| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 106/2024/0432/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/513 |
| Огноо | 2024-06-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч С.А- түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,
хохирогч Б.Х- түүний өмгөөлөгч Х.Ургаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Х овогт С-ын А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403000000254 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Увс аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Ти эс ий ХХК-ны Дүнжингарав худалдааны төвд байрлах Laundry zone өөртөө үйлчлэх угаалгын газарт үйлчилгээний зөвлөх ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 21 хороо 3 даваа 1 гудамж 9в тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт С-ын А-.
Шүүгдэгч С.А- нь 2024 оны 03 дугаар сарын 26-ний өдөр 07 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хороо Говь сауны хойд явган гарцан дээр Toyota Ipsum маркийн **-** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Х-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Миний буруу” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Х- мэдүүлэхдээ: “Одоогоос 3 сарын өмнө найзынхаасаа сургуульдаа явах замд осолд орсон. Зам гарах үед эхний машин зам тавьж өгөөд 2 дахь эгнээнд машин байхгүй байсан. 3 дахь эгнээ рүү орох замд цагаан машин гарч ирсэн. Явган хүний зам дээр учраас зам тавьж өгөх байх гэж бодсон. Зам тавьж өгөөгүй ийм юм болсон. Намайг хараагүй гэсэн. Тэгээд нэг мэдсэн машин доор ухаан орсон. Тэгээд цагдаа, түргэн ирээд гэмтлийн эмнэлэг рүү намайг аваад явсан. Гэмтлийн эмнэлэгтээ эмчилгээ хийлгэж байгаад 4 дүгээр сарын 02-ны өдөр хагалгаанд орсон. Одоо миний биеийн байдлын хувьд аарцаг, умдагны яс гэмтэлтэй. Энэ нь эмэгтэй хүний хувьд ирээдүйд төрөх асуудалд хүндрэл үүсэж байгаа. Одоо ч яснууд нь цаанаасаа овгор байгаа. Эрүүл мэндийн хувьд маш их хохирсон. Гомдолтой байна. Дээр нь би 3 дугаар курсийн оюутан байсан. Ганцхан сар яваад 3 дугаар курсээ төгсөх байсан. Осолд орсноос болоод сургуулиа төгсөж чадаагүй. Бүтэн жилийн хугацаа алдсан. Одоогоор баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардлаа авмаар байна. Дээр нь сэтгэл санааны хохирлоо барагдуулж авмаар байна. Осолд орсноос хойш миний сэтгэл санаа тогтворгүй болсон. Миний хувьд үнэхээр хүнд туссан” гэв.
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч. /хэргийн 4-5 дахь тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 6-10 дахь тал/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний 4988 дугаартай түүх. /хэргийн 21-37 дахь тал/
Хохирогч Б.Х-ын “ ... Би 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өглөө найз Э-ын гэрээс гараад 3 дугаар эмнэлгийн хажууд байдаг Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн сувилахуйн сургууль руу явах гээд Говь сауны арын замаар явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй найзтайгаа хамт би баруун талд нь яваад зорчих хэсгийн хойд талын зам гарч дуусаад баруунаас зүүн тийш явах замын 3 дугаар эгнээний машин зам тавьж өгөөд зогсоход нь цааш алхаад 2 дугаар эгнээнд машин байхгүй, 1 дүгээр эгнээнд нэг машин ирж байсан. Зайтай болохоор нь зогсох байх гэж бодоод явж байсан.
Тэгээд нэг мэдэхэд машин доор хэвтэж байсан. Доошоо харчихсан, зүүн нүд хавьцаа цус гарчихсан байсан. Тэгээд цагдаа ирээд машиныг нь домакратаар арыг нь өргөж байгаад намайг татаж гаргасан. Тэгээд 103 ирээд эмнэлэг рүү аваад явсан. Миний нүүрний зүүн нүдний ухархай цөмрөлттэй, хамар, эрүүний яс цууралттай, хөмсөг зовхи задарсан, аарцаг цууралттай, хөмсөг зовхи задарсан, аарцаг цууралттай, умдагны яс хугаралтай, баруун өвдөг шархтай, хүзүүний ар хэсэг хөхөрсөн хавантай, толгойны зүүн талын хэсэг үс нь халцарч унасан. Шархнаас болоод зэрэг гэмтлүүд учирсан.
... Өөрийн эрүүл мэндэд шаардагдах зардлыг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дахь тал/
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч С.С-ийн “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х- нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэл эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас Б.Х- нь 3,507,000 төгрөг яллагдагч С.А-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 57 дахь тал/
Н.Г-ийн иргэний хариуцагч, нэхэмжлэгчээр өгсөн “... Би 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 52-ын даваанд байх гэртээ байж байтал манай эхнэр А- 8 цагийн үед над руу утсаар залгаад хүн дайрчихлаа гэж хэлсэн. Тэгж мэдсэн.
Toyota Ipsum маркийн **-** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх юм. Би 2023 оны 12 дугаар сард Сүлд финанс банк бус санхүүгийн байгууллагад зээлийн төлбөрөө төлж дуусгаад нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй байсан.
Тухайн тээврийн хэрэгслийг манай эхнэр А- жолооддог юм. Эхнэр А- бид хоёр төлж барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 62 дахь тал/
“... Автомашинд ослын улмаас эвдрэл гэмтэл учраагүй. Үнэлгээ хийлгэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 67 дахь тал/
Гэрч М.Э-ын “... найз Х-ын хамт Говь сауны арын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн арын замыг туулаад зорчих хэсгийн голын тусгаарлах зурвас дээр ирээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явах чиглэлийн 3 дугаар эгнээнд машин ирээд зам тавьж өгөөд зогсохоор нь явтал 2 дугаар эгнээгээр машин байхгүй, 1 дүгээр эгнээгээр нэг машин ирж байхаар нь тухайн машиныг зогсох байх гэж бодоод 1 дүгээр эгнээ рүү ортол тухайн машин зогсох шинжгүй хурдтай ирэхээр нь би хойшоо алхаад найз Х-ыг татах гэтэл тухайн машин зогсолгүй ирээд Х-ын баруун тал руу нь машиныхаа урд хэсгээр мөргөөд тэр чигтээ хамаад зүүн урд дуйгаар цээж, хэвлийн хэсгээр нь дайраад машин доороо хийгээд зогссон.
Тэгээд жолооч эгч нь бууж ирэхгүй байхаар нь би цонхыг нь тогштол гар утсаа зүүн гартаа барьчихсан утсаар яриад явж байсан. Тэгээд буугаад ирэхээр нь би хүн мөргөчихлөө ш дээ гэсэн чинь жолооч нь түргэн, цагдаад дуудлага өгөхгүй зогсоод байхаар нь би дуудлага өгсөн. Тухайн үед манай найз Х- машины зүүн хойд дугуй хэсэгт дайруулчихсан машин хөдлөнгөөрөө бүтнээрээ орчихсон байсан.
Бид хоёр зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарсан. Тухайн машиныг ирж байгааг харсан. Зогсох байх гэж бодтол зогсохгүй ирээд дайрчихсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 70 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4238 дугаартай:
“...1. Б.Х-ын биед зүүн чамархай яс, хацар яс, зүүн нүдний ухархайн дотор гадна хана, умдаг ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, зүүн хацар, эрүү, зулай, чамархайн хуйх, баруун өвдөг, баруун шуу, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 82-84 дэх тал/
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр №754525 дугаартай дүгнэлт. /хэргийн 89-93 дахь тал/
Мөрдөгчийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №459 дугаартай:
“...1. Toyota Ipsum маркийн **-** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.А- нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Б.Х- нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 94 дэх тал/
С.А-ын яллагдагчаар өгсөн “... Би 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 07 цагийн үед Говь сауны ард байдаг гэрээсээ гараад нөхөр Г-ийн эзэмшлийн Toyota Ipsum маркийн **-** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ажил руугаа явах гээд байрны гадна зогсоолоос хөдлөөд Говь сауны арын зам руу ороод ертөнцийн зүгээр зүүн тийш чиглэлтэй 1 дүгээр эгнээ рүү орохдоо зүүн талын толиндоо хараад явж байгаад урагшаа хартал явган хүний гарцан дээр та хүн дайрчихлаа ш дээ гээд нэг охин орилсон.
Тэгээд би машинаас буугаад хартал машин доор эмэгтэй хүүхэд хэвтэж байсан. Тэгээд нөгөө охин цагдаа дуудаад би түргэн дуудсан. Тэгээд цагдаа ирээд домакратаар машиныг өргөж охиныг гаргасан.
... Би тухайн хүнийг зам хөндлөн гарч байхыг нь хараагүй. ... Би өөрийн анхаарал болгоомжгүй байдлыг мөн өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 105 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.А- нь 2024 оны 03 дугаар сарын 26-ний өдөр 07 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хороо Говь сауны хойд явган гарцан дээр Toyota Ipsum маркийн **-** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, явган хүний гарцаар зам гарч явсан явган зорчигч Б.Х-ыг мөргөж биед нь зүүн чамархай яс, хацар яс, зүүн нүдний ухархайн дотор гадна хана, умдаг ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, зүүн хацар, эрүү, зулай, чамархайн хуйх, баруун өвдөг, баруун шуу, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.А- нь Toyota Ipsum маркийн **-** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй буюу зам хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Х-ыг мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.
Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч Б.Х-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4238 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.А- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд 3,155,000 төгрөгийг төлжээ.
Харин шүүх хуралдаанд хохирогч Б.Х-аас 3,569,627 төгрөгийг нэхэмжилсэн 37 хуудас баримтыг гарган өгсөн ба 521,127 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардалд тооцон шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.
Ийнхүү тооцохдоо хоол хүнс, автомашины шатахуун, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнд зарцуулсан баримтууд нь хохирогч Б.Х-ын биед учирсан гэмтэлт хамаарахгүй тул уг зардлыг хасаж тооцов.
Ингэж шийдвэрлэсний дараа шүүгдэгчийн өмгөөлөгчөөс төлбөр төлөх завсарлага авч дээрх мөнгийг хохирогчид төлсөн талаар баримт үйлдэж шүүхэд гаргаж өгчээ.
Түүнчлэн сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих ... гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ.
Мөрдөгчөөс хохирогч Б.Х- сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дөрөвдүгээр зэрэглэлээр тогтоосныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байх тул уг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй.
Мөн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 3,507,000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд уг төлбөрийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа илэрхийлсэн тул түүнээс гаргуулахаар шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргав.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг “Шүүгдэгч С.А-д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргав.
Хохирогчийн өмгөөлөгч Х.Ургаа улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг дэмжин оролцсон.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний ажил хөдөлмөр эрхэлдэг байршил, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэг байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт С-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар С.А-ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.А-ыг 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.А- зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх ялтын зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.А-аас 26,400,000 төгрөг гаргуулж Б.Х-д, 3,507,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ