Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/520

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энхтайван,

улсын яллагч Ч.Батбаатар,

шүүгдэгч В.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Б овогт В-ийн Ц-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403001540293 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ***  оны *** дугаар сарын *** -ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг *** хороо *** хотхон *** байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт В-ийн Ц-.

 

Шүүгдэгч В.Ц- нь Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Алтай хотхон 31 дүгээр байрны баруун талын замд 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 58 минутын орчим Toyota Prius 20 маркийн **-** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган Г.Д-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Ц-  мэдүүлэхдээ: “Тухайн өдөр 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр байсан. Би Ub cab такси үйлчилгээний байгууллагад ажилладаг. Тэр өдөр би дуудлага аваад хүн буулгах гээд явж байгаад явган зорчигч дайрсан. Замын тэмдэг тэмдэглэгээ арилсан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч. /хэргийн 5-6 дахь тал/

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 7-11 дэх тал/

Хохирогч Г.Д-ын “... Би 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 19 цаг 50 минутын үед ажлаа тарчхаад гэртээ харихаар Алтай хотхоны баруун урд талын гүүрний хойд талд ертөнцийн зүгээр зүүнээс  баруун тийш чиглэлд явган хүний гарцаар зам хөндлөн гарч явах үед урдаас хойш чиглэлд явж байсан цагаан өнгийн Toyota prius 20 маркийн автомашин зам тавьж өгөхгүй, миний зүүн талаас ташаа руу мөргөж унагаасан. Би машинд мөргүүлэхдээ урд гэрлийг нь эрүүгээрээ мөргөж унасан.

Ослын газраас түргэний машинаар Гэмтлийн эмнэлэгт хүргүүлж нарийн шинжилгээ өгөхөд эрүүний яс цуурсан, хэвлийн шингэн хуралттай байна гээд Гэмтлийн эмнэлэгт хавсарсан гэмтлийн тасагт 5 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан.

... Эмчилгээний зардалд зарцуулсан баримтуудыг хэрэгт хавсаргаж  өгнө. Одоо надад баримтууд нь байгаа. Мөн ажилгүй байх хугацааны цалингийн зардлыг нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3589 дугаартай:

“...1. Г.Д-ын биед эрүү ясны баруун талын үений сэртэнгийн хугарал, ооч хэсгийн шарх, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 31-32 дахь тал/

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн  2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт. /хэргийн 35-40 дэх тал/

 

Мөрдөгчийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №563 дугаартай:

“... 6.1 Toyota Prius 20 маркийн **-** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В.Ц- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

6.2 Явган зорчигч Г.Д- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй  гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 41 дэх тал/

 

В.Ц-ын яллагдагчаар өгсөн “... өөрийн эзэмшлийн Toyota Prius 20 маркийн ***-*** УБК улсын дугаартай автомашиныг жолоодон явсан. Тэгээд Алтай хотхоны баруун талын урд гүүрээр урдаас хойш чиглэлд гараад явж байхад гэнэт машины зүүн урд хэсэгт пид гээд дуугарахаар нь зогсоход ард сууж явсан эмэгтэй хүн мөргөчихлөө гэж хэлэхээр нь машинаас буугаад харахад машины зүүн талын урд хажууд хэсэгт зам дээр 20 гаруй насны эмэгтэй хэвтэж байсан. Хүмүүс хөдөлгөж болохгүй гэхээр нь өөрийн *** дугаарын утсаар түргэн болон цагдаад дуудлага өгөөд хүлээж байх зуураа даарч магадгүй гэж бодоод машинаас бүтээлэг гаргаж хучиж өгсөн.

... Явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэгээ харагдаагүй болохоор явган хүний гарц байна гэж бодоогүй юмаа.  ... Би тэр эмэгтэйн эмчилгээнд нэмэр болгоод 300,000 төгрөг өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 65 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч В.Ц- нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 58 минутын орчим Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Алтай хотхон 31 дүгээр байрны баруун талын замд Toyota Prius 20 маркийн **-** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, явган хүний гарцаар зам гарч явсан явган зорчигч Г.Д-ыг мөргөж биед нь эрүү ясны баруун талын үений сэртэнгийн хугарал, ооч хэсгийн шарх, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч В.Ц- нь Toyota Prius 20 маркийн **-** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй буюу зам хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Д-ыг мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч Г.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3589 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүхэд хохирогч Г.Д- “... Миний эмчилгээний хугацаанд ажилгүйдэл, ажлын хөлс, эмчилгээний зардал болох 2,000,000 төгрөг жолооч В.Ц- нь төлж барагдуулав. Иймд миний бие эд хөрөнгө болон эрүүл мэнд, сэтгэл санааны гомдолгүй болно” гэсэн баримтыг ирүүлсэн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 оногдуулах дүгнэлтийг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч В.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Бусад асуудал                 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч В.Ц- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт В-ийн Ц-ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Ц-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар В.Ц-ыг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар В.Ц- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар В.Ц-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, В.Ц- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан В.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ