд дээрмийн гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 238-239 дэх тал/
Хгийн яллагдагчаар өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн үед Хорих ангид танилцаж байсан Н над руу залгаад “ажил гарчихлаа, хөгшөөн машин байна уу” гэхээр нь яасан бэ хөгшөөн гэтэл айлд очиж юм авах ажил гарчихлаа гэсэн. Тэгэхээр нь за за зохицуулаад болох байлгүй дээ гэсэн.
... Би тэр айлаас хар цүнх авч, цүнхэн дотор нь байсан power банк 1 ширхэг, өвлийн куртик 2 ширхэг, урт түрийтэй дотортой эрэгтэй хүний гутал 1 хос зэргийг авч хийгээд гарсан.
... Тэр хохирогч залуугийн яриад байгаа гар утсыг бол Эрдэнэсувд л авсан юм шиг байна лээ. Харин тэр гоёлын зүүлт, савхин куртикийг би аваагүй ээ” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 64-66 дахь тал/
Н.Нийн яллагдагчаар өгсөн “ ... Ингээд Б- ломбард руу ороод удаагүй М- бид хоёр араас нь ороход Б- нүүрэндээ маск зүүчихсэн ломбардны ажилтныг скочдоод гарыг ард нь хүлчихсэн байсан ба М- бид хоёрыг цүнх аваад ир гээд М-д өмнө өгсөн цүнхээ асуухад М- тэрийг нь над руу шидэхээр нь би тэрийг нь аваад лангууны ард байсан сейфнаас үнэт эдлэлийг авсан. Тухайн үед зарим ууттай эд зүйлийг нь задлаад цүнхэнд хийсэн санагдаж байна. Мөн бэлэн мөнгө байсныг авсан” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Н нь Б, М нартай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” ХХК-ний “Н” барьцаалан зээлдүүлэх газарт бусдын эд хөрөнгийг авах зорилгоор уг компаний ажилтан Ө-од илээр, хууль бусаар, хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэн довтолж, улмаар бэлэн 4,766,750 төгрөг, 248,996,000 төгрөгийн үнэ бүхий 1095 ширхэг алт, үнэт эдлэл зэрэг бусдын эд хөрөнгийг дээрэмдэн авч нийт 254,126,750 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулжээ.
Мөн 2017 оны 11 дүгээр сарын 25-наас 26-ны өдөр шилжих шөнө Х, Э, А нартай урьдчилан тохиролцож, Эыг биеэ үнэлэх зорилготой байгаа мэтээр мессэж зарт “санхүү авна” гэсэн зар байршуулсан ба хохирогч А- нь бэлгийн дур хүслээ хангах зорилгоор түүнтэй холбогдсон ба тухайн үед шүүгдэгч Эад хохирогч А- өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо *** хотхоны 508 дугаар байрны 116 тоотыг зааж өгсний дагуу шүүгдэгч Н.Н нь Х, Э, А нарын хамт очжээ.
Ингээд хохирогч А-ийн гэрт Э эхэлж орсон бөгөөд түүний дараа шүүгдэгч Н.Н, Х, А нар нь хаалгыг тогшмогц Э нь хаалгыг онгойлгосон бөгөөд хохирогч А-ийн биед халдаж гар утас, гутал, куртик бэлэн мөнгө зэрэг эд хөрөнгийг дээрэмдэн авч, 1,390,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
1.4 Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч Н.Н нь үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Нийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирчээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд “Н” ХХК-ний “Н” барьцаалан зээлдүүлэх газрын бэлэн 4,766,750 төгрөг, 248,996,000 төгрөгийн үнэ бүхий 1095 ширхэг алт, үнэт эдлэл зэрэг нийт 254,126,750 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд 245,121,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл болон 1,600,000 төгрөг биет байдлаар нөхөн төлөгдсөн тул үлдэгдэл төлбөрийг хувь тэнцүүлэн тооцвол шүүгдэгч Н.Ноос 2,468,583 төгрөг гаргуулж “Н” ХХК-д олгохоор байна.
Шүүхэд 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн “Н” ХХК-ны 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №20 дугаартай албан бичигт “... Нямсүрэн овогтой Н нь Н ломбарданд учруулсан хохирлын төлбөр болох 2,470,000 төгрөгийг төлж барагдуулсан тул Н.Нид гомдолгүй болохыг тодорхойлов” гэсэн тул шүүгдэгчийг Н ХХК-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин Арвижих эстимейт ХХК-ны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 18/098 дугаартай дүгнэлтээр хохирогч А-эд 1,390,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А-эд Huawei маркийн гар утсыг биет байдлаар хүлээл авсан талаар мэдүүлсэн /1 дэх хавтаст хэргийн 25-27 дахь тал/ байх тул үнэлгээгээр тогтоогдсон 500,000 төгрөг хасаж, үлдэгдэл 890,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Н.Ноос 222,500 төгрөг гаргуулж хохирогч А-эд олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих саналыг дүгнэлтийг гаргажээ.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа улсын яллагчийн саналыг дэмжин оролцов.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Нийн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Н.Нийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 25-наас 26-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд энэ нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн заалтад хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах дүйцүүлэн солив.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн пүүз 1 хос, битүүмжлэгдсэн Iphone 6 маркийн гар утас 1 ширхгийг Н.Нид буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл баривчлагдсан, цагдан хоригдсон 44 хоногийг, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 20 хоногийг нийт 64 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Прокуророос 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №249 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэхдээ тогтоох хэсэгтээ шүүгдэгч Н.Нид холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэж бичсэнийг техникийн шинжтэй алдаа гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Н-ийн Нийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Нийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Н.Нид оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Н.Н оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Нийг 3 жил 6 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.
6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Н зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх ялтын зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.Нийн баривчлагдсан, цагдан хоригдсон 64 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар Н.Нид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Ноос 222,500 төгрөг гаргуулж А-эд олгосугай.
10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн пүүз 1 хос, битүүмжлэгдсэн Iphone 6 маркийн гар утас 1 ширхгийг Н.Нид буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ